Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0042/З |
Дугаар | 128/ШШ2023/0112 |
Огноо | 2023-02-01 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2023/0112
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, ******* хяналтын прокурор Б.С*******ы дүгнэлттэй, *******ны улсын байцаагч Ч.С*******д холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дүгнэлт гаргагч, ******* хяналтын прокурор Б.С******* нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...*******ны улсын байцаагч, Ч.С*******гийн СЗХ-43 дугаартай гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хялбаршуулсан журмаар шалгаж, зөрчлийн холбогдогч Д.Б*******ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 0215149 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Холбогдогч Д.Б*******ийг Т******* нь 2021 онд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаар Санхүү мэдээллийн албанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд холбогдуулан шалгаж, хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар тогтоогдсон баримтад үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0215149 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр Т******* нь 2021 онд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаар Санхүү мэдээллийн албанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй болох нь материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд *******ны эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18 дахь хэсэгт заасан зөрчил шалгах харьяаллыг зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон *******ны улсын байцаагч Ч.С*******гийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0215149 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив... гэжээ.
Хариуцагч *******ны улсын байцаагч Ч.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасны дагуу хариуцсан прокурор шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шүүхэд хүргүүлсэн ч шийдвэрийг өөрчлөх үндэслэлтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19 дэх хэсэгт Монголбанкны хянан шалгагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан зөрчилд хяналт тавихаар хуульчилсан байх бөгөөд дээр дурдсан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийг илрүүлж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул тус шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох бус өөрчилж Монголбанкны хянан шалгагч уруу шилжүүлж, хянан шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.
*******ны улсын байцаагч Ч.С******* прокурорын дүгнэлтийн шаардлагыг зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичгээр хандахдаа: *******ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ч.С******* би Т******* ББСБ' ХХК-д газар дээрх шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус шалгалтаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу шалган үзэхэд 2022 онд хийгдсэн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 1 удаагийн нийт 46,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлээгүй байсан тул илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Б*******өд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ногдуулж, 09 дүгээр сарын 27-ны өдөр холбогдох дансанд төвлөрүүлсэн.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт "... энэ хуулийн 4.1.2,4.1.3, 4.1.4,4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1,10-т заасан этгээд энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг *******, ... гэж заасны дагуу хэрэгжилтийг хангуулахаар ажилласан боловч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18 дахь хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалалд хамаарахгүй болохыг тухайн үед мэдээгүй, мөн нягтлаагүйн улмаас уг заалтыг хэрэглэсэн байна.
Хариуцагч талаас, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Зуун мод хот дахь манай Тавин мянгат ББСБ-д 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******ны эрх бүхий албан тушаалтан шалгалт хийсэн. Уг шалгалтаар 20,000,000 төгрөгөөс дээш бэлэн мөнгөний орлого, зарлагыг мэдээлээгүй гэж 1,000,000 төгрөгөөр торгосон болно. Тухайн мэдээ өгөх үед би гадаад улсад явсан байсан бөгөөд ажил дээрээ и-мэйл хаягтай утсаа мартаж явсан тул уг мэдээгээ хоцроож нөхөж мэдээлсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* хяналтын прокурор Б.С*******ы зүгээс *******ны улсын байцаагч Ч.С*******гийн үйлдсэн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0215149 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргажээ.
Прокурорын дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан болох *******ны улсын байцаагч Ч.С******* нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөлийг бий болгож байна.
Иймд хариуцагч *******ны улсын байцаагч Ч.С*******д холбогдуулан гаргасан ******* хяналтын прокурор Б.С*******ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/05 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан иргэн Д.Б*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзнэ. Учир нь гуравдагч этгээдэд торгох арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр прокурорын дүгнэлтийн шаардлагаар хүчингүй болж байгаа нь түүнд авсан торгуулийн шийтгэл мөн хүчингүй болж байна.
Түүнчлэн шүүхийн зүгээс энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан *******ны улсын байцаагч Ч.С*******д холбогдуулан гаргасан ******* хяналтын прокурор Б.С*******ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/05 дугаар дүгнэлтийг хариуцагч улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2023/0042/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан Прокурор нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН