| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134000000057 |
| Дугаар | 2021/ДШМ/49 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/49
Д.Л-ид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Нарийн бичгийн дарга Т.Болдбаяр нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн хянан шийдвэрлэсэн, 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолтой Д.Лид холбогдох 2134000000057 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийг 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Л-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан атлаа тухайн ялыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.
Мөн шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн атлаа оногдуулсан ялыг хэрхэн биелүүлэх талаар шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнэхээр байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Л-ид холбогдох эрүүгийн 2134000000057 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.Л нь согтуугаар 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21-22 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 6 дугаар гудамж 3 тоотод байрлах өөрийн гэртээ Ц.Ганбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдох үедээ Ц.Ганбатын нүүрэн тус газар нь заазуураар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “зулай, дух, хамар, зүүн хацар, цээжинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.Ганбат /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрч У.Дэлгэрмаа /хх-ийн 6 дугаар хуудас/, Ч.Отгонмягмар /хх-ийн 8 дугаар хуудас/, Д.Цэрэндорж /хх-ийн 10 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 01-ний өдрийн №70 дугаартай шинжээч дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/, Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 01-ний өдрийн №71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.
Д.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргажээ. /хх-ийн 55-р хуудас/.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сар 15 хоногийн “Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 6-3 тоотод байрлах өөрийн оршин суух газраас явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналыг Д.Л хүлээн зөвшөөрсөн байна /хх-ийн 65-р хуудас/,
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Д.Лид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Д.Лийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн атлаа уг ялыг хэрхэн хэрэгжүүлэх талаар заалгүй орхигдуулсан нь шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтад зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021
оны 02 сарын 24-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийг 1 сар 15 хоног /нэг сар арван тав/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийг 1 сар 15 хоног /нэг сар арван тав/ хугацаагаар “Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 6-3 тоотод байрлах өөрийн оршин суух газраас явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дугаар заалтын “3. Шүүгдэгч Д.Лид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл хорих ялаар солихыг сануулсугай.” гэснийг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацаагаар “Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 6-3 тоотод байрлах өөрийн оршин суух газраас явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ