| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2022/02364/И |
| Дугаар | 101/ШШ2022/03739 |
| Огноо | 2022-09-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/03739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.С холбогдох,
Цалин 4,157,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би боловсролын байгууллагад 39 дэх жилдээ ажиллаж байна. 2021/09 сард манай багш Зинда.мн сайтад ажлын зар байна, уг ажлын байранд орооч гэж хэлэхээр нь хэлсэн утас ******* дугаар руу нь залгасан чинь би таныг 2,000,000 төгрөгөөр цалинжуулъя гэсэн. Тэгээд 2021/10/07-ны өдөр н.С-тай уулзсан, та 2 мэргэжлээр ажиллах юм чинь 2,000,000 төгрөгөөр цалинжуулна гэсэн. Би бага ангийн багш, математикийн багшийн мэргэжилтэй. Ковидын үеээр ч мөн бага ангийн хүүхдүүдэд математик, монгол хэлний хичээл заасан. Би ажлын 62 хоног ажилласан. 2021/10/11-ний өдрөөс 2022/01/25-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй шалтгаан нь амаар сайхан ярьсан, өнөөдөр, маргааш гэрээгээ хийнэ гээд хойшлуулаад байсан. Намайг 1 сар ажилаагүй гэж байна, би ажлын 10 хоногийн хугацаанд ажилаагүй. Намайг өөрийгөө 2,000,000 төгрөгөөр цалинжуул гэж хэлсэн гэж байна, гэхдээ би тэгж хэлээгүй. Хариуцагч багшийн ажилыг үнэгүйдүүлж байна. Би хариуцагчаас мөнгө авч байгаагүй, намайг гүтгэж байна. Би сургалтын төвийнхөө их цэвэрлэгээг хийдэг байсан. Намайг хосолсон мэргэжилтэй учраас 2,000,000 төгрөгөөр цалинжуулсан, нийт 29 хүүхдэд хичээл заасан. Би хүүхэд бүртэй тулж ажилладаг. Би өглөө бүр 08:30 гэж ирээд 9 цагт эхлэх хичээлдээ бэлддэг байсан. Хариуцагч намайг хүүхдүүдээс мөнгө авдаг гэж байна, тийм юм байхгүй. Би өнөөдрийг хүртэл хэнээс ч мөнгө аваагүй, санхүүгийн сахилга баттай байдаг. Анги дүүргэлт 4 байдаг, би хүүхэд бүрийн түвшинд тааруулж хичээлийг нь заадаг байсан, би Монгол улсын гавъяат багш хүн. Би хэзээ хэдэн төгрөгийн цалин авсан талаах баримтаа хэрэгт өгсөн байгаа. Миний цалингийн үлдэгдэл 4,157,000 төгрөг байгаа энэ мөнгөө хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Э.С би Ж.Э- ийн гомдлын хариуд тайлбар бичиж байна. Ж.Э нь манай сургалтын төвд 2 сар ажилласан юм. Хамтарч ажиллах явцдаа өвчтэй хүн өэгөрсөн гэх шалтгаанаар 1 сар гаруйд нь ажилдаа ирээгүй, мөн энэ хүнтэй албан ёсоор гэрээ байгуулаагүй. Учир нь энэ хүн өөрийгөө 2 саяаар цалинжуулахыг биднээс шаардсан юм. Гэвч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, 1 хүүхдийн төлбөр 180,000 төгрөгөөс хэтрэхгүй тийм нөхцөлд бид 2 саяаар хүн цалинжуулах боломжгүйг хэн ч хараад гадарлана. Мөн бид 1,100,000 төгрөг бол гэрээ байгуулая гээд олон удаа гуйсан боловч гэрээ байгуулахгүй явсаар байсан. Ажиллаж байх хугацаандаа энэ хүн биднээс сургууль байгуулах алсын төлөвлөгөөг маань ашиглан бэлнээр 800,000+300,000 гэх мэт олон удаа мөнгө авсан. Заавал яагаад бэлэн авдаг байсныг одоо бид гайхаад байна. Гэвч үзүүлэх харуулах юу ч өгдөггүй. Нөхөр уурлахаар тамга тэмдэггүй цаас барьж ирчихээд нөхөртөө ч бүү үзүүл, намайг бичиг баримтыг зах зухаас үзүүллээ гэж хэлээрэй хэмээн аргацаасан юм. Дээрх мөнгөнүүдийг авахдаа НБСГ-н мэргэжилтэнг хооллох, унааны мөнгө өгөх, цаашлаад 5 саяыг даруй бэлд, карманы мөнгө 2 албан тушаалтанд өгөх тухай ярьж хэлж байсан. Энэ хүн өөрийнхөө цалинг өөрөө тогтоон өөрийгөө цалинжуулан түүндээ бат итгэж шүүхийн байгууллагад хандсан хэмээн бид дүгнэж байна. Монгол улсад маш өндөр төлбөртэй, хувийн сургуульд ч 2 саяын цалин байхгүй. Тийм байхад бид хүнд 2 саяыг өгөх ямар ч боломжгүй. Нэг нэг саяаар гэрээ, үйлдсэн тохиолдолд энэ хүнтэй хамтарч ажиллаж болохоор байснаа бид олон удаа хэлсэн. Энэ хүнд бид бас гомдолтой байдаг. Үүнийгээ дор сийрүүлэя, өдрийн 8 цагаа ажиллуулахаар тохиролцсон боловч нэг ч өдөр 8 цагаар ажиллаагүй, 4-5 цаг ажилладаг байв. Эцэг эхчүүдтэй анги дүүргэлтийг 4 илүү хүүхэдтэй хичээлүүлэхгүй хэмээн амлалт өгсөн ч 8-10 хүүхэдтэй хичээллэж байв. Бид сургалтын танхимаа 1,800,000 төгрөгөөр түрээслэж байсан. Энэ хүний сар алга болоход түрээсийн төлбөрөө тогтмол төлж, ашиглалтын зардлуудаа ч төлсөөр байсан. Энэ нь Ж.Э нь цэвэр хариуцлагагүйгээс бидэнд үүссэн бодит хохирол. Мөн бид маш их зүтгэл гаргаж, хүүхэд олж, талбайн түрээс цалингийн асуудлаа шийддэг. Гэтэл Э нь бүх хүүхдүүдийг урвуулан авч явсан. Эцэг эхчүүдэд тайлбарлахдаа цалин өгөөгүй тул надад мөнгөө төл хэмээн хэлдэг байсан. Жич: бидний ажлыг төрөөс ямар нэг байдлаар санхүүжүүлдэггүй. Зөвхөн суралцагчын төлбөрөөр оршин тогтнож байдгийг энэ хүн маш сайн мэддэг боловч ийм зүйл хийсэн. Хүсэлт: бид Ж.Э гэх хүний дансыг шалгуулахыг хүсэж байна. Учир нь манайд ажилласан сүүлйин сард хүүхдүүдийн төлбөр ирээгүй. Учир нь энэ хүн шамшигдуулсан байж болзошгүй байгаа юм. Мөн бид ч бас гомдолтой байгааг авч хэлэлцэнэ үү. Э гэх эмэгтэйтэй цалингийн тал дээр бид тохиролцож чадаагүй, гэрээ үйлдээгүй, 2 саяаар үнтэй сургууль ч ажилтнаа цалинжуулдаггүй. Үүнийг нэг муу сургалт өгч чадахгүйн мэдээж үүнд бодитой хандахыг хүсье. Ашиглалтын зардал, талбайн түрээс энэ хүний шалтаг тооцсоноор зогсдоггүйг бодолцон бидний хувьд хохирол учруулж хий төлөлтөө бид нэхэмжилмээр байна. мөн орлогын эх үүсвэрийг маань санаатайгаар устгаж, бусдыг турхирч ажлыг маань уналтанд оруулсан ганцхан шалтгаан дээрх хүн юм. Бидэнд хамт ажиллах 2 сарын хугацаанд эдийн засгийн болон сэтгэл санааны асар их дарамтанд оруулж байлаа. Тиймээс дээрх хүний нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг нэг ч төлбөрийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх тайлбаруудаас хариулт нь олдоно гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Э.С-д холбогдуулан дутуу олгогдсон цалинд 4,157,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч харилцан тохиролцож нэхэмжлэгчийг 2021 оны 10 дугаар сараас эхлэн өдөр өнжүүлэх төвийн багшаар ажиллуулахаар болсон талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь нэг сарын 2,000,000 төгрөгийн цалинтайгаар 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажилласан гэж, хариуцагч нь нэг сарын 1,000,000 төгрөгийн цалин өгөхөөр тохирсон, Ж.Э нь 2 сарын хугацаанд ажилласан гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагчаас цалин авч байсныг нотлохоор ХААН банкин дахь өөрийн .....тоот дансны хуулгыг шүүхэд гаргажээ. Тус дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр 2,700,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчид ........ тоот данснаас дээрх төлбөрийг шилжүүлсэн, гүйлгээний утгыг цалин урьдчилгаа с, цалин с, цалин смарт кидс, цалин гэжээ. Тус данс нь хариуцагчийн данс гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэсэн, энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй байна. Гүйлгээг сар бүрээр авч үзвэл 2021.10-р сард 500,000 төгрөг, 11-р сард 1,300,000 төгрөг, 12-р сард 400,000 төгрөг, 2022.01-р сард 500,000 төгрөгийг тус тус хариуцагч, нэхэмжлэгчид төлжээ.
Зохигчийн хэн аль нь нэхэмжлэгч нэг сарын хэдэн төгрөгийн хөлстэй ажиллахаар тохиролцсоныг шүүхэд нотлоогүй байна. Харин нэхэмжлэгчийн 4 сар ажилласан гэх тайлбар нь түүний хөлс авч байсан дансны хуулгаар тогтоогдож байх тул энэ тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Смарт кидс өдөр өнжүүлэх төвд багшаар ажиллуулж тохирсон хөлс төлөх, нэхэмжлэгч эзэмшсэн мэргэжил, багшийн заах арга зүйн ур чадвар, туршлагаа ашиглан хүүхдүүдэд хичээл заахаар тохирсон гэх зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2, 361.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Энэ нөхцөлд хөлсөөр ажиллуулагч нь ажиллагчийн ажилласан хугацаанд нь, тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нэг сарын 2,000,000 төгрөгийн хөлс авахаар тохиролцсон гэх, хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа бид 1, 1 саяар гэрээ байгуулья гэж гуйсан гэх тайлбараа хэн аль нь шүүхэд нотлоогүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан буюу нэхэмжлэгчийн Хаан банкны ........ тоот дансаар авсан хөлснөөс тухайн сард тооцон олгосон хамгийн өндөр дүн бүхий хөлсний хэмжээгээр буюу 2021 оны 11 дүгээр сард 1,300,000 төгрөгийн хөлс төлснийг нэг сарын тохиролцсон хөлс гэж үзлээ.
Иргэний хуулийн 360 дугар зүйлийн 360.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажлын хөлсийг ажил гүйцэтгэсний дараа төлөхөөр хуульчилсан ба зохигч хөлсийг хэзээ, хэрхэн төлөх талаар тохиролцсон эсэх нь маргаантай, хариуцагч нь хөлсийг сар бүр тооцон олгож байсан нь дээрх дансны хуулгаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь нэг сард 1,300,000 төгрөгийн хөлс авахаар хариуцагчтай тохиролцсон гэж үзэн 2021 оны 10-р сард 800,000 төгрөгийн, 12-р сард 900,000 төгрөгийн, 2022.01-р сард 800,000 төгрөгийн хөлсийг тус тус хариуцагч, нэхэмжлэгчид дутуу олгосон байх тул хариуцагч Э.Сгаас 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э олгож, нэхэмжлэлээс 1,657,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ......., хариуцагч ........... дугаарыг ашигладаг гэж шүүхэд мэдүүлжээ. Шүүх хуралдааны товыг зохигчид тус дугааруудаар дамжуулан 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгджээ. Нэхэмжлэгч товыг хүлээн авч шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, хариуцагч хүрэлцэн ирээгүй байна. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүндэтгэх шалтгаанаа илэрхийлсэн хүсэлт, баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзнэ. Иймд зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, баримтыг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Э.С -аас 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгож, нэхэмжлэлээс 1,657,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,464 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Сгаас 54,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ