Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Э.Эрдэнэсүх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэлмэн овогт Эрдэнэбаярын Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн 173800080000019 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Зэлмэн овогт Эрдэнэбаярын Эрдэнэсүх, 1988 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 142 дугаар ангид хөгжимчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо 4-01-16 тоотод оршин суух, урьд өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ЛД88040310 дугаартай.

Шүүгдэгч Э.Эрдэнэсүх нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн ЗДТГ-ын өдөр өнжүүлэх өрөөнд иргэн Ц.Дэлгэрхааныг зодож биед нь хавирганы холбоосны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Эрдэнэсүх нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн ЗДТГ-ын өдөр өнжүүлэх өрөөнд иргэн Ц.Дэлгэрхааныг зодож биед нь хавирганы холбоосны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Ц.Дэлгэрхааны: “2017 оны 07 дугаар сарын 22-ны шөнө 04 цагийн үед би гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байсан чинь манай эхнэр Даваачулуун над руу би ЗДТГ-ын өдөр өнжүүлэх өрөөнд байна гэж надад хэлсэн.Би гэрээсээ ганцаараа гараад ЗДТГ-ын очиход 2 залуу гэр хурааж байсан. Тэр 2 залуугаас захиргаан дотор хүн байгаа юмуу гэж асуусан. Тэгээд хаалга тогшиж байсан чинь шатан дээр сууж байсан нэг залуу наана чинь хүн байгаа наадуул чинь онгойлгохгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хаалга руу хальт өшиглөөд захиргааны ар талаар очоод цонхыг нь тогшоод эхнэрээ дуудсан чинь дотор нь байсан хүмүүс  нам жим болоод дуугарахаа байсан. Тэгэхээр нь би цонхоор орох гэж байгаад хөлөөрөө дан цонхыг хагалсан. Тэгээд онгорхой порчикоор ороод хөшгийг нь яраад та нар юу хийж байгаа юм гэсэн чинь нэг залуу миний хоолойг хойноос боосон. Тэгэхээр энэ новшнуудаа аваач гэж хэлсэн. Тэгээд тэр дотор байсан надад харагдсан хүмүүс бүгд гараад явсан. Тэгээд би тэр залуутай нилээн ноцолдсон...нэг залуу бас миний араас өшиглөсөн намайг боож байсан залуу байхаа...намайг боосон залуу намайг зодсон. Тухайн үед өрөөн дотор харанхуй байсан болохоор зарим зүйлийг сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

    Гэрч Д.Сайханбаярын: “...нэг мэдсэн чинь хүмүүс хашгиралдаад намайг нэрээр минь дуудаад байхаар нь босоод ирсэн чинь өрөө харанхуй гол хэсэгт Эрдэнэсүх нэг эрэгтэй хүнийг боочихсон тэгэхээр нь би очоод салгасан. Тэгсэн нөгөө эрэгтэй өрөөний хаалганы тийшээ явсан чинь Эрдэнэсүх араас нь очоод нөгөө эрэгтэйг газар унагаад нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

       Гэрч Г.Өлзийбадрахын: “...унтаж байсан чинь өрөөн дотор хүмүүс хашгиралдаад байхаар нь босоод иртэл өрөөн дотор хүмүүс зодолдоод байх шиг байсан тэгэхээр нь босоод яваад очтол Эрдэнэсүх нэг танихгүй хүнийг боочихсон байхаар нь Сайханбаяр бид 2 салгасан. ...Эрдэнэсүх нөгөө залууг газар унагааж байгаад өшиглөх шиг болохоор дахиж очоод салгаад нөгөө ахыг 00-ын өрөө орж нүүр гарыг нь угаалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 461 тоот “Ц.Дэлгэрхааны биед хамар эрүү, цээж хэвлий, зүүн мөр, гуянд цус хуралт, зүүн гуя, зүүн ташаанд няцралт, баруун талын 10 ба 11-р хавирганы мөгөөрсөн холбоосны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...хавирганы холбоосны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт, биеийн бусад учирсан гэмтлүүд нь нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

       Шүүгдэгч нь хохирогчтой учруулсан хохирол, гомдлын талаар харилцан тохиролцож уучлалт гуйсны үндсэн дээр 6.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан тухай 2017 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн эвлэрлийн гэрээ, төлбөр барагдуулсан тухай хэлцэл /хх-ийн 44-45 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Эрдэнэсүх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн 17380003200018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Зэлмэн овогт Эрдэнэбаярын Эрдэнэсүхийг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Эрдэнэсүхэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Эрүүгийн 17380008000019 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эрдэнэсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН