| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/278 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 2538000000160 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Б.Д-,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн нутаг “... ” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 3 метр куб хэмжээтэй 42 ширхэг нойтон шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 2,329,050 төгрөгийн хохирол учруулан, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000160 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Б.Д- нь байшин барих зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн нутаг “... ” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 3 метр куб хэмжээтэй 42 ширхэг нойтон шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, ойн санд 2,329,050 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөг байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-ын: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-13 тал),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-22 тал),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-17 тал),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 19-20 тал),
Иргэний нэхэмжпэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын албан бичгээр миний бие тус аймгийн ... сумын ... багийн нутаг ... гэдэг газраас тус багийн иргэн Б.Д- гэдэг хүн босоо мод унагааж 6 метрийн урттай 42 ширхэг гол хуваасан шинэс төрлийн мод бэлтгэсэн эсэх талаар манай сумын хэсгийн цагдаа Э- надад ярихаар нь тэр үед би хууль бусаар мод бэлтгэж цагдаад шалгагдаж байгаа юм байна гэж ойлгосон. ...иргэн Б.Д- гэх хүний үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25 тал),
Гэрч Ю.Б-ын өгсөн: “...Б.Д- нь өөрөө би гоожин авсан байгаа ахдаа хэдэн байшингийн мод унагаагаад өгөөч гэж гуйхаар нь гоожинтой юм бол зүгээр байх гэж бодоод Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... эх газрын мод руу бид хамт орж өөрийнх нь заасан моднуудыг нь би тайрч унагааж өгсөн зүйл л болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 27, 39 тал),
Гэрч Г.Б-гийн өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байх тухайн үед Д- ах манай гэрийн дээд тал ... гэх газарт байгаа бэлтгэсэн модноос пад трактороороо чирээд гаргаад өгөөч гэж гуйхаар нь би өөрийн ногоон өнгийн Пад трактороор манай багийн иргэн Б.Д- гэдэг хүний 8-10 метрийн урттай 20 гаруй модыг тус багийн ... гэх газраас модноос чирч модны захад гаргаж өгсөн нь үнэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 35 тал),
Гэрч Ц.М-гийн өгсөн: “...Д- нь 2025 оны 01 дүгээр сард санагдаж байна ахуйн хэрэглээнд цэвэрлэгээний ажпаар 10 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авахаар орон нутгийн дансанд мөнгө тушаасан байсан. Мөнгө тушаагаад бол эрхийн бичгээ надаар албан ёсоор бичүүлж аваагүй. Тэгтэл 2025 оны 02 дугаар сард Д- нь ... багийн нутаг ... гийн эх газарт хууль бусаар босоо мод унагааж байшингийн мод бэлтгэсэн байсан талаар ойн ангийн дарга Т- эгчээс сонссон...” гэх мэдүүлэг (хх-ийн 37 тал),
Хөвсгөл аймгийн “...” сум дундын ойн ангийн дарга Т-н 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай: “1. Б.Д-ын бэлтгэсэн гэх мод нь нойтон хэрэглээний шинэс мод байв. 2. Иргэн Б.Д-ын бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийхэд гол зүссэн 42 ширхэг, 6 метрийн урттай, 3 метр куб хэрэглээний мод байсан. 3. Иргэн Б.Д-ын бэлтгэсэн гэх модонд экологи эдийн засгийн үнэлгээ хийж хохирлын хэмжээг тооцохдоо: Ойн нөөцийн төлбөр 3 муж, 1 м3 шинэс модны үнэ төгрөгөөр /267707/ Итгэлцүүр 2.9 Модны хэмжээ 3 Экологи эдийн засгийн үнэлгээ төгрөгөөр 2329050. Хууль бусаар 3 м3 мод бэлтгэсэн байна. Бэлтгэсэн модын экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход ... сумын ойн санд 2,329,050 төгрөгийн хохирол учруулсныг хүснэгтээр харуулав. Иргэн Б.Д-ын ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон болно...” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 43-45 тал),
“...” ХХК-ийн шинжээч Б.Х-н 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-925-12165 дугаартай: “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Тайга нэртэй бензин хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 120,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хх-ийн 49-52 тал),
“...” ХХК-ийн шинжээч Б.Х-н 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-925-12167 дугаартай: “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Пад-250 мотортой тракторын зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 1,500,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хх-ийн 57-62 тал),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б-н 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай: “...Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 6,987,150 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 69 тал),
Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би өвөлжөөний газарт нэг байшинтай болох санаатай сумын байгаль хамгаалагч М-д хэлэхэд хэрэглээний гоожин авч болно гэхээр нь мөнгийг нь тушаагаад өөрөөс нь гоожингоо аваагүй байж байгаад 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... нэгдүгээр багийн нутаг ... гэдэг газраас таньдаг залуу Б-г ахдаа байшингын мод унагаагаад өгөөч гэж гуйгаад өөрийнхөө хөрөөг өгч тухайн газраас 12 ширхэг босоо унагааж 6 метрээр тайрч 42 ширхэг мод болгоод түүнийг цагаалах гэсэн боловч Б- нь ганцаараа чадахгүй байхаар нь нутгийн таньдаг дүү Б-г пад трактороороо цагаалаад өгөөч гэж гуйгаад түүний трактороор модноос цагаалж модны хаяанд гаргаж тавьсан байсныг эргүүл хяналт шалгалтаар явж байсан хүмүүс харж үзлэг хийгээд надаас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар асуухад нь би сумын байгаль хамгаалагчид хэлсэн байгаа гоожингийн мөнгөө тушаасан байгаа гэж хэлсэн тэгээд цагдаад шалгагдаж эхэлсэн. ...Б-г гуйж модоо тайруулсан. Цагаалахад нь Б-г гуйж түүний трактороор цагаалж модны захад гаргаж ирсэн. Өөр хүн байгаагүй. Би өөрөө мод унагааж чадахгүй учир энэ хоёр хүнийг гуйсан юм. ...Мод бэлтгэхдээ хятад хөрөөгөөр тайрсан. Тухайн хөрөө миний өөрийн хөрөө байгаа юм. Харин модоо цагаалахад Б-н ногоон өнгийн пад трактороор цагаалсан өөр ямар нэгэн техник ашиглаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 77-79 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй хөрөөг таньж судласнаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-13 тал), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-22 тал), эд хөрөнгө битүүмжпэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-17 тал), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 19-20 тал), иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн мэдүүлэг (хх-ийн 25 тал), гэрч Ю.Б-ын мэдүүлэг (хх-ийн 27, 39 тал), гэрч Г.Б-гийн мэдүүлэг (хх-ийн 35 тал), гэрч Ц.М-гийн мэдүүлэг (хх-ийн 37 тал), Хөвсгөл аймгийн “...” сум дундын ойн ангийн дарга Т.- 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 43-45 тал), “...” ХХК-ийн шинжээч Б.Х-н 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-925-12165 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-52 тал), “...” ХХК-ийн шинжээч Б.Х-н 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-925-12167 дугаартай дүгнэлт (хх-ийн 57-62 тал), Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б-йн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт (хх-ийн 69 тал), эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Д- нь байшин барих зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн нутаг “... ” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 3 метр куб хэмжээтэй 42 ширхэг нойтон шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д- нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Б.Д- нь хэдийгээр гоожингийн мөнгө төлсөн /хх-ийн 94 тал/ байх боловч эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг зохих журмын дагуу аваагүй, улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж, ойд босоо мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д-ыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн нутаг “... ” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 3 метр куб хэмжээтэй 42 ширхэг нойтон шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Д- нь экологи эдийн засагт 2,329,050 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д- нь экологи эдийн засагт учруулсан 2,329,050 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,987,150 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д-ыг байшин барих зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн нутаг “... ” гэх газраас хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 3 метр куб хэмжээтэй 42 ширхэг нойтон шинэс модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Д-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-тзаасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 81-87, 90-94 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримтын хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Д- нь малчин, ... урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 3 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн 2,329,050 төгрөгийн үнэлгээ бүхий 6 метрийн урттай 42 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Пад-250” маркийн трактор нь Г.Б-гийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Д-аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000000160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн Тайга нэртэй 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000160 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 3 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн 2,329,050 (хоёр сая гурван зуун хорин есөн мянга тавь) төгрөгийн үнэлгээ бүхий 6 метрийн урттай, 42 (дөчин хоёр) ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Д-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Пад-250” маркийн тракторын үнэ 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төгрөгийг шүүгдэгч Б.Д-аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймагдахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн 2538000000160 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Тайга” нэртэй 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР