| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/283 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д-д холбогдох эрүүгийн 2538000000164 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Д-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д- нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод бэлтгэж 465,809 төгрөгийн хохирол учруулан, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000164 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.Д- нь өвөлжөөний газартаа байшин барих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, ойн санд 1,406,415 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д-гийн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19 тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22 тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 23, 25-26 тал),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 27, 29-30 тал),
Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн өгсөн: “...Миний бие тус аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газраас тус багийн иргэн Ж.Д- гэдэг хүн 6 ширхэг босоо мод унагааж 6 метрийн урттай 24 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэсэн талаар манай сумын хэсгийн цагдаа Э- надад ярихаар нь тэр үед би хууль бусаар мод бэлтгэж цагдаад шапгагдаж байгаа юм байна гэж ойлгосон. Миний тухайд мод бэлтгэх эрхийн бичиг хэн нэгэн хүнд бичиж олгосон зүйл байхгүй. ...Тухайн иргэний барьсан 6x6 хэмжээтэй байшингийн модыг бэлтгэхдээ хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авч эрхийн бичигт заасан хутацаанд заасан газраас модоо зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх ёстой байдаг. Тэгэхдээ иргэн хүнд босоо мод унагаж мод бэлтгэх эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Гэрч Б.Э-ын өгсөн: “...Тус цагдаагийн газраас зохион байгуулж байгаа Хяналт-2025 хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан сумынхаа 1 дүгээр багийн нутагт эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд тус багийн иргэдтэй уулзахад Цагаан-Үүр сумаас ирж тус багийн иргэн И.Д-тэй амьдарч байгаа Ж.Д- гэдэг хүн 2024 оны хавар Урт нарийн гэдэг газраас босоо мод унагаж гэрийнхээ гадаа 6x6 хэмжээтэй байшин шинээр барьж 2024 оны намар уг байшиндаа орсон байгаа гэж мэдэгдсэн. ...Ж.Д- гэх хүнтэй уулзахад тийм ээ би гэрийнхээ урд талын модноос 6 ширхэг мод унагааж нэг модноос 6 метрийн урттай 12 мод бэлтгэсэн нь үнэн ...талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Гэрч И.Д-гийн өгсөн: “...2024 оны 04 дүгээр сард хамтран амьдрагч Ж.Д- 6x6 хэмжээтэй байшин барьж 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орчим дуусгаж тухайн байшинд нүүж орсон. Уг байшинг Ж.Д- өөрөө барьсан. Хамт барьсан хамжсан хүн байхгүй. Харин бид хоёр хамжаад тухайн байшинг барьсан... Би сумын байгаль хамгаалагч М-гаас ... дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авсан. Тэгээд байшин барих модоо 2024 оны 04 дүгээр сард тус сумын ... гэх газраас бэлтгэсэн. ...Ж.Д- ганцаараа мод бэлтгэсэн. Тэгэхдээ мод унагаж байхыг хараагүй, харин хэд хоногийн дараа Ж.Д- надад хэлэхдээ гэрийн урд талын дээд амнаас 6 ширхэг босоо мод унагаж мод бэлтгэсэн талаар ярьж байсан. Гэхдээ байшин барьсан модоо дээрх эрхийн бичгээр заасан газраас цэвэрлэгээний ажлаар унанги мод бэлтгэж байшин барьсан. Тэгэхдээ уг байшинг барих үед мод дутаад сүүлд 6 ширхэг мод унагаж мод бэлтгэсэн юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,
Хөвсгөл аймгийн ... сумын “... ” ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №08 дугаартай: “1. Иргэн Ж.Д-гийн бэлтгэсэн гэх мод нь хуурай, гол эргэсэн, хуучин хэрэглээний мод байсан. 2. Иргэн Ж.Д-гийн бэлтгэсэн модонд хэмжилт хийхэд гол зүссэн 24 ширхэг, 6 метрийн урттай, 2 метр куб, хуурай хэрэглээний мод байсан. Бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 465,809 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-60 тал/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №22 дугаартай: “Ж.Д-гийн бэлтгэсэн хуурай шинэс модны экологи- эдийн засгийн үнэлгээ 1.406.415 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 тал/,
“... ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-925-12133 дугаартай: “...Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй “Дөлгөөн мустанг” нэртэй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 130,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-ийн 76-79 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
Шүүгдэгч Ж.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг Урт нарийн гэдэг газраас өвөлжөөний газартаа байшин барих зорилгоор 6 ширхэг хуурай мод унагааж 6 метрээр тайрч тухайн өвөлжөөний байшин дээрээ байшин барьсан байж байгаад 2025 оны 04 дүгээр сард экологийн байцаагч нар намайг хаанаас энэ байшингийн модыг бэлтгэсэн талаар асууж тодруулан шалгагдаж эхэлсэн. ...Би ганцаараа малд явж байх заваараа бэлтгэж бага сагаар нэг хоёроор өөрийн биеэр зөөж авчирч өөрөө 6/6 харьцаатай байшин барьсан юм. ...Хятад улсад үйлдвэрлэсэн өөрийн эзэмшлийн бензин хөрөөгөөр моднуудаа тайрч хөрөөдсөн. ...Би уг нь мод бэлтгэх эрхийн бичиг тухайн үед авсан байсан мод хүрэхгүй болохоор нь хуурай 6 ширхэг мод тайрсан нь миний буруутай үйлдэл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 87-89 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй хөрөөг таньж судласнаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 23, 25-26 тал), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 27, 29-30 тал), иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, гэрч Б.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, гэрч И.Д-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/, Хөвсгөл аймгийн ... сумын “... ” ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №08 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-60 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 тал/, “... ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-925-12133 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-79 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ж.Д- нь өвөлжөөний газартаа байшин барих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Д- нь эрх бүхий байгууллагаас цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч ойгоос ургаа мод тайрч хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Ж.Д- нь ойд босоо мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Д-г 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.Д- нь экологи эдийн засагт 465,809 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Д- нь экологи эдийн засагт учруулсан 1,406,415 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Д-г өвөлжөөний газартаа байшин барих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ...хууль бусаар бэлтгэсэн 2 метр куб хэмжээтэй, 6 метрийн урттай, 24 ширхэг гол хуваасан, хэрэглээний зориулалттай бэлтгэсэн хуурай модны битүүмжлэлийг цуцлах, тухайн модоор байшин барьж уг байшиндаа амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас байшинд оруулсан модны үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Д-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 91-94, 97 талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ... зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ж.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Д-гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тухайн модоор байшин барьж уг байшиндаа амьдарч байгаа нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул прокурорын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 2 метр куб хэмжээтэй хэрэглээний хуурай шинэс модны үнэ болох 465,809 төгрөгийг шүүгдэгч Ж.Д-гөөс гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000000164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн их биетэй, улаан өнгийн маниултай, хар өнгийн бариултай, Хятад улсад үйлдвэрлэсэн “Мустанг Хөвсгөл Дөлгөөн” сэлбэг гэх бичигтэй 130,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000164 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 2 метр куб хэмжээтэй хэрэглээний хуурай шинэс модны үнэ болох 465,809 (дөрвөн зуун жаран таван мянга найман зуун ес) төгрөгийг шүүгдэгч Ж.Д-гөөс гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2538000000164 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн их биетэй, улаан өнгийн маниултай, хар өнгийн бариултай, Хятад улсад үйлдвэрлэсэн “Мустанг Хөвсгөл Дөлгөөн сэлбэг” гэх бичигтэй 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР