| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/226 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/226
2025 07 08 2025/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Цэгмэд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох 2530002660199 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1960 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 66 настай, эрэгтэй , бүрэн бус дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, ******* тоотод түр орших суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын Чулуунбадрах.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Тэмүүлэл” хорооллын гудамжинд хохирогч ******* зүүн хөлийг хазаж, чирч түүний эрүүл мэндэд дунд чөмгөнд зөрүүтэй хугарал, гуянд хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь нь орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Тэмүүлэл” хорооллын гудамжинд хохирогч ******* зүүн хөлийг хазаж, чирч түүний эрүүл мэндэд дунд чөмгөнд зөрүүтэй хугарал, гуянд хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 03 х), ЭМЯ-ны эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээл (хх-ийн 05 х), 2025 оны 06 сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 08-16 х), хохирогч ******* мэдүүлэг (хх-ийн 20-22, 25-26 х), хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт (хх-ийн 27-29 х), Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл (хх-ийн 33 х), гэр ******* мэдүүлэг (хх-ийн 37-38 х), Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн (хх-ийн 43-44 х), Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн (хх-ийн 51-52 х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71 х), *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 76-79 х) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Прокуророос шүүгдэгч *******ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Тэмүүлэл” хорооллын гудамжинд орчиндоо аюул учруулж болох амьтан болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч руу дайран урж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй авч явах, хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүний амь бие, эрүүл мэндэд халдаж хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан/ нохой, муур/ болон таван хошуу мал, гаршуулсан зэрлэг амьтадыг хамааруулан ойлгодог болно.
Зохих хамгаалалт гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлсийг хэрэглэг шаардлагыг ойлгох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив тал нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутай эс үйлдэхүй байдаг ба энэ эс үйлдэхүйн улмаас амьтан нь бусдын эрүүл мэндэд хор хүргэсэн бодит хохирол учирсан байхыг шаарддаг байна.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Шүүгдэгч ******* нь ******* эмчилгээний зардалд 2,100,000 төгрөг өгсөн байна. Хохирогч нь хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2,000,822 төгрөгийг зарцуулсан болох нь ЭМДЕГазрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан туслам үйлчилгээний мэдээлэл зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 2,000,822 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, *******ад оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******ад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын Чулуунбадрахыг орчиндоо аюул учруулж болох амьтны зохих хамгаалалтгүй байлгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, *******ад оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч д 2,100,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогч ******* эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 2,000,822 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР