Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/48

 

 

 

 

 

Г.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолтой Г.Од холбогдох 2034000000612 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15-16 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Нарийны хөтөл” гэх газар гэрийнхээ малын хашааны гадна өөрийн төрсөн эх 78 настай Д.Цэндийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж “ээж морь тавилаа гэж уурласан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр болон цээжин тус газар чулуугаар цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хуралт, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулж, мөн талийгаачийн аманд нь морины хомоол чихэж, онц харгис, хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Г.Оыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оыг 15 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тусгай тасагт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгахаар шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Г.Од холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.7-д заасан буюу "онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд 15 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1133 дугаартай "...Г.О нь F07.8 буюу тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байна..., ...Г.Оын дээрх эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно..., ...Г.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна..., ...Г.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна..., ...Г.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан байна..., ...Г.О нь сэтгэцийн хувьд цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна..., ...Г.Оын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна..." гэсэн дүгнэлт гарсан байна.

Яллагдагч Г.О нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ." гэж хуульд тусгайлан заасан байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд шүүгдэгч Г.Од холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, мөн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэх гэм буруугийн дүгнэлт хийжээ. Хавтаст хэргийн 155 дугаар талд СЭМҮТ-ийн Шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд шүүгдэгч Г.Оын сэтгэцийн өвчний дүгнэлтийг хийгээд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, мөн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна гэх дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомстлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно" гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэмт буруугийн талаар маш тодорхой хуульчилж өгсөн байх бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байна. Хуулийн дээрх заалт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Г.О нь нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэхдээ түүнийгээ хууль бус болохыг ухамсарлаж ойлгох ямар ч чадваргүй байсан болох нь харагдаж байна.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2017.01.30-ны өдрийн №23 дугаартай тогтоолд "Онц харгис хэрцгийгээр гэдэгт ... гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж..." гэж тогтоосон байна. Эрүүгийн 2034000000612 дугаартай хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг урьдчилан ухамсарлах урьдчилан харах ямар ч боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хүртэл гарсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс хууль хэрэглээн дээр алдаа гаргаж шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарласан байдлаар дүгнэлт гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн юм.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2019.12.16-ны өдрийн №659 дугаартай тогтоолд “...хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн гэсэн нөхцлийг шаардах ба..." гэж тодорхойлсон байна. Эрүүгийн 2034000000612 дугаартай хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг урьдчилан ухамсарлах урьдчилан харах ямар ч боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хүртэл гарсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс хууль хэрэглээн дээр алдаа гаргаж шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинжчанарыгухамсарласан байдлаар дүгнэлт гаргасан нь мөн л хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.

4. Анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үндэслэлүүдийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд гаргаж тавьсан бөгөөд анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх хангалттай үндэслэл болж байна.

5. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ" гэж заасан. Мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "...шүүх түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний дараа ял оногдуулна" гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.4-ийн 7 дахь хэсэгт "Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно" гэж заажээ. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хуульд заасан ялын төрөл биш бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялтай жишиж хугацааг тогтоож байгаа нь шүүгдэгч этгээдийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байгаа гэж үзэх үндэслэл байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021.02.09-ний өдөр хянан шийдвэрлээд 42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Г.Оыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулбал өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Од холбогдох эрүүгийн 2034000000612 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Шүүгдэгч Г.Оыг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15-16 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Нарийны хөтөл” гэх газар гэрийнхээ малын хашааны гадна өөрийн төрсөн эх 78 настай Д.Цэндийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж “ээж морь тавилаа гэж уурласан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр болон цээжин тус газар чулуугаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины аалзан хальсан доорх цус хуралт, хуйханд цус харвалт, хамар, хацар ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, нүүрэнд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулж, мөн талийгаачийн аманд нь морины хомоол чихэж, онц харгис, хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна. Шүүгдэгч Г.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэсэн бол санаатай хэрэгт тооцохоор хуульчилсан. Санаатай гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдаг.

Санаатай гэмт хэргийг үйлдсэн этгээдийн гэмт үйлдэлдээ хандаж буй ухамсрын түвшин буюу хэрэг хариуцах чадварын тухай асуудал эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн арван дөрвөөс дээш насны, хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрэг хариуцах чадвартай байх нь гэмт хэргийн субьектын нэг үндсэн шинж бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх гэдэг нь өөрийн хийж буй үйлдэл, эс үйлдэхүйн мөн чанар, утга учир, ач холбогдол, үүсэж болох үр дагаврыг зөв ойлгож, энэ үндсэн дээр үйл ажиллагаагаа ухамсартайгаар удирдах, залах чадвартай байх явдал юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай “...Шинжлүүлэгчийн танин мэдэхүйн бууралт тод илэрнэ. Ой тогтоолт, оюуны ажиллах чадвар эрс буурсан, сульдал илэрнэ. Сэтгэхүйн хүрээнд хийсвэрлэн дүгнэх үйлийн бууралт, хэт бодит сэтгэхүй давамгайлан илрэх ба зан төрхийн өөрчлөлт, түрэмгийллийн шинжүүд тод илэрнэ. Сэтгэл хөдлөлөө хянах, зохицуулах чадвар эрс суларсан, өөрийн сэтгэцийн байдалдаа шүүмжлэл эрс суларсан. Оюуны чадварын түвшин султай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 123-р тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх сэтгэц, эмгэг судлалын 1133 дугаартай “...Г.О нь F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байна. Г.О нь F07.8. тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, тэнэгрэл өвчтэй байна. Г.Оын дээрх эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно. Г.О нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. Г.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Г.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Г.О нь сэтгэцийн хувьд цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Г.Од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 133-136-р тал/ зэргээр Г.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь нотлогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийн Г.Оыг гэм буруутайд тооцсон нь буруу байна.

Учир нь: Сэтгэцийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ хэрэг хариуцах чадваргүй байсан болон гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна мөн хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан тусгай журмыг хэрэглэх учиртай байдаг.

Гэтэл мөрдөн шалгах, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад Г.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан тусгай журмыг хэрэглэлгүйгээр ердийн журмаар хянан шийдвэрлэж түүнд 15 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэн шийдвэрлэсэн нь буруу байна

Иймд энэ талаар бичсэн Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын “...Яллагдагч Г.О нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ." гэж хуульд тусгайлан заасан байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд шүүгдэгч Г.Од холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгах” гэх агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэснийг хүлээх авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болохын дурдав.

Шүүгдэгч Г.Оыг хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон хэргийг прокурорт хүргэгдэн очтол түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 02 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Од холбогдох эрүүгийн 2034000000612 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Г.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэргийг прокурорын газарт очих хүртэл түүнийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн тусгай тасагт шилжүүлсүгэй.

3. Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

        ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ