Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0095

 

 2023 01 25 128/ШШ2023/0095

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 
Гомдол гаргагч: С ХХК, 
Хариуцагч: Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.А,
Гуравдагч этгээд: С ХХК 
Гомдлын шаардлага: Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.Агийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Г.Н, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч С ХХК нь Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.Агийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ. 
2. Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.А нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ...С ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд С ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэх зөрчилд 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар С ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 
3. С ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22/329 дугаар албан бичгээр Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мд С ХХК-ийг 20,000,000 төгрөг төгрөгөөр торгосон маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасныг үндэслэн хүчингүй болгуулахаар гомдол гаргаснаар, 
Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/1569 дугаар албан бичгээр: С ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариуг авснаар, 
4. С ХХК /РД: *******/ нь маргаан бүхий акт буюу Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.Агийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.
5. С ХХК нь шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: ...манай компанийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 7.6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.Агийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Үүнд:
5.1. Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.Агийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар С ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд С ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгээр торгууль ногдуулсан. Тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улс даяар шатахууны үйлчилгээ үзүүлдэг компаниуд шатахууныг үйлчлүүлэгчдэд хязгаарлалттайгаар борлуулж байсан. Манай компанийн хувьд, үйлчлүүлэгчдэд шатахуун олгохдоо 20,000 төгрөгийн лимиттэй эсвэл, талоноор үйлчилж байсан. Бидний зүгээс тухайн өдөр дээрх байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба С ХХК-ийг нэмэлт талон хэрэглэгчдэд өгсөн байсан эсэхийг мэдээгүй. С ХХК-ийн хувьд С ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд зориулж сар бүр тогтмол 500,000 төгрөгийн талон олгон ажилладаг байсан. Махны мухлагаас үйлчлүүлэгчдээ шатахууны талон олгосон талаар сошиалаар цацагдсаны дараа буюу сүүлд мэдсэн бөгөөд тухайн өдөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийг ямар байдлаар шатахууны талоныг авсныг мэдэхгүй, мэдэх боломжгүй бөгөөд С ХХК-ийн махны мухлагаас шатахууны талон авсан үйлчлүүлэгчийг шалгаж, мэдэх боломж бидэнд байгаагүй.
Иймд дээрх Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын шийтгэлийн хуудаст дурдсанчлан нэмэлтээр худалдаалах зорилгоор бусдад тулгасан, С ХХК-ийн үйл ажиллагааг хууль бус үйлдэл огтхон ч хийгээгүй бөгөөд С ХХК-ийн уг талон тараасан гэх үйл ажиллагааг мэдээгүй болно. Гэтэл Шу******* хэрэглэгчийн төлөө газраас тухайн нөхцөлд бодит байдалд тулгуурлан биднийг шалгаагүй байж тус үйл явдал болсноос нэг жилийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэнэт ийнхүү манай компанийг хамааруулан шийтгэл оногдуулж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. 
Өөрөөр хэлбэл, Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас тус торгуулийг ногдуулахдаа манай оффисын байр болон шатахуун түгээх станцад нэг ч удаа ирж хяналт шалгалт хийгээгүй, шалгалт явуулаагүй байж С ХХК-ийн зөрчлийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн шийтгэх хуудас үйлдсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах зарчимд нийцэхгүй байна.
5.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ гэж тус зүйлийн 5.7 дахь хэсэгт хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан. Мөн энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу хийнэ гэж хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэх талаар хууль тогтоомж, журамд тус тус нарийвчлан тусгасан байна. Гэвч Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын байцаагч Л.А нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулсан 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ ямар ч удирдамж, эрх бүхий албан тушаалтны тушаалын дагуу гүйцэтгээгүй бөгөөд энэ үйлдлээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн байна. 
6. Нэгтгэн хэлбэл, Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.А нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлагад заасан хяналт шалгалтыг тодорхой удирдамжгүйгээр, хяналт шалгалтыг хууль тогтоомжид заасны дагуу хийгээгүй, шийтгэлийн хуудсанд дурдсан зөрчлийг үйлдээгүй С ХХК-д шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л. Агийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...С ХХК нь шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. 2021 оны 9 дүгээр сарын дундуур Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шатахууны хориг тогтоож, импортлогч шатахуун оруулж ирээгүйгээс шалтгаалан Монгол Улсад шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүд нөөцийн хомсдолд орсон. Нөөцийн хомсдолд орсонтой холбогдуулан С ХХК нь мөн адил нөөцийн хомсдолд орж, үүнтэй холбоотой шатахууныг хэрэглэгчид хязгаарлалттай олгож эхэлсэн. Үүний дараа С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21/22 тоот тушаалын дагуу С ХХК нь шатахуун түгээх станцаас нэг хэрэглэгчид 20,000 төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож, талонтой хэрэглэгч нарт талоны үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр шатахуун олгохоор тушаалын дагуу үйл ажиллагааг тухайн үед явуулж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С ХХК нь талонтой хэрэглэгчдэд талоноор үйлчилж, бусад хэрэглэгчдэд 20,000 төгрөгийн хязгаарлалттайгаар үйлчилж хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн өдрийн орой буюу телевизийн мэдээгээр манай компани мэдэж С ХХК мах тараасан гэсэн үйл явдлын талаар тухайн үед зэрэгцэж мэдсэн. 
С ХХК-ийн зүгээс шатахуун түгээх станцдаа тухайн хэрэглэгч нь хаанаас талон авсан эсэх, ямар байдлаар талон авсан гэдгийг С" ХХК нь мэдэх боломжгүй. Тухайн талоныг хараад бид ялгах боломжгүй байсан. Тухайн үйл явдлаас 1 жилийн дараа 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас С ХХК-д шийтгэлийн хуудас оногдуулсан. Тус шийтгэлийн хуудсаар С ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хэрэглэгчийг хохироосон хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгож торгуулийн хуудас ногдуулсан. 
С ХХК-ийн зүгээс шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байна. Яагаад гэвэл, С ХХК нь С ХХК-ийн мах тараасан үйлдлийг ямар нэгэн талоноос ялгах боломжгүй, тухайн үед мэдээгүй, шатахуун түгээх станцын ажилтан нь тухайн үед хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан. Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас уг шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан журам зөрчсөн. Яагаад гэвэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6-т зааснаар төрийн хяналт, шалгалтыг удирдамжийн дагуу явуулах ёстой байсан. Удирдамж нь тус хуульд зааснаар тодорхой хугацааны дагуу явагдах ба тодорхой хугацааг удирдамждаа зааж өгсөн байна. Хугацаа нь дууссаны дараа 5 хоногийн дотор дээд шатны улсын байцаагчид дүгнэлтээ гаргаж өгөх ёстой байдаг. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэлийн хуудаст ямар нэгэн удирдамж байдаггүй. Удирдамжийн дагуу С ХХК-д шийтгэлийн хуудас ногдууллаа, эсвэл ямар нэгэн байдлаар С ХХК-д удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн гэж мэдэгдээгүй. Гомдол гаргагчийн зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.11-т хяналт шалгалт удирдамжийн дагуу явагдаж, байцаагчид танилцуулж, үндэслэлээ дурдсаны дагуу удирдамж гаргана гэсэн ерөнхий зарчим байдаг боловч тус удирдамжийг танилцуулаагүй. С ХХК-ийн оффист нэг ч удаа ирж байгаагүй, тухайн үед юу болсон талаар асууж байгаагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас зөрчсөн ба нэг жилийн дараа болж байгаа үйл явдлыг тухайн цаг хугацаанд нь хянаагүй байж С ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлд гомдолтой байгаа тул 20 сая төгрөгөөр ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв. 
8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шийтгэлийн хуудаст, С ХХК-ийг яагаад торгож байгаа талаар Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас үндэслэлээ "С" ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд "С" ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэдэг. Тухайн өгүүлбэр нь ямар ч ойлгомжгүй. С ХХК нь мах ав гэж хэрэглэгчдэд тулгасан юм шиг ойлгомжгүй байсан. Шатахуун ховор, хязгаарлалттай үед үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Мах худалдан авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан үйлдлүүд нь хууль зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20 сая төгрөгөөр торгосон гэж ойлгож байна. Шатахуун ховор үед гэдэг нь хуулийн хаана заасан байдаг вэ. Эсрэгээрээ шатахуун элбэг байсан бол яах байсан бэ. Хэвийн борлуулагдаж байсан бол ямар арга хэмжээ авах байсан талаар асуудал яригдана. Мах худалдан авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан. С ХХК нь тухайн хүмүүсийг мах худалдан авсан эсэх талаар мэдэх боломжгүй. Шатахуун авч байгаа машинууд дугаарлан түгээгч нь шатахуун, бензинийг саванд нь хийдэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ тохиолдолд машиныг нь нэгжиж эсвэл тухайн хэрэглэгчээс С ХХК-аас мах авсан эсэх талаар асуух эрх, боломж байхгүй. Нэг талбай дээр байгаа махны мухлаг, шатахуун түгээх станц байгаа. Махны мухлагаас мах авч С ХХК уруу ирж байгаа эсэх, өдөржин дараалан, их дараалал үүссэн байх үед тухайн хүмүүсийн хэн нь мах авсан эсэх, мах авсан ч хувийн хэрэглээнд авч байгаа бол авч болохгүй гэж хязгаарлаж болохгүй тул тухайн асуудлыг С ХХК нь хянах боломжгүй. Нотлох баримтаар гарган өгсөн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу 20,000 төгрөгөөр нэг үйлчлүүлэгчид шатахуун өгнө, талонтой хэрэглэгч нарт талон өгнө. Талон гэдэг нь урьдчилаад С ХХК нь борлуулалт хийж байна, гомдол гаргагчид мөнгөө хадгалуулаад хүссэн үедээ энэ талоноор шатахуун авна гэж хэрэглэгч хандсан байгаа тул С ХХК нь талонтой хэрэглэгч нарт хязгаарлалт тавих боломжгүй. Талонтой бол талоны дагуу шатахуун олгож байсан. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Мэдэх боломжгүй байсан үед мах авсан хэрэглэгчдэд шатахуун өгч байна гэдэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэдэг. Хэнийг хохироож, яаж ашиг сонирхолд нь харшилж байгаа нь тодорхойгүй, тус асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарсан ба тус тогтоолын дагуу С ХХК-ийг торгох ёстой гэж торгосон. Хэргийн материалд авагдсан байгаа удирдамж нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 7 хоногийн хугацаанд хяналт шалгалт явуулна гэсэн удирдамж байдаг. Энэ хугацаанд С ХХК-ийн талбай дээр Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас төлөөлөгч ирж, С ХХК нь зөрчил гаргаагүй гэж шийдэж, С ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон. "С" ХХК-ийн хэргийн талаарх мэдээллийг гуравдагч этгээд хэлэх байх. С ХХК-д удирдамжийн дагуу 7 хоногийн хугацаанд шалгалтаа хийж дуусгаад ямар ч зөрчил байхгүй гэсэн боловч өнөөдөр энэ удирдамжийн дагуу гэдэг. Энэ удирдамжийн дагуу хэдэн удаа шалгалт хийх вэ. Эсвэл Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дагуу Шу*******, хэрэглэгчийн төлөө газар тус тогтоолын дагуу С ХХК-д шийтгэл оногдуулахаар бол миний бодлоор дахин удирдамж гарган, хяналт шалгалт явуулна. Тус тогтоолд юу гэж заасан бэ гэвэл С ХХК, "С" ХХК-иуд нь "С" ХХК нь 20 сая төгрөгөөр торгуулах хэмжээний зөрчил хийгээгүй байна. 2 компани хамтран зөрчил гаргасан байх тул хувь тэнцүүлэх тогтоол гарсан байна. Тус тогтоолыг хариуцагчаас нотлох баримтаар өгөхийг харсан. С ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгож байгаа нь Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлж байна гэж үзвэл энэ нь хувь тэнцүүлсэн асуудал уу эсвэл "С" ХХК-тай адил торгож байна уу. Торгож байгаа бол торгож байгаа үндэслэл нь хаана байгаа талаар ярьсан ба С ХХК-ийг ямар ч үндэслэлгүй торгож байна. С ХХК нь хууль ёсны дагуу явсан. С ХХК, "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Э.Б гэдэг хүн байдаг. Гэхдээ тус хоёр байгууллага нь тусдаа санхүүтэй, санхүүгийн тайлангаа тусдаа өгдөг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт тусдаа хуулийн этгээд гэж тэмдэглэгдсэн тусдаа компаниуд байхад нэг гэж ойлгож махаа өгсөн, шатахуунаа өгсөн гэж торгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв. 
9. Хариуцагч Шу*******, х*******,*******ын Улсын байцаагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас ЕТ\/ болон С1 телевизийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн шууд мэдээгээр Махлаг мухлагаас мах худалдан авсан тохиолдолд 40,000 төгрөгийн шатахууны талон өгч байна гэх мэдээллийн дагуу тус газрын орон тооны гишүүний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/39 дугаартай удирдамжид үндэслэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар Ч*******,т байрлах С ХХК-ийн Super 92 ШТС-1-д АИ-92 авто бензинийг төгрөгийн хязгаарлалттайгаар борлуулж байсан, тус шатахуун түгээх станцын талбайд С ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох С ХХК нь Махлаг махны төрөлжсөн мухлагийн үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон. С ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Борлуулалт үйл ажиллагааны менежер Н.Биас мэдүүлэг авсан тэмдэглэлээр тус компани нь Махлаг махны төрөлжсөн мухлагийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор мухлагаас худалдан авалт хийсэн эхний 10 гаруй иргэн бүрд С ХХК 40,000 төгрөг, 5,000 төгрөгийн талон, нийт 500,000 төгрөгийн талон борлуулж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу С ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар Хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
С ХХК-аас улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд дэх тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор С ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 
Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 12-т ... мах худалдсан С ХХК-аас гадна шатахуун хязгаартай худалдаж байсан атлаа мах авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан С ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хариуцлагыг хамтран хүлээлгэх үндэслэлтэй байна гэж, 13-т ... шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салган үзэх боломжгүй, холбоотой буюу С ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд С ХХК-аас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад дан ганц С ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай... гэж, 14-т ...С ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцуулж, зөрчил шалгах ажиллагаа явуулж... захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй, 15-д ... хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор шинээр гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна гэж тус тус дүгнэсэн.
Иймд эрх бүхий албан тушаалтнаас С ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээд болох С ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/1304 дугаартай албан бичгээр С ХХК, С ХХК нь харилцан хамааралтай эсэх талаар лавлагаа авах зэргээр зөрчил шалгах ажиллагааг явуулан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0002301 дугаартай шийтгэлийн хуудсаар С ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул С ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гомдол гаргагч компанийн зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.7 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн байдлаар гомдолдоо дурдсан байдаг. Эрх бүхий албан тушаалтнаас С ХХК-д шийтгэл ногдуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд бус Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шийтгэлийн хуудас гарсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэсэн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл, анх Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын удирдамжийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр батлуулан, хяналт шалгалтын удирдамжид заасны дагуу хяналт шалгалтыг хийж "С" ХХК-д хялбаршуулсан журмаар үүссэн зөрчилд нь торгох шийтгэл ногдуулсан. Тус шийтгэлийн хуудас нь хуульд заасан хэлбэрийн болон материаллаг шаардлагыг хангасан болохыг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тус тус тогтоосон. Үүнээс гадна уг зөрчил нь С ХХК-ийг холбогдуулан шалгаж шийтгэл ногдуулах үндэслэлтэй талаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дахь хэсэгт дэлгэрэнгүй дурдаж өгсөн байдаг. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас С ХХК-д холбогдуулан дахин хяналт шалгалтын удирдамжийг шинээр батлуулах, зөрчлийн хэрэг нээх байдлаар нэг хэрэгт тусад нь дахин нэмэлт ажиллагаа хийх хуулийн үндэслэл байхгүй. "С" ХХК-д холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал байгаа тул тус баримтын хүрээнд С ХХК-ийг холбогдогчоор татаж, холбогдох ажиллагаануудыг хийснээр шийтгэлийн хуудсыг оногдуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх хүрээнд С ХХК, "С" ХХК-д холбогдох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хүрээнд шийтгэл ногдуулсан. Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тус бүрд шийтгэл ногдуулна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, түүнийг хэрэглэх журмын 2.1-т зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг дараах журмаар хэрэглэнэ. Тус журмын 2.1.3-т нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудсыг бичнэ гэсэн холбогдох хууль болон журмын заалтуудыг баримтлан С ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан тухайн шийтгэлийн хуудас нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулах зүйл заалтыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, хуулийн хүрээнд гарсан шийтгэлийн хуудас тул гомдлын шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв. 
11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С ХХК нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. С ХХК-ийн Тасганы овооны баруун талд байрлах шатахуун түгээх станцын байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаг байсан. Хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн үед шатахуун түгээх станцад хүмүүс ихээр оочирлож, дараалалтай ачаалал үүссэн тул "С" ХХК С ХХК-аас олгогдсон нийт 500,000 төгрөгийн талон, тус бүрчлэн 40,000 төгрөгийн талон буюу эхний 12 хүнд талоныг өгсөн. Түүнтэй холбогдуулан "С" ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас шийтгэл оногдуулсан. Үүнтэй холбогдуулан "С" ХХК-д Захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхэд гомдлыг хэрэгсэхгүй болгож Монгол Улсын дээд шүүхээс шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж дахин шинэ акт гарах эрхийг хариуцагч Шу*******, хэрэглэгчийн төлөө газарт даалгаж шийдвэрлэсэн. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан. Гардуулснаас хойш боломжит хугацаа болох 58 хоногийн хугацаанд тооцоход 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Үүнтэй холбогдуулан шинээр акт гаргасан эсэх, гаргасан үед нь шийтгэлийн хуудасны хэвээр үлдээж шийтгэл ногдуулж байгаа "С" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдсэн. 22/19 дугаартай албан бичгийг Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мд хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу нь С ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Өөрөөр хэлбэл тус газрын эрх бүхий албан тушаалтнаас С ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдэж дахин шинэ акт гаргасан байх тул "С" ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3009 дугаартай шийтгэлийн хуудас хэвээр байна гэх хариуг өгсөн. Үүнтэй холбогдуулан "С" ХХК 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 09 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан. Тухайн гомдолтой холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх татгалзсан. Татгалзлын үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгоно гэж дүгнэнэ гэсэн үндэслэлээр "С" ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болсон гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Шу*******, хэрэглэгчийн төлөө газраас "С" ХХК-д холбогдуулан дахин шинэ акт гаргаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гомдлоос татгалзах тухай шүүгчийн захирамжид "С" ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэл хуудас хүчингүй болсон талаар шийдвэрлэсэн тул С ХХК-ийн гомдолтой Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Ад холбогдох захиргааны хэргийг С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:
1. С ХХК-ийн гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 
2. Хариуцагч Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсаар ...С ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд С ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэх зөрчилд С ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000,000 төгрөгөөр торгож, арга хэмжээ авсныг гомдол гаргагч хуулийн этгээдийн зүгээс эс зөвшөөрч маргажээ.
3. Эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтууд бүхэлдээ хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:
3.1. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай дугааргүй тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар тогтоолын дагуу Синчи ойл ХХК-ийг холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг мэргэжилтэн Л.А, Э.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулахаар тогтоосноор,
3.2. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дуудах хуудсаар С ХХК-ийг мэдүүлэг авах зорилгоор дуудаж, мэдэгдсэн,
3.3. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолоор С ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Нийг тогтоож,
3.4. Эрх бүхий албан тушаалтан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус холбогдогчоос мэдүүлэг авч тэмдэглэл үйлджээ.
3.5.Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/1304 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан С******* ХХК, С ХХК, С ХХК-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлага бүхий нарийвчилсан мэдээлэл, компанийн дүрмийн хуулбар ирүүлэхийг хүссэнээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4/6459 дүгээр албан бичгээр хариуг ирүүлэхдээ:
3.5.а. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд С******* ХХК /РД:6003001/ нь Чи,,т хаягийн бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд Э.Б , Ц.Э /РД:/ нар идэвхтэй бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар Ц.Э /РД:/ бүртгэлтэй, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд барилгын засвар, гадаад худалдаа Тийм бүртгэлтэй;
3.5.б. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд С ХХК  нь Сүхбгэсэн хаягийн бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд С ХХК  идэвхтэй бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар Э.Б /РД: / бүртгэлтэй, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд барилга угсралт, бензин шатахуун, тос тосолгооны материалын худалдаа үйлчилгээ, оёдлын худалдаа, гадаад худалдааны чиглэлээр Тийм бүртгэлтэй;
3.5.в. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд С ХХК  Ч хаягийн бүртгэлтэй, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд С ХХК /РД:/ идэвхтэй бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Э.Б  бүртгэлтэй, эцсийн өмчлөгчөөр Э.Б, Э.М нар бүртгэлтэй, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд Хүнсний дэлгүүр, худалдааны зуучлал, Хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, мах махан бүтээгдэхүүний худалдаа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүртгэлтэй гэх.
4. Эдгээр баримтуудаас гадна шүүхийн шийдвэрүүдийг бүртгэл хяналтын картаар хүлээн авснаа гаргаж өгч, мөн нэр бүхий телевизүүдээр явсан мэдээг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар судлуулсныг тэмдэглэж байна.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдол гаргагч С ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,
7. Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын, Х******* эрхийг хамгаалах,*******ын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0003009 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх өөрчлөлт оруулж, гомдол гаргагч С ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
8. Энэ тохиолдолд дээр дурдсан баримтууд хэргийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цугласан баримтууд, шүүхийн шийдвэрүүдийг судлаад, ...С ХХК-ийг нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд С ХХК-аас мах худалдан авах болзол тулгасан гэх зөрчилд арга хэмжээ авч маргаан бүхий 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг гаргахдаа, ...С ХХК нь өөрийн худалдан борлуулж буй бүтээгдэхүүн /мах/-ээс худалдан авсан тохиолдолд С ХХК-ийн нэмэлт шатахууны талон өгч борлуулсан гэх зөрчилд торгох шийтгэл оногдуулсан 0003009 дүгээр шийтгэлийн хуудсаар С ХХК-д арга хэмжээ авсан зөрчлийн хэргийн дугаар бүхий материалыг бүхэлд нь үндэслэл болгосон, Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн, хоёр хуулийн этгээдэд хоёуланд нь тус бүр хорин сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах ёстой гэж үзсэн зэргээр тайлбарласан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж, ийнхүү үзэж 0002301 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч С ХХК-д арга хэмжээ авсан нь хууль ёсны дагуу болж чадаагүй байна шүүх дүгнэв.
9. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 12-т: ... энэ тохиолдолд мах худалдсан С ХХК-аас гадна шатахууны хязгаартай худалдаж байсан атлаа мах худалдан авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан С ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хариуцлагыг хамтран хүлээлгэх үндэслэлтэй байна, мөн хэсгийн 13-д: ... шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салгаж үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу С ХХК-аас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд С ХХК-аас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагчаас дан ганц С ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай, С ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас шүүх энэ ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна, мөн хэсгийн 15-д: ...зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх, үүргийг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг, энэ маргааны тухайд хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна гэж дүгнэснээс үзвэл, гомдол гаргагч хуулийн этгээдийг зөрчил гаргаагүйд тооцох боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасны дагуу зөрчлийг дахин нотлох шаардлагагүй гаргасан зөрчил нь тогтоогдсон гэж үзнэ, гомдол гаргагч талын зөрчил үйлдээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
10. Харин хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1. зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн, өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1.10. хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж хуульчилсныг зөрчсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1. хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасны дагуу зөрчилд тооцон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7. хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зүйлчлэн торгох арга хэмжээ авч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолыг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн байна.
11. Угтаа зөрчил нь нэг үйлдлээр илрэх ба нэг нь нөгөөгөөс хамааралтай буюу хуулийн этгээдүүд /гомдол гаргагч болон гуравдагч этгээд/ нь тус бүртээ зөрчил үйлдээгүй, хоорондоо шалтгаант холбоотойгоор зөрчлийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7. хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зүйлчлэн дахин хорин сая төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 3.1 дүгээр зүйлийн 1. Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино, 2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасанд нийцэхгүй юм.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргаж гомдол гаргагчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг баримтлан С ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шу*******, хэрэглэгчийн төлөө газрын Х*******,*******ын улсын байцаагч Л.Агийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002301 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН