Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Хулан,

Шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-ид холбогдох эрүүгийн 2538000000098 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Д-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй зочид буудлын хашаанд иргэн Э.М-тай маргалдаж, улмаар гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь духанд шарх, хамар, хоёр хацар, зүүн шанаа, чамархай, хүзүү, зүүн бугалга, мөрөнд цус хуралт, завжинд язрал, зүүн шанаа, зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000098 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй зочид буудлын хашаанд иргэн Э.М-тай маргалдан  гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь духанд шарх, хамар, хоёр хацар, зүүн шанаа, чамархай, хүзүү, зүүн бугалга, мөрөнд цус хуралт, завжинд язрал, зүүн шанаа, зүүн бугалгад зулгаралт бүхий хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 2 сарын 11-ний орой 20 цагийн үед хамт сургуульд сурж байсан найз О.Д- эхнэр О-ийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд 2 шил архи, 2 пиво бид хэд нийлж уусан. Тэгээд О.Д- эхнэртэйгээ маргалдаад би салгах гээд бид хоёр хоорондоо жаахан маргалдаад О.Д- намайг түлхэж унагаагаад цохисон. Тэгээд бид хоёр ноцолдсон, зодолдож байгаад миний толгойг хагалсан. ...Эхнэртэйгээ жаахан эвгүй харьцаад байсан. Тэгээд дундуур нь орсон намайг цохисон. ...гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “...О.Д- эхнэр О-ийг “явъя пизда минь, хувцсаа өмс, бос пизда минь” гээд хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгсэн манай нөхөр босоод Д-г боль, боль хөгшөөн хүүхдүүд энэ тэр харж байна яах гэсэн юм бэ боль гэсэн. О.Д- манай нөхрийг “чи ер нь юу гээд байгаа пизда вэ, чамд ямар хамаатай юм” гээд орон дээр түлхэж унагаагаад дээрээс нь цохисон. Тэгээд тэр хоёр ноцолдоод байсан. ...нөхөр Э.М-ын толгойноос цус гарсан, нүүр ам нь бөөн цус болсон гэрийнхээ үүдийг гаднаас нь дарсан зогсож байсан дотроос Д- өшиглөөд “ална муу пизда минь” гээд орилоод байсан. ...Бид хоёр дөнгөж буудлын хаалгаар орсон чинь нөхөр ухаан алдаад унасан. Тэгээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн өгсөн: “...Иргэн Э.М- нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 3 удаагийн 301,088 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд хохирсон иргэний регистрийн дугаараар буцаан төлүүлж санг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай: “1. Э.М-ын биед духанд шарх, хамар, хоёр хацар, зүүн шанаа, чамархай, хүзүү, зүүн бугалга, мөрөнд цус хуралт, завжинд язрал, зүүн шанаа, зүүн бугалгад зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 01-ний орой нэг ангид хамт сурч байсан найз Э.М-ынд очихоор болоод эхнэрийн хамт очсон. Тэгээд тэндээ Э.М-ын аавтай нэг шил архи хувааж уусан. Э.М- болон эхнэр Бямбаа нь манай эхнэр Оюукатай 2 том пиво хувааж ууж байсан. Тэгээд Э.М- орж гарч гүйгээд элдэв янзын юм яриад агсрах маягтай байсан. Тэгээд би болиоч гээд бид хоёр барилцаж аваад Э.М-ыг 2-3 удаа цохисон. ...хүлээн зөвшөөрч байна. ...Маргааш нь Э.М-аас уучлалт гуйгаад эм тариа, болт бинт цэвэрлэгээний юм авч өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.М-, гэрч Б.Б-, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.Д- нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй зочид буудлын хашаанд иргэн Э.М-тай маргалдан  гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь духанд шарх, хамар, хоёр хацар, зүүн шанаа, чамархай, хүзүү, зүүн бугалга, мөрөнд цус хуралт, завжинд язрал, зүүн шанаа, зүүн бугалгад зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Д-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Д-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Э.М-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Д-ийн хохирогч Э.М-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Э.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “..гомдолтой” гэх мэдүүлгийг өгсөн байх боловч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.М-ын өмгөөлөгч Э.Хулан хохирол, хор уршгийн талаар гаргасан тайлбартаа: “...Хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж оролцоно. ...Хохирогч нь шүүхийн шатнаас хууль зүйн туслалцаа авч эхэлсэн. Ийм учир эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн шатанд хохирогч Э.М- нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-тСэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж  тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

Шүүх шинжилгээний  ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0825/1856 дугаартай: “Э.М-ын сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт хэрэгт авагдсан байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.

Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар хохирогч Э.М-ын сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, хохирогч Э.М-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр духанд шарх, хамар, хоёр хацар, зүүн шанаа, чамархай, хүзүү, зүүн бугалга, мөрөнд цус хуралт, завжинд язрал, зүүн шанаа, зүүн бугалгад зулгаралт бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа, хохирогчийн нас, хүйс, шүүгдэгч О.Д-ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн боловч гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрхэлсэн хөдөлмөр, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Э.М-т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Д-ийн хохирогч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл 2025 оны 02 дугаар сарын 02-ны шөнө үйлдэгдсэн байна.

2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн цагийн 4,715 буюу сард 792,000 төгрөг болгохоор шийдвэрлэснийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон байх тул 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг хуульд зааснаар 7 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 4,620,000 /660,000х7=4,620,000/ төгрөг болж байна.

Иймд шүүгдэгч О.Д-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4,620,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.М-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 13, 43 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.М-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 301,088 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Д-оос 301,088 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 34-35, 37-40 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч О.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял ял оногдуулах...” санал, хохирогчийн өмгөөлөгч Э.Хулангийн: “...улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч О.Д-ийг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Д-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн ... сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн ... сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2538000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн ... сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч О.Д-ийг Хөвсгөл аймгийн ... сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Д-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.Д-оос сэтгэцэд учирсан хохирол 4,620,000 (дөрвөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.М-т олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Д-оос 301,088 (гурван зуун нэг мянга наян найм) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн 2538000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР