Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 103

 

2017         08          21                                        103

       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 180/2017/0106/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Насанбуян, шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга

Улсын яллагч                             Т.Баярмаа

Иргэдийн төлөөлөгч Ж.Жаргалмаа

Насанд хүрээгүй хохирогч А.Нарантуул

Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаатар

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баярсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс

Шүүгдэгч                                                 Х.Алтангэрэл нарыг оролцуулан 

 

тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Халтарын Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201723000138 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1977 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх Боржигон овогт Халтарын Алтангэрэл /РД: СЛ77012113/

                                                                                                                  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь 2016 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газарт 14 насанд хүрээгүй А.Нарантуулыг хүч хэрэглэн хүчиндсэн. Мөн 2016 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутагт иргэн Л.Амарбаатарын гэрт насанд хүрээгүй А.Нарантуулыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Насанд хүрээгүй хохирогч А.Нарантуулын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны зун одоо цаг хугацааг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн улсын баяр наадам өнгөрчихсөн байсан. Миний санаж байгаагаар 7 сарын сүүл 8 сарын эхээр байж гэж бодож байна. Манайх Дэлгэрхаан сумын 2-р багийн нутаг Цагаан нуур гэх газар нутаглаж байсан юм. Манай зүүн талд ойрхон Алтангэрэл ахынх мөн нутаглаж байсан юм. Нэг өдөр 11 цагийн үед Алтангэрэл ахын охин Цондмаатай тоглох гээд Алтангэрэл ахынх руу очсон. Гэрт нь очоод байж байтал Алтангэрэл ахын эхнэр надад тараг хийж өгсөн. Би тэр таргийг идчихээд байж байтал Цондмаа орж ирээд “Аав үхэртээ явах гэж байна. Хоёулаа хамт явъя” гэж хэлсэн. Тэгээд Цондмаа бид 2 Алтангэрэл ахын мотоцикльтой нь гуравуулаа үхэрт явсан. Гэрээс зүүн хойш чигтээ явж байтал тогтсон усан дээр үхэр нь  байсан, уснаас Алтангэрэл ах үхрээ гаргаж өгөөд Цондмаад “Миний охин үхрээ туугаад гэр лүүгээ явж бай, аав нь Туултай хонь харчихаад араас нь очъё” гэж хэлсэн, тэндээсээ Цондмаа үхрээ туугаад гэр рүү явсан. Харин Алтангэрэл ах намайг мотоциклынхоо ард суулгаад хойшоо жалга руу явсан. Би хойшоо явж байхдаа Цондмааг дуудсан чинь Алтангэрэл ах охиныгоо яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд гэр рүү явуулсан. Тэгээд намайг жалганд оруулаад миний хувцсыг тайлаад хүчиндсэн. Би тэр үед өвдгөөр татсан нимгэн улаан өмд болон пудволктой явж байсан. Алтангэрэл ах өөрийнхөө дээгүүр өмсөж явсан куртикээ  газар дэвсээд дээр нь намайг дарж хэвтэж байгаад хүчиндсэн. Алтангэрэл ах өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Алтангэрэл ах миний дээр гараад 20-30 минут болсон байх. Тэгж байтал цаанаас машины дуу гарсан Алтангэрэл ах өндийж харчихаад машин ирж байна хувцсаа өмс гээд боссон. Алтангэрэл ахыг хүчиндэж байхад нь би уйлсан. Би зөндөө бахирсан. Миний гар хөлийг дарчихаад тавихгүй байсан. Алтангэрэл ах миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийх үед миний давсагны тэр хавиар их өвдсөн. ... Энэ явдлаас хойш 2-3 хоногийн дараа хагас сайн бүтэн сайн өдрийн нэг байсан. Сумын төвөөс манай эгч хүүхдээ хөдөө гэрт авчирч үлдээсэн байсан юм. Тэгэхэд өдөр 13 цагийн үед Алтангэрэл ах ганцаараа мотоцикльтойгоо ирсэн. Энэ үед аав хонио эргүүлэхээр явчихсан байсан. Алтангэрэл ахыг орж ирэхэд би хоол бэлдээд гурилаа хайраад хэрчээд сууж байсан. Тэгээд Алтангэрэл ахад цай хийж өгсөн. Тэгсэн Алтангэрэл ах гэрийн зүүн талд намайг сууж байхад ирээд зүүн талын орон дээрээс дараад авсан, би орилоод бахиртал манай дүү /3 настай/ айгаад гэрийн баруун талд аниа гээд уйлаад байсан. Тэгээд Алтангэрэл ах миний өмдийг өвдөг хүртэл шувтлаад миний дээрээс дарж байгаад хүчиндсэн. Миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд хөдөлсөн. Тэгж байгаад өөрөө болиод яваад өгсөн. Би Алтангэрэл ахыг эсэргүүцээд дийлээгүй. Энэ явдлаас хойш 5-6 хоногийн дараа Цондмаа манайд ирээд аав танд энэ бичгийг өгчих гэсэн гээд бичиг өгхөд нь харахад дансны дугаараа өгчих гэж бичсэн байхаар нь Цондмаад надад дансны дугаар байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-10 тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 8 сарын эхээр манайх Дэлгэрхаан сумын 2-р багийн нутаг Цагаан нуур гэх газар нутаглаж байсан юм. Манай зүүн талд ойрхон Алтангэрэлийнх нутаглаж байсан юм. Тухайн үед би гэртээ байгаагүй, охин Нарантуул Алтангэрэлийн охин Цондмаатай тоглохоор гэрт нь очсон юм билээ. Сүүлд очиход нь Цондмаа үхэрт явах гээд Алтангэрэл Цондмаатай хамт сундалж яваад Цондмааг үхэр дээр нь буулгаж орхиод Алтангэрэл нь охин Нарантуулыг сундалж авч яваад жалганд оруулаад хүчиндсэн гэсэн. Охин Нарантуул цагдаад мэдэгдсэн үедээ надад хэлсэн. Энэ явдлаас хойш 2-3 хоногийн дараа 3 настай дүүгийн хамт байхад нь Алтангэрэл ирээд зүүн талын орон дээр дарж байгаад хүчиндсэн гэсэн. Би Алтангэрэл ахыг эсэргүүцээд дийлээгүй гэж хэлсэн ....” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 12-13 тал / 

 

Гэрч С.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн : “...2017 оны 05 дугаар сарын 22-ны орой Дэлгэрхаан сумын сургуулийн дотуур байрны багш Гантөр нь манай байранд байдаг Нарантуул гэдэг охины зан ааш нь хувираад сав л хийвэл амиа хорлоно гэх боллоо гэсний дагуу дотуур байранд очиж Нарантуул гэх 8 дугаар ангийн охинтой ганцаарчилж уулзахад Нарантуул нь 2016 оны 08 дугаар сард манай ойролцоо байдаг Алтангэрэл гэх өдрөөр аав ээжийг байхгүй үед согтуу ирж намайг 2 удаа оролдож 2 удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Намайг аав ээждээ хэлвэл хохь чинь шүү гэж заналхийлсэн. Тэгээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн ” гэсэн мэдүүлэг / хх-ийн  14 тал /

 

Гэрч Ч.Гантөрийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...А.Нарантуулыг ах дүү хоёр өөр цаг хугацаанд хүчиндсэн байна гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал /

 

Гэрч Ч.Ургацындалайн мөрдөн байцаалтад өгсөн: “... Сүүлийн үед тэр охин амиа хорлоно гэж хэд хэдэн удаа яриа гарахаар нь цагдаад мэдэгдсэн. Хүчиндсэн гэх хүмүүс нь төрсөн ах дүү хоёр гэсэн. Тэр хоёр залуу уг охиныг хоёр өөр цаг хугацаанд хүчирхийлсэн гэсэн ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17 тал /

 

Гэрч Л.Амарбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 08 дугаар сард болов уу манайх Дэлгэрхаан сумын 2-р багийн “Цагаан нуур” гэх газар нутаглаж байсан ... орой нар шингэж байхад Алтангэрэл охин Нарантуул, Цондмаа хоёрыг сундалж ирсэн. Алтангэрэл, Цондмаа хоёр манайхаар хальт орчихоод гарч явсан. Тухайн үед Нарантуул маань нүүр нь нилээн улайчихсан, дотроо юм бодоод гөлрөөд, юм асуухаар олигтой дуугарахгүй байсан. Нилээн сандарсан байдалтай байсан. Би тухайн үед охин маань яагаад байгаа юм болдоо гэж бодоод л өнгөрсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа хагас сайн, бүтэн сайн өдрийн нэг нь байсан. Тухайн үед манай охин 3 настай хүү Баярааг авчирч орхисон байсан. Би тэр өдөр 12 цагийн үед хониндоо яваад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн шиг санаж байна. Охин Нарантуул бас л сонин, нүүр нь улайчихсан, юм бодоод, юм асуухаар дуугарахгүй, хааяа нэг санаа алдаад байсан. Би түүнийг яагаад байгаа юм болдоо бие нь муу байгаа юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Охин маань тухайн үед надаас айгаад энэ талаар хэлээгүй байсан. Охиныг маань аав ээждээ хэлбэл хохь чинь шүү гэж дарамталсан байсан ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-19 тал /                            

                                                                      

Гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш дотуур байрны багш Гантөр надтай ирж уулзаад дотуур байранд байдаг Нарантуул гэдэг охин сумын насанд хүрсэн 2 хүүхэнтэй нийлээд сумын төвөөр хэсээд гадуур тэнээд байна, үг хэлэхээр дуугаа хураагаад чимээгүй болчихдог, амиа хорлон гээд байна. Та дотуур байранд очоод энэ охинтой уулзаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Гантөмөр цагдааг дуудаад 2-лаа дотуур байр руу очсон. Нарантуул охинтой Гантөмөр цагдаа бид хоёо ганцаарчилж уулзсан. Миний дүү яагаад ингээд байдаг юм бэ? гэж асуухад дуугаа хураагаад байсан. Нэг хэсэг байж байснаа 2016 оны 08 дугаар сарын эхээр Алтангэрэл гэх ах аав ээжийн эзгүйд ирж намайг дээрэлхэж хүчээр бэлгийн харьцаанд ордог гэж хэлсэн. Алтангэрэлийн төрсөн дүү Энхтөр гэдэг залуу бас нэг удаа намайг гэртээ ганцаараа байхад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн “ гэсэн мэдүүлэг / хх-ийн 20 тал /

Насанд хүрээгүй гэрч А.Цондмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 08 дугаар сарын эхээр Дэлгэрхаан сумын Цагааннуур гэх газар нутаглаж байхдаа аав Алтангэрэл, саахалт айлын Нарантуул эгчийн хамт гурвуулаа мотоцикльтой үхэрт гэрээсээ  хойш явсан. Тэгээд Бяцхан Цагааннуур хоёрын дунд намайг мотоциклиосоо буулгаад үхрээ туугаад ир, гэр рүүгээ харьж бай, аав нь Нарантуулыг сундлаад хонио харчихаад ирье гээд хөдлөөд явсан. Тэгээд үхрээ туугаад нилээн явж байтал аав, Нарантуул хоёр араас хүрч ирээд хамт үхрээ туугаад гэртээ ирсэн. Тэгээд аав бид хоёр Нарантуул эгчийг гэр рүү нь мотоцикльтой хүргэж өгсөн... Үхэрт явсан өдрөөс хойш 8-9 хоногийн дараа аав Алтангэрэл надад Нарантуулд аваачаад өгчих гээд нэг бичиг өгсөн. Түүнийг аваачиж өгөхөд Нарантуул надад дансны дугаар байхгүй гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 25 тал /

Шинжээчийн дүгнэлт: 2017.06.06  2017.003

1. А.Нарантуул нь 14 настай бэлгийн бойжилт бүрэн хөгжилтгүй бага насны хүүхэд юм.

2. А.Нарантуулын онгон хальс хуучин урагдалтай байх ба хэзээ урагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. 

3. А.Нарантуулын бэлэг эрхтэнд өөрчлөлт, гэмтэлгүй байна.

4. А.Нарантуулын гэх шинжилгээний хариуд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. / хх-ийн 28 тал /

 

Шинжээчийн дүгнэлт: 2017.06.07  2017.005

1. Х.Энхтөр нь хурьцал үйлдэх чадвартай. / хх-ийн 30 тал /

 

Шүүх сэтгэц судлалын магадлагаа №10

1. А.Нарантуулын нь тухайн хэрэг гарах үед сэтгэцийн хувьд эрүүл байсан ямар нэг өвчингүй, эрүүл болно.

2. А.Нарантуул нь тухайн үйл явдал,хэргийн зөв ойлгон тусгах чадвартай ойлгосон зүйлээ илэрхийлж чадна./ хх-ийн 32-33 тал /

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/ 

Шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 58-60 тал / зэрэг нотлох баримт болно. 

 

Шүүгдэгч Х.Алтангэрэл нь 2016 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газарт 14 насанд хүрээгүй А.Нарантуулыг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн 2016 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутагт иргэн Л.Амарбаатарын гэрт насанд хүрээгүй А.Нарантуулыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч А.Нарантуулын мэдүүлэг, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Амарбаатар, Д.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, гэрч С.Гантөмөр, Ч.Гантөр, Ч.Ургацындалай, Б.Ганбат, насанд хүрээгүй гэрч А.Цондмаа нарын мэдүүлэг,  ... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Х.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/ Хүчиндэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Нарантуул болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ

 

1. Шүүгдэгч Халтарын Алтангэрэлийг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтангэрэлийг 13 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтангэрэлд оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алтангэрэлийн цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай. 

              

 

 

 

            ДАРГАЛАГЧ                           Ц.МӨНХТУЛГА

 

                      ШҮҮГЧИД                       С.НАСАНБУЯН

 

Р.БАТБАЯР