Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2022/00538

 

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2022/00538

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 5 дугаар баг, Наранбулагийн 25-01 тоотод оршин суух Г овогт О.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 7 дугаар баг, Тамир хороололлын 48-08 тоотод оршин суух Б овогт Л.О- холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

  Хариуцагч Л.О-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.О-т холбогдуулан 8,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч О.С нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Миний бие О.С нь Б-эй хамтын амьдралтай байхдаа О, О нараас 15,000,000 төгрөгөөр хашаа байшин авахаар тохиролцож тэдэнд 8,650,000 төгрөгийг О-н данс руу хийсэн буюу заримыг бэлэн мөнгөөр өгч байсан. Ямар ч байсан 4,000,000 төгрөгийг Отгончимэгт бэлнээр өгсөн. Сүүлдээ хашаа байшингаа авахаар болж буцаасан. Одоо О-с хашаа байшин авах зорилготой өгсөн 8,650,000 төгрөгийг буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Энэ мөнгийг төлүүлэх гэж маш олон удаа шаардсан боловч өгөхгүй өдий хүрч байна. Иймээс Отгончимэгээс 8,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч О.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б-тэй хамтын амьдралтай байхдаа н.О, Л.О хоёроос 15,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдан авахаар тохиролцоод 8,650,000 төгрөгийг Л.Отгончимэгт дансаар болон бэлнээр өгсөн. Бямбацэрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт амьдрахаа болиод хашаа байшингаа буцаагаад авахаа болсон. Тэгээд н.Отгонжаргал, Л.О нараас мөнгөө авах гэсэн боловч өгөхгүй байсан. Би хашаа байшингаа зарахаар нь авъя гэж бодоод байсан. Тэгээд удаан хугацааны дараа мөнгөө бага багаар өгөөч гэж гуйсан. Өгөхгүй байсан учраас би шүүхэд нэхэмжлэл өгсөн. Тэгсэн Л.Отгончимэг нь намайг чи яагаад шүүхэд өгч байгаа юм бэ? Чамайг мөнгөө олж авахыг чинь харна гэж хэлсэн. Миний бие одоо хашаа байшин худалдалдан авсан мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Одоо Ж.Бямбацэрэн бид хоёр тусдаа амьдарч байгаа. Л.Отгончимэгт өгсөн 8,650,000 төгрөгөөс 4,650,000 төгрөгийг Ж.Бямбацэрэн бид хоёр хувааж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг би өгсөн. Ж.Бямбацэрэн Илч ХХК-д ажилладаг байсан. Манай цалин сарын 25-ны үеэр буудаг, Ж.Бямбацэрэнгийн цалин сар дамнаж ордог учраас би өөрт байгаа эд хөрөнгөө барьцаалж мөнгө болгоод өөрийн цалинтайгаа нийлүүлээд хашаа байшингийн мөнгөндөө өгдөг байсан. Тухайн үед банкны зээлтэй байсан учраас Ж.Бямбацэрэнгийн цалингаар банкны зээлээ төлдөг байсан. Миний тооцоогоор Л.Отгончимэгт өгсөн 8,650,000 төгрөгөөс би 6,000,000 төгрөгийг гаргаж Л.Отгончимэгт өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ж.Бямбацэрэнгийн авсан 1,500,000 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг нь хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: Лувсансамдан овогтой Отгончимэг миний бие Саруултуяа гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. Саруултуяа гэдэг хүний нөхөр Бямбаа гэдэг хүнд хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           

            4. Нэхэмжлэгчээс:  

- 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 509 дугаартай итгэмжлэл

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 129/ШЗ2021/00310 дугаар захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын хүсэлтээр Ж.Бямбацэрэнгээс авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.С хариуцагч Л.О-т холбогдуулан гаргасан 8650000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад 7,150,000 төгрөг гаргуулахаар багасгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 1,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

- Би Ж.Бямбацэрэнтэй хамтын амьдралтай байхдаа н.Отгонжаргал, Л.Отгончимэг нараас 15,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдан авахаар тохиролцсон бөгөөд 8,650,000 төгрөгийг Л.Отгончимэгт дансаар болон бэлнээр өгсөн. Худалдан авсан хашаа, байшингаа буцааж Л.Отгончимэгт өгсөн 8,650,000 төгрөгөө буцааж авахаар удаа дараа Л.Отгончимэгээс шаардсан боловч буцааж өгөөгүй. Иймд Л.Отгончимэгээс хашаа, байшин худалдан авахад өгсөн 8,650,000 төгрөгөөс Ж.Бямбацэрэнд өгсөн 1,500,000 төгрөгийг хасаад үлдсэн хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Л.О доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

- Би О.Саруултуяа гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. О.Саруултуяа гэдэг хүний нөхөр н.Бямбаа гэдэг хүнд хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч Л.Отгончимэгийн шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар, 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 509 дугаартай итгэмжлэл, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 129/ШЗ2021/00310 дугаар захирамж, гэрч Ж.Бямбацэрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.Саруултуяа нь хариуцагч Л.Отгончимэгээс хашаа байшин худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд О.Саруултуяагаас 6 сая төгрөг, Ж.Бямбацэрэнгээс 2,650,000 төгрөг нийт 8,650,000 төгрөгийг  хариуцагч Л.Отгончимэгт хүлээлгэн өгч түүний хашаа байшинд нэхэмжлэгч О.Саруултуяа, гэрч Ж.Бямбацэрэн нар хамтран амьдарч байсан, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан байна. Зохигч хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж нэхэмжлэгч худалдан авсан хашаа, байшинг хариуцагчид буцаан өгч, уг худалдан авсан хашаа, байшинд амьдрахгүй байгаа үйл баримттай талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч О.Саруултуяагийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл болох 8,650,000 төгрөгөө Л.Отгончимэгээс буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Отгончимэг эс зөвшөөрч “О.Саруултуяа гэдэг хүний нөхөр н.Бямбаа гэдэг хүнд хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Бямбацэрэнг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Бямбацэрэн худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараа шүүх хуралдаанд “ ...Л.Отгончимэгээс хашаа байшинг 15 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 4 сая төгрөгийг бэлнээр өгсөн, нийт 8,650,000 төгрөг өгсөн. 1,500,000 төгрөгийг нь би 2021 оны өвөл авч хэрэглэсэн. 2021 онд би О.Саруултуяад итгэмжлэл хийж өгсөн. Үүний дараа Отгонжаргал надтай уулзаад энэ мөнгийг Саруултуяа тэр чигээр нь авах гээд байна, шүүхээр ороод яахав дээ, би чамд корола машин өгье гэж хэлсэн. Тэгээд би О.Саруултуяагийн итгэмжлэлээс татгалзсан. ...8,650,000 төгрөгөөс 4 сая төгрөгийг нь би бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үед Саруултуяа мөнгийг гаргасан. Бид 2 ажил хийгээд бүрдүүлж цувуулж өгч байсан. 8650000 төгрөгөөс 6 сая төгрөгийг О.Саруултуяа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрнө. 4,650,000 төгрөгийг нь дансаар болон бэлнээр өгч байсан. Хашаа байшин авах гээд буцаагаад байгаа үйл явдал 2019 оны өвлөөс 2020 оны хавар болсон үйл явдал. Отгончимэгээс 8,650,000 төгрөг аваагүй, 1,500,000 төгрөгийг аваад банкинд хийсэн.” гэсэн  мэдүүлэг өгсөн.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч О.Саруултуяагийн “... миний тооцоогоор би Л.Отгончимэгт 6,000,000 төгрөг өгсөн... Энэ мөнгийг төлүүлэх гэж маш олон удаа шаардсан боловч өгөхгүй өдий хүрч байна” гэх тайлбар болон гэрч Ж.Бямбацэрэнгийн  мэдүүлгээр нэхэмжлэгч тал худалдан авсан хашаа, байшингаа хариуцагчид буцааж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар талууд гэрээнээс татгалзсан үйл баримт, нэхэмжлэгч О.Саруултуяад гэрээний гүйцэтгэл болох 6 сая төгрөгийг буцаан өгөөгүй, гэрч Ж.Бямбацэрэнд 1,500,000 төгрөг буцаан өгсөн үйл баримт тус тус  тогтоогдсон.

 

 Нэхэмжлэгч О.Саруултуяа нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Л.Отгончимэгээс худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл болох 6,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч О.Саруултуяа хариуцагч Л.Отгончимэгээс 7,150,000 төгрөг нэхэмжилснээс 6 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй болох нь тогтоогдсон, 1,150,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй болохоо нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Отгончимэгээс 6 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Саруултуяад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Отгончимэгээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Саруултуяад олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Л.О-с 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,150,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-с улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.С-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН