Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025//ШЦТ/220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж

Нарийн бичгийн дарга Э.Н,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,

            Шүүгдэгч Н.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А,

           Хохирогчийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О холбогдох эрүүгийн 2***************** дугаартай хэргийг 20** оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, ..........................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн орчим Д аймгийн М сумын * дугаар баг, Т албан хаагчдын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Н хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Миний асаргааны мөнгө надад олдохгүй дуусаад байсан болохоор нь мөнгөө ээж рүүгээ шилжүүлсэн. Түүнээс болж бид маргалдсан. Тухайн өдөр асаргааны мөнгөнөөс болж муудалцсан. Тэгээд өөдөөс цохих гэж байгаа юм шиг мэдрэгдэхээр нь сандраад гараараа даллахад оногдсон. Тэгэхдээ зүүн талын хацартаа гэмтэл авсан гээд байгаа, би бодохдоо хэрэв гэмтэл авсан баруун талдаа болов уу л гэж санагдаад байгаа. Гар хүрээгүй биш, мэдрэмжээрээ өөдөөс дайрч байна уу гэж санагдахаар нь гараа савсан. Тухайн савалтад л оногдчихсон гэв. Би одоо Ж.Н-тай хамааралгүй. Харин маргаан болох хүртэл 23 жил хамт амьдарч байсан.” гэв.

 

Мөрдөн байцаалтын явцад цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...20** оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө ...би гэрээс гарах гээд хувцаслаж байх үедээ асаргааны мөнгөө авч түлш модоо бэлдсэнгүй гэж хэлтэл нөхөр "Би эхдээ юугаа өгөхөө өөрөө мэдэж байна" гэж нөхөр бид хоёр маргалдаад нөхөр орноос босож ирээд том өрөөнд бид хоёр зөрөх хооронд намайг цохисон. Тэгээд цааш эргэж гутлаа авах хооронд би том өрөөнөөс гарч зугтсан. Том өрөөний үүдийг би гаднаас нь дарсан чинь нөхөр дотроос хаалга түлхэж онгойлгосон. Би цаашаа дахин зугтааж гэрээс гараад цагдаа руу залгаж цагдаа дуудсан... Манай нөхөр бид хоёр 20** онд машинтай явж байгаад О согтуу байсан учир явж байсан машины хаалга нээгээд өөрөө машинаас унаад толгойдоо гэмтэл авсан. Уг гэмтлээс шалтгаалаад хоёр нүд нь хараагүй болсон. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон учир О-г асарч байгаа хүнд асаргааны мөнгө гэж өгдөг юм. Гэтэл 20** оны 10 дугаар сараас эхлэн О-н асаргааны мөнгийг ээж Ц нь авах болсон учир би О-с асаргааны мөнгөө авч түлш модоо авсангүй гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),

О.А 20** оны 12 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “Ер нь л нэг тийм хөндий харилцаатай байдаг юм нэг дор цуг байхаараа юм л болбол хэрүүл маргаан хийчих гээд байдаг. Эд хөрөнгө малаасаа болоод муудалцаад байдаг. Аав харааны бэрхшээлтэй учраас өөрийн ах, дүү нарын хэлсэн ярьсан зүйлийг буруу зөрүү ойлгодог юм шиг байгаа юм. Би тэр өглөө Тамгын газарт ажил дээрээ байсан. Манай ажил өглөө 8:30 цагт цугладаг юм. Тэр өдөр ээж над руу утсаар болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд би тэр талаар мэдсэн юм. Манай дүү О.А хичээлдээ явчихсан байсан. Манай аав, ээж хоёр хоёулаа гэрт үлдсэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

О.А 20** оны 1 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Миний дэргэд муудалцаж хоорондоо зодолдож байсан зүйл байхгүй. Аав тэтгэмжийн мөнгөө ар гэртээ хэрэгцээтэй зүйлд нь тухай бүрд өөрөө мэдэж зарцуулдаг.” (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

Шүүгдэгч Н.О-ын 20** оны 12 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “хохирогчид тогтоогдсон шинжээчийн дүгнэлттэй танилцсан учраас энэ гэмтэл нь миний үйлдлээс болсон нь тодорхойлогдож байгаа учраас би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 20-21 дугаар тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 33-36 дугаар тал),

Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаартай "...Ж.Н-гийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20** оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай "...Хохирогч Ж.Н-гийн сэтгэцэд 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Ж.Н-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар тал),

Шүүгдэгч Н.О-ын 20** оны 5 сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “20** оны 11 сарын 1-ний өглөө Ж.Н асаргааны мөнгийг эх рүүгээ шилжүүлээ гэж хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн юм. Тэгээд би Ж.Нд би төрсөн эхдээ юугаа өгөхөө өөрөө мэдэж байна. Чи намайг харж ханддаггүй байж яасан гэж тэр мөнгийг авах юм бэ гэж хариуг нь хэлсэн. Тэгээд би босож очоод Н чимээнээр нь дөхөөд тэмтэрч үзээд буцаад эргэтэл Н над руу ойртох шиг мэдрэмж төрөөд байсан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад зүүн гараа шивэртэл миний гарт Ж.Н оногдчих шиг болсон. Би өөр ямар нэг үйлдэл хийгээгүй буцаад ор руугаа суусан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дугаар тал),

20** оны 5 сарын 14-ний өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 96-98 дугаар тал),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

20** оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 152 дугаар тал),

Д аймгийн нэгдсэн эмнэлгийн 20** оны 11 сарын 06-ны өдрийн Ж.Нгийн өвчний түүх (хавтаст хэргийн 209 дүгээр тал),

Үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бичиг (хавтаст хэргийн 211 дүгээр тал),

Гэмтлийн эмчийн үзлэг (хавтаст хэргийн 212 дугаар тал),

Ж.Нгийн Судасны гуурстай үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх хуудас (хавтаст хэргийн 2016 дугаар тал),

 О.А 2025 оны 01 сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Намайг ажил дээрээ байж байхад ээж Н над руу залгаж О нүүрний шанаа хэсэгтэй цохиулчихлаа" гэж хэлсэн. ...ээж сумынхаа эмнэлэгт үзүүлсэн өдрөө С руу явсан. Ээж аав О цохиулсныхаа дараа эрүү аймаар зовуурьтай байна гээд сумын эмнэлэг, аймгийн эмнэлэгт үзүүлж, мөн Улаанбаатар хотын эмнэлэгт үзүүлсэн. Ээж эмнэлгийн байгууллагаар үзүүлж хэд хоног явсан... би ээжийг аавд цохиулснаас хойш сарын дараа харахад ээжийн эрүү унжсан гэж байсан. Би ээж, аав хоёрын хэрүүл маргаанд оролцдоггүй болохоор ээжийн эрүүг ач холбогдол өгч сайн хараагүй. Хальт харахад ээжийн эрүү унжсан нь мэдэгдэх юм бол байхгүй, би унжсан гэж хараад мэдэхгүй, ээж эрүү зовуурьтай байна гэж одоо болтол ярьдаг..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 229-230-р тал/,

Шинжээч эмч Э.А 20** оны 12 сарын 16-ны өдрийн Шинжээчээс мэдүүлэг авсан “...20** оны 11 дүгээр сарын 18-ны "Б" эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариуг шинжлэн судалж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээч томилох тогтоолд М сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хавсарган ирүүлээгүй тул тухайн бичиг баримтад юу гэж тусгасан талаар мэдэхгүй байна. Хэрэв хавсаргасан бол дүгнэлтэд тусгах байсан. 20** оны 11 дүгээр сарын 18-ны "Б" эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариунд зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй гэж тусгасан байсан. Өөрийн биед хийсэн үзлэг болон 20** оны 11 дүгээр сарын 18-ны "Б" эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариуг үндэслэн хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлтийг гаргасан. Сумын эрүүл мэндийн төвүүд анхан шатны үзлэгийг хийж зовуурь, шинж тэмдгийн дагуу дараагийн шатны эмнэлэг явуулдаг сумын хэмжээнд толгойн компьютер томограф шинжилгээ хийж хацар ясны хугарлыг оношлох боломжгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 232-233-р тал/,

Э.Ч 20** оны 01 сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн "...Тухайн үед үзүүлэхэд хүнд зодуулсан гэсэн ба тухайн үеийн зовуурь нь толгой өвдөнө, нүүр хавдсан байсан. Тэгээд үзлэгээр бол амин үзүүлэлт нь хэвийн байсан ба нүүрний шанаа /аль талын шанаа байсан эсэхийг санахгүй байна/, хацар, эрүү хэсэг нь хавдсан, өвдөлттэй, өнгөц хөхрөлттэй, урагдалт цус гаралт байхгүй. Маш их хавдсан эмзэглэлтэй байсан. Толгой нь их өвдөлттэй байсан учир өвчин намдаах, тархины хаван хөөх дусал тариа болон шинж тэмдгийн эмчилгээ /хавдрыг буулгах, толгойн боолт хийх/ хийсэн. Тэгээд битүү гэмтэлтэй байсан учир Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж оношоо баталгаажуулах тодруулах талаар зөвлөгөө өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 236-238-р тал/,

 М.Э 20** оны 03 сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Тухайн манай Б эмнэлэгт ирэх үед манай техникчийн авсан асуумжаар тухайн хүн 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр толгой хэсэгтээ цохиулж гэмтэл авсан, толгой байнга дүүрч өвдөнө гэсэн зовуурьтай шинжилгээнд орсон байсан. Би тухайн хүний шинжилгээний хариу 20** оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дүгнэлт бичсэн. Уг хүний толгойн тодосгогч бодисгүй компьютер томографикийн шинжилгээнд зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй харагдсан. Уг өөрчлөлтийг дүгнээд шинэвтэр хугарал байна гэж үзсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 242-р тал/

Төлбөрийн баримт /хавтаст хэргийн 5-р тал/,

Ж.Нгийн Х б дах ********** тоот дансны хуулга /2 хавтаст хэргийн 6-12-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.От холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагч Д.З гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.О нь 20** оны 11 сарын 01-ний өдрийн 08 цагийн орчим Д аймгийн М сумын 5 дугаар баг төрийн албан хаагчдын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ж.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Хохирогч Н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч О үйлдлийн улмаас тухайн цаг хугацаанд үүссэн байх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Ж.Нгаас нийт 1,181,255 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Хохирогчийн сэтгэцэд 1 зэрэглэлийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх, улсын яллагчийн зүгээс тухайлан гаргах санал байхгүй.” гэх,

 Хохирогчийн өмгөөлөгч Э.Э гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг хэлдэг. Хэрэг хянан шийд шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн байдал хэн үйлдсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай хүрэлцэхүйц хэргийн үйл баримтад хамааралтай ач холбогдолтой байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч О үйлдэлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдсон. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг гэмт хэргийн шинж болон хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзээд хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй. Н 20** оны 12 сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл мөн хохирогчоор мэдүүлэг авсан тухай 20** оны 11 сарын 10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, ***** дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар, Оаас холбогдсоор авсан мэдүүлэг, тухайн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл мөн яллагдагчаар авсан мэдүүлэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хохирогч Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдсон. Шүүгдэгчийн цохисон үйлдэл хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн хооронд шалтгаант холбоотой, гэмт хэргийн сэдэлт зорилго гэмт хэрэг гарсан байдал гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл хангалттай тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгчийн холбогдогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцогдоно гэж үзэж байна. Хохирогч гэмт хэргийн улмаас шинжилгээ оношилгоо, эм тариа, эмчилгээний зардалд 865,080 төгрөг, замын болон хоол хүнсний зардалд 316,175 төгрөг нийтдээ 1,18,250 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Шүүгдэгч хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, Ж.Нтай биеэр уулзаж утсаар асууж ярилцаагүй өнөөг хүрсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтын хууль зүйн дүгнэлтийн хамт хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэргээр илэрдэг. Гэтэл Н.Оын тухайд гэм буруугаа дээрх байдлаар илэрхийлээгүй тул үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үр дагавар хор холбогдлыг ойлгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэц учирсан хор уршигт 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн 20** оны ****** дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед зүүн талын хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдож гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа.  Шинжээчийн 2024 оны 245 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч Ж.Нгийн сэтгэцэд 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна гэж тогтоосон. У/ хотын Б/ эмнэлгийн 20** оны 11 сарын 18-ны өдрийн компьютер томографын шинжилгээгээр зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй, хамрын таславч зүүн тийш мурийлттай гэж оношилсон. Д аймгийн нэгдсэн эмнэлэгт 20** оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нотлогдоно. Сэтгэцийн хор уршгийг шийдвэрлэхэд шүүхээс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг хүсэж байна.” гэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар хуудсанд авагдсан баримтаар хохирогч 20** оны 11 сарын 02-ны өдөр Д аймгийн М сумын эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан байдаг. Яаралтай тусламжийн хуудсанд баруун шанааны дагуу эмзэглэл хавдартай гэсэн онош бичигдсэн. Үүний дараагаар буюу 20** оны 11 сарын 18-ны өдөр хохирогч Улаанбаатар хотын Б эмнэлэгт томографын шинжилгээ хийлгэхэд зүүн талын хацар ясны хугарал гэсэн оношоор тодорхойлогдсон. Үүнээс харахад зүүн тал, баруун тал гэсэн хоёр янзын онош гараад ирсэн. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийгээд үүнийг зайлшгүй тодруулж, эргэлзээтэй байдлыг арилгах ёстой гээд хэргийг буцааж дахин ажиллагаа хийсэн. Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд гэрч А, А, Ч нараас энэ талаар тодруулж асуухаар ажиллагаа хийгдсэн байдаг. Гэсэн хэдий ч гэрч нарын мэдүүлгээс харахад гэрч А мэдүүлэгт зүүн шанаа хэсэгтээ зодуулсан байсан л гэсэн зүйл ярьсан байгаа. Шинжээч эмчийн мэдүүлгээр М сумын эрүүл мэндийн бичиг хэрэгт хавсрагдаагүй учраас зөвхөн Б эмнэлгийн томографын шинжилгээг үндэслээд шинжээчийн дүгнэлт гаргасан гэдгээ мэдүүлдэг. М сумын эрүүл мэндийн төвийн эмч Ч аль талын шанаад гэмтэл учирсан байсныг тодруулахад сайн санахгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр 11 сарын 02-ны өдөр үзүүлэхэд баруун шанааны эмзэглэлтэй байсан байна. 11 сарын 06-ны өдрөөс хойш Д аймгийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн бичигт зүүн нүдний доод зовхи хөхөрсөн гэдэг. Тэгэхээр яг энэ гэмтэл зүүн тал нь юм уу баруун тал нь юм уу гэдэг нь эдгээр баримтаас эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дугаар хуудсанд Б эмнэлгийн эмч Э гэрчээр асуухад хэрэг гарснаас 18 хоногийн дараа үзээд тухайн гэмтлийг яагаад шинэвтэр хугарал байсан гэж мэдүүлсэн юм энэ нь мөн эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн гэмтэл 18 хоногийн дараа бороолчихсон байдалд байхыг үгүйсгэх аргагүй. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 11 сарын 06-10-ны өдрийн хооронд үзүүлж байсан оношоор зүүн талынх нь хугарал үүссэн байх боломжтой. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг 10,000,000 гаргуулахаар нэхэмжилж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлээр тогтоосон. Уг зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 гэж нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлоод өгчихсөн. Гэтэл яагаад заавал 10,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Эмчилгээний зардалд 865,080 төгрөгийг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардал төлбөр, ямар эмчийн зөвлөгөө авч ямар эмчилгээ сувилгаа хийлгэсэн гэдэг баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний дараагаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг тухайн хүснэгтийн дагуу доод хэмжээгээр нь шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.От аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 Шүүгдэгч Н.О нь 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн орчим Д аймгийн М сумын * дугаар баг, Т албан хаагчдын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ж.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Нгийн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 7-9,  дүгээр тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20** оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 245 дугаартай дүгнэлт, 20** оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч Н.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний асаргааны мөнгө надад олдохгүй дуусаад байсан болохоор нь мөнгөө ээж рүүгээ шилжүүлсэн. Түүнээс болж бид маргалдсан. Тухайн өдөр асаргааны мөнгөнөөс болж муудалцсан. Тэгээд өөдөөс цохих гэж байгаа юм шиг мэдрэгдэхээр нь сандраад гараараа даллахад оногдсон. Тэгэхдээ зүүн талын хацартаа гэмтэл авсан гээд байгаа, би бодохдоо хэрэв гэмтэл авсан баруун талдаа болов уу л гэж санагдаад байгаа. Гар хүрээгүй биш, мэдрэмжээрээ өөдөөс дайрч байна уу гэж санагдахаар нь гараа савсан. Тухайн савалтад л оногдчихсон.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Оын 20** оны 12 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “хохирогчид тогтоогдсон шинжээчийн дүгнэлттэй танилцсан учраас энэ гэмтэл нь миний үйлдлээс болсон нь тодорхойлогдож байгаа учраас би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Оын 20** оны 5 сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “20** оны 11 сарын 1-ний өглөө Ж.Н асаргааны мөнгийг эх рүүгээ шилжүүлээ гэж хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн юм. Тэгээд би Ж.Нд би төрсөн эхдээ юугаа өгөхөө өөрөө мэдэж байна. Чи намайг харж ханддаггүй байж яасан гэж тэр мөнгийг авах юм бэ гэж хариуг нь хэлсэн. Тэгээд би босож очоод Нгийн чимээнээр нь дөхөөд тэмтэрч үзээд буцаад эргэтэл Н над руу ойртох шиг мэдрэмж төрөөд байсан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад зүүн гараа ширэвтэл миний гарт Ж.Н оногдчих шиг болсон. Би өөр ямар нэг үйлдэл хийгээгүй буцаад ор руугаа суусан юм.” гэх мэдүүлэг, Д аймгийн нэгдсэн эмнэлгийн 20** оны 11 сарын 06-ны өдрийн Ж.Нгийн өвчний түүх, Гэмтлийн эмчийн үзлэг, О.А 2025 оны 01 сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Намайг ажил дээрээ байж байхад ээж Н над руу залгаж "От нүүрний шанаа хэсэгтэй цохиулчихлаа" гэж хэлсэн. ...ээж сумынхаа эмнэлэгт үзүүлсэн өдрөө С руу явсан. Ээж аав От цохиулсныхаа дараа эрүү аймаар зовуурьтай байна гээд сумын эмнэлэг, аймгийн эмнэлэгт үзүүлж, мөн У хотын эмнэлэгт үзүүлсэн. ..." гэх мэдүүлэг, Э.Ч 2025 оны 01 сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн "...Тухайн үед үзүүлэхэд хүнд зодуулсан гэсэн ба тухайн үеийн зовуурь нь толгой өвдөнө, нүүр хавдсан байсан. Тэгээд үзлэгээр бол амин үзүүлэлт нь хэвийн байсан ба нүүрний шанаа /аль талын шанаа байсан эсэхийг санахгүй байна/, хацар, эрүү хэсэг нь хавдсан, өвдөлттэй, өнгөц хөхрөлттэй, урагдалт цус гаралт байхгүй. Маш их хавдсан эмзэглэлтэй байсан. Толгой нь их өвдөлттэй байсан учир өвчин намдаах, тархины хаван хөөх дусал тариа болон шинж тэмдгийн эмчилгээ /хавдрыг буулгах, толгойн боолт хийх/ хийсэн. Тэгээд битүү гэмтэлтэй байсан учир Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж оношоо баталгаажуулах тодруулах талаар зөвлөгөө өгч явуулсан...” гэх мэдүүлэг, М.Энхтуяагийн 2025 оны 03 сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Тухайн манай Бриллиант эмнэлэгт ирэх үед манай техникчийн авсан асуумжаар тухайн хүн 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр толгой хэсэгтээ цохиулж гэмтэл авсан, толгой байнга дүүрч өвдөнө гэсэн зовуурьтай шинжилгээнд орсон байсан. Би тухайн хүний шинжилгээний хариу 20** оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дүгнэлт бичсэн. Уг хүний толгойн тодосгогч бодисгүй компьютер томографикийн шинжилгээнд зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй харагдсан. Уг өөрчлөлтийг дүгнээд шинэвтэр хугарал байна гэж үзсэн..." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ж.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Н.От нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, учирсан үр дагаврыг урьдчилан мэдэх боломжтой байх ба хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Н.О нь зэвсэг хэрэглэл ашиглахгүйгээр өөрийн гараараа хохирогчийг зохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан объектив талын шинжийг, шүүгдэгч Н.Оын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдэл болон хохирогч Ж.Нгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Н.Оыг гэм буруутайд тооцох дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд гэрчийн мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй, худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Прокуророос шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “Яаралтай тусламжийн хуудсанд баруун шанааны дагуу эмзэглэл хавдартай гэсэн онош бичигдсэн. Б эмнэлэгт томографын шинжилгээ хийлгэхэд зүүн талын хацар ясны хугарал гэсэн оношоор тодорхойлогдсон. Үүнээс харахад хохирогчийн зүүн тал, баруун тал гэсэн хоёр янзын онош гараад эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Үүнийг тодруулах шаардлагатай.” гэж тайлбарлав.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эмнэлгийн мэргэшсэн тусламж шаардлагатай иргэнийг холбогдох эрүүл мэндийн байгууллагад илгээх, эргэх холбоо тогтоох,  хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэх, сум, тосгонд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэгтэй. Иймд Д аймгийн М сумын эрүүл мэндийн төвийн үйлдсэн яаралтай тусламжийн хуудас нь хохирогчид эхний байдлаар учирсан зовуурийг бичсэн байх ба үүнийг хохирогчийн гэмтлийг тодорхойлсон баримт гэж үзэхгүй.

Харин хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Э.Б нь хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор хүний их эмч, мэргэжилтэй, шинжээч эмчээр 9 дэх жилдээ ажиллаж буй мэргэшсэн шинжээч цагдаагийн ахмад Э.А томилсон байх ба уг тогтоолын дагуу томилогдсон эрх бүхий шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтооно.

Мөн шинжээч эмч Э.А нь мөрдөн байцаалтад өгсөн “...20** оны 11 дүгээр сарын 18-ны "Бриллиант" эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариуг шинжлэн судалж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээч томилох тогтоолд М сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хавсарган ирүүлээгүй тул тухайн бичиг баримтад юу гэж тусгасан талаар мэдэхгүй байна. Хэрэв хавсаргасан бол дүгнэлтэд тусгах байсан. 20** оны 11 дүгээр сарын 18-ны "Б" эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариунд зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй гэж тусгасан байсан. Өөрийн биед хийсэн үзлэг болон 20** оны 11 дүгээр сарын 18-ны "Б" эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариуг үндэслэн хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлтийг гаргасан. Сумын эрүүл мэндийн төвүүд анхан шатны үзлэгийг хийж зовуурь, шинж тэмдгийн дагуу дараагийн шатны эмнэлэг явуулдаг сумын хэмжээнд толгойн компьютер томограф шинжилгээ хийж хацар ясны хугарлыг оношлох боломжгүй..." гэж,

М.Э 2025 оны 03 сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллаганы явцад гэрчээр өгсөн“...Тухайн манай Бриллиант эмнэлэгт ирэх үед манай техникчийн авсан асуумжаар тухайн хүн 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр толгой хэсэгтээ цохиулж гэмтэл авсан, толгой байнга дүүрч өвдөнө гэсэн зовуурьтай шинжилгээнд орсон байсан. Би тухайн хүний шинжилгээний хариу 20** оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дүгнэлт бичсэн. Уг хүний толгойн тодосгогч бодисгүй компьютер томографикийн шинжилгээнд зүүн талын хацар ясны нум дотогш цөмөрсөн хугаралтай, хацар ясны эргэн тойрон бага зэрэг нэвчдэстэй харагдсан. Уг өөрчлөлтийг дүгнээд шинэвтэр хугарал байна гэж үзсэн..." гэх мэдүүлгээс үзвэл хохирогч Ж.Нд зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээр дурдсан хохирогчид учирсан гэмтэл эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлгүй.

           Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт хангалтгүй тул хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээх саналыг гаргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирлыг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.О нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

            Тодруулбал, хохирогч Ж.Нгийн эрүүл мэндэд учирсан гэмтлээс шалтгаалан түүнд 865,080 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20** оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ж.Нгийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэж дүгнэсэн.  Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 20** оны 7 сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай журмын 4 дүгээр зүйлд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 1 дүгээр зэрэглэл бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр олгохоор заасан байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 20** оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдрийн хурлаар 20** оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр тогтоосныг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр харгалзуулан үзвэл сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт  2,744,500 төгрөгийг хохирогч Ж.Нд олгох үндэслэлтэй.

  Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Н.От  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Н.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

 Бусад асуудлаар: Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б Ш овогт Н Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Н.От оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 865,080 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 2,744,500 төгрөг, нийт 3,609,580 төгрөгийг шүүгдэгч Н.Оаас гаргуулж хохирогч Ж.Нд олгосугай.

7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГОНЧИГСУМЛАА