| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1934005670149 |
| Дугаар | 2021/ДШМ/46 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/46
2021 05 13 2021/ДШМ/46
Э.Э, Э.А, А.А, А.А
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Сүрэнхорол,
Шүүгдэгч Э.А /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолтой Э.Э нарт холбогдох 1934005670149 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Э.Э, А.А, А.А, Э.А нар нь бүлэглэн 2019 оны 07 сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг "Агьт" гэх газраас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис"-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 26-87 УНО улсын дугаартай "приус-20" маркын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Э.Э, А.А А.А, Э.А нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А Э.Э, А.А нарыг тус бүр 1 жил хорих ялаар, шүүгдэгч Э.Аийг 1 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э, А.А нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Э.Ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э, А.А Э.А нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн 1934005670419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг цагаан ууттай ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5 913 600 төгрөгийн үнэ бүхий Toyota Prius 20 /Тоёота Приус 20/ маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт оруулж,
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Э.А нарт холбогдох 1934005670149 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааанд оролцож явсаар байтал анхан шатны шүүхий тов огт мэдэгдэхгүйгээр шүүх хурлыг хийж машиныг хураах шийдвэр гаргасан нь манай компаний хуульд заасан эрх ашгийг ноцтойгоор хохироосон гэж үзэж байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх 5.913.600 төгрөгийн үнэ бүхий 26-87 УНО улсын дугаартай Тоуоtа рrius 20 маркын тээврийн хэрэгслийг манай компаний нэр дээр шилжүүлэн унаж явах нөхцөлтэйгээр зээлдэгч С.Хандмаа нь 2019.01.25-ны өдөр 9.000.000 төгрөгийн зээл авсан зээлээ төлөөгүй одоогоор манай компаний өмчлөлд байгаа болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байгаа ба тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, манай компаний эрх ашгийг хангаагүй учраас Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021.01.20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Сүрэнхорол гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож явсан. Шүүхэд хэрэг шилжсэн талаар надад мэдэгдээгүй. Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй шийдвэр гаргасан. Автомашиныг улсын орлого болгосныг зөвшөөрөхгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Э.А гаргасан тайлбартаа: Хэлэх зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Э, Э.А, А.А А.Анарт холбогдох эрүүгийн 1934005670149 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Э.Э, Э.А, А.А А.А нар нь бүлэглэн 2019 оны 7 сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг “Агьт” гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн болох нь:
Шүүгдэгч А.А/хх 43, 102/, шүүгдэгч Э.А /хх 44, 51-52, 107/, шүүгдэгч А.Ариун-Эрдэнэ /хх 45, 96, 97/, шүүгдэгч Э.Э /хх 46, 91, 92/, гэрч Б.Пүрэвсүрэн /хх 181-182/, гэрч Э.Болдбаатар /хх 47-48/, гэрч Э.Жаргалсайхан /хх 49-50/, гэрч П.Батмөнх /хх 183-184/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 сарын 26-ны өдрийн 4140 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55, 56-57/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 сарын 26-ны өдрийн 4139 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 60-61, 62-63/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, шүүгдэгч нараас 5 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамлыг эд мөрийн баримтаар тооцон хураан авах ажиллагаа, 5 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт, 4 ширхэг CD бичлэг зэргийг хүчинтэйд тооцсон хяналтын прокурорын 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 15, 18 дугаартай тогтоол /хх 31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э, Э.А, А.А А.Анарт оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин шүүгдэгч Э.Э, А.А Э.А, А.А нарын бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын нутгаас хууль бусаар бэлтгэсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс” гэх нэршилтэй ургамлыг машины тээшинд тээвэрлэн явж байсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “хадгалсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж анхан шатны шүүх дүгнэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ авч явсан, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгасан үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг тээшинд хийж, тээврийн хэрэгслээр зөөвөрлөснийг “хадгалсан” гэх үйлдэлд хамааруулсан нь буруу байна.
Иймд шүүгдэгч Э.Э, А.А Э.А, А.А нарын бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын нутгаас хууль бусаар бэлтгэсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс” гэх нэршилтэй ургамлыг бэлтгэн авто машины тээшинд тээвэрлэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзэхгүй тул прокурорын яллах дүгнэлтийн уг хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамлыг ямар байгууллага устгах, хэрхэн шийдвэрлэхийг тодорхой заалгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаж чадахгүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамлыг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст шилжүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн зарим хэсэг болох анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж иргэний нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэсэн нь тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгч нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болохоор заасан. Иргэний нэхэмжлэгч П.Ганбилэг нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй байх тул анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 26-87 УНО улсын дугаартай Тоёота Приус20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа “Есөн шижир” ХХК-аас 9.000.000 төгрөгийн зээл авч уг хуулийн этгээдтэй Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл тус компанийн өмчлөлд автомашиныг шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх-н 21-р хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Ганбилэгийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний үүргийн дагуу 26-87 УНО улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч “Есөн шижир” ХХК-д буцаан олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.913.600 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгчийн гаргасан шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт
- “Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Э, А.А, А.А, Э.А нарт холбогдох эрүүгийн 1934005670149 дугаартай хэргээс шүүгдэгч Э.Э, А.А А.А, Э.А нарт холбогдох бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт шинээр нэмж,
- 1 дүгээр заалтын “хадгалсан” гэснийг хасч,
- 5 дугаар заалтын “5.Эрүүгийн 1934005670419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг цагаан ууттай ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.” гэснийг “5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу эрүүгийн 1934005670419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст шилжүүлж, 4 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай” гэж,
- 6 дугаар заалтын “6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.913.600 төгрөгийн үнэ бүхий Toyota Prius 20 /Тоёота Приус 20/ маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт оруулсугай.” гэснийг “6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota Prius 20 /Тоёота Приус 20/ маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч “Есөн Шижир” ХХК-д буцаан олгож, автомашины үнэ болох 5.913.600 төгрөгийг шүүгдэгч Э.Э, А.А Э.А, А.А нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.478.400 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний нэхэмжлэгч П.Ганбилэгийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, А.А, А.А, Э.А нарын 2021 оны 01 сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 сарын 13-ны өдөр хүртэл тус бүр цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ