Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2022/02750

 

 

 

 

 

 

 

  2022      09        27                                            182/ШШ2022/02750        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Багахангай дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байранд байрлах, БДХХҮХ-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,  0 дүгээр хороо, Бага тойруу, 0 тоот хаягт байрлах, “ТБ” ХХК-д холбогдох

 

            Хамтран ажиллах гэрээний алданги 10,052,561 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

 

“...БДХХҮХ нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г Багахангай дүүргийн ТБны 3007 дугаар салбартай байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Засгийн газрын тусгай сан болох хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг тус банкинд байршуулж ашиглуулсан.

 

 Тус гэрээний дагуу дараах алданги төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. 

 

ТБ зээлийн эх үүсвэрийг 6 сарын дотор зээл болгож гаргахгүй тохиолдолд үлдэгдэл дүндээ 0,3 хувийн алданги тооцуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх үүргийг хүлээнэ. /гэрээний 4.14 дэх хэсэг/ Энэ талаар Үндэсний аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/5 дугаартай  акт гарсан бөгөөд хариуцагч ТБ ашиглаагүй зээлийн эх үүсвэр болох 152,014,500 төгрөгөө 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай хэлтэст төлж барагдуулж дууссан тул энэхүү дүнгээс хоног тутамд буюу 2015.01.31-2016.01.21 хүртэл 385 хоногоор алдангийг тооцож нийт 5,852,561 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

 

ТБтай байгуулсан гэрээний 7.4-т зааснаар зээлийн эх үүсвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хугацаандаа төлөөгүй бол зээлийн эх үүсвэрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож манай хэлтэст төлөх үүрэгтэй. Энэ тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02-06-032/433 дугаартай акт гарсан бөгөөд 4,200,000 /дөрвөн сая, хоёр зуун мянга/ төгрөгийн алдангийг мөн шүүхэд нэхэмжилж байна. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс ТБтай байгуулсан гэрээний 4.14, 7.4-т тус тус заасны дагуу 2 төрлийн алданги төлбөрт нийт 10,052,561 /арван сая, тавин хоёр мянга, таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Манай байгууллага нь ТБны Багахангай дүүргийн салбартай гэрээ байгуулсан тул гэрээний үүргээ биелүүлэхийг тухайн салбар руу бичгээр мэдэгдэж байсан” гэв.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

“...Хариуцагчийн зүгээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “Алданги төлбөр гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, ихэсгэсэнтэй холбоотой дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 

 

Хөдөлмөрийн яам, Багахангай дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, “ТБ” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 01 тоот “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. 

 

Тус гэрээгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон ажлын байр бий болгох зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд жижиг зээл олгох үйл ажиллагааг дамжуулан гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон. 

 

Банкны зүгээс гэрээний дагуу зээл олгох үйл ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд банкинд байршуулсан эх үүсвэрийг буцаан шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болно. 

 

Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт дараах тайлбарыг гаргаж байна.  БДХХҮХ нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.14. “Гэрээний 1.2-т заасан зээлийн эх үүсвэрийг гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 6 сарын дотор зээл олголтонд бүрэн гаргана. Энэ хугацаанд зээл олголтонд гаргаагүй зээлийн эх үүсвэрт 0,3 хувийн алданги тооцож Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих санд төлнө.” гэсэн заалт болон Үндэсний аудитын газрын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/5 дугаартай актыг үндэслэн 5,852,561 төгрөг нэхэмжилсэн байна. 

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурван/ жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор зохицуулсан байх бөгөөд Үндэсний аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  3/5 дугаартай акт гарсан байна. Тус акт гарснаас хойш Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 

 

Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт дараах тайлбарыг гаргаж байна. 

 

БДХХҮХ нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02-06-032/433 дугаартай акт болон “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алданги тооцож 4,200,000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 

 

Тус гэрээ нь ТБны “Гэрээ хянах, байгуулах, бүртгэх журам”-ын 3 дугаар зүйлийн “3.1, 3.2, 3.3 дахь заалтуудыг зөрчиж, зохих этгээдээр хянуулаагүй, журмын хавсралт 1-т заасны дагуу байгуулаагүй хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болно. 

 

Иймд дээрх хоёр шаардлага нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэмэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Багахангай дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Мөнгөнтуяаг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар албан тоот, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/5 тоот төлбөрийн акт тавих тухай албан бичиг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаар албан тоот, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаар албан тоот, ТБинд жижиг зээлийн алданги тооцох тухай баримт, ТБинд жижиг зээлийн олгогдоогүй үнийн дүнгийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэх дугаар 2, нэхэмжлэх дугаар 3, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02-06-032/433 дугаар хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд нөхөн төлүүлх тухай акт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 463 дугаар төлбөр барагдуулах тухай албан тоот, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаар албан тоот, 192 дугаар албан тоот, хүсэлт, итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ихэсгэх, итгэмжлэл, явсан бичгийн товъёог, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаар албан бичиг, дотоод товъёог, 463 дугаар албан тоот, дотоод товъёог, 288 дугаар албан тоот, 463 дугаар албан тоот, орлогын дансны хуулга, товъёог, 19 дугаар албан тоот, нэхэмжлэх дугаар 3, нэхэмжлэх дугаар 2, ТБинд жижиг зээлийн олгогдоогүй үнийн дүнгийн хүүгийн тооцоолол, ТБинд жижиг зээлийн алданги тооцох, Багахангай дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн алданги тооцсон тухай баримт,  /хх1-27, хх40, хх201-222/

 

4. Хариуцагчаас гаргасан нотлох баримт: итгэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлт, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/37 дугаар Налайх дүүргийн салбарын захирлын тушаал, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/368 дугаар ТБны захирлын тушаал, хүсэлт,  итгэмжлэл, хүсэлт ТБны Налайх дүүрэг Өндөр тооцооны төвийн 2018.01.01-2018.12-31 өдрийн ирсэн бичгийн бүртгэл, ТБны  Налайх дүүрэг Өндөр тооцооны төвийн 2017.01.03-2017.10.16-ны өдрийн ирсэн бичгийн бүртгэл, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаар дугаар гүйцэтгэх захирлын тушаал, гэрээ хянах, байгуулах, бүртгэх журам, ТБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өндөртолгойт ТТ ирсэн бичгийн бүртгэл, итгэмжлэл, хариу тайлбар  /хх38-39, хх47, хх55, хх56-59, хх67, хх69, хх76, хх86, хх87, хх88-96, хх104-116, хх171-189, хх226-227/,

 

5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2022/11120 дугаар захирамжаар ирсэн харилцах дансны харилцагчийн хуулга, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, дотоодын дансны хуулга, 2013.09.06-2015.12.31-ний өдрийн хооронд олгогдсон ХЭДСангийн зээлүүдийн мэдээлэл зэргийг шинжлэн судлав. /хх237-241/

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч БДХХҮХ хариуцагчаар Багахангай дүүрэг дэх ТБны 3007 дугаар салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба ажиллагааны явцад хариуцагч солих хүсэлт гаргаснаар шүүгчийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 189/ШЗ2022/00030 дугаартай захирамжаар хариуцагчаар ТБ ХХК-иар сольж, хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд хэрэг шилжиж иржээ. /хх154-155/

 

1.1. Нэхэмжлэгч БДХХҮХ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэж, хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан нийт хамтран ажиллах гэрээний алданги 10 052 561 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...нэхэмжлэгч байгууллага нь  ТБны Багахангай дахь 3007 дугаар салбартай хамтран ажиллах гэрээ байгуулсан, хариуцагч нь гэрээнд заасан 6 сарын хугацаанд зээл гаргах үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан байхад буцаан шилжүүлэх үүргээ мөн биелүүлээгүй тул алданги шаардах эрхтэй...үүргийн гүйцэтгэлийг албан бичгээр тасралтгүй шаардаж байсан...хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж,

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Багахангай дах 3007 дугаартай салбар нь төв банкнаас зөвшөөрөл авах журмаа зөрчиж гэрээ байгуулсан...зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бүхэлд нь маргаж байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг Хөдөлмөрийн сайд, Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, ТБны Багахангай дүүргийн Өндөртолгой тооцооны салбарын эрхлэгч нарын баталснаар, 2013 оны 09 сарын 06-ны өдөр нэг талаас Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Энхболд, гүйцэтгэгч талаас ТБны Багахангай дүүрэг дэх 3007 салбарын захирал Б.Ганхөлөг нар харилцан тохиролцож дараах гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх болон өргөтгөснөөр ажлын байр бий болгох зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд зээл олгох үйл ажиллагааг банкаар дамжуулан гүйцэтгүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулана гэжээ.

 

Гэрээнд зааснаар банкинд байршуулах эх үүсвэрийн хэмжээ 200 000 000 төгрөг байна...зээлийн хүүгийн хэмжээ сарын 0.82 хувь, зээлийн хугацаа 24 сар хүртэл, нэг ажлын байрны дундаж өртөг 1 сая төгрөг гэж,

 

Хөдөлмөрийн яамны үүрэг...1.2...т зээлийн эх үүсвэрийг ТБны Багахангай дүүрэг дэх 3007 салбарын 30070002553 тоот дансанд шилжүүлнэ...,

 

Банкны эрх, үүрэг 4.4-т ... энэ гэрээний 1.2-т заасан зээлийн эх үүсвэрийг гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 6 сарын дотор зээл олголтонд бүрэн гаргана. Энэ хугацаанд зээл олголтонд гараагүй зээлийн эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө .

 

7.4-т ...Банк нь зээлийн эх үүсвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гэрээний хугацаанд эргүүлэн төлөөгүй бол зээлийн эх үүсвэрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэж тус тус заасан бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

2.2. БДХХҮХ, ТБны Багахангай дүүрэг дэх 3007 салбарын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж шүүх дүгнэлээ. Хамтран ажиллах гэрээгээр  хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байна.

 

2.3. Талууд гэрээнд заасан хамтын үйл ажиллагаа буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр ажлын байр бий болгох зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд зээл олгох үйл ажиллагааг банкаар дамжуулан гүйцэтгүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулах бөгөөд энэхүү үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг 2013 оны 09 сарын 06-наас 2015 оны 12 сарын 31 хүртэл хугацаатай байгуулсан байна.

 

 

2.4. Гэрээнд зааснаар Багахангай хөдөлмөр эрхлэлтийн сангаас 200 000 000 төгрөгийг 2013 оны 11 сарын 13-ны өдөр Засгийн газрын төслийн зээлийн санхүүжилт гэсэн агуулгаар ТБны дансанд шилжүүлснээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэлээ.

 

2.5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Талуудын байгуулсан гэрээний банкны эрх үүрэг 4.4-т ... энэ гэрээний 1.2-т заасан зээлийн эх үүсвэрийг гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 6 сарын дотор зээл олголтонд бүрэн гаргана. Энэ хугацаанд зээл олголтонд гараагүй зээлийн эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэж заажээ.

 

Хариуцагч ТБ гэрээний 4.4-т зааснаар гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор зээл олголтонд бүрэн гаргах үүргээ гүйцэтгээгүй буюу 2013 оны 11 сарын 05-ны өдөр байршуулсан зээлээс 2016 оны 01 сарын 12-ны өдрийн байдлаар 17 иргэнд 47 985 500 төгрөгийн зээл олгосон, 152 014 500 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь алданги тооцсон хүснэгт, тооцоололоор тогтоогдож байна.

 

 Хариуцагч ТБны гүйцэтгээгүй үүрэгт тооцсон алдангийг  Үндэсний аудитын газрын 2015 оны 03 сарын 02-ны өдрийн 3/5 дугаартай актаар ... 2013 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний 4.14-т энэ гэрээний 1.2-т заасан зээлийн эх үүсвэрийг гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 6 сарын дотор зээл олголтонд бүрэн гаргана. Энэ хугацаанд зээл олголтонд гараагүй зээлийн эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна...гэрээний заалтаар 3 648 348 төгрөгийн алдангийг ТБны Багахангай дүүргийн салбараар 2015 оны 04 сарын 20-ны дотор төлүүлж Багахангай дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дах дансанд төвлөрүүлэх актаар тогтоогдож байна. 

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй үүргийн алдангийг шаардах эрхтэй байна.

 

3. Талуудын байгуулсан гэрээний 7.4-т ...Банк нь зээлийн эх үүсвэрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гэрээний хугацаанд эргүүлэн төлөөгүй бол зээлийн эх үүсвэрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэж заажээ.

 

            Талуудын байгуулсан гэрээ нь 2013 оны 09 сарын 06-наас 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан хэдий ч хариуцагч ТБ нь  2016 оны 01 сарын 21-ний өдөр 200 000 000 төгрөгийг Төрийн сан Багахангай дүүрэг Хөдөлмөр эрхлэлтийн санд буцаан шилжүүлсэн байна.

 

Хариуцагч үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн үүргийн алдангийг Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 сарын 27-ны өдрийн 02-06-032/433 тоот актад ...гэрээний 7.4-т гэснийг зөрчин 2016 оны 01 сарын 21-нд 21 хоног хэтрүүлсэн алданги 4200 000 төгрөгийг ТБны Багахангай дүүргийн салбараар нөхөн төлүүлэх актаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч БДХХҮХ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

 

4.1. Талуудын байгуулсан гэрээний 4.14, 7.4, Үндэсний аудитын газрын акт, Мэргэжлийн хяналтын газрын акт зэрэгт хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн алдангийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д төвлөрүүлэх гэж тус тус заасан хэдий ч БДХХҮХ нэхэмжлэл гаргасан нь дараах хуулийн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих арга хэмжээ нь иргэний ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэх санаачилгыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэрэгслээр дэмжин туслах хэлбэртэй байна гэж заажээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 375 дугаар тогтоолоор  "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан.

 

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

1.2. Сан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлнэ.


1.3 Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хариуцна.
 

1.4. Сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сантай байна.


1.5. Сангийн харилцах дансны 1 болон 2 дугаар гарын үсгийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга болон сан хариуцсан нягтлан бодогч, дэд сангийн харилцах дансны 1 болон 2 дугаар гарын үсгийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга болон нягтлан бодогч тус тус зурна.

 

Хоёр: Сангийн орлогын эх үүсвэр. 2.1. Сангийн хөрөнгө нь улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө гэж заажээ.

 

Иймд дээрх хууль болон Засгийн газрын 375 дугаар тогтоолоор БДХХҮХ нь талуудын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл болох гэрээний 4.7, 7.14-т заасан алдангийг  нэхэмжилж, улсын төсвийн хөрөнгөд төвлөрүүлэх үүрэгтэй гэж үзэхээр байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

 

5. Хариуцагч ТБ ХХК хариуцагчаар оролцох этгээд болох тухайд:  

 

ТБны гүйцэтгэх захирлын 2012 оны 02 сарын 18-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан гэрээ хянах, байгуулах, бүртгэх журмын 3.1, 3.2, 3.3-д холбогдох газар, хэлтэс, нэгжүүд нь гэрээ хэлцэл байгуулахаар харилцан тохиролцоонд хүрч гэрээ байгуулахаар болсон тохиолдолд гэрээний төслийг боловсруулж, тамгын хэлтсийн хуульчаар хянуулна.. төсөл нь мөнгөн дүнтэй бол хуулийн ахлах ажилтан, хуульчид хянуулахаас өмнө дэд захиралд танилцуулж, зөвшөөрөл авна...гэрээ байгуулснаар банкинд үүсэх, эрх, хариуцлага зэргийг тусгаж...захирлуудад танилцуулж гарын үсэг зуруулна...эрх бүхий албан тушаалтанд танилцуулж гэрээг эцэслэн батлуулна гэж заасныг зөрчсөн гэжээ. /хх107/

ТБны Багахангай дүүрэг дэх 3007 салбарын тооцооны төв нь Багахангай Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулахдаа ТБны гэрээ хянах, байгуулах, бүртгэх журамд зааснаар гэрээгээ хянуулаагүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй гэж заажээ.

 

Иймд талуудын байгуулсан гэрээний үр дагаврыг ТБны Багахангай дүүрэг дэх салбар хариуцах үндэслэлгүй бөгөөд харин ТБ ХХК хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

6. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

 

Талуудын байгуулсан гэрээ нь 2013 оны 09 сарын 06-наас 2015 оны 12 сарын 31 хүртэл хугацаатай байгуулсан бөгөөд хариуцагч ТБ 2016 оны 01 сарын 12-ны өдөр 152 төгрөг буцаан шилжүүлснээр нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан... эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг эрх зөрчигдсөн үеэс эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлсэн, улмаар энэ эрхээ тасралтгүй үргэлжлүүлж байсан болох нь хариуцагч талд 2015 оны 01 сарын 22-ны өдрийн 17 тоот, 2015 оны 04 сарын 20-ны өдөр 66 тоот, 2016 оны 01 сарын 12-ны өдөр 19 тоот, 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 463 тоот, 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 288 дугаартай тоотоор гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Улмаар хамгийн сүүлд буюу 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 288 дугаартай албан тоотоос хойш гэрээний үүрэгтэй шаардлага гаргах 3 жилийн хугацаанд буюу 2021 оны 07 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ТБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 175,791 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тус тус

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 75 дугаар зүйлийн 75.1.2, 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч ТБ ХХК-иас хамтран ажиллах гэрээний алданги 10,052,561 төгрөгийг гаргуулж БДХХҮХ-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ТБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 175,791 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОН