Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ч.М- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох эрүүгийн 201722000269 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.М-,

Шүүгдэгч Ч.М- нь  2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах “Цагаан-Уул” зах дотор байлдааны галт хэрэгсэл болох АКМ бууны 12 ширхэг сумыг борлуулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.М- нь  2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах “Цагаан-Уул” зах дотор байлдааны галт хэрэгсэл болох АКМ бууны 12 ширхэг сумыг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д-йн ....  Би Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын ажлыг хийдэг, уг ажлыг 5 дахь жилдээ хийж байна. Дээрхи хууль зөрчсөн үйлдэл нь миний хариуцсан багийн нутаг дэвсгэр дээр  гарсан болохоор аймгийн ЗДТГ-аас намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,    

   Гэрч Д.С-н “... 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд би “Цагаан-Уул” зах дотор Найдвар дэлгүүрийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Ч.М- гэх эмэгтэй намайг харснаа гэнэт л газарт юм булаад байсан, тэгэхээр нь би сэжиг төрөөд очоод шалгаад үзэхэд цаасанд боогоод АКМ бууны сум нуусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,    

 Гэрч Д.С-н “...манай дэлгүүрт орж ирсэн цагдаа /С-/ Ч.М-гээс цаасанд бил үү, даавуунд бил үү боосон боодолтой зүйлийг тоолж үзэж байгаад л хураагаад аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 Гэрч Д.Д-н “...Тэгэхэд Ч.М- миний зүүн талд сандал дээр суугаад газарт нүх ухаад сум хийж байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,   

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, Б.Түвшинбаатарийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3186 дугаартай

  • Шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг сум нь 1975 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзе /Киргиз улсын Бишкек хот/-н зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм  калибртай ган зүрхэвчтэй ердийн сумнууд байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь иргэний хэрэгцээнд зориулагдаагүй гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.М-гийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн 201722000269 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АКМ бууны 12 ширхэг сумыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Онход овогт Ч.М-г байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201722000269 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АКМ бууны 12 ширхэг сумыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

      4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ