Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Насанд хүрээгүй хохирогч Г.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Хишигжаргал,

Шүүгдэгч Ө.Ш- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ш-д холбогдох эрүүгийн 17380008900020 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө.Ш-,

Шүүгдэгч Ө.Ш- нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг “Улаанхад” гэх газарт насанд хүрээгүй Г.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Ш- нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг “Улаанхад” гэх газарт насанд хүрээгүй Г.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн “...Ө.Ш- чи миний ээжийг байхгүй байхад нь юу гэж доромжлоод байгаа юм бэ гээд мотоциклиосоо буугаад чулуу аваад надруу дайраад чулуугаа хаяснаа гараараа толгой хэсэгт 2-3 удаа цохиод чамайг алчихсан байхад хууль үйлчлэхгүй, алчихсан байхад араас чинь гэх хүн байхгүй ээж чинь чамайг хаяад явсан биз дээ гээд дайраад байсан. Тухайн үед би зэл түшиж байснаа санаж байгаа юм. Тэгээд ухаан алдсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд Ө.Ш- явчихсан байсан. Дараа нь Сумъяажав манай эгчтэй хэрүүл хийгээд байх шиг байсан. Би тухайн үед дахин ухаан алдаад унасан байсан. Нэг мэдэхэд Түмэн-Өлзий ирчихсэн эмч үзээд даралтны эм өгөөд толгой хөдөлчихсөн байна гэж төв орж бариулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Б.- “...Ө.Ш- мотоцикль дээр сууж байснаа яахаараа манай ээж янхан байдаг юм гээд бууж очоод Г.А-г алгадаад авсан. Тэгэхээр нь би боль чи яв гэж хэлсэн. Удалгүй Ө.Ш- гэрлүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Г.С-ын “ ... Ө.Ш- мотоциклийн хажуу талд байж байснаа чи ээжийг доромжилдог хэн юм бэ гээд Г.А-г нэг удаа алгадсан, би Ө.Ш-ийг боль гээд болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч Т.Б-йн “ Ө.Ш- чулуу барьж хүрч ирснээ чулуугаа хаяад хоёроос гурван удаа толгой хэсэгт нь цохиод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 466 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ө.Ш- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Г.А-д нотлох баримтын хэмжээнд 388.950 /гурван зуун наян найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 17380008900020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Муумайхан овогт Өсөхжаргалын Ө.Ш-ийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ш-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Ш-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Ш-эс 388.950 /гурван зуун наян найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.А-д олгосугай.

      7. Эрүүгийн 17380003200018 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН