| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2022/03122/И |
| Дугаар | 182/ШШ2022/02909 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2022/02909
2022 10 13 182/ШШ2022/02909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Т.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БОАЖЯ
“2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 04 сарын 13 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,362,971 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай,
2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд албан тушаал бууруулсаны цалингийн зөрүү 3,565,857 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Г
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Миний бие нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 тушаалаар Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас халагдаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 061 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилогдсон хугацаа болох 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл болох 8,362,971 төгрөгийг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.
Энэ хугацаанд хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаад сэтгэл санаа болон ахуй амьдралд хүндээр нөлөөлж байсан. Мөн миний бие нь сахарын өвчний улмаас байнга эмнэлгээр эмчлүүлж байсан бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын акт тогтоолгож байсан тул хүндэтгэн үзэх шалтгаан болно. Мөн яамны харъяалах албан тушаалтанд хүсэлтээ цахимаар болон бичгээр хүсэлтээ гаргаж байсан.
Шүүхээс нэхэмжлэл буцаасан болохыг нэг сарын дараа мэдсэн, энэ хугацаанд хариуцагч байгууллага нь мөн миний ажил албан тушаал бууруулсан тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан юм гэв.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Т.Ганболдыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай” Б/04 дүгээр тушаалаар миний эрхэлж байсан албан тушаалыг бууруулсан. Энэ тушаалд гомдол гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0075 дугаар шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож, албан тушаал бууруулсан цалин хөлсний зөрүүг олгосон.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 265 дугаар магадлал, Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 265 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж албан тушаалд эгүүлэн томилох тухай Б/64 дүгээр тушаал гарсан өдрөөр тасалбар болгон ажил албан тушаал бууруулсаны цалингийн зөрүү болох 3,565,857 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ганболд нь 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 04 сарын 13 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2022 оны 02 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 01 хүртэл хугацааны ажил албан тушаал бууруулсан цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч Т.Ганболдын эхний шаардлага нь сахарын өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, энэ хугацаанд хариуцагч байгууллагад хүсэлтээ бичгээр болон цахимаар гаргаж байсан. Мөн нэхэмжлэлийг буцаасан захирамж гарсан цаг хугацаанд хариуцагч яам ажил албан тушаалыг бууруулсан тул захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Иймд шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Т.Ганболд нь тус шүүхэд 2021 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 04 сарын 13 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн байсан. Энэхүү нэхэмжлэлийг шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 07586 дугаар захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 100 дүгаар зүйлийн 100.2-т “.. Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдпыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” дагуу нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Энэ захирамж нь хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэстэй байна.
Нэхэмжлэлийн 2 дах шаардлагын хувьд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны ажил албан тушаал бууруулсаны цалингийн зөрүү болох 3 565 857 төгрөгийг гаргуулах гэжээ.
Цалингийн хэмжээ буюу шаардлага болох 3 565 857 төгрөгийн зөрүүг байгууллагын нягтлан бодогч бодсон гэж байгаа тул маргах зүйлгүй. Харин үндэслэлийн хувьд зөвшөөрөхгүй, зөрүүг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.
4. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүгчийн 2021.08.16-ны 182/ШЗ2021/07586 дугаар захирамж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.02.18-ны өдрийн Б/06 дугаар тушаал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.02-ны 128/ШШ2019/0638 дугаар шийдвэр, 2019.11.20-ны 601 дугаар магадлал, 2020. 04. 08-ны Б/10 дугаар сайдын тушаал, цалингийн хүснэгт, 2020.05.06-ны өдөр гаргасан хүсэлт, Өргөдөл, Улсын дээд шүүхийн тогтоол, сайдын тушаал хүргүүлж байна гэсэн агуулга бүхий мейлийн зураг, Т.Ганболдын амбулаториор эмчлүүлэгчдийн карт, 2020.10.27-ны өдрийн Эмнэлэг хяналтын комиссын санал, 2020.11.06-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмчилгээ чанарын хяналтын комиссын шийдвэр, 2020.11.06-ны өдрийн Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 0344531, 0398791 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Т.Ганболдын 0453138 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 0344531 хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Т.Ганболдын А/8 дугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, /х.х3-35/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021.01.22-ны Б/04 дугаар тушаал, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2021.04.30-ны өдрийн Б/12 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2021.09.01-ний Б/90 тушаал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.09-ний 0075 дугаартай шийдвэр, 2022.04.14-ний 255 дугаар магадлал, 2022.06.21-ний 265 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.09.01-ний Б/64 дугаар тушаал, Т.Ганболдын 2021.09.01-нээс 2022.09.29-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн карт, Т.Ганболдын 2020.04.01-нээс 2021.03.29 хүртэлх, 2021.04.01-нээс 2021.08.29 хүртэлх хугацааны цалингийн карт, Т.Ганболдын 2022.02 сараас 2022.09 сар хүртэлх хугацааны цалингийн зөрүү, итгэмжлэл, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021.04.27-ны 4/474 дугаар албан тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021.08.13-ны 8/1242 дугаар албан тоот, 2021.08.12-ны өдрийн нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, /х.х 55-56, 58-ар, 59-72, 74, 92-96/,
5. Хариуцагчаас гаргасан нотлох баримтаар: итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2021/07586 дугаар захирамж, /х.х38, 45-46/
6. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримтаар: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3/2307 дугаар албан тоот зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. /х.х-ийн 103/
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т.Г хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яаманд холбогдуулан 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 04 сарын 13 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,362,971 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай,
ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд албан тушаал бууруулсаны цалингийн зөрүү 3,565,857 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ. /хх52/
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл бар имт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.
2.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 0638 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Т.Ганболдыг Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн байх ба давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж хэвээр батлагдсан байна. /хх8-13/
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 сарын 08-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Т.Ганболдыг Их богдын байгалийн цогболборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд тушаалд томилжээ.
2.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан... эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол гэж тус тус заажээ.
2.4. Нэхэмжлэгч Т.Ганболд ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас шаардах эрх нь 2020 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх ба энэхүү шаардах эрхээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй байжээ.
2.5. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан баа нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар дүгнэж үзэхэд дараах байдлаар хэтрүүлжээ.
2.6. Нэхэмжлэгч Т.Ганболдыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон 2020 оны 04 сарын 08-ны өдрийн тушаал гарснаас хойш тэрээр 2020 оны 05 сарын 06-ны өдөр хариуцагч байгууллагад хандаж “...шүүхийн шийдвэрээр тогтоосон 5 789 724 төгрөгөөс хуульд зааснаар шимтгэл нөхөн төлж, дэвтэрт нөхөн хийлгэх үлдэх төлбөрийг өөрийн дансанд шилжүүлсэн тохиолдолд 2019.10.02-2020.04.15 хүртэл хугацааны цалин хөлс нэхэмжлэхгүй “ гэх агуулгаар хүсэлтээ бичгээр гаргаж байсан ба энэхүү баримтаас үзэхэд хуульд заасан хугацаа тасалдсан байна.
2.7. Энэ хугацаанаас хойш тэрээр 2020 оны 05 сарын 14-нд мэс засалд үзүүлсэн байдал, 2020 оны 07 сарын 06-нд өрхийн эрүүл мэндийн төв, 2020 оны 08 сарын 03-нд өрхийн эрүүл мэндийн төв, 2020 оны 09 сарын 16-ны өдөр дотрын тасагт тус тус үзүүлж, 2020 оны 10 сарын 27-ны өдөр эмнэлэг хяналтын комиссын хуралд орж, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмчилгээ чанарын хяналтын комиссын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн шийдвэр ...хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар, 12 сар гэж, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар 2019.11.04-2020.11.04 хүртэл 60 хувь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт, 2020.11.04-2021.11.04 хүртэл 60 хувь хөдөлмөр чадвар алдалтыг тус тус тогтоогдож байсан байна.
2.8. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Т.Ганболдыг 2021 оны 04 дүгээр сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой байсан хэдий ч нэхэмжлэгч нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр шүүгчийн 2021 оны 08 сарын 16-ны 182/ШЗ2021/07586 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ.
2.9. Нэхэмжлэл буцаасан 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс хойш нэг жилийн дараа буюу 2022 оны 07 сарын 18-нд дээрх нэхэмжлэлийг дахин гаргасан ба энэ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа тасалдсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгааны талаарх үйл баримт тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийх шаардлагатай болж байна.
2.10.Харин нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2022 оны 07 сарын 18 хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл бүхий тайлбар гаргаагүй ба түүний хугацаа хэтрүүлсэн байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
2.11. Иймд нэхэмжлэгч Т.Ганболдын 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 04 сарын 13 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан хугацаанд гаргаагүй бөгөөд хугацаа хэтэрсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 09-ний 0075 тоот шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн “Т.Ганболдыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурсны зөрүү цалин хөлсийг 2022 оны 02 сарын 09 хүртэл хугацаанд зохих журмын дагуу тооцож олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдэж, хяналтын шатны шүүх хэлэлцүүлэхээс татгалзснаар хүчин төгөлдөр болжээ.
3.1. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн Б/64 дүгээр тушаалаар Т.Ганболдыг урьд эрхэлж байсан албан тушаалд томилжээ.
3.2. Дээрх баримтуудаар хариуцагч нь ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн байх ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч Т.Ганболд ажил олгогчоос өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.
3.3. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй.
3.4. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж хуульд заасан байна.
3.5. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 09 сарын 20-ны 3/2307 дугаартай тодорхойлолтоор “Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо” тус тамгын газарт байгуулагдаагүй гэсэн байх тул шүүх Т.Ганболдын нэхэмжлэлийн энэхүү шаардлагад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж хуралдаанаар хэлэлцүүлсэн болно. /хх103/
3.6. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яам цалин хөлсний зөрүүг хариуцах үүрэгтэй.
3.7. Нэхэмжлэгч өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүү 3,565,857 төгрөгийн хэмжээг 2020, 2021 оны цалингийн карттай харьцуулан гаргасан гэж нэхэмжилснийг хариуцагч тал цалингийн зөрүүний үнийн дүнтэй маргахгүй зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.
4. Тэмдэгтийн хураамж: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан ба нэхэмжлэгч Т.Ганболдын нэхэмжлэлийн үндэслэл нь гомдлоор хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 148758 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар хариуцагчаас 3,565,857 төгрөгийн тэмдэгтийн хураамж 72004 төгрөг гаргуулж улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. /2021 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас дундаж цалин хөлсний зөрүү 3,565,857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,362,971 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Т.Г-д тэмдэгтийн хураамжид төлсөн 148758 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас тэмдэгтийн хураамж 72004 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН