| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2022/00493/И |
| Дугаар | 135/ШШ2022/01468 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2022/01468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00493/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /РД:****, утас: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ****гудамж, өөрийн байранд оршин байгаа, ******* ХК /РД:*****/-д холбогдох,
...Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай... иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...******* миний бие тус компанид гүйцэтгэх захирлын тушаалаар 2014 оны 10 сарын 13-ны өдрөөс орон сууцны албан засварчнаар томилогдсон. 2020 онд байгууллагаас ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд тус үзлэгт хамрагдаад өнгөрсөн. Гэтэл үзлэгээс хойш 1 сарын дараа эмнэлгээс залгаж намайг зүрхний архаг дутагдалтай байгаа тул яаралтай нарийн шинжилгээнд хамрагд гэж хэлсэн. Миний бие түүнээс хойш зүрхний эмчийн хяналтад орсон.
2022 оны 01 сараас эргэж ажилдаа ортол албаны хүмүүс миний цагийг бүртгэхгүй гэж хэлээд миний цагийг бүртгэлгүй байж байгаад 2022 оны 01 сарын 24-ний өдөр Б/**** тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргасан.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг Д****У***С-д даалгаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч ******* анх 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д****У***С-д засварчнаар ажиллаж эхэлсэн. 2020 оны байгууллагын эмчийн үзлэгээр эрүүл мэндийн өөрчлөлттэй гэж гарсан. Эмчийн хяналтаар 2021 оны 08 дугаар сараас хүнд ажил хийж болохгүй гэсэн үндэслэлээр группт орох шаардлагатай болсон. Эмчийн хяналтад байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орохоор байсан боловч ээлжийн амралт авах хугацаа болж, ээлжийн амралтаа авсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа эргэж орсон боловч цалин буухад ирц бүртгэгдээгүй байсан. Тухайн үед хүсэлт бичиж өгөөд 1 сарыг ажилласнаар тооцсон. Тэр үед эмчийн магадалгаатай давхар тохирох ажлын байранд томилж өгнө үү гэсэн хүсэлтийг хамт өгсөн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захирлын Б/**** тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан.
Ийм учраас хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж тохирох ажлын байраар хангуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгөхийг Д***У***С***-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна... гэв.
Хариуцагч Д****У***С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч Б**** овогтой Э*****д манай компанид 2014 оны 10 сарын 13-ны өдөр орон сууцны албаны засварчнаар гүйцэтгэх захирлын 1/**** тоот тушаалаар ажилд орсон.
Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувь тогтоосон 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 04***** тоот акт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн *******ийг тус компанид ажиллуулах хөнгөн ажлын байр байхгүй тул гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарны 24-ний өдрийн Б/**** тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Манай компани нь Дархан хотын айл өрх, аж ахуйн нэгжийг ундны цэвэр усаар хангаж, бохир усны татан зайлуулдаг тусгай зөвшөөрөл бүхий газрын доорх шугам хоолой, худагт байнга хяналт тавьж, засвар үйлчилгээ хийдэг, аваар гэмтэл гарсан үед засварладаг, шинээр сольдог инженерийн байгууллага юм.
Иймд *******ийг ажиллуулах хөнгөн ажлын байр байхгүй тул хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Мөн *******эд ажлаас халагдсаны 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, Монгол Эйч Ди телевизээс зохион байгуулсан Voice of Mongolia/войс оф монголиа/ тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж 1,000,000 төгрөг, удаан хугацаагаар өвчилсөн тул Хамтын гэрээний 4.1-т заасны дагуу 150,000 төгрөгийн тэтгэмж, халагдах хүртэлх хугацааны цалинг тус тус олгосон болно... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н**** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс орон сууцны засварчнаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд орсон. Хөдөлмөрийн чадварын түр алдалтын хувь тогтоогдсон. 2021 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 04****** тоот акт болон холбогдох хуулийн зүйл заалтад үндэслэн *******эд тохирох хөнгөн ажлын байр байхгүй тул гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/**** дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Манай компани айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын ундны цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулдаг тусгай зөвшөөрөл бүхий газрын дор шугам хоолойнд байнга хяналт тавьж засвар үйлчилгээ хийдэг, засварладаг, инженерийн байгууллага юм. Иймд манай компанид хөнгөн ажлын байр байхгүй онцлогтой бөгөөд *******ийг өөр ажилд шилжүүлэхээр судлахад хөнгөн ажлын байр гараагүй. Тухайн хүнийг ажилтай байлгахын тулд өөр хэн нэгнийг ажлаас халах хууль зүйн үндэслэл бидэнд байхгүй байна. ******* нь урлаг, спортын авьяастай хэрэгтэй ажилтан мөн боловч бид залуу ажилтны эрүүл мэндийг нь бодож хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн *******ийг ажлаас халагдсаны 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, Монгол HD телевизээс зохион байгуулсан voice Mongolia тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж 1,000,000 төгрөг, хамтын гэрээний дагуу 150,000 төгрөг, мөн халагдах хүртэл цалинг тус тус олгосон болно... гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Д****У***С-ийн гүйцэтгэх захирлын Б/**** дугаар тушаал, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, 1/256 дугаартай захирлын тушаал, Д****У***С-ийн хөдөлмөрийн дотоод журам, *******ийн хүсэлтүүд, дансны хуулга, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, *******ийн өргөдөл, Д****У***С-ийн 19 дугаар тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар 2022 оны орон тоо, бүтэц, Д****У***С-ийн 2022 оны орон тоо, цалингийн сан, Д****У***С-ийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажиллагсад, Д****У***С-ийн ажиллаж байгаа орон тоо зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д***У***С***-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч тал ...*******ийг шилжүүлэн ажиллуулах тохирох ажлын байр байхгүй... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
3. Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Д****У***С-ний Усан хангамжийн албаны засварчнаар ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/**** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2**** дугаартай хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/*** дугаар Ажилд авах тухай тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Д****У***С-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/**** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Монгол Улсын Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 82 дугаар зүйлийн 82.1.3, компанийн Хөдөлмөрийн дотод журмын 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 2021 оны 11 дүгээр сарын 24-ний 04****** тоот актыг тус тус үндэслэн
Нэг. Тус компаний Усан хангамжийн албаны засварчин ******* нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож ажил үүргээ гүйцэтгэх болон хөнгөн ажилд шилжүүлэх боломжгүй болсон тул 2022 оны 01сарын 24-ний өдрөөс ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж,
Хоёр. *******эд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж нэг удаа олгохоор... шийдвэрлэсэн /хх-3/ ба тушаалын 2 дахь заалтад заасны дагуу *******эд тэтгэмж 2,265,396 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон байна. /хх-33-34/
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 04****** тоот акт, Дархан-уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 12 дугаар арын 02-ны өдрийн хурлын шийдвэрээр *******ийг зүрхний дамжуулалтын бусад хямрал оношоор, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэжээ. /хх-71/
4. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ...80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж хуульд заасан боловч Д***У***С*** нь энэ үүргээ биелүүлээгүй ажлаас халах тушаал гаргасан. Энэ тушаал нь хууль бус гарсан тушаал. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасны дагуу өөр тохирох ажлын байранд шилжүүлэх талаар ажиллагаа явагдаагүй шууд ажлаас халсан. Иймд хууль бус тушаал гарсан учир урьд эрхэлж байсан ажилд авч байсан цалин хөлснөөс ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон гаргуулж өгнө үү. Байгууллага өөр тохирох ажлын байранд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул тухайн үүргээ биелүүлэхийг даалгуулахаар шаардлага гаргаж байна.. гэж тайлбарласан.
Д****У***С-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/**** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан үндэслэлээр *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүйбол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно, 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа нотлох үүргээ ажил олгогч буюу хариуцагч тал биелүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утсаа аваагүй, түүнтэй холбогдож чадаагүй гэх тайлбар нь дээрх хуульд заасан журамтай нийцэхгүй байх тул Д****У***С-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/**** дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Д****У***С-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/**** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, *******ийг тус компанийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Тодруулбал: Нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх болон түүний үндэслэлийн талаар маргаж, энэхүү тушаалын улмаас хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэсэн агуулгаар шаардлага үндэслэлээ тодорхойлсон тул шүүх Д****У***С-ний гүйцэтгэх захирлын тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах зайлшгүй шаардлага бий болсон.
Хуульд заасан процесс ажиллагааг зөрчиж, Д****У***С-ний гүйцэтгэх захирлын тушаал гарсан байх тул уг тушаалыг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл бий болсон болохыг тодорхой дурдах нь зүйтэй байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй тогтоогдсон түүнийг өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн эрх, үүрэгтэй холбоотой асуудал байх тул нэхэмжлэгчийн гаргасан тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан бөгөөд Д****У***С-ний 2022 оны орон тоо, цалингийн сангийн 44-т ******* шугам хоолойн засварчин сарын цалин 830,645 төгрөг гэж тогтсон ба талууд цалингийн хэмжээний талаар маргадаггүй болно.
Нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаа буюу 8 сар 14 хоногоор тооцон олговор 7,173,744 төгрөг бөгөөд 7,173,744 төгрөгөөс ажил олгогчоос тушаалаар олгосон тэтгэмж 2,265,396 төгрөгийг хасаж, үлдэх 4,908,348 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж 163,683 төгрөг /93,483+70,200/-ийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Д****У***С-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/**** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан тус компанийн Усан хангамжийн албаны засварчны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Д****У***С-иас хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,908,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163,683 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА