| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2022/00244/И |
| Дугаар | 156/ШШ2022/00451 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2022/00451
156/ШШ2022/00451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00244/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У. хот, Б...... дүүрэг, .., ..тоотод оршин суух М. овогт Э.Г,
Хариуцагч: Хэнтий аймгийн ............. оршин суух, Б.овогт Б.З
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Э.Г/онлайн/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г /онлайн/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Б.З-д холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Б.З. бид хоёрын хооронд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд мөнгө зээлсэн харилцаа үүссэн. Ингэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 10%-ийн хүүтэй, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5%-ийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон. Б.З. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үндсэн зээл дээрээ нэмээд 480,000 төгрөгийг зээлсэн. Ингээд 10,400,000 төгрөгийн зээлийн гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн эзэмшлийн гар утас дахь facebook чатаар зээлийн гэрээ явуулж, Б.З. зөвшөөрч гарын үсэг зурж надлуу явуулсан. Мөн 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, Б.З. зөвшөөрч гарын үсэг зурсан. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш бид гэрээгээ сунгаагүй, үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөө төлөхийг шаардаж сануулсан. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол шуудан ХК-иар дамжуулан шаардсан мэдэгдэлээ түүний оршин суугаа хаяг руу илгээсэн. Үүнээс хойш ямар нэгэн хариу ирүүлээгүй төлбөрөө огт төлөөгүй байгаа.
Б.З. нь зээлсэн мөнгөнөөс 3,600,000 төгрөгийг бэлнээр төлсөн, 6,800,000 төгрөг үлдсэн. Үүндээр 10%-ийн хүү нэмээд 9,000,000 төгрөг болсон. Миний хувьд Б.З.г өрөнд оруулж, илүү мөнгө нэхээд байгаа зүйл байхгүй. Миний зээлсэн мөнгө 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээл юм. Б.З.ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар дээр бичсэн намайг өөрт нь нийт 13,540,000 төгрөг зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин буцааж нийт 18,780,000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Би ХААН банканд 5935196368 дугаарын данстай. Энэ дансаараа Б.З.д мөнгө шилжүүлсэн, бэлнээр мөнгө өгөөгүй. Мөн энэ дансаараа түүнээс мөнгөө авдаг, өөр дансаар мөнгө аваагүй. Би ХААН банкнаас гадна өөр банканд олон данстай боловч дансны дугаарыг цээжээр мэдэхгүй байна. Миний Б.З-тай тохиролцож хийсэн гэрээний үүргийг Б.З нь биелүүлэхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийн 6,800,000 төгрөг нь үндсэн зээл, 2,200,000 төгрөг нь хүүний төлбөр юм... гэв.
2. Хариуцагч Б.З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Э.Г-т өр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З. нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,400,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 09 сарын 17-ны өдөр гэх мэтчилэн нийт 13,540,000 төгрөгийг Э.Г-гээс зээлсэн, зээлийн харилцаа үүссэн. Б.З-аас Э.Г рүү 2020 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл 15,180,000 төгрөгийг дансаар, 3,600,000 төгрөгийг бэлнээр нийт 18,780,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан гэдэг боловч энэхүү гэрээ нь Б М. гэдэг хүнтэй байгуулсан гэрээ байна. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг боловч энэхүү гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа зээлсэн мөнгөнд гэрээ байгуулсан гэдэг боловч Б.З.ийн дансны хуулганаас харахад үндэслэлгүй байна. 9,000,000 төгрөгийг Э.Г-ээс Б.З нь хэрхэн зээлсэн талаарх баримт хэрэгт байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд Э.Г-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), 2022.05.09-ний өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 6 тал), Монгол шуудан 48 дугаар салбараас олгосон NJ54778076 дугаартай 3,420 төгрөгийн е-баримт (хх-ийн 8 тал), 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ (хх-ийн 9-10 тал), 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэх гэрээний хуулбар, чат мессежний зураг, Б.З-ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 11-13 тал), 2022.06.02-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 23-25 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагч талаас шүүхэд 2022.06.08-ны өдөр Б.З-аас Б.Ж-д олгосон 0074 дугаартай итгэмжлэл (хх-ийн 27 тал), Б.З-ийн нэр дээрх .... тоот дансны 2020.04.01-ний өдрөөс 2020.07.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 30-50 тал), Б.З-гийн нэр дээрх 5954093879 тоот дансны 2020.08.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 51-78 тал), Б.З-ийн нэр дээрх 5954093879 тоот дансны 2021.01.01-ний өдрөөс 2021.07.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 79-114 тал), 5954093879 тоот дансны 2021.08.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 115-147 тал), Б.З-ийн нэр дээрх .......... тоот дансны 2022.01.01-ний өдрөөс 2022.06.06-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 148-179 тал), Б.Золзаяагийн нэр дээрх 5954093879 тоот дансны 2021.10.01-ний өдрөөс 2022.01.01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 180 тал)-ыг баримтаар гаргаж өгсөн.
6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2022.07.07-ны өдрийн 02 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол (хх-ийн 219 тал), Хэнтий аймгийн Засаг даргын орлогчийн 2022.07.22-ны өдрийн 9/1786 дугаартай албан бичиг (хх-ийн 220 тал), Төрийн банкны Хэнтий салбарын 2022.07.22-ны өдрийн 42/696 дугаартай албан бичиг, Б.З.ийн нэр дээрх ............. тоот дансны 2021.07.22-ны өдрөөс 2022.07.22-ны өдрийг хүртэл хугацааны Харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 221-222 тал), ХААН банкны 2022.07.22-ны өдрийн 01/740 дугаартай ...Б.З. . тоот харилцах данс эзэмшдэг,.............. тоот Г.Н., хүүхдийн харилцах данс хамтран эзэмшигч гэх албан бичиг (хх-ийн 223 тал), Хас банкны 2022.07.25-ны өдрийн 04/538 тоот ...Б.З. нь . тоот харилцах данс, ........... тоот хугацаатай хадгаламжийн данс эзэмшдэг, 1040034802 тоот бичил зээлийн өр төлбөртэй гэх албан бичиг (хх-ийн 224 тал), Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2022.07.25-ны өдрийн 01/03-5762 дугаартай Б.З. нь манай банканд хадгаламж болон харилцах дансгүй гэх албан бичиг (хх-ийн 225 тал), Богд банкны 2022.07.25-ны өдрийн 05/5899 дугаартай Б.З. нь 2022.07.25-ны өдрийн байдлаар тус банканд данс эзэмшиж, хариуцагчаар бүртгүүлээгүй гэх албан бичиг (хх-ийн 227 тал), Ариг банкны 2022.07.25-ны өдрийн 6365 дугаартай Б.З.н нэр дээр харилцах болон хадгаламжийн данс, хайрцаг байхгүй болно гэх албан бичиг (хх-ийн 229 тал), Худалдаа хөгжлийн банкны 2022.07.26-ны өдрийн 6/6943 дугаартай Б.З. нь тус банканд ямар нэг данс эзэмшдэггүй гэх албан бичиг (хх-ийн 231 тал), Чингис хаан банкны 2022.07.25-ны өдрийн БХ/857 дугаартай Б.З. нь тус банканд ямар нэг данс эзэмшдэггүй гэх албан бичиг (хх-ийн 233 тал), Транс банкны 2022.07.27-ны өдрийн 11/431 дугаартай Б.З. нь тус банканд харилцах, хадгаламж, зээлийн төгрөг болон валютын данс эзэмшдэггүй гэх албан бичиг (хх-ийн 235 тал), Транс банкны 2022.07.27-ны өдрийн 11/431 дугаартай Б.З. нь тус банканд харилцах, хадгаламж, зээлийн төгрөг болон валютын данс эзэмшдэггүй гэх албан бичиг (хх-ийн 235 тал), Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн 2022.07.28-ны өдрийн 1005 дугаартай ...Б.З. нь капитал банканд харилцах, хадгаламжийн данс эзэмшиж байгаагүй гэх албан бичиг (хх-ийн 237 тал), Голомт банкны 2022.08.03-ны өдрийн 14/хх/03-2248 дугаартай Б.З. нь манай банканд ямар нэг данс эзэмшдэггүй гэх албан бичиг (хх-ийн 249 тал), Э.Г.ийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (2 дугаар хх-ийн 8-48 тал), Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2022.09.15-ны өдрийн 01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол (2 дугаар хх-ийн 94-95 тал) зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Га.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 3,155,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5,845,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б.З. бид хоёрын хооронд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд мөнгө зээлсэн харилцаа үүссэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 10%-ийн хүүтэй, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5%-ийн хүүтэйгээр зохицсон. Б.З. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үндсэн зээл дээрээ нэмээд 480,000 төгрөгийг зээлсэн. Б.З. нь нийт 13,540,000 төгрөгийг зээлсэн гэдэгт маргахгүй, тэрээр 3,600,000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдсэн 6,800,000 төгрөгт 10%-ийн хүү 2,200,000 төгрөгийг нэмээд 9,000,000 төгрөгийг одоо төлөх ёстой гэж,
3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Б.З. нь Э.Г-ээс нийт 13,540,000 төгрөгийг хүүтэй зээлсэн. Б.З.аас Э.Г. рүү 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл дансаар 15,180,000 төгрөг, бэлнээр 3,600,000 төгрөг, нийт 18,780,000 төгрөгийг буцаан төлсөн. 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг Б.З.тай байгуулсан гэрээ гэдэг боловч Б.М. гэдэг хүнтэй байгуулсан гэрээ байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан гэдэг боловч энэ гэрээгээр Б.З. руу ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй. Ингээд хариуцагч Б.З. нь нэхэмжлэгч Э.Г-ээс зээлсэн мөнгөө илүү байдлаар хүүгийн хамт төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.
4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Э.Г. нь хариуцагч Б.З.д 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13,540,000 төгрөгийг хүүтэй зээлж, зээлийн төлбөрөөс хариуцагч Б.З. нь 3,600,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэдэгт талууд маргаагүй, бөгөөд харин үлдэгдэл төлбөрийг төлсөн эсэх талаар маргалаа.
Дээрх харилцаанаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байх ба тус хуулийн заалтаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талууд зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэж мэтгэлцэх бөгөөд хэрэв зээлийн гэрээ нь хуульд заасан стандарт нөхцлийн дагуу байгуулагдсан бол талууд өмнө амаар байгуулсан гэрээг дараа нь бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, зээлийн хүү төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, гэрээг нөхөж байгуулах нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэсэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан заалтад харшлахгүй.
5.Талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээний талаар дүгнэхэд:
Нэхэмжлэгч Э.Г. нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Б.З. нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өмнө авсан үндсэн зээлийн үлдэгдэл 9,800,000 төгрөг дээр нэмээд 480,000 төгрөгийг зээлсэн, ингээд нийт 10,400,000 төгрөгийн зээлийн гэрээг би Б.З. руу онлайнаар явуулж, Б.З. гарын үсэг зурж гэрээ ирсний дараа би түүний Хаан банкны данс руу 480,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулсан гэрээ нь Б.З. зээлийн 10,400,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6,800,000 төгрөгт хүү бодож 9,000,000 төгрөг болж гэрээ байгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүг 10%-иар, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүг 5%-иар бодохоор тохиролцсон гэж тайлбарлалаа.
Гэвч талуудын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй байна. 1-р хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар авагдсан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээг facebook чатаар Б.З. руу явуулж гарын үсэг зуруулж байгуулсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Э.Г.ийн эзэмшлийн гар утасны facebook чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдохгүй байна.
Мөн 1-р хавтаст хэргийн 9-10 дугаар хуудаст авагдсан 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний эхлэл хэсэгт зээлдэгч-ийн нэр хэсэгт Б.З. гэж бичигдсэн боловч гэрээний төгсгөл хэсэгт зээлдэгч-ээр Б.М. гэх нэр бичигдэж гарын үсэг хэсэгт таталбар гарын үсэг зурагдсан байдлаас үзэхэд тус гэрээ нь нэхэмжлэгч Э.Г., хариуцагч Б.З. нарын хооронд байгуулагдсан гэрээ эсэх нь тодорхойгүй, гэрээнд зурагдсан таталбар гарын үсэг нь хэний гарын үсэг болох талаар талууд маргасан, нэхэмжлэгч тал нь тус гэрээнд бичигдсэн зээлдэгчийн оршин суух хаяг, регистрийн дугаар, утасны дугаар нь хариуцагч Б.З.ийн оршин суух хаяг, регистрийн дугаар, утасны дугаартай тохирч байгаа учир Б.З.тай байгуулсан гэрээ мөн гэж тайлбарласан. Энэ нь шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж өгөхөд авсан түүний биеийн байцаалт /1-р хх-15/-д дурдагдсан оршин суух хаяг, регистрийн дугаар, утасны дугаартай тохирч байгаа боловч энэхүү мэдээллээр уг гэрээ нь хариуцагч Б.З.ай байгуулсан гэрээ гэж үзэх боломжгүй. Иймд тус гэрээг Б. З.-тай эсхүл Б. М-тэй байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Мөн уг гэрээнд зээлийн хэмжээг 9,000,000 төгрөг гэж бичигдсэн боловч тус гэрээгээр уг хэмжээний мөнгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэх заалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тус гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхгүй.
6.Зээлийн төлбөрийн талаар дүгнэхэд:
Талууд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн харилцаа үүссэн гэж тайлбарладаг тул нэхэмжлэгч Э.Г.н эзэмшлийн ХААН банк дахь .............. дугаарын данснаас Б.З.ийн ХААН банк дахь ............ дугаарын данс руу шилжүүлсэн мөнгийг түүвэрлэхэд:
-2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 1,400,000 төгрөг /1-р ХХ-37/
-2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5,460,000 төгрөг /1-р ХХ-54/
-2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,700,000 төгрөг /1-р ХХ-70/
-2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 480,000 төгрөг /1-р ХХ-96/, нийт 12,050,000 төгрөг шилжүүлсэн байна.
Харин хариуцагч Б.З.ийн эзэмшлийн ХААН банк дахь ............. дугаарын данснаас нэхэмжлэгч Э.Г.н эзэмшлийн ХААН банк дахь ............. дугаарын данс руу
-2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 150,000 төгрөг /1-р ХХ-37/
-2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 65,000 төгрөг /1-р ХХ-74/
-2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,040,000 төгрөг /1-р ХХ-101/
-2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 110,000 төгрөг /1-р ХХ-104/
-2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 680,000 төгрөг /1-р ХХ-114/
-2021 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 110,000 төгрөг /1-р ХХ-117/
-2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 680,000 төгрөг /1-р ХХ-121/
-2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг /1-р ХХ-129/
-2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 680,000 төгрөг /2-р ХХ-52/
-2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг /1-р ХХ-157/
-2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,210,000 төгрөг /1-р ХХ-180/ нийт 5,725,000 төгрөг шилжүүлсэн байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. нь шүүх хуралдаанд ...Б.З. нь охин Г.Н.ийн нэр дээрх ХААН банк дахь данснаас нэхэмжлэгч Э.Г.ийн эзэмшлийн ХААН банк дахь ..... дугаарын данс руу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,210,000 төгрөг шилжүүлсэн... гэж тайлбарлах бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Г.Н.ын эзэмшлийн ХААН банк дахь ............. дугаарын дансны хуулга /1-р ХХ-180/-аар нотлогдож байх ба үүнийг нэхэмжлэгч Э.Г. үгүйсгээгүй тул уг 1,210,000 төгрөгийг хариуцагч Б.З.аас нэхэмжлэгч Э.Г.т төлсөн зээлийн төлбөрт оруулж тооцлоо.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Б.З. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15,180,000 төгрөгийг дансаар, 3,600,000 төгрөгийг бэлнээр нийт 18,780,000 төгрөгийг Э.Г.т төлсөн... гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.З. нь нэхэмжлэгч Э.Г.ийн эзэмшлийн ХААН банк дахь . дугаарын данснаас түүний эзэмшлийн өөр данс руу шилжүүлсэн бол ямар нэртэй банкны хэдэн тоот данс руу шилжүүлсэн, уг шилжүүлсэн гэх данс нь нэхэмжлэгч Э.Г.ийн нэр дээрх данс мөн эсэхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгч Э.Г.ийн шүүх хуралдаанд гаргасан ...Б.З нь мөнгөө миний ХААН банк дахь ....... тоот данснаас өөр данс руу шилжүүлээгүй... гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгээгүй болно.
Иймд хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Э.Г.ээс хариуцагч Б.З-ийн данс руу нийт 12,050,000 төгрөг шилжүүлсэн байдал харагдаж байгаа боловч талууд нэхэмжлэгч Э.Г.ээс хариуцагч Б.З.ийн данс руу нийт 13,540,000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул 13,540,000 төгрөгөөс Б.З. нь дансаар 6,935,000 төгрөгийг, бэлнээр 3,600,000 төгрөг, нийт 10,385,000 төгрөгийг Э.Г.т төлснийг хасвал 3,155,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.
Энэ нь (13,540,000 төгрөг - 10,385,000 төгрөг)= 3,155,000 төгрөг төлөгдөөгүй.
7.Зээлийн гэрээнд хүү тооцсон талаар дүгнэхэд:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.З.д зээлсэн мөнгөө 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 10%-ийн хүү, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 5%-ийн хүү бодохоор тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын 9,000,000 төгрөгөөс 2,200,000 төгрөгийн хүү нэхэмжилсэн байна.
Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Г.ээс зээлсэн мөнгийг хүүтэй зээлж авахаар амаар тохиролцож, энэхүү тохиролцоогоо бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч зээлсэн мөнгөний хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, үндсэн төлбөрт оруулж тооцох эрхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан ...хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэх заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, үндсэн зээлийн төлбөрт тооцох эрхийн үндэслэлд энэ хуулийн зохицуулалт хамааралгүй.
Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн данс руу 6,935,000 төгрөгийг, бэлнээр 3,600,000 төгрөг, нийт 10,535,000 төгрөг төлөгдсөн байхад үүнээс хэдэн төгрөг нь хүүгийн төлбөр, хэдэн төгрөг нь үндсэн зээлийн төлбөр, хэдэн төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэлд оролцуулан тооцоолж байгаа нь тодорхойгүй, тооцоолол зөрүүтэй, нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойших зээл, зээлийн хүү нэхэмжилсэн гэх боловч хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгийг өмнөх зээлийн үндсэн төлбөр болон хүү гэдгээ нотолж чадаагүй, энэхүү нөхцөл байдал нь хэргийн баримтаар нотлогдсон байх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцнэ. Гэтэл энэ талаарх ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн зээлсэн төлбөрөөс буцаан төлсөн мөнгөний хэдэн төгрөг нь хүүгийн төлбөр байсан болохоо нэхэмжлэгч нь нотлож чадаагүй тул одоо нэхэмжилж буй зээлийн төлбөрт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тооцож нэхэмжлэх эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Б.З.аас зээлийн төлбөр 3,155,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г.т олгож, үлдэх 5,845,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З.аас 3,155,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г.т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Б.З.аас 3,155,000 /гурван сая нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,845,000 /таван сая найман зуун дөчин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З.аас 65,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА