| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/01091/И |
| Дугаар | 181/ШШ2022/02406 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2022/02406
| 2022 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2022/02406 | Улаанбаатар хот |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БА ХХК/РД: /-д холбогдох,
Автомашиныг хууль ёсны өмчлөгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие Өндөрбуянт холдинг ХХК-нд 2013 оны 7 сард Зам хариуцсан захирлаар ажилд орсон бөгөөд тус компанийн оролцоотой хэд хэдэн томоохон зам угсралтын төслийг удирдан амжилттай хийж гүйцэтгэсэн.
Улмаар Өндөрбуянт холдинг ХХК-ийн Захирал Л.Эрдэнэбат миний ажлыг үнэлэн 2017 оны 6 сард намайг дагуулж яван 1000 машины зогсоол авто машины худалдааны төвөөс орж ирсэн приус маркийн авто машиныг надад хариу төлбөргүйгээр худалдан авч өгсөн. Ингэхдээ машины төлбөр болох 12,600,000 төгрөгийг компаниас бэлнээр төлсөн бөгөөд тухайн үед Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбат хэлэхдээ компанийн зүгээс чиний ажлыг үнэлэн өөрийн гэсэн унах унаатай болгож өгч байгаа юм шүү гээд машины гэрчилгээг шууд миний нэр дээр гаргуулж өгсөн. Машинд 8953УБС улсын дугаар авсан. Тэр өдөр би Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбатыг гэртээ урьсан бөгөөд эхнэр бид хоёр хамаг байдгаараа л захирлаа дайлж цайлан талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.
Ингээд би өөрийн машиныг хоёр жил гаруй унаж байтал Өндөрбуянт холдинг ХХК-ийн захирал өөрчлөгдөн Д.Ганбат гэж хүн 2019 оны 09 сард захирал болсон бөгөөд миний машиныг 2019 оны 10 сард хүчээр хурааж аван Өндөрбуянт холдинг ХХК-ийн охин компани болох Булнайн-Ар ХХК-ийн үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн. Улмаар тус компанийн ажилчид ээлжлэн миний машиныг албандаа унаж байсан бөгөөд одоогоор Булнайн-Ар ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Шинэчимэг албаны хэрэгцээндээ унасаар байгаа юм.
Би өөрийн өмчлөлийн машиныг Булнайн-Ар ХХК-иас удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг шалтгааи хэлэн уг машиныг буцааж өгөхгүй байгаа нь миний өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм. Энэ нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, МУ-ын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Машинаа авмаар байна гээд удаа дараа шаардлага тавьсан боловч гүйцэтгэх удирдлага солигдсон учир тодруулж байж машин өгөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж бүдүүлгээр харьцаж эхэлсэн. Тэгээд Өндөр буянт холдинг компанитай хамтарч ажилладаг******* ХХК-д тухайн машиныг Д.*******ийн зөвшөөрөлгүйгээр ашиглуулж эхэлсэн.
Иймд Булнайн-Ар ХХК нь миний өмчлөх эрхийг зөрчсөөр байх тул МУ-ын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн өөрийн өмчлөлийн 8953УБС улсын дугаар бүхий приус маркийн автомашиныг бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлж, уг эд хөрөнгийг өмчлөгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгуулахаар шүүхэд хандаж байна. гэв.
Хариуцагч Булнайн-Ар ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд Дашзэвэгийн *******ийн гаргасан 8953 УБС улсын дугаартай приус маркын тээврийн хэрэгслийг чөлөөлүүлж, уг машиныг хууль ёсны өмчлөгч Д.*******ийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир миний бие хариу тайлбар гаргаж байна.
Д.******* нь манай байгууллагын зам анги хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед орон нутаг руу зорчих хэрэгцээ их байсан тул албан хэрэгцээнд зориулж, уг тээврийн хэрэгслийг түүний нэр дээр авсан.
Учир нь хөдөө орон нутгийн зам дээр бичиг баримтын зөрчилгүй байлгах зорилгоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.*******өд гаргаж өгсөн болохоос тухайн тээврийн хэрэгслийг Д.*******өд шууд өмчлүүлээгүй юм.
Үүнийг ч Д.******* сайн мэдэж байсан бөгөөд манай байгууллагаас ажлаас гарахдаа тухайн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.
Харин авто машиныхаа нэрийг шилжүүлэх талаар холбогдоход миний машин мэтээр тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг тээврийн хэрэгслийг чанай байгууллага албан хэрэгцээндээ ашигладаг.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу Д.*******ийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулаад тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Эрдэнэбат өөрт олгоогүй эрхийг эдэлж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компаниас 12,600,000 төгрөг гаргуулсан нөхцөл байдал үүсээд байна. Мөн Л.Эрдэнэбат нь компанийн хөрөнгийг үрэн таран хийх, хувьдаа үлэмж хэмжээний мөнгө, хөрөнгө завших болон компанид 100 гаруй сая төгрөгийн хохиролтой гэрээ хийсэн зэрэг үйлдлүүд илэрснийг манайхаас хууль хяналтын байгууллагад шалгуулан ажиллагаа явуулж байгаа.
Уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргахаа үүгээр илэрхийлж байна. Иймээс нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 8953 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Л.Эрдэнэбатын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тайлбар, Өндөрбуянт холдинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан 8953 УБС улсын дугаартай автомашиныг шилжүүлж өхөгийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч******* ХХК нь тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Эрдэнэбат өөрт олгоогүй эрхийг эдэлж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компаниас 12,600,000 төгрөг гаргуулсан нөхцөл байдал үүсээд байна гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 8953 УБС улсын дугаартай Тоёота Приус/Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн № 01990815 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 8953 УБС улсын дугаартай Тоёота Приус/Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшиж, ашиглалтад байгаа талаараа маргахгүй байх ба нэхэмжлэгчид тус тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна.
Хариуцагч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж маргаж байх боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гүйцэтгэх захирал эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах ... компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж заасан.
Хариуцагчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Эрдэнэбат нэхэмжлэгчийн өмчлөлд 8953 УБС улсын дугаартай Тоёота Приус/Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийг хариу төлбөргүй шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Л.Эрдэнэбатын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 8953 УБС улсын дугаартай Тоёота Приус/Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь 8953 УБС улсын дугаартай Тоёота Приус/Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхөөс татгалзаж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг буюу өмчлөх эрхийг зөрчиж байгаа болох нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч нь 8953 УБС улсын дугаартай Тоёота Приус/Toyota Prius/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тус тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид 8953 УБС улсын дугаартай тоёота приус/toyota pruis/ маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-д 8953 УБС улсын дугаартай тоёота приус/toyota prius/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.*******өд шилжүүлж өгөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,000 төгрөгөөс 216,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 216,550 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-д 8953 УБС улсын дугаартай тоёота приус/toyota prius/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.*******өд шилжүүлж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,000 төгрөгөөс 216,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 216,550 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ