Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 909

 

                                     “ЖЭБК ББСБ” ХХК--ийн

                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2019/00832 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ө-, Ө.Б- нарт холбогдох

 

29 443 980.8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, П.Эрхэмбаяр, хариуцагч Ө.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Л.Ө-, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Болормаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Үржинсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Ө- болон хамтран зээлдэгч Ө.Б- нар нь манай байгууллагад хандаж өөрийн эрхэлдэг бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 20 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 20 000 000 төгрөгийг зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулан олгосон. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт /14081/ 2 дугаар хэсэг, 123 тоот хаягт байрлах 222.72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч, тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч Л.Ө- болон хамтран зээлдэгч Ө.Б- нар нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Л.Ө-, болон хамтран зээлдэгч Ө.Б- нараас зээлийн үүрэгт, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 523 350.40 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7 946 630.40 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 19 974 000 төгрөг, нийт 29 443 980.80 төгрөгийг гаргуулж, энэхүү үүргийг хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт /14081/ 2 дугаар хэсэг, 123 тоот хаягт байрлах 222.72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Л.Ө- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би Ч.Лхагварагчаа болон К.Уранчимэг нартай “Апекс финанс” ХХК-ийн барьцаанд байгаа 65-44 УБЗ улсын дугаартай Тоёота хайлюкс маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшилд байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж “ЖЭБК ББСБ”-аас 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай авч өгсөн болно. Хэрэв төлж чадахгүй алдсан тохиолдолд гэрээний 4.1-д заасан заалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны үнэ 123 000 000 төгрөгийг бүрэн барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Мөн нэмж өөрийн хүү Ө.Б-ээс К.Уранчимэгтэй зээлийн баримт харилцан байгуулж 1 000 000 төгрөгийг олгосон. Зээл төлөх хугацаа өнгөрч банк бус санхүүгийн байгууллага сануулга өгч байсныг Ч.Лхагварагчаа, К.Уранчимэг нарт байнга хэлж байсан. Эдгээр нөхдүүд хүмүүжил, ёс суртахууны доголдолтой хүмүүс байна. Тэднийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан ч хэрэг нээхээс татгалзсан байдаг. Зохих дээд шатны прокуроруудад гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй, хохирлоо иргэний журмаар нэхэмжил гэсэн шийдвэр гарсан. Иргэн Ч.Лхагварагчаа болон К.Уранчимэг нараас болж хөгшин би хохирох ёсгүй гэж бодож байгаа тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн тайлбар гаргасан. Шүүх хуралдаанд үндсэн зээл 20 000 000 төгрөг, түүнд ногдох 3 сарын хүүгээс төлсөн төлбөрийг хасаад үлдэх хэсгийг нь зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.Ө-, Ө.Б- нараас 22 517 485.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК--д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6 926 495.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023581 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000172332 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 123 тоот хаягт байршилтай, 222.72 м.кв талбай бүхий хувийн сууц, 0328213 дугаартай гэрчилгээтэй, 3056/14073 18643327690162 дугаартай, 650 м.кв талбайтай газар эзэмших эрхийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 2 сарын 19-ний өдөр төлсөн 305 170 төгрөг, 2019 оны 2 сарын 20-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, нийт 375 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ө-, Ө.Б- нараас 340 737 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК--д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чинбат давж заалдах гомдолдоо:

... Тус шүүхийн 181/ШШ2019/00832 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...уг ажиллагаанд гэрчээр оролцсон атлаа зээлийг буцаан шаардахгүй байсны улмаас хариуцагч нарын төлөх хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү хүүгийн хэмжээ Иргэний хуулийн 223 дугаар зүйл 223.2 дахь заалтад "үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл үзүүлэх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эс үйлдлийн улмаас хугацаа хэтэрсэн, үүнээс шалтгаалан хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй" гэж зааснаас үзвэл манай байгууллага нь нэмэгдүүлсэн хүүг албаар нэмэгдүүлсэн гэж ойлгож болохоор байна. Гэтэл тус маргааны хавтаст хэргийн 30 дахь нүүрэнд авагдсан нотлох баримт болох хариуцагч нарын хариу тайлбарт "...Зээл төлөх хугацаа өнгөрч банк бус санхүүгийн байгууллагаас сануулга өгч байсныг иргэн Ч.Лхагварагчаа иргэн Ү.Уранчимэг нарт байнга хэлж байсан..." гэснээс үзвэл манай байгууллагаас байнга ярьж, сануулж байсныг хариуцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байтал шүүх үүнийг орхигдуулсан байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад "Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү ... авах эрхээ алдах ур дагавар түүнд үүснэ" гэж заасны дагуу хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн зарим хэсгийг авах эрхээ алдах ур дагавартай гэж үзэн дээр дурдсан тооцооллын дагуу гарч буй хэтэрсэн хугацааны хүүгийн зарим хэсгийг хасаж тооцон хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 18 550 800 төгрөг болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 3 966 685.1 төгрөг. нийт 22 517 485.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна болон Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалтад "үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эс үйлдлийн улмаас хугацаа хэтэрсэн, үүнээс шалтгаалан хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй..." гэж зааснаас нэхэмжлэгч нь хариуцагчид зээлээ төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь манай байгууллага нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох хариуцагч нарт зээлийг олгосноороо өөрсдийн үүргээ биелүүлсэн байтал хариуцагч нар зээлээ эргүүлэн төлөх үүргээ харин биелүүлээгүй байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж заасны дагуу гэрээний хугацаа дууссан нь хариуцагч нарыг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг хуульд зохицуулсан байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 22 517 485.1 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 926 495.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК- нь Л.Ө-, Ө.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 443 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанд хариуцагч нар үндсэн зээлд 20 000 000 төгрөг, түүнд ногдох 3 сарын хүүгээс төлсөн мөнгийг хасаад үлдэх хэсгийг зөвшөөрнө гэж тайлбар гаргажээ.

 

Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгчээс 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлдэгч Л.Ө-, Ө.Б- нарт зээлдүүлэхээр, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дүгээр зүйлийн 4514.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйлчилгээний хүрээнд байгуулагдсан гэрээ байна. Мөн өдөр зохигчид зээлийн барьцааны ЗБ0303170041 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт /14081/ 2 дугаар хэсэг, 123 тоот хаягт байрлах 222.72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн үүргийн баталгаа болгож барьцаалжээ.

 

Дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар болон үүргийн зөрчил үүссэн тухайд талууд маргаагүй, харин төлбөрийн хэмжээний тухайд маргажээ.     

/хх-ийн 12-18 дугаар тал/

 

            Хуульд заасны дагуу зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс шаардах эрхтэй тул “ЖЭБК ББСБ” ХХК- нь Л.Ө-, Ө.Б- нараас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заалттай нийцжээ.

 

Шүүх, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8-д заасны дагуу зээл олгосны шимтгэлд 100 000 төгрөг, өргөдлийн хураамжид 10 000 төгрөгийг зээлийн гэрээгээр шилжүүлэх мөнгөний үнийн дүнгээс хасч тооцсон нь зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийн үүрэг болох 20 000 000 төгрөгийг бүрэн олгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг 19 890 000 төгрөг гэж үзсэн, мөн үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь хуульд нийцээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт талуудын тохиролцон тогтоож болох нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20%-ийн хэмжээнээс хэтрэхгүй байх талаар заасан байх ба нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20%-иар тооцогдох агуулгагүй байх тул зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1.5, 3.1.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20%-иар төлүүлэхээр тохирсон тохиролцоо нь буруу болжээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд 2 426 000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 726 000 төгрөг төлсөн байх бөгөөд уг үнийн дүнг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, анхан шатны шүүх  хариуцагч нарын гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу тооцож шийдвэрлэсэн нь буруу биш байна.  

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 22 517 485 төгрөгийг хангаж, үлдэх 6 926 495 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүх, хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалттай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 181/ШШ2019/00832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО