Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/43

 

 

 

 

Б.Лд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2021 оны 10 тоот эсэргүүцлээр Б.Лд холбогдох эрүүгийн 2134000000058 дугаартай хэргийг 2021 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Б.Л нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 47 дугаар байрны гадаа 2021 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө согтуугаар С.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Дүүрэн овгийн Батболдын Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхөөр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Нямтайван 2021 оны 10 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Лыг "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан” атлаа торгох ялыг хэрхэн биелүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулсан, эсхүл ...ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Лыг согтуурсан үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадаа иргэн С.Батбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг сануулсан шийтгэх тогтоол гаргажээ.

 

Уг шийтгэх тогтоолоо 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн прокурорын газарт гардуулан өгсөн байх ба энэ нь давж шатны шүүх хуралдаанд прокуророос гарган өгсөн шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа болно.

 

Гэтэл хавтаст хэргийн 71-74-р талд шүүгдэгч Б.Лд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол авагдсан нь ойлгомжгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол...” хэмээн заасан ноцтой зөрчилд хамаарна.

 

Хэдийгээр Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын “...анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэрхэн биелүүлэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй...” гэх агуулга бүхий эсэргүүцэл үндэслэл бүхий хэдий ч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Лд холбогдох эрүүгийн 2134000000058 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                        ШҮҮГЧИД                                                Т.ЭНХМАА

 

 

                                                                                 М.МӨНХДАВАА