Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо

Улсын яллагч М.Өлзийбаатар /томилолтоор/

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521001050130 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, авто засварчин мэргэжилтэй, үнээний фермд туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод орших өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ өөрийн эхнэрийн төрсөн эгч *******ийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж улмаар электрон тамхи нүүрэн тус газарт нь шидэж хохирогч *******ийн биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хохирогчид хохирол төлбөрт нийт 5,814,000 төгрөг төлсөн...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хамрын хагалгаанд орох зардал болон хагалгааны дараах эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хуульд зааснаар сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчим би эгч гэрт байж байх үед дүү миний дугаарын утас руу залгаж та ороод ирээч гэхээр нь би ...дүү гийн гэрт ортол манай хүргэн нь дүү руу орилж, хашхираад хэл амаар доромжлоод байж байсан. Намайг гэрт ороход манай хүргэн дүү ын найз гэх эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүн байхаар нь би хүргэн ******* хандан таньж мэдэхгүй хүмүүсийн хажууд нэгнийгээ элдвээр хэлээд яахав, наад хүмүүсээ явуулаад асуудал байвал хоорондоо ярилц гэж хэлэхэд намайг чи дуугүй манай гэрээс зайл гээд орилж чарлахаар нь би ******* чи өөрөө хэрүүл хийхгүй хүн шиг байгаач гэж хэлтэл манай ******* суманд амьдардаг ээж минь танай ээж чинь хэдтэй билээ, загатнаад байгаа бол би боов олоод өгөх үү гээд хэл амаар доромжлоод байхаар нь би ээжийгээ өмөөрөөд чи айл гэрийн асуудлаа гэр дотроо шийдэж сур, хаа холын ******* суманд байгаа миний ээж наад асуудалд чинь ямар хамаатай юм бэ гэж хэлтэл чи муу янхан, дархад гичий минь танай дархадууд угаасаа хараалч биз дээ гэж хэлээд байсан. Мөн намайг 50 гарсан хөгшин үрчгэр авгай минь, боовоо аманд чинь чихнэ шүү гээд өмдөө тайлах гээд тэлээгээрээ ноцолдоод байхаар нь манай хүргэний найз гэх үл таних залуу болиулсан. Тэгээд би тэдний гал тогоонд нь цонхны дэргэд зогсож байтал миний нүүрэн тус газарт нэг хатуу биетээр шидэж гэмтээсэн. Тухайн үед миний нүүр, хамар хэсгээс их хэмжээний цус гарч байсан тул би хэсэг цусаа тогтоож байгаад нэг хашаанд байрлах эгчийн гэрт орж аймгийн Цагдаагийн газрын 7058102 дугаарын утас руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ийн эмчилгээний зардалд 351,449 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс ...хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед манай нөхөр сэрээд пиво ууж байтал нэг хашаанд байрлах манай төрсөн эгч гаднаас ороод ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёрын дунд үл ялих зүйлээс болоод гэр бүлийн маргаан гараад байсан тул би эгчийг дуудсан юм. Манай төрсөн эгч гаднаас орж ирээд та хоёр гэр бүлийн асуудлаа дундаа шийдэж чаддаггүй юм уу гэж манай нөхөр рүү хэлтэл манай нөхөр эгчийн өөдөөс чамд ямар хамаатай юм бэ гээд хэрүүл маргаан болоод байгаа нь гал тогооны өрөөнөөс сонсогдсон. Би тухайн үед хүүхдийнхээ хамтаар нөгөө өрөөндөө унтаж байтал хэрүүл маргаан болоод байхаар нь би босоод гал тогооны өрөө рүү очоод харахад манай эгч ийн хоёр нүдний голд, хамрын дээд хэсгээс цус гарч байхаар нь юу болсон талаар эгчээс асуухад танай нөхөр над руу хатуу биет шидсэн гэж хэлээд манай эгч гэрээс гараад хүргэн ахын машинаар эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өглөө гэртээ пиво уугаад сууж байтал манай хадам эгч гаднаас ороод ирсэн.Тухайн үед би эхнэртэйгээ үл ялих зүйлээс болж маргалдаж байсан ба манай хадам эгч орж ирээд над руу хандаж хэлэхээр нь би согтуу байсан учир чамд ямар хамаатай юм бэ, чи дуугай манай гэрээс зайл гэж хэлтэл  манай эгч хэрүүл маргаан үүсгээд байхаар нь гэнэт миний уур хүрээд ямар нэгэн шалтгаангүйгээр хажуудаа байсан электрон тамхи аваад шидтэл манай хадам эгч ийн нүүрэн тус газарт оносон. Тухайн үед миний шидсэн электрон тамхинд оногдсоноос болоод манай хадам эгч ийн хамар нүүрнээс нь цус гарч байгаад цусаа тогтоогоод гэрээс гараад явсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ДОР0725/129 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 31-33/           

Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1997 тоот дүгнэлтэд:

            1. 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас ******* /РД: /-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрестт үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэжээ. /задгай/

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 05-06/

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08/

- *******ийн компьютер, томографи шинжилгээ /хх-ийн 27/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 49/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-53/

- Хохирогч *******ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /задгай/

- Шүүгдэгч *******аас эрүүл мэндийн даатгалын санд 379,302 төгрөг төлсөн баримт, хохирогчид хохирол төлбөрт 5,814,000 төгрөг төлсөн баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод орших  гэртээ согтуугаар өөрийн эхнэрийн төрсөн эгч *******ийг үл ялих зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж улмаар электрон тамхи нүүрэн тус газарт нь шидэж *******ийн эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч Х. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ДОР0725/129 тоот “*******ийн биед хамрын нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1997 тоот “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас ******* /РД: /-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрестт үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн  шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхийн газрын шинжээчийн дүгнэлтээр нэгдүгээр зэрэглэлтэй гэж тогтоосон байна.

Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг гарахад мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3,293,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******т олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эмчилгээний зардалд 5,814,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 379,302 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,293,400 /гурван сая есөн зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.           

5. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эмчилгээний зардалд 5,814,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 379,302 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА