Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 104

 

         2017         08          21                                    104

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/ 0100/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга           Н.Энхзул 

Улсын яллагч                             Д.Отгонтуяа

Шинжээч  эмч Ч.Алтанцэцэг

Иргэдийн төлөөлөгч Г.Мандах 

Гэрч Г.Хэрлэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар

Шүүгдэгч                                                           Т.Дашням нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дашнямд холбогдох 201623000353 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийний 18-02 тоотод оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Тайвангийн Дашням /РД: СШ88100911/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Т.Дашням нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших “Жинст Ян” ууланд самарчдын байранд С.Отгонбаатар, Б.Эрдэнэ-Очир нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж С.Маш-Эрдэнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 

Мөн согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Баярмагнайгийн хэвлийн тус газар шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Хохирогч С.Маш-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... Тухайн үед ямар зүйлээс болоод маргаан үүссэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Гэнэт ах Отгонбаатартай муудалцаад барьцалдаад авахаар нь Эрдэнэ-очир бид 2 салгах гээд очтол баруун гартаа хутга бариад миний цээжний зүүн хэсэг рүү нэг удаа хутгалсан. Эрдэнэ-Очир, Отгонбаатар нарыг хутгалсныг би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал /

 

          Хохирогч С.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Орж ирэхээр нь би авгай хүүхдээ уулын мухарт зодлоо чи гэхэд Дашням чамд хамаагүй гээд бид маргалдаад байж байтал Дашням миний дээрээс дарж унах үедээ нуруун тус газар нэг удаа хутгалсан. Тэгээд Маш-Эрдэнэ, Эрдэнэ-очир нарыг бид хоёрыг салгах гэж байх үед хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/ 

 

            Хохирогч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөр газар нүүн “Жинст ян” гэх газар очиж байрласан. Отгонбаатар согтуу Дашнямыг эндээс зайл гээд хөөгөөд байсан. Удалгүй тэр хоёр барьцалдаж аваад давхралдаад унасан нь Маш-эрдэнэ бид хоёрыг салгах гээд ноцолдоод байж байх үед намайг хутгалсан байсан. Мөн Отгонбаатарын нуруунд, Маш-Эрдэнийн цээж рүү, миний зүүн дал руу хоёр удаа хутгалсан байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23 тал /

 

             Хохирогч Э.Баярмагнайн мөрдөн байцаалтад өгсөн: “... Дашням ирээд намайг баруун гараараа миний толгойны ар хэсэг чихний ард нэг удаа цохисон ... Тэгээд Дашням майхан руу гүйгээд 0.75 граммтай  “Ерөөл” архины шил авч хажууд нь байсан 18 литрийн будагны саванд цохиж хагалаад над руу ирээд миний гэдэс рүү  хатгах гэсэн би тэгэхээр нь шилтэй гар луу нь цохиж чиглэлийг нь өөрчилсөн чинь миний зүүн талын бөөрний хэсэгт архины шилээр зүссэн... Миний биеийн зүүн бөөрний дээд хэсэг архины шилээр 20 см орчим зүсэгдсэн шархтай байна. / хх-ийн 187 тал / 

 

               Гэрч Ө.Оюунчимэг мөрдөн байцаалтад өгсөн: “... тэр өдөр би Чинчулууны эхнэр Энхчимэг, Хашбат, Хэрлэн бид нар Отгонбаатарын самар түүж байгаа газарт  очсон. Манай нөхөр нилээд согтуу байсан. Дашням та нарыг яасан ч яадгийн чи эндээс хөөгөөд байгаа юм уу гээд ноцолдоод Дашням, Отгонбаатарын дээрээс дараад унахад Отгонбаатар намайг хутгалчихлаа гэхээр нь очоод үзэхэд манай нөхрийн зүүн талын нуруун хэсэгт хутгалчихсан. Дээрээс нь босоод зөрөх үедээ Маш-эрдэнэ, Эрдэнэ-Очир хоёрыг аль хэдийн хутгалчихсан байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 29-30 тал /

 

             Гэрч Г.Хэрлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Отгонбаатар, Дашням хоёр маргалдаад хоорондоо барьцалдаж аваад байх үед Маш-Эрдэнэ, Эрдэнэ-Очир нар салгах гээд тэнд, тэд дөрөв ноцолдоод байж байхад Оюунчимэг, Отгонбаатарыг Дашням чи хутгалчихсан байна ш дээ яаж байгаа юм бэ? гэсэн. Буцаж орж ирэхэд Отгонбаатар нуруун дээрээ 1, Маш-Эрдэнэ зүүн талын цээжин хэсэгтээ 1, Эрдэнэ-Очир зүүн талын дал хэсэгтээ 2 удаа хутгалуулсан байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 31-32 тал /

   

            Гэрч Д.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 11 дүгээр сарын 27-ны үүрээр 04 цагийн үед Отгонбаатарын эхнэр Оюунчимэг орж ирээд Энхчимэг эгчээ босоорой. Эд нар бие биенээ хутгалчихлаа гээд нөгөө талын орц руу ороход Отгонбаатарын зүүн талын нуруун хэсэгт, Маш-Эрдэнэ зүүн талын цээжин хэсэгт, Эрдэнэ-Очир зүүн талын дал хэсэгтээ хутгалуулсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 35 тал /

 

           Гэрч М.Чинчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “... 11 дүгээр сарын 27-ны өдрийн үүрээр 04 цагийн үед унтаж байтал Оюунчимэг орж ирээд босоорой энд бөөн юм болоод байна гээд хажуу талын орц руу эхнэр Энхчимэгийг орсны дараа ороход Отгонбаатар нуруундаа, Эрдэнэ-Очир дал хэсэгтээ, Маш-Эрдэнэ зүүн талын цээжин хэсэгтээ хутгалуулсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг  / хх-ийн 36 тал / 

 

           Гэрч Т.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Эрдэнэ-Очир зүүн талын дал хэсэгтээ 2, Отгонбаатар зүүн талын нуруун хэсэгт, Маш-Эрдэнэ зүүн талын цээжний хэсэгт нэг удаа хутгалуулсан байдалтай байсан. Хэн ийм зүйл хийсэн гэж асуухад Дашням хутгалсан гэж Хэрлэн, Оюунтуяа тэгж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 39 тал /

        

            Гэрч С.Хашбатын мөрдөн байцаалтад өгсөн:  “.... Нэг мэдсэн чинь бөөн шуугиан, хашгираан болоод сэрэхэд Отгонбаатарын баруун бөөр хэсэгт, Маш-Эрдэний зүүн талын цээжин хэсэгт нэг удаа, Эрдэнэ-Очирын зүүн дал хэсэгт хоёр удаа хутгалсан байсан. Хэн хутгалсан талаар асуухад Дашням хутгалчихаад гараад гүйгээд яваад өглөө гэсэн мэдүүлэг / хх-ийн 42 тал /

 

             Гэрч Б.Алтанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “... харахад Э.Баярмагнай Т.Дашнямыг цаадах чинь намайг шилээр зүсчихлээ гээд баруун гараараа гэдэснийхээ зүүн хэсэгт дарчихсан зогсож байсан. Цус жаахан харагдаж байсан. Т.Дашням надад хандан би Баярмагнайг шилээр дүрчихлээ яах вэ? гэж асуусан гэсэн мэдүүлэг / хх-ийн 189 тал / 

 

      Шинжээчийн дүгнэлт: 2016.12.22-ны өдрийн 2017.020

1. С.Мөш-Эрдэний биед цээжний хэнхэрцэгийн нэвтэрсэн шарх, зүүн талын уушгинд хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна / хх-ийн 69 тал/ зэрэг болно.

 

      Шинжээчийн дүгнэлт: 2016.12.20-ны өдрийн 2017.058

1. Б.Эрдэнэ-Очирын биед цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь цээжний зүүн хэсэгт суганы дор шархтай. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10% / алдагдана /хх-ийн 72 тал/ зэрэг болно.

 

      Шинжээчийн дүгнэлт: 2017.01.12-ны өдрийн 2017.059

1. С.Отгонбаатарын биед цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь цээжний зүүн ар талд далны ирмэг орчмоор хатгагдсан шархтай. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10% / алдагдана /хх-ийн 72 тал/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч Т.Дашням нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших “Жинст Ян” ууланд самарчдын байранд С.Отгонбаатар, Б.Эрдэнэ-Очир нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж С.Маш-Эрдэнийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Баярмагнайгийн хэвлийн тус газар шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Маш-Эрдэнэ, С.Отгонбаатар, Б.Эрдэнэ-Очир, Э.Баярмагнай, Ө.Оюунчимэг, Г.Хэрлэн, Д.Энхчимэг, М.Чинчулуун, Т.Батбаяр, С.Хашбат, Б.Алтанхүү, нарын мэдүүлэг, 184 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа  үйлдснийг хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.         

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

           

  ТОГТООХ нь:

  

         1. Шүүгдэгч Боржигон овогт Тайвангийн Дашнямыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

2. Т.Дашнямд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тус ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар  шүүгдэгч Т.Дашнямд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар оногдуулсан нийт 480 цагтай тэнцэх 60 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дашнямын эдлэх 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дашнямын цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Дашнямд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                            Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

 

С.НАСАНБУЯН