| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0276/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/296 |
| Огноо | 2025-08-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч И.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б-д холбогдох эрүүгийн 2538000000296 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Б- нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0,937 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэн ойн санд 451,514 төгрөгийн хохирол учруулж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000296 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч И.Б- нь байшин барих зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0,937 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэн ойн санд 451,514 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тус аймгийн ... сумын ... 2 дугаар багийн нутаг ... гэх газраас иргэн И.Б- нь босоо мод унагаж 6.50 метрийн урттай 4 ширхэг бөөрөнхий гол хуваагаагүй шинэс төрлийн мод бэлтгэсэн байсан талаар хамт ажилладаг байгаль хамгаалагч нараас сонсож мэдсэн... байгаль орчинд учирсан хохирол нөхөн төлбөрийг ... сумын орон нутгийн дансанд төлүүлж хийлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 27 тал),
Гэрч Б.Б-ын өгсөн: “...манай аав Б- нь ...2025 оны хавар 05 дугаар сард байшин бариулах гэсэн боловч ...мод нь дутах юм шиг байна гээд 4 ширхэг мод нэмж бэлтгэсэн байсан талаараа надад хэлсэн. Тухайн бэлдсэн 4 ширхэг мод нь хуурай босоо шинэс мод байсан талаар надад хэлсэн. Мод бэлтгэх газарт нь байшиндаа оруулчих гайгүй унаанги мод олдохгүй болохоор нь 2 ширхэг босоо мод унагаж тайрч 6.50 урттай 4 ширхэг мод болгосон талаар хэлэхэд нь санаа зовоод би өөрөө малд явах замдаа очиж харсан. Тухайн 4 ширхэг мод нь байшингийн нэг үе болох мод байсан ба ууланд унагаж бэлдэж орхиод цагаалаагүй байсан. Өөр надад тодорхой мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 тал),
Гэрч Б.Э-ын өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сард ... сумын ... 2 дугаар багийн малчин иргэн И.Б- нь ... багийн ...аас жижиг байшингийн модны хэрэглээний гоожин буюу эрхийн бичиг бичүүлж авсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо иргэн хүн босоо мод унагахгүй унаанги мод бэлтгэх талаар хэлж ярьж эрхийн бичигт зааснаас өөр зориулт бусаар мод бэлтгэхгүй байх талаар заавар зөвлөмж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон. Тэгтэл 2025 оны хавар босоо мод унагаж бэлтгэсэн талаар 2025 оны 06 дугаар сард ...ойн ангийн холбогдох ажилчид ... суманд дүгнэлт гаргахаар очих үед нь И.Б- нь хууль бусаар мод бэлтгэсэн талаар сонсож мэдсэн. ... сумын улсын байцаагч, ...нь И.Б- нь 2024 онд мод бэлтгэх эрхийн бичиг уг нь авсан байсан биз дээ мод бэлтгэхдээ эрхийн бичигт зааснаас өөр зориулалтаар мод бэлтгэсэн юм байхдаа гэж мөн хэлж ярьж байсан... Иргэн хүн байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авсны дагуу эрхийн бичигт заасан газраас болон эрхийн бичигт заасан он, сар хугацаанд бэлтгэж тээвэрлэх ёстой. Хэрэв эрхийн бичигт заасан хугацаандаа модоо бэлтгээгүй бол гэрээний хугацаа буюу эрхийн бичгийн хугацаа дууссан гэж үзнэ. Миний ойлгосноор иргэн И.Б- нь эрхийн бичигт заасан хугацаанаас өөр он, сар, өдөр мод бэлтгэсэн байсан ба мод бэлтгэхдээ босоо мод унагасан байсан. ... сумын Засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан модыг харахад 6-7 метр орчимтой 4 ширхэг хэрэглээний мод харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35 тал),
Хөвсгөл аймгийн “...” сум дундын ойн ангийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаартай: “1. Иргэн И.Б-ын бэлтгэсэн гэх мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 0,937 м.куб хэмжээтэй босоо нойтон шинэс мод байв. 3. Иргэн И.Б-ын бэлтгэсэн 4 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 451.514 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт (хх- ийн 38-39 тал),
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №29 дугаартай: “И.Б-ын хууль бусаар бэлтгэсэн гэх мод нь 0.937 метр куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн шинэс төрлийн нойтон мод байв. И.Б-ын бэлтгэсэн гэх нойтон шинэс модны ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 1.354.542 төгрөг байна...” гэх дүгнэлт (хх-ийн 44 тал),
...хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээчин Б.Х-гийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний №ТХҮ-725-912803 дугаартай: “БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй хөрөөны зах зээлийн үнэ цэнийг 129.250 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 47-50 тал),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-11 тал),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14 тал),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 16-19 тал),
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 22 тал),
Шүүгдэгч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... сумын 2 дугаар нутаг ... гэдэг газарт 2024 оны гоожингоор бэлтгэсэн модоо шүүж 30 ширхэг мод болгож байж нэг байшин барих ёстой байсан учир тухайн моднуудаа тоолж үзэхэд 4 ширхэг мод дутахаар нь тухайн өмнө мод бэлтгэсэн газраасаа 2 ширхэг босоо хуурай мод унагааж 6,50 метрийн урттайгаар тайрч 4 ширхэг болгосон юм. Тэгээд аймгаас экологийн цагдаагаас С-, Б- нар нь очиж шалгахад нь би үнэнээ хэлсэн хоёр ширхэг босоо мод унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн их бие цагаан өнгөтэй, хөх өнгийн маниул бүхий хөрөөг таньж судласнаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Ч.Э-гийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-30 тал), гэрч Б.Э-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 35 тал), Хөвсгөл аймгийн “...” сум дундын ойн ангийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-39 тал), Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №29 дугаартай дүгнэлт (хх-ийн 44 тал), ...хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээчин Б.Х-гийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний №ТХҮ-725-912803 дугаартай дүгнэлт (хх-ийн 47-50 тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-11 тал), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-14 тал), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 16-19 тал), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 22 тал), эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан, хөх өнгийн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч И.Б- нь байшин барих зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0,937 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэн ойн санд 451,514 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч И.Б- нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ойгоос босоо мод тайрч бэлтгэсэн байна.
Шүүгдэгч И.Б- нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж, эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг авахгүйгээр ойд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч И.Б-ыг байшин барих зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0,937 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэн ойн санд 451,514 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч И.Б- нь экологи эдийн засагт 451,514 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч И.Б- нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,354,542 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч И.Б-ас 1,354,542 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч И.Б-ыг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0,937 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч И.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч И.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн 62-65 талд авагдсан ... зэрэг нотлох баримтаар шүүгдэгч И.Б- нь .. зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч И.Б-ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 0,937 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн 451,514 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000000296 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 129,250 төгрөгийн үнэлгээ бүхий их бие цагаан өнгийн, хөх өнгийн маниул бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч И.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч И.Б-ас 1,354,542 (нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000296 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 0,937 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн 451,514 (дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуун арван дөрөв) төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг нойтон шинэс модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2538000000296 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 129,250 (нэг зуун хорин есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийн үнэлгээ бүхий их бие цагаан өнгийн, хөх өнгийн маниул бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР