| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2022/01238/И |
| Дугаар | 135/ШШ2022/01460 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2022/01460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/01238/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** дугаар баг, **** дугаар хороолол, *** дугаар байр, ***тоотод оршин суугаа, Х*** овогт Ба*** Б*** /рд:***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** байр, *** тоотод оршин суугаа, Х*** овогт А*** Н*** /РД: ***, утас *** /-д холбогдох,
46,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А****, хариуцагчийн өмгөөлөгч Б.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай эхнэр А****гийн найз ангийн нөхөр болох А.Н**** нь надаас 2021.08.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.10.08-нд 6,500,000 төгрөгөөр нэг удаа мөн 5,000,000 төгрөгөөр нэг удаа бүгд нийлээд 11,500,000 төгрөг буюу нийт 21,500,000 төгрөгийг зээлж авсан. Би энэ зээлийг өөрийн ******* тоот дансаас А.Н****гийн **** тоо дансанд шилжүүлж өгсөн. Мөн А.Н**** нь над руу 2021.12.24-нд 10,000,000 төгрөг, ахиад 2021.12.27-нд 10,000,000 төгрөг, 2022.1.13-нд 5,000,000 төгрөг бүгд 25,000,000 төгрөгийг мөн түүний дансанд шилжүүлж өгсөн юм. Гэтэл А.Н**** нь манай эхнэрт олон сая төгрөгийн өглөгтэй байсан мөртлөө сүүлд өөрийнхөө зээл гэж өгсөн мөнгийг /А****д/ надад худал хэлж надаас авсан юм билээ. Угаасаа би ******* ямар ч өглөг өр шир байхгүй. Иймд би ******* дансанд шилжүүлж өгсөн 46,500,000 төгрөгөө түүнээс гаргуулан авахаар нэхэмжилж байна. Би эхнэр А****гийн өмнөөс ******* мөнгө өгөх болсон шалтгаан нь гэрийн хаалга үүд нүдэж хүүхдүүдийг минь айлгаж хашхигчаад байхаар нь дараа нь учир нь олдоно биз гэж бодоод шилжүүлж өгсөн юм. Түүнээс би А****гийн өмнөөс ******* мөнгө өгөх ямар ч шаардлага байгаагүй.
Иймд А.Н****гаас 46,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А****, түүний өмгөөлөгч Б.С*** нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Н**** нь Б.Б****ийн эхнэр .А****тай багийн найз бөгөөд 2020 оноос эхлэн А.Н**** нь М.А****д мөнгө зээлдүүлэн мал мах худалдан авч этгээд зарж борлуулан, олсон ашгаа хуваах амаар хамтран ажиллаж байсан. Гэвч М.А**** нь 2021.10 дугаар сараас хойш авсан мөнгөө эргүүлэн өгөлгүй тэдний дунд нийт 30,500,000 төгрөгийн өглөг авлагын тооцоо үүссэн. Өсгөнө гээд авсан мөнгөө өгөлгүй удсан учир А.Н**** нь цагдаагийн байгууллагад хандан хэргээ шийдүүлсэн бөгөөд Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 2022/шцт/**** дугаар шийтгэх тогтоолоор М.А****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Шүүх хурал хүртэл М.А****гийн нөхөн болох Б.Б**** эхнэр М.А****гийнхаа А.Н****д өгөх ёстой мөнгийг эргүүлэн төлж байсан. Энэ талаар 2022/шцт/**** дугаар шийтгэх тогтоолын 3 дахь нүүрийн 4 дэх доголд Б.Б****ийн өгсөн мэдүүлэг дээр маш тодорхой дурдагдсан байгаа. Энэ үйл явдлаас өмнө буюу 2021 оны 8 сарын 30, 2021 оны 10 сарын 8-ны өдрүүдэд *******, А****гаас зээл гэсэн гүйлгээний утгатай нийт 21,500,000 төгрөгийг А.Н****гийн дансанд шилжүүлсэн нь Б.Б**** бус эхнэр А**** нь А.Н****гаас авсан мөнгөө эргүүлэн өгч байгаа нь хэргийн үйл баримт, А.Н****, М.А****, Б.Б**** нарын дансны хуулга зэргээр тодорхой тогтоогдож байгаа юм. Үүнээс хойш буюу 2021 оны 12 сарын 24, 2021 оны 12 сарын 27, 2022 оны 1 сарын 13-ны өдрүүдэд А.Н****гийн дансанд 99377703, ******* гэсэн гүйлгээний утгатай нийт 25,000,000 төгрөгийн гүйлгээнүүд нь эхнэр М.А****гийн А.Н****д өгөх 30,500,000 төгрөгийг А.Н****гийн дансанд хэсэгчлэн шилжүүлж байсан юм. Иймд А.Н**** нь Б.Б****аас зээл аваагүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б****ийн ХААН банк, Төрийн банкны дансны хуулга, М.А****гийн ХААН банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, **** дугаартай шийтгэх тогтоол, хохирогчоос дахин мэдүүлэг авах тухай тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авах тухай тэмдэглэл, яллагдагчаас дахин мэдүүлэг авах тухай тэмдэглэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б****ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч Б.Б****ийн ХААН банкны эзэмшлийн **** тоот данс, Төрийн банкны **** тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч А.Н****гийн эзэмшлийн **** тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хуягаас гэсэн гүйлгээний утгатай 10,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А****гаас зээл гэсэн гүйлгээний утгатай 6,500,000 төгрөгийг, мөн өдөр А****гаас зээл гэсэн гүйлгээний утгатай 5,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр **** гэсэн гүйлгээний утгатай 10,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуягаас гэсэн гүйлгээний утгатай 10,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын ***-ны өдөр хуягаас гэсэн гүйлгээний утгатай 5,000,000 төгрөгийг, нийт 46,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй болно.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...2021 оны 08 дугаар сарын 30, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус шилжүүлсэн нийт 21,500,000 төгрөгийг А.Н**** нь Б.Б****аас зээлж авсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг эхнэр М.А****гийн өмнөөс А.Н****д өгөх болсон шалтгаан нь гэрийн хаалга үүд нүдэж хүүхдүүдийг минь айлгаж хашхичаад байхаар нь дараа учир нь олдоно биз гэж бодоод шилжүүлж өгсөн юм. Түүнээс Б.Б**** нь М.А****гийн өмнөөс А.Н****д мөнгө өгөх ямар ч шаардлага байгаагүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр А.Н****гаас 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар тус тус шаардаж байна... гэж тодруулсан болно.
Хариуцагч тал ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.Б****аас мөнгө зээлээгүй. ...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/**** дугаар шийтгэх тогтоолоор М.А****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Шүүх хурал хүртэл М.А****гийн нөхөр болох Б.Б**** эхнэр М.А****гийнхаа А.Н****д өгөх ёстой мөнгийг эргүүлэн төлж байсан... гэж маргаж буй үндэслэлээ тайлбарласан.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/**** дугаар шийтгэх тогтоолоор ...М.А****г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож... шийдвэрлэсэн байна.
Тус 2022/ШЦТ/**** дугаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт: ...Хэрэгт авагдсан М.А****гийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаар дансны хуулга, А.Н****гийн эзэмшлийн ХААН банкны **** дугаар дансны хуулга, шүүгдэгч М.А****гийн нөхөр Х.Батхуягийн мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгч, хохирогч харилцан тус тусын дансны хуулгыг тулган гүйлгээ тус бүрийг тэмдэглэн баталгаажуулж шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт зэргээс үзэхэд яллах дүгнэлт үйлдсэн эхний үйлдэл буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш М.А****гийн данснаас 10 удаагийн гүйлгээгээр 26,950,000 төгрөг, М.А****гийн нөхөр Б.Б****аас 25,000,000 төгрөг, нийт 51,950,000 төгрөгийг хохирогч А.Н****д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.А****г гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30,500,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул А.Н****гийн 25,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэж дүгнэжээ.
Дээрх эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар тэмдэглэлд : ...шүүгдэгч М.А****:-Миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 4 удаагийн гүйлгээ, 2021 оны 12 дгаар сарын 08-ны өдрөө хойш 10 удаагийн үйлдлээр нийт 26,950,000 төгрөгийг А.Н****гийн данс руу шилжүүлсэн. Мөн манай нөхөр Н.Б**** 2021 оны 12 дугаар сарын 24, 27-нд нийт 20,000,000 төгрөг, нөхөр Н.Б**** 2022 оны 01 дүгээр сарын 05-нд А.Н****гийн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэв.
...Хохирогч А.Н****: -М.А**** надаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг нөхөр болох Н.Б*** тус оны 10 дугаар сарын 08-ны өдөр 6,500,000 төгрөгийг , 11 дүгээр сарын 08-ны дөр 5,000,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас над руу хийсэн Сүүлд нөхөр Н.Б**** нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэв.
...Хохирогчийн өмгөөлөгч:-Танаас М.А****гийн танд өгөх мөнгөнөөс 46,500,000 төгрөг таны данс руу орж ирсэн гэж ойлгож болох уу?
Хохирогч А.Н****:-тийм гэв.... гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.О****н 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Б.Б****аас авсан мэдүүлэгт ...2021 оны 12 дугаар сараас сүүлээр намайг гэртээ байхад Нарантуяа залгаад танай эхнэр А**** надаас мөнгө зээлчээд өгөхгүй удаад байна гэж хэлэхээр нь би гайхаад А**** руу залгаж А.Н****гаас мөнгө зээлсэн талаар нь асуутал нэлээн хэдэн төгрөг авчихаад буцааж өгөх боломж нь муу болоод өгч чадахгүй байна гэж хэлсэн юм. Ингээд би эхнэрийн зээлсэн мөнгийг А.Н****д барагдуулах зорилгоор эхнээсээ төлөөд эхэлсэн... гэж А.Н****гийн данс руу ямар учраас мөнгө шилжүүлэх болсон шалтгаан зорилгоо нэхэмжлэгч Б.Б**** мэдүүлсэн байна.
Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020 оноос эхлэн А.Н**** нь Б.Б****ийн эхнэр М.А****д мөнгө зээлдүүлж эхэлсэн бөгөөд М.А**** нь нөхөр Б.Б****ийн дансаар дамжуулж, мөн нөхөр Б.Б**** нь М.А****гийн өмнөөс А.Н****д зээлийн төлбөр төлж байсан болох нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус заасан.
Хариуцагч А.Н**** нь нэхэмжлэгч Б.Б****аас 21,500,000 төгрөг зээлж авсан, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй байгаа ба Б.Б****ийн дансаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утга нь А****гаас зээл гэсэн утгатай байна.
Өөрөөр хэлбэл М.А**** нь нөхөр Б.Б****ийн дансаар дамжуулан А.Н****гаас авсан зээлийн төлбөрт төлсөн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолд М.А****гийн нөхөр Б.Б****аас 25,000,000 төгрөг... хохирогч А.Н****д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч Х.Батхуяг нь эхнэрийнхээ зээлсэн мөнгийг барагдуулах зорилгоор А.Н**** руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул А.Н****г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгч Б.Б**** нь хариуцагчаас 25,000,000 төгрөгийг шаардах эрхгүй болно.
5. Иймд нэхэмжлэгч Б.Б****ийн гаргасан А.Н****гаас 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б****ийн гаргасан хариуцагч А.Н****гаас 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА