Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/286

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч С.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Хулан,

Шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2438004410208 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Э-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн ... гэх газарт хохирогч С.Б-г “эгчийн гэрт ширээ рүү шүлсээ хаясан” гэх шалтгаанаар зодож улмаар биед хамар яс, ухархайн хана, эрүү ясанд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438004410208 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн ... гэх газарт хохирогч С.Б-г “эгчийн гэрт ширээ рүү шүлсээ хаясан” гэх шалтгаанаар зодож улмаар биед хамар яс, ухархайн хана, эрүү ясанд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Хохирогч С.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгосон цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулна...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний санаж байгаагаар ... гараад доошоо уруудаад явж байгаад нэг айлд очсон. Тэр очсон айл нь одоо Г.Э-ын эгчийнх нь гэр юм байна лээ. Тухайн үед Г.Э- бид хоёр тэр айлд авсан архиа хувааж уусан. Харин Б- гэрийн гадаа түлээ хөрөөдөж байсан юм. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор ширээн дээр нь шүлсээ хаясан чинь нөгөө Г.Э- гэдэг залуу миний цамцнаас зуурч аваад намайг чирээд гэрээс гарсан. Тухайн үед Г.Э- чи манай эгчийг доромжиллоо гэж хэлж байсан. Тэгээд намайг гэрээс гаргаж байгаад миний цээж хэсзг рүү цохисон чинь би газар унаад өгсөн. Газарт унасан байхад миний эрүү лүү өшиглөхөөр нь би ухаан алдаад унасан байна лээ. Сүүлд Б-эс сонсоход намайг өшиглөсний дараа гүйж ирээд юу болоод байгаа юм гэж асуухад та хоёрыг ална шүү гэж Г.Э- хэлээд ойртуулаагүй байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Гэрч Г.Г-ийн өгсөн: “... Г.Э-тай хамт явж байсан залуу нь нэлээн согтуу байсан. Харин манай дүү эрүүл байсан. Ингээд манай дүү түлээ хөрөөдсөн харин нөгөө согтуу ах тэнд байсан хүн амьтан өдөөд хөрөө рүү орчих гээд байхаар нь би тэр ахад хандаж “та зүгээр манай гэрт ороод суу түлээ хөрөөдөж дууссаны дараа гарч ирээч” гэж хэлсэн. Ингээд тэр ах манай гэрт ороод анх ирэхдээ авчирсан нэг шил архиа уусан. Тэр ах манайд байхдаа агсам согтуу тавиад сүүлдээ манай ширээн дээр нус шүлсээ хаяад манай дүү рүү салаавч гаргаад байхаар нь Г.Э- тэр согтуу ахыг татаж гэрээс гаргах үедээ нэг удаа цохисон чинь тэр ах хөл алдаж унаад орны толгой мөргөж байсан. Тэгээд тэр ахыг гэрээс гаргасан чинь хамт явсан хүн нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Гэрч С.Д-гийн өгсөн: “...Б- гэх хүнтэй холбоо бариад “хаана байгаа юм бэ манай ах яасан юм бол” гэж асуусан чинь Б- “танай ахыг чинь зодсон хүн надтай цуг явж байна гэрт нь хүргэж өгөхгүй бол энэ хоёр муудалцаад салахгүй байна” гэхээр нь би “та ...  дэлгүүрийн гадаа хүрээд ирээч би энэ багт явж байна” гэж хэлсэн чинь Б- гэх “за тэгье” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б- ирэхээр юунаас болоод зодолдсон юм бэ гэж асуусан чинь манай ах тухайн хүний эгчийн гэрт шүлсээ хаясан чинь тухайн хүн манай ахын нүүр лүү өшиглөөд гэрээс чирч гараад хэд хэдэн удаа өшиглөсөн гэж хэлсэн. Би тухайн хүнээс яагаад манай ахыг өшиглөсөн талаар асуусан чинь тухайн хүн айл хүндлэхгүй байхаар нь би уурлаад нүүр лүү нь өшиглөсөн юм яадаг юм гээд байхаар нь би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай: “... С.Б-гийн биед хамар яс, ухархайн хана, эрүү ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ...С.Б-гийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 982 дугаартай: “...С.Б-гийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-46 тал/,

Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...Б- ахын найз бид гурав ... сумын 6 дугаар багт байрлах ... гэх нэртэй газар манай төрсөн эгчийнд түлээ хөрөөдөхөөр очсон юм. ...Тухайн газар очоод бид гурав түлээ хөрөөдөөд талдаа орж байсан чинь ...С.Б- ах архи аваад оччихсон нэлээд согтуу орилж чарлаад агсам тавиад байсан. ...манай эгч энэ нэг юмаа аваад яваач гээд байхаар нь би буцаж ороод аваад явах гэсэн чинь миний үгэнд орохгүй хэл амаар доромжлоод байсан. ...би нэлээд тэсэж байгаад гэнэт уур хүрээд С.Б- ахтай барилцаж аваад нүүрэнд нь гараараа хоёр удаа цохисон чинь уначихсан чинь Б- ах одоо болио гээд бид хоёрыг салгаад С.Б- ахыг орхиод ороод ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Б-, гэрч Г.Г-, С.Д-, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 982 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн ... гэх газарт хохирогч С.Б-г “эгчийн гэрт ширээ рүү шүлс ээ хаясан” гэх шалтгаанаар зодож улмаар биед хамар яс, ухархайн хана, эрүү ясанд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Б-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Э-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл идэвхтэй, хохирогч С.Б-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Э-ын хохирогч С.Б-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...гомдолтой, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлгийг өгсөн /хх-ийн 6 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 3,027,478 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн дүгнэлт, Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1,800,000 төгрөгийн орлогын баримт, “Happy market” дэлгүүрийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн барааны үнэ 19,900 төгрөгийн Е-баримт, Төрийн банкны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12,000 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эмийн үнэ 55,200 төгрөгийн Е-баримт, “Ай Ти” лабораторийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үйлчилгээний үнэ 30,000 төгрөгийн Е-баримт, “НИК” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шатахууны үнэ 67,029 төгрөгийн Е-баримт, “Сод Монгол” ШТС-ын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шатахууны үнэ 56,000 төгрөгийн Е-баримт, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн С.Б- нэрээр бичигдсэн 60,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн С.Д- нэрээр бичигдсэн 60,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Мед Авзага” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эмийн үнэ 12,240 төгрөгийн Е-баримт, “Мөнхийн тун мед” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барааны үнэ 1,700 төгрөгийн Е-баримт, “Мөнхийн тун мед” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барааны үнэ 1,000 төгрөгийн Е-баримт, “Мөнхийн тун мед” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн барааны үнэ 12,070 төгрөгийн Е-баримт, “Мөнхийн тун мед” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн барааны үнэ 5,600 төгрөгийн Е-баримт, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үйлчилгээний үнэ 400,000 төгрөгийн баримт, “Монмедикал” клиникийн эмнэлэгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үйлчилгээний үнэ 145,000 төгрөгийн баримт, “Монмедикал” клиникийн эмнэлэгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үйлчилгээний үнэ 15,000 төгрөгийн баримт, “Монгол фарм” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5,550 төгрөгийн Е-баримт, “Цаа-Од Алтанзул” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эмийн үнэ 11,000 төгрөгийн Е-баримт, “Цаа-Од Алтанзул” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн барааны үнэ 2,200 төгрөгийн Е-баримт, “Цаа-Од Алтанзул” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эмийн үнэ 39,500 төгрөгийн Е-баримт, “Монгол фарм” эмийн сангийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11,589 төгрөгийн Е-баримт, “Монос Улаанбаатар” ХХК-ийн Энхжин эмийн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн барааны үнэ 700 төгрөгийн Е-баримт, “Цаа-Од Алтанзул” эмийн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн барааны үнэ 2,600 төгрөгийн Е-баримт, “Голден фарм” эмийн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эмийн үнэ 20,100 төгрөгийн Е-баримт, “Lemon 27” эмийн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эмийн үнэ 28,500 төгрөгийн Е-баримт, 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С.Б- нэрээр бичигдсэн 60,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн С.Б- нэрээр бичигдсэн 60,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар зэрэг нийт 2,997,478 төгрөгийн баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

Шүүгдэгч Г.Э- нь хохирогч С.Б-д эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх тул хохирогч С.Б-гийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3,027,478 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасч тооцон, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,027,478 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч С.Б- нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,027,478 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Б- нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-тСэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж  тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 982 дугаартай: “...С.Б-гийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-46 тал/ хэрэгт авагдсан байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.

Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар хохирогч С.Б-гийн сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хамар яс, ухархайн хана, эрүү ясанд хугарал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа, хохирогчийн нас, хүйс, шүүгдэгч Г.Э-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн боловч гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрхэлсэн хөдөлмөр, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч С.Б-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 9 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 5,940,000 /660,000х9=5,940,000/ төгрөг болж байна.

Иймд шүүгдэгч Г.Э-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 5,940,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгуулахаар шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Б-гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 3,286,832 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг шүүгдэгч Г.Э- нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э-ыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 28-31 талд авагдсан ...зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Э- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хэд хэдэн хөнгөрүүлэх байдал байгааг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2438004410208  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч С.Б-д хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-аас сэтгэцэд учирсан хохирол 5,940,000 (таван сая есөн зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгож, хохирогч С.Б- нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,027,478 (нэг сая хорин долоон мянга дөрвөн зуун далан найм) төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн 2438004410208 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч С.Б-д хохиролд 2,000,000 (хоёр сая) төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР