Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 105

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0105/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга           Н.Болор-Уянга

Улсын яллагч                             Д.Отгонтуяа

Шүүгдэгч                                                        Т.Мөнхзориг нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түвдэнгийн Мөнхзоригт холбогдох 201723000153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 18ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -4 ээж хоёр дүүгийн хамт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Ял шийтгэл: 

1. 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, 

2. 2011 оны 09 дүгээр сарын 07ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял,

3. 2016 оны 07 дугаар 18-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын баривчлах ялаар шийтгэгдэж  2016  оны 08 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Түвдэнгийн Мөнхзориг /РД: СЛ66081817/ 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Мөнхзориг нь 2017 оны 05 дугаар сарын 27–ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 7 дугаар багт оршин суух иргэн Ч.Нилбаатарын байшингийн цонхыг хагалж, орон байранд нэвтрэн LED гэсэн хар өнгийн зурагт, DDISH-ийн станц, 10м кабелын утас, 300 грамм хонины мах хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Хохирогч Ч.Нилбаатар мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017 оны 06 дугаар сарын 04-05 ны орчимд гачигдлаар Төв аймаг руу явсан хойгуур миний танил Д.Анхбаяр нь багацаагаар 10-аад хоногийн дараа над руу утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. DDISH TV-ийн станц, зурагт, өсгөгч алга болсон байна, цонхыг нь хагалсан байна. Хөргөгчинд байсан идэх юм чинь алга болсон байна тэгээд би цагдаад мэдэгдчихээд ирлээ гэж хэлсэн. Харин DDISH, зурагт, өсгөгч нийлээд 370 мянган төгрөг, хагалуулсан цонхоо 83/40 харьцаатай вакум цонхоо 21000 мянган төгрөгөөр шиллүүлсэн учраас уг мөнгөөр үнэлнэ. /ХХ-ийн 19 хуудас/ 

      Гэрч С.Гантөмөрийн: “... 2017 оны 05 дугаар сарын сүүлчээр болов уу...Дэлгэрхаан сумын 3-р багийн иргэн Анхбаяр нь ирж, иргэн Нилбаатар гуайн байшингийн баруун талын цонхыг хагалж хулгай орсон юм шиг байна гэсэн дуудлагын дагуу очиж харахад DDISH зурагт, станц, 9 метрийн урттай утас зэрэг хулгайд алдагдсан байсан. Түүнийг эрэн сурвалжилж Дэлгэрхаан сумын 2-р багийн иргэн Түвдэнгийн Мөнхзориг хулгайлсан болохыг олж тогтоосон. /ХХ-ийн 20-р тал/ 

     Гэрч Д.Анхбаярын мэдүүлэгт: “... 22 цагт Нилбаатар гуайнд очиход вагончигийн баруун талынх нь вакум цонхыг нь хагалж хулгай орсон байсан. Хаалгаар нь шагайн хараад хэсгийн төлөөлөгчид очиж мэдэгдсэн. Нилбаатар гуайн ширээн дээр ил байсан зурагт, станц хулгайд алдагдсан байсан. Утсыг нь гаднаас /антений/ нь суна татаад авчихсан байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр уг эд зүйлийг хулгайлсан хүнийг олсон Түвдэнгийн Мөнхзориг гэдэг хүн хулгайлсан байсныг олж тогтоосон байсан. Хулгайд алдагдсанаас хойш 4,5 хоногийн дараа зурагт, станц, утас, станцын залгуур, 3 залгуур /станц зурагт холбогдох/-ийг хэсгийн төлөөлөгч Ганбатаас хүлээж авсан. Түүнийгээ Нилбаатар гуайг хотоос ирэхэд нь хүлээлгэж өгсөн. Одоо Т.Мөнхзоригоос зурагтын суурь тавиур, залгуурыг авах дутуу байна. Тэр нь Т.Мөнхзоригийн амбаарт үлдсэн юм шиг байна лээ. /ХХ-ийн 21-р тал/

 

       Гэрч Б.Наранцэцэгийн: Нилбаатар гуайн гэрийг Анхбаяр эргэх гээд очсон тэгэхэд нь вагончикнийх нь баруун талын цонхыг хагалж хулгай орсон байсан юм билээ. Нилбаатар гуайн гэрээс DDISH   зурагт,станц утастайгаа алдагдсан байсан гэж нөхөр маань хэлсэн. /ХХ-ийн 22-р тал/ 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6, 11, 30 тал /

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 4-5 тал /

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 9-10 тал /

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх-ийн 16 тал /

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх-ийн 12, 17 тал /

Эд зүйлд хийсэн үнэлгээ / хх-ийн 31 тал / 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 43 тал / 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 45 тал /

Шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 47-53 тал /

 

       Шүүгдэгч Т.Мөнхзориг нь 2017 оны 05 дугаар сарын 27–ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 7 дугаар багт оршин суух иргэн Ч.Нилбаатарын байшингийн цонхыг хагалж, орон байранд нэвтрэн LED гэсэн хар өнгийн зурагт, DDISH-ийн станц, 10м кабелын утас, 300 грамм хонины мах хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Нилбаатарын мэдүүлэг, гэрч С.Гантөмөр, Д.Анхбаяр, Б.Наранцэцэг нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч  Боржигон овогт Түвдэнгийн Мөнхзоригийг орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Т.Мөнхзоригийг 1 жил 2 сарын хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтөрд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Мөнхзоригт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж цагдан хорьсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА