Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

 

 

 

Б.Ө, Т.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэг /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Соронзонболд /онлайнаар/, Б.Баярмагнай,

Шүүгдэгч Т.У, Б.Ө,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/1164 дүгээр шүүгчийн захирамжтай Б.Ө нарт холбогдох 1934008400158 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Т.У, Б.Ө нар нь бүлэглэн 2019 оны 09 сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэр Гоймондоо хоолны газрын орчим албан үүргээ гүйцэтгэж яваад иргэн Пүрэвжалын Галбадрахыг Тоёота Ландкруйзер 200 маркийн 96-11 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад таарч, түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж сэжиглэж улмаар түүнийг согтуурлыг шалгах гэсэн боловч Угтаалцайдам сум дахь Цагдаагийн хэсгийн албан хаагч нар эзгүй, тусгай зориулалтын хэрэгсэл байхгүй байсан тул тухайн газраас 50 орчим километрын зайд орших Баянхангай сум дахь Цагдаагийн хэсэг рүү түүнийг авч явах тухай мэдэгдэхэд “Би Атар /Баянхангай/ сум руу явахгүй” гэж хэлж машинаас буух оролдлого хийхэд нь “Атар руу гээд буруу хэлчихсэн байна танай цагдаагийн хэсэг рүү авч явна” гэж хуурч мэхлэн цагдаагийн албаны 23-52 ТӨВ улсын дугаартай Ниссан AD маркийн автомашины баруун хойд талын суудалд буцаан суулгаж, автомашины хаалгыг нь дотор талаас нь онгойлгох боломжгүй болгон цоожилж, хүсэл зоригийнх нь эсрэг биеийн хүчийг үндэслэлгүйгээр хэрэглэж, хөдөлгөөнийг нь хязгаарласны улмаас түүний зүрхний архаг цус хомсрох өвчинг сэдрээж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/1164 дүгээр шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бат-Эрдэнийн Ө, Боржигон овгийн Төмөрхүүгийн У нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ө, Т.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, хэн хэрхэн яаж үйлдсэн талаар/ болон нотолбол зохих байдал зэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоосон болно.

Яллагдагч Т.У, Б.Ө нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэр Гоймондоо хоолны газрын орчим албан үүрэг гүйцэтгэж яваад иргэн Пүрэвжалын Галбадрахыг Тоёота Ландкруйзер 200 маркийн 96-11 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад таарч, түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж сэжиглэж улмаар түүний согтуурлыг шалгах гэсэн боловч Угтаалцайдам сум дахь Цагдаагийн хэсгийн албан хаагч нар эзгүй, тусгай зориулалтын хэрэгсэл байхгүй байсан тул тухайн газраас 50 орчим километрын зайд орших Баянхангай сум дахь Цагдаагийн хэсэг рүү түүнийг авч явах тухай мэдэгдэхэд “Би Атар /Баянхангай сум/ руу явахгүй” гэж хэлж, машинаас буух оролдлого хийхэд нь “Атар руу гээд буруу хэлчихсэн байна, танай цагдаагийн хэсэг рүү авч явна” гэж хуурч мэхлэн, цагдаагийн албаны 23-52 ТӨВ улсын дугаартай Ниссан AD маркын автомашины баруун хойд талын суудалд буцаан суулгаж, автомашины хаалгыг нь дотор талаас нь онгойлгох боломжгүй болгон цоожилж, хүсэл зоригийнх нь эсрэг биеийн хүчийг үндэслэлгүйгээр хэрэглэж, хөдөлгөөнийг нь хязгаарласны улмаас түүний зүрхний архаг цус хомсрох өвчинг сэдрээж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг 07 минутад амь хохирогч П.Галбадрахыг хүлээн авсан яаралтай тусламжийн хуудас /1 хх-ийн 51-р хуудас/, гэрч Г.Шинэбаярын мэдүүлэг... /1 хх-ийн 53-55-р хуудас/, гэрч Х.Тулгабаатарын мэдүүлэг... /1 хх-ийн 57-59-р хуудас/, гэрч Ж.Бямбадуламын мэдүүлэг.. /1 хх-ийн 62-63-р хуудас/, гэрч Г.Одгаравын мэдүүлэг... /1 хх-ийн 65-66-р хуудас/, гэрч Н.Нарантунгалагийн мэдүүлэг... /1 хх-ийн 69-70-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн мэдүүлэг... /1 хх-ийн 71-74-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн дахин өгсөн мэдүүлэг... /1 хх-ийн 75-76-р хуудас/, тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 129-133-р хуудас/, Төв аймгийн Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 134-138-р хуудас/, Төв аймгийн Угтаалцайдам сумын Петровис шатахуун түгээх станцын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, Зариг.мн сайтад гарсан бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 139-145-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, газар зүйн зураглал, талийгаач П.Галбадрахын утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Скайтел компанийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19/7351 дугаартай албан бичгээр ирүүлсэн дуудлагын жагсаалт /1 хх-ийн 146-168-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэгээс гаргаж өгсөн талийгаач П.Галбадрахын нас барсаны дараах үеийн түүний биеийн толгой, нүүр, баруун хавирганы хэсгийг харуулсан 3 ширхэг гэрэл зураг /1 хх-ийн 218-220-р хуудас/, гэрч Ю.Батзоригийн мэдүүлэг... /1 хх-ийн 242-243-р хуудас/, гэрч Ч.Мөнхболдын мэдүүлэг... /1 хх-ийн 245-247-р хуудас/, гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг... /2 хх-ийн 2-3-р хуудас/, гэрч Н.Хадбаатарын мэдүүлэг... /2 хх-ийн 12-р хуудас/, гэрч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг... /2 хх-ийн 9-10-р хуудас/, гэрч Ц.Амарсанаагийн мэдүүлэг... /2 хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Г.Шинэбаярын мэдүүлэг... /2 хх-ийн 22-24-р хуудас/, гэрч Б.Үүрдмөнхийн мэдүүлэг... /2 хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Ц.Батбаярын мэдүүлэг... /2 хх-ийн 84-87-р хуудас/, гэрч Ч.Хүрэлбаатарын мэдүүлэг... /2 хх-ийн 88-90-р хуудас/, гэрч Д.Баттөмөрийн мэдүүлэг... /2 хх-ийн 91-93-р хуудас/, гэрч Ө.Бадралын мэдүүлэг... /2 хх-ийн 34-37-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн дахин өсгөн мэдүүлэг... /2 хх-ийн 47-49-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн дахин өсгөн мэдүүлэг... /2 хх-ийн 50-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Б.Ө, Т.У нар нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэр Гоймондоо хоолны газрын орчим албан үүрэг гүйцэтгэж яваад иргэн Пүрэвжалын Галбадрахыг Тоёота Ландкруйзер 200 маркын 96-11 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад таарч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж сэжиглэжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасан "Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг зориулалтын тусгай хэрэгслээр шалгах" гэж заасны дагуу П.Галбадрахын согтуурсан, мансуурсан эсэхийг шалгах арга хэмжээ авах гэсэн боловч Угтаалцайдам сум дахь Цагдаагийн хэсгийн албан хаагч нар эзгүй, тусгай зориулалтын хэрэгсэл байхгүй байсан тул тухайн газраас 50 орчим километрын зайд орших Баянхангай сум дахь Цагдаагийн хэсэг рүү түүнийг авч явахаар шийдвэрлэсэн байна. Цагдаагийн албан хаагч нараас Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Пүрэвжалын Галбадрахад "машинд суух" шаардлага тавихад тэрээр шаардлагыг биелүүлж автомашинд суусан байх бөгөөд, түүнийг Баянхангай сум руу авч явах тухай мэдэгдэхэд "Би Атар /Баянхангай сум/ руу явахгүй" гэж хэлж, машинаас буух оролдлого хийхэд нь "Атар руу гээд буруу хэлчихсэн байна, танай цагдаагийн хэсэг рүү авч явна" гэж хуурч мэхлэн, цагдаагийн албаны 23-52 ТӨВ улсын дугаартай Ниссан AD маркын автомашины баруун хойд талын суудалд буцаан суулгаж, автомашины хаалгыг нь дотор талаас нь онгойлгох боломжгүй болгон цоожилж, Гоймондоо гэх хоолны газраас хөдөлж, “би явахгүй, эндээ үлдэнэ, гэр рүүгээ явмаар байна" гэж хүссэн П.Галбадрахад "танай бригад хаана байна вэ? танай бригад руу явъя" гэж хуурч мэхлэн, Гоймондоо хоолны газраас 0,5 км зайд байрлах НИК ШТС-ийн ойролцоо түр зогсон, тухайн газраас цааш Төв аймгийн Баянхангай сумын чиглэлд автомашиныг Б.Ө жолоодон явсан байна.

Автомашины урд талд байрлах зорчигчийн суудалд зорчиж явсан, ахлах мөрдөгч Т.У нь П.Галбадрахыг машины цонх хаалга руу гар халөөрөө цохисон, "хошногонууд минь, бөгснүүд минь, муу пизда нар минь" гэх зэргээр хэл амаар доромжилсон гэдгээр шалтаглан, автомашин явж байх үед урд талын зорчигчийн суудлаас хойд талын зорчигчийн суудал руу шилжиж, Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан "цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, баривчлах, эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд биеийн хүчийг хэрэглэнэ", мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт заасан "албадлагын арга хэмжээг нэн тэргүүнд хэрэглэхгүй байх нийтлэг шаардлагыг баримтлана", 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан "Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно", 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасан "Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа олгоно" гэсэн заалтуудыг зөрчиж, П.Галбадрахын баруун болон зүүн бугалганаас барих, базах, өмсөж явсан хар болон улаан судалтай богино ханцуйтай цамцны захнаас заамдаж, автомашины хаалга руу шахах зэргээр биеийн хүч буюу албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна

Т.У нь Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 32.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно" гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байхад энэ тухай П.Галбадрахад тайлбарлаж өгөлгүй, 50 км зайд орших Баянхангай сум руу авч явахаар хүсэл зоригийнх нь эсрэг шаардлага тавьсны улмаас П.Галбадрах уурлах, бухимдах зэргээр сэтгэл санааны байдал өөрчлөгдсөн, биеийн хүчийг үндэслэлгүйгээр хэрэглэж, хөдөлгөөнийг нь хязгаарласны улмаас ядрах, сульдах зэргээр биеийн байдал мөн өөрчлөгдсөний улмаас түүний зүрхний архаг цус хомсрох өвчин сэдрэх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Цагдаагийн албан хаагч Т.У, Б.Ө нар нь бүлэглэн П.Галбадрахыг удаа дараа хуурч мэхлэн автомашинд суулгасан, үндэслэлгүйгээр биеийн хүч хэрэглэсэн, дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ тооцуулах боломжийг П.Галбадрахад олгоогүй, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлж, хууль ёсны шаардлага тавилгүй, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан "Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй", 22.2 дугаар зүйлд заасан "Цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэж, авсан арга хэмжээтэй холбогдон хүн, хуулийн этгээдэд үүсэх эрх, үүрэг, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй", 22.5 дугаар зүйлд заасан "Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй" гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Пүрэвжалын Галбалбадрахын амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж байна. Мөн шүүгчийн захирамжид нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар яг ямар ажиллагаа хийлгэх гээд байгаа нь тодорхой тусгагдаагүй бөгөөд ойлгомжгүй байна гэж үзэхээр байна.

Талийгаач П.Галбадрахын үхлийн шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4671 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 103-108-р хуудас/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 112-139-р хуудас/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 141-142-р хуудас/, Шинжээч И.Ганболорын мэдүүлэг... /2 хх-ийн 145-148-р хуудас/, Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 166-172-р хуудас/, “Суварга Буян” ХХК-ийн оршуулсан шарилыг гаргах үйлчилгээний бүртгэлийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 173-174-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, О.Болороо, Б.Энхжин нарын бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 183-196-р хуудас/, Шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг... /2 дугаар хх-ийн 197-199-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар талийгаач П.Галбадрах нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Дээрх өвчин сэдрэх нөхцөл байдал нь сэтгэл санааны эерэг, сөрөг хөдлөл уурлах бухимдах, баярлах хөөрөх, гуниглах үед сэдэрдэг. Дээрх сэтгэлийн хөдөлгөөний улмаас энэхүү өвчин нь үхэлд хүргэх боломжтой талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболд нь маш тодорхой тайлбарласан байдаг.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд талийгаач П.Галбадрахын үхлийн шалтгааныг дахин тодруулах зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэргийн материалаар дахин гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь талийгаач П.Галбадрах нь зүрхний цус хомсрох архаг хууч өвчний улмаас нас барсан болох нь шинжээч нарын дүгнэлт, тайлбараар тогтоогдсон. Мөн цогцосны үзлэг, шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач П.Галбадрахын биеийн хоолой хэсэгт боомилсон ул мөр гэмтэл учраагүй болох нь хөдөлбөргүй тогтоогдсон билээ.

Мөн шүүгчийн захирамжид хэрэгт ямар ажиллагаа хийх, захирамжид дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэсэн хэрнээ ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн талаар дурьдаагүй, мөн ноцтой зөрчсөн гээд байгаа зөрчлөө хэрхэн засах талаар чиглэл өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа тохиолдолд ямар ажиллагааг хийлгэх, гарсан алдааг хэрхэн засуулах талаар чиглэлийг захирамждаа дурьдаагүй шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна.

Хэрэв шүүх нотлох баримтыг ойлгомжгүй гэж үзэж байгаа бол шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлт хийн тодруулж шийдвэрээ гаргах ёстой бөгөөд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ. Иймд яллагдагч Т.У нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/1164 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай нотлогдсон. Насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн өгсөн мэдүүлгүүд зөрүүгүй байгаа. Шалгавал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярцэцэг гаргасан тайлбартаа: Тусгай зориулалтын согтуурал шалгадаг багаж нь сумын эмнэлэг дээр байсан. Гэтэл байгаагүй гээд худлаа яриад байна. Энэ 2 хүний мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Миний аав ямар ч өвчин гэдэггүй хүн байсан. Хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтад буцаах ямар нэгэн үндэслэл байхгүй. Хэргийн үйл баримт тогтоогдсон. Нотлогдоогүй зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл энэ хүмүүс ажлаа хийгээд явж байгаа. Оршуулгын зардал огт төлөөгүй. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Бүлэглэн гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй. Шүүгчийн захирамжид мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нөхөн гүйцэтгэх ажиллагааг тодорхой зааж өгсөн. Шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тодорхойгүй. Гэрч Н.Даваадорж янз бүрээр мэдүүлдэг. Шинжээч мөн ойлгомжгүй мэдүүлэг өгдөг. Ямар шалтгааны улмаас өвчин нь сэдэрсэн талаар тодорхой тайлбарладаггүй. Хүсэл зоригийн эсрэг биеийн хүчийг үндэслэлгүйгээр хэрэглэсэн гэж хуульд байхгүй үндэслэлээр буруутгасан. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.У гаргасан тайлбартаа: Энэ үйл явдалд харамсдаг. Оршуулгын зардал өгөх гэсэн боловч 85 сая төгрөг нэхсэн тул өгч чадаагүй. Яллах талыг барьж нотлох баримт бүрдүүлсэнд харамсаж байгаа. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ө гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.У, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор заасан.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “шүүгдэгч Т.У, Б.Ө нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэр Гоймондоо хоолны газрын орчим албан үүргээ гүйцэтгэж яваад иргэн Пүрэвжалын Галбадрахыг Тоёота Ландкруйзер 200 маркийн 96-11 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад таарч, түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж сэжиглэж улмаар түүний согтуурлыг шалгах гэсэн боловч Угтаалцайдам сум дахь Цагдаагийн хэсгийн албан хаагч нар эзгүй, тусгай зориулалтын хэрэгсэл байхгүй байсан тул тухайн газраас 50 орчим километрын зайд орших Баянхангай суман дахь Цагдаагийн хэсэг рүү түүнийг авч явах тухай мэдэгдэхэд “Би Атар /Баянхангай/ сум руу явахгүй” гэж хэлж машинаас буух оролдлого хийхэд нь “Атар руу гээд буруу хэлчихсэн байна, танай цагдаагийн хэсэг рүү авч явна” гэж хуурч мэхлэн цагдаагийн албаны 23-52 ТӨВ улсын дугаартай Ниссан AD маркийн автомашины баруун хойд талын суудалд буцаан суулгаж, автомашины хаалгыг нь дотор талаас нь онгойлгох боломжгүй болгон цоожилж, хүсэл зоригийнх нь эсрэг биеийн хүчийг үндэслэлгүйгээр хэрэглэж, хөдөлгөөнийг нь хязгаарласны улмаас түүний зүрхний архаг цус хомсрох өвчинг сэдрээж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон” гэх гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч П.Галбадрах, шүүгдэгч Т.У, Б.Ө нартай хамт нэг машинд насанд хүрээгүй гэрч Н.Даваадорж зорчиж явсан байна.

Н.Даваадорж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч юм.

Насанд хүрээгүй гэрч Н.Даваадорж 2019 оны 09 сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Галбадрах ахын толгой нь жолоочийн эсрэг тал руу харсан бие нь дээшээ харсан байдалтай байхад энгийн хувцастай цагдаа Галбадрах ахын хоолойг нь гараараа боогоод байсан. Хоолойгоо боолгосныхоо дараа нь боолгосон байх үедээ Галбадрах ах агаар дутагдаад бүгчимдээд байна гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоогоод буулгасан.Түүнээс хойш Галбадрах ах юм дуугараагүй” /1 хх-н 73 хуудас/,

2019 оны 10 сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ”...дүрэмт хувцасгүй цагдаа талийгаачийн пудволкны захыг мушгиж, талийгаачийн хоолойг боогоод хаалган тал руу шахаад дээрээс нь дараад байсан...” /2 хх-н 49 хуудас/ гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн байх тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг явуулах шаардлагатай ба насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгах нь шүүгдэгч Т.У, Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн” аль шинжээр Т.У, Б.Ө нарыг яллаж байгаа нь тодорхойгүй байх тул прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж үйлдэгдээгүй гэж үзнэ.

Мөн амь хохирогч П.Галбадрах нь төрийн тусгай албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн эсэх, төрийн тусгай албан хаагчийн үйл ажиллагаа нь холбогдох эрх зүйн хэм хэмжээний актад заасантай нийцсэн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Амь хохирогч П.Галбадрахын үхлийн шалтгааныг тогтоох Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 25-ны өдрийн №154  шинжээчийн дүгнэлт /2 хх-н 112-113/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 28-ны өдрийн №25 шинжээчийн дүгнэлт /2 хх-н 141-142/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн дугаар 194  шинжээчийн дүгнэлт гарчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэл бий болоогүй байх учир шүүгчийн захирамжид заагдсан шалгавал зохих асуудал болох бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэргийн материалаар дахин гаргуулах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд прокурорын эсэргүүцлийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгчийн захирамжид “...Т.У, Б.Ө нарыг бүлэглэн, албан үүргээ гүйцэтгэж яваад иргэн П.Галбадрахын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж яллаж байгаа ба хэрэв шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон тохиолдолд Иргэний хариуцагчаар шүүгдэгч нарын ажиллаж байсан албан байгууллагыг татах эсэх...” асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. 

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийн үндэслэлийн зарим хэсгийг энэ магадлалд дурдсан үндэслэлээр хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/1164 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Билгүүний гаргасан эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.У, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ