Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

 

 

 

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Сүрэнхорол,

Хохирогч Ш.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг,

Шүүгдэгч Г.Б /онлайн/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа хянан шийдвэрлэсэн, 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой Г.Бд холбогдох 2034000000594 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч Ш.Ганцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий  шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Ш.Ганцэцэгийг 2019 оны 12 сарын 21-ний өдөр “өөр газар очиж янхандлаа” гэх шалтгааны улмаас үсдэж зодсон, 2020 оны 02 сарын 21, 22-ны өдрүүдэд үл ялих зүйлээр шалтаглан толгой хэсэгт 4-5 удаа цохиж, нүүр хэсэгт алгадаж, гар хөл хэсэг рүү цохиж хөхрүүлэн, гичий, янхан, архичин гэж хэл амаар доромжилж тархи хөдөлгөсөн, 2020 оны 04 сарын 15-ны өдөр машинаас чирж буулган дэвсэж, өшиглөн, газар чирж уруул хэсэгт язартал өшиглөсөн, 2020 оны 06 сарын 18-ны өдөр “би 1 цаг гаран чамайг хүлээлээ” гэх шалтгааны улмаас өшиглөн зодсон, 2020 оны 06 сарын 21-ний өдөр толгой, нүүр, хөл хэсэгт өшиглөн зодсон, 2020 оны 09 сарын 30-ны өдөр янхан минь гэж орилон үсдэж, хоёр хацарт 5-6 удаа алгадаж, нүүр хэсэгт гуталгүй, оймстой хөлөөрөө өшиглөн “гичий, янхан, пизда” гэх зэргээр хэлж хэл амаар доромжилсон, 2020 оны 10 сарын 01-ний өдөр баруун талын булчин хэсэгт цохиж, өшиглөн хөхрөлт үүсгэн зодож, ам руу нь пивоны үлдэгдэл цутган, хэл амаар доромжилж, миний боовыг хөх гэж бэлэг эрхтнээ гаргаж хөхүүлэх гэж дайран 9 настай охиных нь хажууд бэлэг эрхтнээ хөхүүлж хэл амаар доромжилж, 9 настай охиныг заналхийлсэн, 2020 оны 10 сарын 05-ны өдөр миний хүүг гэрт ганцаар нь үлдээх гэлээ гэх шалтгааны улмаас бөгс хэсэгт 2 удаа өшиглөж, баруун хөлийн гуя хэсэгт өшиглөн, толгой хэсэгт 2 удаа гараараа цохиж, машинтай гудамжинд хөөж, зам дээр чирч, газарт унагаж, толгой хэсэгт чичлэн цохиж түүний биед дээд уруулын салстын шарх, зүүн шанаа, баруун зүүн бугалга, баруун гуяны цус хуралт, баруун бугалга, зүүн гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Г.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Г.Бд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэсэн зүйл ангиар ял оноосонд гомдолтой байна. Г.Б Өмнөговь аймагт ажиллаж гэр бүлээ тэжээдэг, гэртээ ирээд буцаад ажилдаа явдаг байсан. Энэ хугацаанд миний буруутай үйлдэл буюу намайг архи уулаа, үр хүүхдээ хайхарсангүй гэж уурлаж хэрэлдэж маргалддаг байсан. Бусад үед буюу намайг зүгээр байж байхад байнга зодоод, харгис хэрцгийн хандаж, догшин авирлаж тарчлаадаг байсан зүйл байхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэх асуудал байхгүй. Тэр өдөр бид 2 бэлгийн хавьталд орсон хэрүүл ямар нэгэн гаж нөлөө байгаагүй. Хүүхдүүд маань унтаж байсан. Тэр үед би мэдүүлэг өгөхдөө хольж сольж ярьсан. Хэрүүл хийсэн нь маргааш өдөр нь болсон үйл явдал юм. Тэгэхэд миний охины дэргэд өмдөө тайлж боов хөх гэсэн үйлдэл гаргаагүй, харин намайг архи ууж гэртээ таних, танихгүй хүн цуглуулж байж охин хүүхдээ янз бүр болгуулчихавдаа гэж хэлсэн. Өөрөөр хүүхдийн дэргэд өмдөө тайлж, зүй бус үг хэлсэн зүйлд байхгүй. Намайг архи уухаа больж болдоггүй юм уу гэж байсан. Нөхөр болох Г.Б нь миний хүүхдүүдтэй энгийн харьцаатай зодож гар хүрч байгаагүй, энгийн үед хөзөр шагайгаар хүүхдүүдтэйгээ тоглодог. 2 хүүхэдтэй маань энгийн л харьцаатай байдаг. Бид хоёр л хэрэлдэж маргалддаг. Энэ үйлдэл миний архи уудаг байдлаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Одоо бид ажил хийдэг хүнгүй орлого байхгүй хүүхдүүд маань хоосон хонох боллоо. Би эр нөхрөө цагдаад өгч уурандаа болсон зүйлийг буруу ташаа хойно урд нь оруулж мэдүүлэг өгсөн байна. Г.Б нь элдэв муу зуршилгүй,  ажил хийж биднийг тэжээдэг байсан. Миний муу зуршлаас болж намайг засаж авах гэж хэлж үглэдэг байсан. Ажлаа сайн хийж олон гавьяа шагнал авч байсан хүн. "Хөдөлмөрийн хүндэт" медаль авч байсан мөн байгууллагын Хөдөлмөрийн аварга, Захирлын нэрэмжит шагнал зэрэг шагналуудаар шагнагдаж байсан хөдөлмөрч залуу. Миний мунхагаас ийм хэрэгт холбогдсон. Би нөхрөө арай хоригдоод явчихна гэж бодоогүй.

Одоо ар гэрийн байдал маань маш хэцүү байна. Нөхрийн маань бие бас муу, хөл гар нь татчихдаг аваарт орж байсан нурууны суулттай юм. Миний буруутай үйлдлээс болж ийм байдал үүсчихлээ. Ар гэрийн байдал орлогогүй, хүнд хэцүү байгаа мөн хүүхдүүд аавыгаа асуугаад байгаа, надад гомдол санал байхгүй байгаа байдлуудыг минь харгалзан Г.Болд-Эрдэнийг цагаатгаж, ялыг нь хөнгөлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Г.Б-ийг хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгосон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэснийг хүлээн зөвшөөрдөг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Г.Б нь Өмнөговь аймагт том оврын машин барьдаг ажилтай хөдөө олон хоногоор явж ажиллан ар гэрээ тэжээдэг байсан. Түүний хамтран амьдрагч Ш.Ганцэцэг нь Г.Болд-Эрдэнийн эзгүйд нилээн архи ууж, хүүхдүүдээ үл хайхран үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэлгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй холбоо барихгүй алга болдог байсан. Гэрч Э.Ганцэцэгийн мэдүүлэгт "Орой шөнө намайг гэртээ байж байхад Г.Б залгаад чи завтай байна уу, манай гэрт нэг очоод манай эхнэр хүүхэд байна уу үзээд өг” гээд хэд хэдэн удаа залгадаг байсан гэх мөн "Г.Б нь их сонин эхнэрээ нэхээд л залгаад хамт архи уусан архичин, янхан, банзал гээд л харааж зүхээд байдаг" гэсэн мэдүүлгүүдээс Ш.Ганцэцэг утсаа авахгүй холбоо барилгүй алга болдог, Э.Ганцэцэгтэй нэг биш удаа нийлж архи уудаг байсан нь харагдаж байна.

Мөн 2020 оны хичээлийн шинэ жил эхлээд эцэг эхийн хурал болоод ангид нь эд зүйл авахаар мөнгө хураагаад тэр мөнгийг өгөх гээд Ш.Ганцэцэг рүү залгахад утсыг нь Г.Б аваад эхнэрээ байхгүй байна гэхээр нь хураасан мөнгө өгөх гэсэн юм гэж хэлэхэд Г.Б одоо та нар мөнгөө Ш.Ганцэцэгт хураалгаад архидах уу гэж намайг загнасан гэх мэдүүлгээс ямар ч хүн зүгээр байгаа огт холбоо хамааралгүй хүнийг архи уулаа гэж уурлаж загнахгүй, байнга архи уусан үйлдэл гаргасан учраас Э.Ганцэцэгт архидах уу гэж хэлж загнасан байдаг.

Ш.Ганцэцэг Г.Б-ийг ажилдаа явсан байхад хүүхдүүдээ 2 хоног орхиж архи уугаад алга болсон тул хүүхдүүд нь цагдаад ээжийгээ ирэхгүй байна гэж дуудлага өгөхөд Цагдаагийн газраас Г.Б рүү залгаж энэ тухай мэдэгдсэн байдаг. Ш.Ганцэцэгийн эдгээр үйлдлүүдээс болж Г.Б хол замд машин барьж байхдаа ажлаа хийхэд хэцүү байдаг байсан тухай ярьж байсан. Ар гэрээ, үр хүүхдээ харж үлдсэн эмэгтэй хүн архи уугаад мөн согтуу машин барьж явах /машинаа журамлуулсан байдаг/ зэрэг үйлдэл гаргаад байгаа эмэгтэй хүн эхнэр хүний эдгээр үйлдэл өнөөдөр нөхцөл байдлыг ийм байдалд хүргэсэн энэ хэргийн гол шалтгаан болсон байгааг шүүх харгалзан үзээсэй гэж хүсч байна.

Г.Б Ш.Ганцэцэгийг согтуу агсраад байхаар өөрөө цагдаа дуудахад Ш.Ганцэцэг Г.Б-ийг буруутгаад цагдаад тайлбар өгөөд байдаг үйлдэл ч байгаа. Г.Б-ийн утаснаас цагдаа дуудсан дуудлага нэг биш байгаа. Ш.Ганцэцэг Г.Б-ийн үгэнд орохгүй гуян дээр нь хазаж шарх үүсгэсэн сорив ч байдаг, мөн эдгээр маргалдсан муудсан үйлдэл бүрт хохирогч согтуу байдаг тухай Г.Б мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлсэн байдаг.

Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзсэн нь эргэлзээтэй хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй хохирогч, болон шүүгдэгчийн өгсөн анхны мэдүүлгээс эхлээд шууд хүүхэд рүү чиглэсэн Г.Б-ийн үйлдэл байхгүй, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй нь насанд хүрээгүй хохирогч Э.Энэрэл, Э.Энхзолбоо нарын мэдүүлэг зэргээс харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Г.Б мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчгүй мэдүүлэг өгч анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэй оролцсон байдаг.

Хэрэв хохирогч архи дарс уулгүй үр хүүхдээ асран хамгаалаад байж байсан бол Г.Б ажлаа хийгээд ар гэрээ тэжээн тэтгээд байж байх байсан. Эдгээр нөхцөл байдлууд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг харгалзан үзэж Г.Бд оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг хүүхдийн эсрэг үйлдсэн гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан 6 сарын хорих ял, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарыг нэмж нэгтгээд 1 жил байх байтал 1 жил 2 сар гэж процессийн алдаа гаргасныг зөвтгөж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Сүрэнхорол гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.Ганцэцэг гаргасан тайлбартаа: Ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 гэж зүйлчилсэн хэрэг нь хангалттай нотлогддоггүй. Уг зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ буруу нэмж алдаа гаргасан. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Г.Б гаргасан тайлбартаа: Хүүхдэд нь юм хэлж байгаагүй. Өөрөө л согтуу ирээд над руу дайраад байдаг байсан. Ажилд яваад ирэх болгонд л согтуу байдаг байсан гэв.

                                            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2034000000594 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Яллах дүгнэлтэд Г.Б-ийг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй байх тул уг яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Г.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5, 1.6-д заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдоогүй байна. Иймд Г.Бд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, яллах дүгнэлтэд дурдагдсан 8 удаагийн үйлдлийг нарийн шалгаж, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлон тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Мөн яллах дүгнэлтэд тусгагдсан “2020 оны 10 сарын 01-ний өдөр баруун талын булчин хэсэгт цохиж, өшиглөн хөхрөлт үүсгэн зодож, ам руу нь пивоны үлдэгдэл цутган, хэл амаар доромжилж, миний боовыг хөх гэж бэлэг эрхтнээ гаргаж хөхүүлэх гэж дайран 9 настай охиных нь хажууд бэлэг эрхтнээ хөхүүлж хэл амаар доромжилж, 9 настай охиныг заналхийлсэн” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тодруулах шаардлагатай байна.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан тул хохирогч Ш.Ганцэцэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг нарын гаргасан “шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлын үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 01 сарын 18-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэрэгт магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ