Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2022/01654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01603/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, өөрийн байранд оршин байх А ХХКомпани /РД: 26******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 7 дугаар байр, 81 тоотод оршин байх Д-Э ХХКомпани /РД: 42******/-д холбогдох,

"13,252,658.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанитай Д-Э ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ХОН/2021/** тоот Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 8,835,105.34 төгрөгийн өртэй байсан. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийн сар бүрийн 25-30-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй боловч Д-Э ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.16-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 11,226,233.74 төгрөгөөс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан байдаг. Үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн 108 хоног хэтэрсэн. Үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 4,417,552.67 төгрөгийг тус тус нэхэмжилж удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй. Иймд хариуцагчаас үүргийн төлбөр 8,835,105.34 төгрөг, алданги 4,417,552.67 төгрөг нийт 13,252,658.1 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Манай эмнэлэг А ХХК-тай 2020 оны 01 дүгээр сараас урьдчилсан байдлаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ байгуулсан. Манай эмнэлэг ковидын нөхцөл байдлаас ерөнхий захирлаа сольж ажилласан. Манай зүгээс А ХХК-тай гэрээ сунгаж байгуулаагүй. Хугацаа дуусгавар болсон гэрээг үндэслэл болгож бараа бүтээгдэхүүнийг манай ажилчдад олгосон. Манай хувьд 2021 онд Дархан-Уул аймгийн засаг даргын тушаалаар 100 ор дэлгэж ажилласан. Тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж манай эмнэлэг даатгалын нөхөн төлбөрийг авч чадаагүй байгаа. Мөн манай эмнэлэг дампуурах хэмжээнд хүрч эмнэлгээ хаасан байгаа. Бид нар нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үндсэн төлбөрийг төлнө. Манай талаас алданги төлөх боломжгүй. Үндсэн төлбөр төлөхдөө эрүүл мэндийн байгууллагаас бид нарт өгөх төлбөрийг өгсний дараа нэхэмжлэгчийн үндсэн мөнгийг төлөх боломжтой. Гэрээний хувьд 2020 онд байгуулсан гэрээний заалт дээр урьдчилсан байдлаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэдэг хугацаатай гэрээг үндэслэж 2021 онд манай компанийн ерөнхий захирлын хийсэн гэрээгүйгээр олгосон гэрээ нь бидний хувьд үндэслэлгүй гэрээ гэж үзэж байна. Энэ тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.Э гэдэг хүнтэй хариуцлага тооцох ёстой. Бид эрүүл мэндийн даатгалын мөнгө орж ирсэн тохиолдолд үндсэн төлбөрийг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, Д-Э ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн баримт, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д-Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, авлага өглөгийн тайлан, алдангийн тооцоолол, итгэмжлэл, Хас банкны цахим гүйлгээний баримт, үндэсний татварын албаны улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар, 2/4965 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХКомпани нь хариуцагч Д-Э ХХКомпаниас эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний үүргийн төлбөр 8,835,105.34 төгрөг, алданги 4,417,552.67 төгрөг, нийт 13,252,658.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үндсэн төлбөрийг төлнө, жил бүр хамтын ажиллагааны гэрээ хийж тухайн жилдээ гэрээний гүйцэтгэлийг дүгнэж ажилладаг, 2021 онд бид албан ёсоор гэрээ хийгээгүй учир тооцооны үлдэгдэл дээр нэмэгдсэн алдангийг төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг болно.

3. Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А ХХК, Д-Э ХХК-ууд байгуулсан бөгөөд талууд гарын үсэг зурж компанийн тэмдэг дарагдсан баримт авагдсан байна.

4. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний 1.4-т Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэмээн тооцож, хугацааг нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр урьдчилан тогтоож, харилцагч нь тухайн хуанлийн жилийн улирал бүр хоорондын тооцоог нийлж, өглөг авлагыг бүрэн барагдуулж хагас жил тутамд гэрээний явцыг дүгнүүлж, өөрийн худалдан авалт, төлбөрийн гүйцэтгэлийг банкны гүйлгээний баримт, нийлүүлэгчийн зарлагын баримт, санхүү кассын мөнгөн орлогын хүчин төгөлдөр баримтаар тус тус нотлон баталгаажуулж байна, 3.16-д ...Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн төлбөрийн мөнгөн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алдангийг бусад худалдан авалтын төлөгдөөгүй төлбөрийн хамт нийлүүлэгчид үл маргах журмаар төлж талуудыг тооцоог бүрмөсөн барагдуулж дуусгана, 6.9-д Талуудын аль нэг нь гэрээг хугацаанаас өмнө урьдчилан цуцлах саналта йбол энэ тухайгаа 10 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж 2 талын төлбөрийн тооцоог гэрээг дуусах хүртэлх хугацаанд буюу мэдэгдсэнээс хойшхи 10 хоногт гэрээнд заасан төлбөр, алдангийн талаарх нөхцөлийг баримтлан бүрэн барагдуулж дуусгана. Гэрээний хугацаа дуусгавар болох нь талуудыг гэрээтэй холбогдон гарах аливаа үүрэг хариуцлага, өр төлбөр, алдангиас ямарваа байдлаар чөлөөлөхгүй бөгөөд гэрээг шинэчлэн байгуулсан ч өмнө байгуулсан гэрээний заалтуудыг 2 тал хүчин төгөлдөр мөрдөн ажиллана гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3.16, 6.9-д заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх гэрээний үлдэгдэл төлбөр 8,835,105.34 төгрөг, алданги 4,417,552.67 төгрөг, нийт 13,252,658.1 төгрөг үүнийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг болно.

Гэтэл Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, 2021 оны гэрээ гэж байгуулаагүй атлаа алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй юм.

5. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар гэрээний үндсэн хугацаа дууссан, гэрээг бичгээр байгуулаагүй атлаа 2021, 2022 онуудад худалдсан бүтээгдэхүүний төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгээс алданги тооцож байгаа нь үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан. Хэрэгт авагдсан авлага өглөгийн товчоо тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаанд 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 12,061,657.12 төгрөг байснаас хариуцагч 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 226,551.78 төгрөг, нийт 3,226,551.78 төгрөг төлсөн, үлдэгдэл 8,35,105.34 төгрөгийн тооцоо үлдсэн гэснээс үзэхэд зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Хэдий албан ёсоор гэрээ байгуулаагүй боловч урьдын харилцааны явцад бий болсон итгэл, 2020 оны гэрээний үлдэгдэл тооцоо зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тогтоогдож байна. Энэ тооцооллын талаар зохигч маргаагүй, тухайн тооцоог хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн байгаа нь хариуцагч үндсэн төлбөрийг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан байна.

7. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Манай хувьд 2021 онд Дархан-Уул аймгийн засаг даргын тушаалаар 100 ор дэлгэж ажилласан. Тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж манай эмнэлэг даатгалын нөхөн төлбөрийг авч чадаагүй байгаа. Мөн манай эмнэлэг дампуурах хэмжээнд хүрч эмнэлгээ хаасан байгаа. Бид нар нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үндсэн төлбөрийг төлнө. Манай талаас алданги төлөх боломжгүй. Үндсэн төлбөр төлөхдөө эрүүл мэндийн байгууллагаас бид нарт өгөх төлбөрийг өгсний дараа нэхэмжлэгчийн үндсэн мөнгийг төлөх боломжтой. Гэрээний хувьд 2020 онд байгуулсан гэрээний заалт дээр урьдчилсан байдлаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэдэг хугацаатай гэрээг үндэслэж 2021 онд манай компанийн ерөнхий захирлын хийсэн гэрээгүйгээр олгосон гэрээ нь бидний хувьд үндэслэлгүй гэрээ гэж үзэж байна. Энэ тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.Э гэдэг хүнтэй хариуцлага тооцох ёстой. Бид эрүүл мэндийн даатгалын мөнгө орж ирсэн тохиолдолд үндсэн төлбөрийг төлнө гэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.Э гэдэг хүнтэй хариуцагч тооцох, эрүүл мэндийн даатгалын мөнгө орж ирсэн тохиолдолд бид энэхүү төлбөрийг төлөх эсэх нь тухайн Д-Э ХХК-ийн дотоод асуудал болохоос зохигчдын хооронд байгуулагдсан гэрээтэй хамааралгүй, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Мөн түүнчлэн хариуцагч нотлох баримтаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/4*** дугаартай албан бичигт ...Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/5** дугаар тушаалаар тус эмнэлэгт Коронавируст халдвартай иргэнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байсан тусгаарлан эмчлэх түр орыг буулгасан бөгөөд энэхүү захиргааны хэм хэмжээний актыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/4814 албан бичгээр холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамнаас аливаа тушаал, шийдвэрийг гаргахдаа оролцогч талуудтай зөвшилцөж шийдвэрлэдэг. Энэхүү гомдолд дурдагдсан асуудлын хувьд танай газар нь тус яамнаас гаргасан тушаал, шийдвэрийг холбогдох талуудад мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй байна... гэж зааснаас үзэхэд энэхүү төлбөрийн мөнгийн эрүүл мэндийн яамнаас орж ирсэн тохиолдолд төлнө гэж байгаа нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, Эрүүл мэндийн яам, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар, Д-Э ХХКомпаниудын хоорондох асуудал.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс авсан бүтээгдэхүүнийг дээрх коронавирусаар өвчилсөн өвчтөн эмчлэхдээ хэрэглэсэн гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээнд энэ талаар заагаагүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь Эрүүл мэндийн яамнаас мөнгө өгсөн тохиолдолд нэхэмжлэгчийн төлбөрийг төлнө гэж маргаж буйгаа нотлоогүй, энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гэрээний үүргийн төлбөр болох 8,835,105.34 төгрөгийг гаргуулж, алданги 4,417,552.67 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар хариуцагч Д-Э ХХКомпаниас 8,835,105.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХКомпанид олгож, алданги 4,417,552.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,214 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-Э ХХКомпаниас 156,312 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АЗ ХХКомпанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС