| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0950/З |
| Дугаар | 128/ШШ2023/0095 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2023/0095
2023 01 25 128/ШШ2023/0095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Синчи-Ойл ХХК,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан,
Гуравдагч этгээд: Синчи фүүдс ХХК
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун, Г.Нямсүрэн, хариуцагч Л.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлцэцэг, Э.Болортуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Синчи-Ойл ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ...Синчи-Ойл ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэх зөрчилд 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Синчи-Ойл ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22/329 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунд Синчи-Ойл ХХК-ийг 20,000,000 төгрөг төгрөгөөр торгосон маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасныг үндэслэн хүчингүй болгуулахаар гомдол гаргаснаар,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/1569 дугаар албан бичгээр: Синчи-Ойл ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариуг авснаар,
4. Синчи-Ойл ХХК /РД: 2588617/ нь маргаан бүхий акт буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.
5. Синчи-Ойл ХХК нь шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: ...манай компанийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 7.6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Үүнд:
5.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгээр торгууль ногдуулсан. Тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улс даяар шатахууны үйлчилгээ үзүүлдэг компаниуд шатахууныг үйлчлүүлэгчдэд хязгаарлалттайгаар борлуулж байсан. Манай компанийн хувьд, үйлчлүүлэгчдэд шатахуун олгохдоо 20,000 төгрөгийн лимиттэй эсвэл, талоноор үйлчилж байсан. Бидний зүгээс тухайн өдөр дээрх байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба Синчи фүүдс ХХК-ийг нэмэлт талон хэрэглэгчдэд өгсөн байсан эсэхийг мэдээгүй. Синчи-Ойл ХХК-ийн хувьд Синчи фүүдс ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд зориулж сар бүр тогтмол 500,000 төгрөгийн талон олгон ажилладаг байсан. Махны мухлагаас үйлчлүүлэгчдээ шатахууны талон олгосон талаар сошиалаар цацагдсаны дараа буюу сүүлд мэдсэн бөгөөд тухайн өдөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийг ямар байдлаар шатахууны талоныг авсныг мэдэхгүй, мэдэх боломжгүй бөгөөд Синчи фүүдс ХХК-ийн махны мухлагаас шатахууны талон авсан үйлчлүүлэгчийг шалгаж, мэдэх боломж бидэнд байгаагүй.
Иймд дээрх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийтгэлийн хуудаст дурдсанчлан нэмэлтээр худалдаалах зорилгоор бусдад тулгасан, Синчи фүүдс ХХК-ийн үйл ажиллагааг хууль бус үйлдэл огтхон ч хийгээгүй бөгөөд Синчи фүүдс ХХК-ийн уг талон тараасан гэх үйл ажиллагааг мэдээгүй болно. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухайн нөхцөлд бодит байдалд тулгуурлан биднийг шалгаагүй байж тус үйл явдал болсноос нэг жилийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэнэт ийнхүү манай компанийг хамааруулан шийтгэл оногдуулж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус торгуулийг ногдуулахдаа манай оффисын байр болон шатахуун түгээх станцад нэг ч удаа ирж хяналт шалгалт хийгээгүй, шалгалт явуулаагүй байж Синчи фүүдс ХХК-ийн зөрчлийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн шийтгэх хуудас үйлдсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах зарчимд нийцэхгүй байна.
5.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ гэж тус зүйлийн 5.7 дахь хэсэгт хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан. Мөн энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу хийнэ гэж хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэх талаар хууль тогтоомж, журамд тус тус нарийвчлан тусгасан байна. Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын байцаагч Л.Амгалан нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ ямар ч удирдамж, эрх бүхий албан тушаалтны тушаалын дагуу гүйцэтгээгүй бөгөөд энэ үйлдлээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн байна.
6. Нэгтгэн хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалан нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлагад заасан хяналт шалгалтыг тодорхой удирдамжгүйгээр, хяналт шалгалтыг хууль тогтоомжид заасны дагуу хийгээгүй, шийтгэлийн хуудсанд дурдсан зөрчлийг үйлдээгүй Синчи-Ойл ХХК-д шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л. Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Синчи-Ойл ХХК нь шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. 2021 оны 9 дүгээр сарын дундуур Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шатахууны хориг тогтоож, импортлогч шатахуун оруулж ирээгүйгээс шалтгаалан Монгол Улсад шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүд нөөцийн хомсдолд орсон. Нөөцийн хомсдолд орсонтой холбогдуулан Синчи-Ойл ХХК нь мөн адил нөөцийн хомсдолд орж, үүнтэй холбоотой шатахууныг хэрэглэгчид хязгаарлалттай олгож эхэлсэн. Үүний дараа Синчи-Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21/22 тоот тушаалын дагуу Синчи-Ойл ХХК нь шатахуун түгээх станцаас нэг хэрэглэгчид 20,000 төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож, талонтой хэрэглэгч нарт талоны үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр шатахуун олгохоор тушаалын дагуу үйл ажиллагааг тухайн үед явуулж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Синчи-Ойл ХХК нь талонтой хэрэглэгчдэд талоноор үйлчилж, бусад хэрэглэгчдэд 20,000 төгрөгийн хязгаарлалттайгаар үйлчилж хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн өдрийн орой буюу телевизийн мэдээгээр манай компани мэдэж Синчи фүүдс ХХК мах тараасан гэсэн үйл явдлын талаар тухайн үед зэрэгцэж мэдсэн.
Синчи-Ойл ХХК-ийн зүгээс шатахуун түгээх станцдаа тухайн хэрэглэгч нь хаанаас талон авсан эсэх, ямар байдлаар талон авсан гэдгийг Синчи-Ойл" ХХК нь мэдэх боломжгүй. Тухайн талоныг хараад бид ялгах боломжгүй байсан. Тухайн үйл явдлаас 1 жилийн дараа 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Синчи-Ойл ХХК-д шийтгэлийн хуудас оногдуулсан. Тус шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хэрэглэгчийг хохироосон хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгож торгуулийн хуудас ногдуулсан.
Синчи-Ойл ХХК-ийн зүгээс шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байна. Яагаад гэвэл, Синчи-Ойл ХХК нь Синчи фүүдс ХХК-ийн мах тараасан үйлдлийг ямар нэгэн талоноос ялгах боломжгүй, тухайн үед мэдээгүй, шатахуун түгээх станцын ажилтан нь тухайн үед хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан журам зөрчсөн. Яагаад гэвэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6-т зааснаар төрийн хяналт, шалгалтыг удирдамжийн дагуу явуулах ёстой байсан. Удирдамж нь тус хуульд зааснаар тодорхой хугацааны дагуу явагдах ба тодорхой хугацааг удирдамждаа зааж өгсөн байна. Хугацаа нь дууссаны дараа 5 хоногийн дотор дээд шатны улсын байцаагчид дүгнэлтээ гаргаж өгөх ёстой байдаг. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэлийн хуудаст ямар нэгэн удирдамж байдаггүй. Удирдамжийн дагуу Синчи-Ойл ХХК-д шийтгэлийн хуудас ногдууллаа, эсвэл ямар нэгэн байдлаар Синчи-Ойл ХХК-д удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн гэж мэдэгдээгүй. Гомдол гаргагчийн зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.11-т хяналт шалгалт удирдамжийн дагуу явагдаж, байцаагчид танилцуулж, үндэслэлээ дурдсаны дагуу удирдамж гаргана гэсэн ерөнхий зарчим байдаг боловч тус удирдамжийг танилцуулаагүй. Синчи-Ойл ХХК-ийн оффист нэг ч удаа ирж байгаагүй, тухайн үед юу болсон талаар асууж байгаагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөрчсөн ба нэг жилийн дараа болж байгаа үйл явдлыг тухайн цаг хугацаанд нь хянаагүй байж Синчи-Ойл ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлд гомдолтой байгаа тул 20 сая төгрөгөөр ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шийтгэлийн хуудаст, Синчи-Ойл ХХК-ийг яагаад торгож байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үндэслэлээ "Синчи-Ойл" ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд "Синчи фүүдс" ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэдэг. Тухайн өгүүлбэр нь ямар ч ойлгомжгүй. Синчи-Ойл ХХК нь мах ав гэж хэрэглэгчдэд тулгасан юм шиг ойлгомжгүй байсан. Шатахуун ховор, хязгаарлалттай үед үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Мах худалдан авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан үйлдлүүд нь хууль зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20 сая төгрөгөөр торгосон гэж ойлгож байна. Шатахуун ховор үед гэдэг нь хуулийн хаана заасан байдаг вэ. Эсрэгээрээ шатахуун элбэг байсан бол яах байсан бэ. Хэвийн борлуулагдаж байсан бол ямар арга хэмжээ авах байсан талаар асуудал яригдана. Мах худалдан авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан. Синчи-Ойл ХХК нь тухайн хүмүүсийг мах худалдан авсан эсэх талаар мэдэх боломжгүй. Шатахуун авч байгаа машинууд дугаарлан түгээгч нь шатахуун, бензинийг саванд нь хийдэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ тохиолдолд машиныг нь нэгжиж эсвэл тухайн хэрэглэгчээс Синчи фүүдс ХХК-аас мах авсан эсэх талаар асуух эрх, боломж байхгүй. Нэг талбай дээр байгаа махны мухлаг, шатахуун түгээх станц байгаа. Махны мухлагаас мах авч Синчи-Ойл ХХК уруу ирж байгаа эсэх, өдөржин дараалан, их дараалал үүссэн байх үед тухайн хүмүүсийн хэн нь мах авсан эсэх, мах авсан ч хувийн хэрэглээнд авч байгаа бол авч болохгүй гэж хязгаарлаж болохгүй тул тухайн асуудлыг Синчи-Ойл ХХК нь хянах боломжгүй. Нотлох баримтаар гарган өгсөн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу 20,000 төгрөгөөр нэг үйлчлүүлэгчид шатахуун өгнө, талонтой хэрэглэгч нарт талон өгнө. Талон гэдэг нь урьдчилаад Синчи-Ойл ХХК нь борлуулалт хийж байна, гомдол гаргагчид мөнгөө хадгалуулаад хүссэн үедээ энэ талоноор шатахуун авна гэж хэрэглэгч хандсан байгаа тул Синчи-Ойл ХХК нь талонтой хэрэглэгч нарт хязгаарлалт тавих боломжгүй. Талонтой бол талоны дагуу шатахуун олгож байсан. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Мэдэх боломжгүй байсан үед мах авсан хэрэглэгчдэд шатахуун өгч байна гэдэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэдэг. Хэнийг хохироож, яаж ашиг сонирхолд нь харшилж байгаа нь тодорхойгүй, тус асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарсан ба тус тогтоолын дагуу Синчи-Ойл ХХК-ийг торгох ёстой гэж торгосон. Хэргийн материалд авагдсан байгаа удирдамж нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 7 хоногийн хугацаанд хяналт шалгалт явуулна гэсэн удирдамж байдаг. Энэ хугацаанд Синчи-Ойл ХХК-ийн талбай дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төлөөлөгч ирж, Синчи-Ойл ХХК нь зөрчил гаргаагүй гэж шийдэж, Синчи фүүдс ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон. "Синчи фүүдс" ХХК-ийн хэргийн талаарх мэдээллийг гуравдагч этгээд хэлэх байх. Синчи-Ойл ХХК-д удирдамжийн дагуу 7 хоногийн хугацаанд шалгалтаа хийж дуусгаад ямар ч зөрчил байхгүй гэсэн боловч өнөөдөр энэ удирдамжийн дагуу гэдэг. Энэ удирдамжийн дагуу хэдэн удаа шалгалт хийх вэ. Эсвэл Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус тогтоолын дагуу Синчи-Ойл ХХК-д шийтгэл оногдуулахаар бол миний бодлоор дахин удирдамж гарган, хяналт шалгалт явуулна. Тус тогтоолд юу гэж заасан бэ гэвэл Синчи-Ойл ХХК, "Синчи фүүдс" ХХК-иуд нь "Синчи фүүдс" ХХК нь 20 сая төгрөгөөр торгуулах хэмжээний зөрчил хийгээгүй байна. 2 компани хамтран зөрчил гаргасан байх тул хувь тэнцүүлэх тогтоол гарсан байна. Тус тогтоолыг хариуцагчаас нотлох баримтаар өгөхийг харсан. Синчи-Ойл ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгож байгаа нь Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлж байна гэж үзвэл энэ нь хувь тэнцүүлсэн асуудал уу эсвэл "Синчи фүүдс" ХХК-тай адил торгож байна уу. Торгож байгаа бол торгож байгаа үндэслэл нь хаана байгаа талаар ярьсан ба Синчи-Ойл ХХК-ийг ямар ч үндэслэлгүй торгож байна. Синчи-Ойл ХХК нь хууль ёсны дагуу явсан. Синчи-Ойл ХХК, "Синчи фүүдс" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Э.Баярмаа гэдэг хүн байдаг. Гэхдээ тус хоёр байгууллага нь тусдаа санхүүтэй, санхүүгийн тайлангаа тусдаа өгдөг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт тусдаа хуулийн этгээд гэж тэмдэглэгдсэн тусдаа компаниуд байхад нэг гэж ойлгож махаа өгсөн, шатахуунаа өгсөн гэж торгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
9. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын Улсын байцаагч Л.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ЕТ\/ болон С1 телевизийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн шууд мэдээгээр Махлаг мухлагаас мах худалдан авсан тохиолдолд 40,000 төгрөгийн шатахууны талон өгч байна гэх мэдээллийн дагуу тус газрын орон тооны гишүүний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/39 дугаартай удирдамжид үндэслэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Тасганы овооны зүүн өвөрт байрлах Синчи-Ойл ХХК-ийн Super 92 ШТС-1-д АИ-92 авто бензинийг төгрөгийн хязгаарлалттайгаар борлуулж байсан, тус шатахуун түгээх станцын талбайд Синчи-Ойл ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Синчи Фүүдс ХХК нь Махлаг махны төрөлжсөн мухлагийн үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон. Синчи Фүүдс ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Борлуулалт үйл ажиллагааны менежер Н.Базардариас мэдүүлэг авсан тэмдэглэлээр тус компани нь Махлаг махны төрөлжсөн мухлагийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор мухлагаас худалдан авалт хийсэн эхний 10 гаруй иргэн бүрд Синчи-Ойл ХХК 40,000 төгрөг, 5,000 төгрөгийн талон, нийт 500,000 төгрөгийн талон борлуулж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу Синчи Фүүдс ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар Хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Синчи фүүдс ХХК-аас улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд дэх тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Синчи фүүдс ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 12-т ... мах худалдсан Синчи фүүдс ХХК-аас гадна шатахуун хязгаартай худалдаж байсан атлаа мах авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан Синчи-Ойл ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хариуцлагыг хамтран хүлээлгэх үндэслэлтэй байна гэж, 13-т ... шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салган үзэх боломжгүй, холбоотой буюу Синчи-Ойл ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-аас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад дан ганц Синчи фүүдс ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай... гэж, 14-т ...Синчи-Ойл ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцуулж, зөрчил шалгах ажиллагаа явуулж... захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй, 15-д ... хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор шинээр гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна гэж тус тус дүгнэсэн.
Иймд эрх бүхий албан тушаалтнаас Синчи фүүдс ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээд болох Синчи-Ойл ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/1304 дугаартай албан бичгээр Синчи фүүдс ХХК, Синчи-Ойл ХХК нь харилцан хамааралтай эсэх талаар лавлагаа авах зэргээр зөрчил шалгах ажиллагааг явуулан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0002301 дугаартай шийтгэлийн хуудсаар Синчи-Ойл ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Синчи-Ойл ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гомдол гаргагч компанийн зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.7 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн байдлаар гомдолдоо дурдсан байдаг. Эрх бүхий албан тушаалтнаас Синчи-Ойл ХХК-д шийтгэл ногдуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд бус Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шийтгэлийн хуудас гарсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэсэн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл, анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын удирдамжийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр батлуулан, хяналт шалгалтын удирдамжид заасны дагуу хяналт шалгалтыг хийж "Синчи фүүдс" ХХК-д хялбаршуулсан журмаар үүссэн зөрчилд нь торгох шийтгэл ногдуулсан. Тус шийтгэлийн хуудас нь хуульд заасан хэлбэрийн болон материаллаг шаардлагыг хангасан болохыг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тус тус тогтоосон. Үүнээс гадна уг зөрчил нь Синчи-Ойл ХХК-ийг холбогдуулан шалгаж шийтгэл ногдуулах үндэслэлтэй талаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дахь хэсэгт дэлгэрэнгүй дурдаж өгсөн байдаг. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас Синчи-Ойл ХХК-д холбогдуулан дахин хяналт шалгалтын удирдамжийг шинээр батлуулах, зөрчлийн хэрэг нээх байдлаар нэг хэрэгт тусад нь дахин нэмэлт ажиллагаа хийх хуулийн үндэслэл байхгүй. "Синчи фүүдс" ХХК-д холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал байгаа тул тус баримтын хүрээнд Синчи-Ойл ХХК-ийг холбогдогчоор татаж, холбогдох ажиллагаануудыг хийснээр шийтгэлийн хуудсыг оногдуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Синчи-Ойл ХХК, "Синчи фүүдс" ХХК-д холбогдох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хүрээнд шийтгэл ногдуулсан. Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тус бүрд шийтгэл ногдуулна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, түүнийг хэрэглэх журмын 2.1-т зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг дараах журмаар хэрэглэнэ. Тус журмын 2.1.3-т нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудсыг бичнэ гэсэн холбогдох хууль болон журмын заалтуудыг баримтлан Синчи-Ойл ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан тухайн шийтгэлийн хуудас нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулах зүйл заалтыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, хуулийн хүрээнд гарсан шийтгэлийн хуудас тул гомдлын шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Синчи фүүдс ХХК нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Синчи-Ойл ХХК-ийн Тасганы овооны баруун талд байрлах шатахуун түгээх станцын байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаг байсан. Хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн үед шатахуун түгээх станцад хүмүүс ихээр оочирлож, дараалалтай ачаалал үүссэн тул "Синчи фүүдс" ХХК Синчи-Ойл ХХК-аас олгогдсон нийт 500,000 төгрөгийн талон, тус бүрчлэн 40,000 төгрөгийн талон буюу эхний 12 хүнд талоныг өгсөн. Түүнтэй холбогдуулан "Синчи фүүдс" ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шийтгэл оногдуулсан. Үүнтэй холбогдуулан "Синчи фүүдс" ХХК-д Захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхэд гомдлыг хэрэгсэхгүй болгож Монгол Улсын дээд шүүхээс шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж дахин шинэ акт гарах эрхийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгаж шийдвэрлэсэн. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан. Гардуулснаас хойш боломжит хугацаа болох 58 хоногийн хугацаанд тооцоход 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Үүнтэй холбогдуулан шинээр акт гаргасан эсэх, гаргасан үед нь шийтгэлийн хуудасны хэвээр үлдээж шийтгэл ногдуулж байгаа "Синчи фүүдс" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдсэн. 22/19 дугаартай албан бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунд хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу нь Синчи-Ойл ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Өөрөөр хэлбэл тус газрын эрх бүхий албан тушаалтнаас Синчи-Ойл ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдэж дахин шинэ акт гаргасан байх тул "Синчи фүүдс" ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3009 дугаартай шийтгэлийн хуудас хэвээр байна гэх хариуг өгсөн. Үүнтэй холбогдуулан "Синчи фүүдс" ХХК 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 09 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан. Тухайн гомдолтой холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх татгалзсан. Татгалзлын үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгоно гэж дүгнэнэ гэсэн үндэслэлээр "Синчи фүүдс" ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болсон гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Синчи фүүдс" ХХК-д холбогдуулан дахин шинэ акт гаргаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гомдлоос татгалзах тухай шүүгчийн захирамжид "Синчи фүүдс" ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэл хуудас хүчингүй болсон талаар шийдвэрлэсэн тул Синчи-Ойл ХХК-ийн гомдолтой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Амгаланд холбогдох захиргааны хэргийг Синчи фүүдс ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Синчи-Ойл ХХК-ийн гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Амгалан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар ...Синчи-Ойл ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэх зөрчилд Синчи-Ойл ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000,000 төгрөгөөр торгож, арга хэмжээ авсныг гомдол гаргагч хуулийн этгээдийн зүгээс эс зөвшөөрч маргажээ.
3. Эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтууд бүхэлдээ хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:
3.1. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай дугааргүй тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар тогтоолын дагуу Синчи ойл ХХК-ийг холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг мэргэжилтэн Л.Амгалан, Э.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулахаар тогтоосноор,
3.2. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дуудах хуудсаар Синчи-Ойл ХХК-ийг мэдүүлэг авах зорилгоор дуудаж, мэдэгдсэн,
3.3. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолоор Синчи-Ойл ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Нармөнхийг тогтоож,
3.4. Эрх бүхий албан тушаалтан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус холбогдогчоос мэдүүлэг авч тэмдэглэл үйлджээ.
3.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/1304 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан Синчи групп ХХК, Синчи-Ойл ХХК, Синчи фүүдс ХХК-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлага бүхий нарийвчилсан мэдээлэл, компанийн дүрмийн хуулбар ирүүлэхийг хүссэнээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4/6459 дүгээр албан бичгээр хариуг ирүүлэхдээ:
3.5.а. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Синчи групп ХХК /РД:6003001/ нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу 38 дугаар салбарт хаягийн бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд Э.Баярмаа , Ц.Элбэгзаяа /РД:ФМ57091271/ нар идэвхтэй бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар Ц.Элбэгзаяа /РД:ФМ57091271/ бүртгэлтэй, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд барилгын засвар, гадаад худалдаа Тийм бүртгэлтэй;
3.5.б. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Синчи-Ойл ХХК нь Сүхбгэсэн хаягийн бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд Синчи холдинг ХХК идэвхтэй бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар Э.Баярмаа /РД: ФМ82112268/ бүртгэлтэй, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд барилга угсралт, бензин шатахуун, тос тосолгооны материалын худалдаа үйлчилгээ, оёдлын худалдаа, гадаад худалдааны чиглэлээр Тийм бүртгэлтэй;
3.5.в. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Синчи фүүдс ХХК Ч хаягийн бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд Синчи холдинг ХХК /РД:6798993/ идэвхтэй бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Э.Баярмаа бүртгэлтэй, эцсийн өмчлөгчөөр Э.Баярмаа, Э.Мөнгөншагай нар бүртгэлтэй, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд Хүнсний дэлгүүр, худалдааны зуучлал, Хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, мах махан бүтээгдэхүүний худалдаа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүртгэлтэй гэх.
4. Эдгээр баримтуудаас гадна шүүхийн шийдвэрүүдийг бүртгэл хяналтын картаар хүлээн авснаа гаргаж өгч, мөн нэр бүхий телевизүүдээр явсан мэдээг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар судлуулсныг тэмдэглэж байна.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдол гаргагч Синчи фүүдс ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,
7. Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх өөрчлөлт оруулж, гомдол гаргагч Синчи фүүдс ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
8. Энэ тохиолдолд дээр дурдсан баримтууд хэргийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цугласан баримтууд, шүүхийн шийдвэрүүдийг судлаад, ...Синчи-Ойл ХХК-ийг нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэх зөрчилд арга хэмжээ авч маргаан бүхий 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг гаргахдаа, ...Синчи фүүдс ХХК нь өөрийн худалдан борлуулж буй бүтээгдэхүүн /мах/-ээс худалдан авсан тохиолдолд Синчи-Ойл ХХК-ийн нэмэлт шатахууны талон өгч борлуулсан гэх зөрчилд торгох шийтгэл оногдуулсан 0003009 дүгээр шийтгэлийн хуудсаар Синчи фүүдс ХХК-д арга хэмжээ авсан зөрчлийн хэргийн дугаар бүхий материалыг бүхэлд нь үндэслэл болгосон, Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн, хоёр хуулийн этгээдэд хоёуланд нь тус бүр хорин сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах ёстой гэж үзсэн зэргээр тайлбарласан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж, ийнхүү үзэж 0002301 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Синчи-Ойл ХХК-д арга хэмжээ авсан нь хууль ёсны дагуу болж чадаагүй байна шүүх дүгнэв.
9. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 12-т: ... энэ тохиолдолд мах худалдсан Синчи фүүдс ХХК-аас гадна шатахууны хязгаартай худалдаж байсан атлаа мах худалдан авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан Синчи-Ойл ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хариуцлагыг хамтран хүлээлгэх үндэслэлтэй байна, мөн хэсгийн 13-д: ... шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салгаж үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу Синчи-Ойл ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд Синчи фүүдс ХХК-аас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчаас дан ганц Синчи фүүдс ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай, Синчи-Ойл ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас шүүх энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна, мөн хэсгийн 15-д: ...зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх, үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг, энэ маргааны тухайд хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна гэж дүгнэснээс үзвэл, гомдол гаргагч хуулийн этгээдийг зөрчил гаргаагүйд тооцох боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасны дагуу зөрчлийг дахин нотлох шаардлагагүй гаргасан зөрчил нь тогтоогдсон гэж үзнэ, гомдол гаргагч талын зөрчил үйлдээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
10. Харин хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1. зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн, өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1.10. хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж хуульчилсныг зөрчсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1. хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасны дагуу зөрчилд тооцон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7. хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зүйлчлэн торгох арга хэмжээ авч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолыг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн байна.
11. Угтаа зөрчил нь нэг үйлдлээр илрэх ба нэг нь нөгөөгөөс хамааралтай буюу хуулийн этгээдүүд /гомдол гаргагч болон гуравдагч этгээд/ нь тус бүртээ зөрчил үйлдээгүй, хоорондоо шалтгаант холбоотойгоор зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7. хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зүйлчлэн дахин хорин сая төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 3.1 дүгээр зүйлийн 1. Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино, 2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасанд нийцэхгүй юм.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргаж гомдол гаргагчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг баримтлан Синчи-Ойл ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Амгалангийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН