| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0222/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/214 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч Н.Д-,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 17380003200018 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Н-,
Шүүгдэгч Н.Н- нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд иргэн Н.Д-ыг нөхөртэйгээ хардсны улмаас нүүрэн тус газар нь алгадаж “хацар, эрүү, хүзүүнд хумсаар үүсгэгдсэн зулгаралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н- нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд иргэн Н.Д-ыг нөхөртэйгээ хардсны улмаас нүүрэн тус газар нь алгадаж “хацар, эрүү, хүзүүнд хумсаар үүсгэгдсэн зулгаралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.Д-ын: “2017 оны 06 дугаар сарын 25-ны өглөө миний хүүхэд харах үйлчилгээнд хамт ажилладаг Н.Н- багш утсаар дуудаад орж ир гэхээр нь яваад очтол... Н.Н- багш хүүхэд харах үйлчилгээний байрныхаа хаалгыг дотроос нь түгжээд “чи ямар зэвүүг хүүхэн бэ өнөөдөр чамайг алнаа, чи миний нөхөртэй явалддаг ямар ичдэггүй юм бэ гээд миний хацар дээр алгадаж шалан дээр унагаасан. Намайг босож ирж чадаагүй байж байтал үснээс зулгааж нүүр хүзүү зэргээр хумсаараа маажсан. Мөн хөл гар луу цохиж шалан дээгүүр үсдэж чирсэн. Тэгээд байж байтал утас нь дуугарч надаас холдохоор нь би хаалгыг нь онгойлгоод гарч зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч Н.Ц-ы: “...манай охин Н.Д- Нараа эгч залгаад ажил дээрээ ороод ирээч гээд байна гээд гарсан. ...Тэгтэл удалгүй Н.Д- өрөөсөн ээмэг нь байхгүй нүүр ам нь савартдаж цус гарсан, үс нь сэгсийчихсэн орж ирсэн. Араас нь Н.Н- орилж хашгираад алнаа гэж орилж хашгираад манай хашааны хаалганаас буцах шиг болсон. Тэгээд би охиныхоо нүүрийг нь хартал хүзүү хацар дээр хэд хэд маажсан хумсны шарх үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 391 тоот:
- Н.Д-ын биед гэмтэл тогтоогдлоо.
- Н.Д-ын биед хацар, эрүү, хүзүүнд хумсаар үүсгэгдсэн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,
Шүүгдэгч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Н.Д-од “... чи манай нөхөрт хэлсэн байна. Та хоёр өч төчнөөн мессеж бичсэн байсан, тэрийг чинь л би хэлсэн гэж хэлтэл Д-би тэгээгүй гэж уурлаад байхаар нь би зүүн гараараа хацар орчим нэг удаа алгадсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Н.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Н.Д- нь 3.060.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаар 2017 оны 8 дугаар сарын 01 гэсэн “Бажгар Оюу” ХХК гэсэн тэмдэгтэй мэдрэлийн эмчийн үзлэгт 10.000 төгрөг авсан гэх баримт /хх-ийн 65 дугаар хуудас/, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч гэрээний дугааргүй, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн дугаар бүхий тэмдэг дарагдаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Харин орон нутаг, аймаг хооронд зорчих тасалбарын үнэ болох 50.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн төлбөр 100.000 төгрөг, нийт 150.000 төгрөгийг шүүгдэгч Н.Н-гаас гаргуулан хохирогч Н.Д-од олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 17380003200018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Н-г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Н-гаас 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Д-од олгосугай.
6. Эрүүгийн 17380003200018 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ