| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1573/Э/220/2024/1193 |
| Дугаар | 2025/ШЦТ/1872 |
| Огноо | 2025-08-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1872
2025 08 04 2025/ШЦТ/1872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэцэгмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан эрүүгийн 2406 03842 2428 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б ын Б /РД::......./, Монгол Улсын иргэн, 19..............нд Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.У ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Манай найзын төрсөн өдөр байсан. Би хохирогчийг танихгүй. Манай найзтай хамт ажилладаг. А бид хоёр тоглож байгаад А ыг ус руу түлхсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс намайг нийлээд зодсон. Бид нар хоорондоо харилцан зодолдсон. Маргааш өглөө нь хөл нь хугарсан байсан ...Яг тухайн үеийн зүйлийг санахгүй байна. Хамт байсан найзууд бүгд зугтаад явсан. Л намайг барьчихсан байсан” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч С.У гэрч М.А , Д.Л нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар 12440 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн Дугаар 747 тоот дүгнэлт, ГССҮТ-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн өвчтөн Б.Б ын өвчний түүх, шүүгдэгч Б.Б ын мэдүүлгүүд, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.У ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн биед зүүн шаант, тахилзуур ясны ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй, эргэлзээгүй, бүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хохирогч С.У мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр амарч байсан тул хамт ажилладаг Д.Л , М.А нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр очсон. Бид хоёр шил архи хувааж уугаад байж байсан. Бид нарыг байж байхад М.А уснаас айдаг гээд ярьж байсан бөгөөд М.А өөрийн найзаа дуудсан. М.А ын найз нь болох өөрийгөө Б гэж танилцуулсан залуу, бас нэг залуу, мөн хоёр эмэгтэйн хамт ирсэн. Бид нар нийлж суугаад дахин архи задлаад сууж байсан. Б гэх залуу М.А ыг голын ус руу түлхэж унагаад байсан бөгөөд Д.Л Б гэх залууд чи найз нь байж найзыгаа уснаас айдаг гэдгийг нь мэдсээр дахин дахин түлхэж унагаалаа гэж хэлж байсан. Би М.А ыг уснаас татаж гаргах гээд голын ус руу ороод татаад гаргаж ирэхэд Д.Л Б гэх залуутай маргалдаад барьцалдаад зогсож байсан. Бид сууж байсан газраасаа зайтай байсан бөгөөд хамт ирсэн хүмүүс нь модны дор сууж л байсан. Би Б ыг Д.Л гаас салгах гээд араас нь таттал Б гэх залуу эргэж хараад миний зүүн шөлний шагай дээд шилбэ хэсэгт өшиглөсөн. Би газарт унаад эргээд босох гэхэд миний хөл хугарсан гишгэж болохгүй байсан. Б Д.Л г барьж авах гээд цааш явахаар нь араас нь чи миний хөлийг хугалчлаа гэхэд нь эргэж ирээд чи битгий баашлаад бай гэж хэлээд миний хөл дээр дахин дэвсээд эргээд явсан. Би цаана байсан хүмүүсийг нь дуудаж түшүүлээд Д.Л гийн машинд орж суусан ...маш их гомдолтой байна”
“...Гомдолтой байна. Эмчилгээний зардал эм тариа авч хэрэглэсэн 500.000 төгрөг, 3 сар ажилгүй байсан цалингаа гаргуулж авмаар байна би сарын 2.300.000 төгрөгийн цалин авдаг тэгэхээр нийт 7.400.000 төгрөг нэхэмжилж байна. ...Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 30 дахь тал),
Гэрч М.А мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гаднаас хамт ажилладаг Д.Л , С.У ын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр очсон. Бид гурав 2 шил архи хувааж уусан. Над руу манай 10 жилийн ангийн найз Б залгаад Улиастайд явж байна гэхээр нь байгаа газраа зааж өгсөн. Б 1 эрэгтэй, 2 эмэгтэй найзынхаа хамт ирсэн бөгөөд бид нар нийлээд суусан. Бид нар 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Б намайг ус руу түлхэж унагаасан бөгөөд би сэлж чаддаггүй бөгөөд уснаас гарч чадахгүй байсан. Энэ үед С.У ус руу орж намайг татаж гаргасан. Энэ үед Д.Л Б нар маргалдаад барьцалдаад байж байсан. С.У очиж тэр хоёрыг салгаж байх шиг байсан. Би сандарсан байсан тул тайвширч хэсэг хугацааны дараа харахад С.У газар суугаад хөлөө бариад ёолоод байсан. Намайг очиход дуугарахгүй байсан бөгөөд Б тай хамт байсан хоёр эмэгтэй нь С.У ыг Л гийн машинд суулгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
Гэрч Д.Л мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 12:00 орчим цагийн үед би ажлын газрын найзууд болох С.У , М.А нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээний баруун урд талын голын эрэг дээр очсон ба бид гурав 2 ширхэг 0.75 граммын ногоон экс нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал М.А ын найз болох Б гэх залуу ирсэн ба ирэхдээ Аурора нэртэй 0.75 граммын архи авч ирсэн тэр архийг нь бид дөрөв хувааж уусан ба М.А ыг найз Б нь гол руу түлхээд унагаахлаар нь би Б д М.А чинь голын усанд сэлж чаддаггүй гэсэн ш дээ яагаад усанд оруулж байгаа юм бэ гэхэд Б над руу агсарч дайраад надтай барьцалдаад надтай ноцолдсон тэр хооронд С.У , М.А ыг уснаас татаж гаргасан С.У голоос гарч ирээд машиныхаа хажууд сууж байхад нь Б надтай ноцолдож байснаа надаас салаад явсан С.У ын зүг рүү явсан хэсэг хугацааны дараа би С.У дээр очиход миний хөл эвгүй болчихлоо хугарсан юм шиг байна Б М.А ыг голын ус руу орууллаа гэж маргалдсанаас болж надад уурлаад миний хөлөн дээрээс дэвсэлснээ яваад өгсөн дараа дахиж ирээд жүжигчин пизда вэ гэж хэлээд дахиж хөлөн дээр нь дэвэлсэн нийт 2 удаа Б , У ын хөлөн дээр нь дэвсэлсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар 12440 тоот дүгнэлт “...С.У ын биед зүүн шаант, тахилзуур ясны ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-63 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн Дугаар 747 тоот дүгнэлт “...Хохирогч Содномпэлжээгийн У /РД: ЧК87110771/-ын сэтгэцэд 2024 оны 6 дугаар сарын 04-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стерсст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. ...Дээрх шинжүүд нь цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс шалтгаална” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 150-152 дахь тал),
ГССҮТ-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн өвчтөн Б.Б ын өвчний түүх (хавтаст хэргийн 48-59 дэх тал),
Шүүгдэгч Б.Б сэжигтнээр мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би 4 найзын хамт 0.7 граммын whiskey хувааж уусан тэгээд бас нэг ширхэг 0.5 граммын пиво уусан 13:00 орчим цагийн үед уугаад дараа нь багийн найз А тай уулзаад түүний ажлын газрын найзууд болох Л , У нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын голын эрэг дээр очсон цагийг нь санахгүй байна тэнд очоод бол архи уугаагүй харин Л , А нар бол гаагүй байсан У гэдэг ах хүү бол нэлээн согтсон байсан. Голын эрэг дээр А бид хоёр тоглож байгаад би А ыг ус руу түлхсэн тэгтэл Л гэдэг ах А ыг ус руу түлхлээ гэх шалтгаанаар уурлаж намайг ирж миний нүүр хэсэгт 1-2 удаа цохисон дараа бид хоёр ноцолдсон миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Тухайн асуудлаас Л тай муудалцсанаас хойшоо болсон асуудлыг би үнэхээр санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
Шүүгдэгч Б.Б яллагдагчаар мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.
Шүүгдэгч Б.Б ын үйдлийн улмаас хохирогч С.У ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын санд 1.434.760 төгрөг, хохирогч С.У ын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 385.190 төгрөгийн зардал гарсан байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн Дугаар 747 тоот дүгнэлтээр хохирогч С.У ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зэрэглэлийг “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолоор батласан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай аргачлалд заасны дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шүүх дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн ангилал, хүндрүүлэх нөхцөл байдал, шинж, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа эсэх, төлбөрийн чадвар зэрэг болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 03 тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ...сард 792.000 /долоон зуун ерөн хоёр мянга/ төгрөг байхаар тогтоосны дагуу 3.952.080 төгрөгийг шүүгдэгч Б.Б ас гаргуулж хохирогч С.У т олгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан байна. Гэмт хэргийн улмаас учрах хохирол нь гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд үүсч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хэлбэрээр тодорхойлогдох бол хор уршиг нь эрүүл мэндийг сарниулах, хөдөлмөрийн чадвар тодорхой эсвэл тогтонги алдагдах, амьдралын чанар буурах, байнгын өвдөлт, зовиурын шалтгаан болох зэрэг хэлбэрээр илэрхийлэгдэж гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш үргэлжлэн бий болох үр дагаварууд байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед бус шүүхэд хэргийг шийдвэрлэх хугацаанд мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон бодох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч С.У ын эрүүл мэндэд учруулсан хохиролд 385.190 төгрөг, уг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учруулсан хор уршигт 3.952.080 төгрөг, нийт 4.337.270 төгрөгийг төлөх ёстойгоос 1.468.094 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдөр, 1.000.000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 04-ны өдөр тус тус хохирогч С.У т төлсөн, 1.869.176 /нэг сая найман зуун жаран есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийн төлөх төлбөртэйг шүүгдэгч Б.Б ас гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух С. У /РД: ............. /-т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1.434.760 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Хохирогч С.У аас ажилгүй байх үеийн цалин хөлс зэрэг зардлыг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан шууд хохиролд хамаарахгүй юм. Иймээс хохирогч С.У нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд тус тус зааснаар буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг бөгөөд шүүгдэгч Б.Б нь согтуурсны улмаас өөрийн үйлдлийг санахгүй байгаа гэх тайлбар, хүнд зэргийн согтолттой байсан эсэх зэрэг нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэлд хамаарахгүйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хавтаст хэргийн 77 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б д ял шийтгэл оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсныг харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б ын Б /РД::......./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар 1.869.176 /нэг сая найман зуун жаран есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.Б ас гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух С. У /РД: ............. /-т олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч С.У нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР