Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 118/ШШ2023/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Бэгзсүрэнгийн Байгалмаа

                       Бальдарын  Дайриймаа

                        Бат-Эрдэнийн Батхуяг

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга

нарын хоорондын газар өмчлөх эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Байгалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Рэнчинбямба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Б.Байгалмаа, Б.Дайриймаа, Б.Батхуяг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал: Анх Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн А/407 дугаартай захирамжаар маргаан бүхий газар болох Улиастай сумын Улиастай багийн Таванхайрхан хэсгийн 1-108 тоот хаягт байршилтай 650 м.кв газрыг иргэн Б.Дайриймаад, 1-110 тоот хаягт байршилтай 650 м.кв газрыг иргэн Б.Байгалмаад, 1-112 тоот хаягт байршилтай 650 м.кв газрыг иргэн Б.Батхуягт тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэж, газрын байршлын кадастрын зургийг үйлдэж, нэгж талбарын 810901276, 8109012777, 8109012778 дугаарт бүртгэснээр газрын өмчлөгчөөр улсын бүртгэлийн Г-0918003728, Г-0918003730, Г-0918003731 дугаарт  бүртгэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгожээ.

Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар хууль зөрчиж өмчлүүлсэн буюу “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлсэн” гэх үндэслэлээр дээрх 2020 оны 10 сарын 30-ны өдрийн А/407 дугаар захирамжийн Б.Байгалмаа, Б.Дайриймаа, Б.Батхуяг нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.

Дээрх захирамжийг гаргахаас өмнө Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар чөлөөлөх талаар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, мөн 2020 оны А/407 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох талаар Б.Байгалмаа, Б.Дайриймаа, Б.Батхуяг нарт холбогдох тус тус мэдэгдэж байсан.

3. Маргаж буй үндэслэл: Нэхэмжлэгч тал “Бид өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөлийн газартаа хашааны шон хатгасан байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь хууль бус, газар өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлээгүй байхдаа тоглоомын талбай барьж бидний өмчлөх эрхэд халдсан” гэж, хариуцагч тал “Нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн гэх газар нь иргэнд шинэ өмчлүүлэхээр 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, зөвхөн хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар тусгагдсан, түүнчлэн Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай байгуулахаар төлөвлөгдсөн тул газар өмчлөх эрхийг нь хүчингүй болгосон нь үндэслэлтэй”  хэмээн тус тус тайлбарлан маргажээ.

4. Нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/442 дугаар захирамжийн талаар 2022 оны 09 дүгээр сарын  08-ны өдөр мэдсэнээр нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан.

5. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... бид Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн А/407 дугаартай захирамжаар 650 м2 газрыг тус бүр Монгол Улсын иргэнд анх удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дээрх газрыг өмчилж авсан Б.Дайриймаа нь Завхан, Улиастай сум, 2-р баг, Жаргалант, Таванхайрхан 1-108 тоот хаягтай газрыг, Б.Байгалмаа нь Таванхайрхан 1-110 тоот хаягтай газрыг, Б.Батхуяг нь Таванхайрхан 1-112 тоот хаягтай газрыг тус тус өмчилсөн. Бид уг газартаа хашааны шонг хатгаж цэгүүдийг баталгаажуулсан байхад бидний өмчилсөн газрыг хүчингүй болгоогүй байж, 2022 оны зун хүүхдийн тоглоомын талбай барьсан байна. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар газар өмчлөх эрхийг хүчингүй болгосныг 2022 оны 09 сарын 08-ны өдөр утсаар мэдэгдэж 13-ны өдөр хүлээн авлаа. Уг Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар 2020 оны 10 сарын 30-ны өдрийн А/407 дугаартай захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчил тогтоогдсон гэсэн үндэслэлээр газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм. Учир нь бид газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 12 сарын 22-ны өдөр гардан авснаас хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглахын тулд хашаа барихаар шонгуудыг хатгасан бид уг газрыг ашиглаж байхад бидний өмчийн газарт хүүхдийн тоглоомын талбай барьсан хууль бус юм... гэжээ.

6. Нэхэмжлэгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан Дайриймаа нь миний ээж, Батхуяг нь манай холын хамаатан юм...Бид 3 тус тусдаа өөр өөрсдөө өргөдлөө гаргасан. 2020 онд Газрын албанд өргөдлөө гаргасан байх. Газрын албанд уу, эсхүл Улиастай сумын газрын даамалд өгч байсан уу гэдэг талаар сайн санахгүй байна гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 3 иргэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу анх удаа газар өмчлөхөөр холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргасны дагуу Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн А/407 тоот захирамжаар газар өмчилж авахыг хүсэж өргөдөл гаргасан, материал бүрдүүлсэн 6 иргэнд газар өмчлүүлж, захирамжийн 2 дахь заалтаар өмчилж авсан газраа улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулж авахыг үүрэг болгосон байдаг... Газрын тухай хуульд заасан шаардлагаа хангаад, хуулийн дагуу газрын кадастраа гаргуулаад гэрчилгээгээ авсан, өмчлөх эрхийн гэрчилгээ ч гарснаар нэхэмжлэгч нар тухайн өмчилж авсан газартаа хашаа барьсан. боловч хашааны шонгоо хатгаж байхад нь газрын албаны хүмүүс зогсоож, хашааны шонгуудыг авч явсан байдаг. Ингэхдээ аймгийн болон сумын Засаг даргын албадан нүүлгэх захирамж шийдвэргүйгээр хүний өмчлөх эрхэд ...авч явсан. Мөн үүнээс өмнө Газрын албанаас мэдэгдэл өгөхөд нь нэхэмжлэгч нар өргөдөл гаргахад өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөгдсөн газар боловч төлөвлөгөөнд ороогүй учраас хүчингүй гэдэг байдлаар хариу өгсөн байна. Гэтэл тухайн үед өмчлөгч нарын газрыг хүчингүй болгох захирамж гараагүй байсан. Тэгэхээр үүнийг өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Эдгээр үйл явдлын дараа аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 442 тоот “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гарсан. Захирамжийн үндэслэлдээ нэгжийн тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийн заалтыг авсан. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан ...үндэслэлийг авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ захирамжаар олон иргэд, аж ахуйн нэгжийн газруудын эрхийг хүчингүй болгосон... 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргаагүй. Харин өмчлөх хүсэлт гаргаж өмчлөлийн гэрчилгээ авсан учраас дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй. Мөн захирамжид Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх заалтыг, ... 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн зохицуулалтуудыг авсан байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ...40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн газар эзэмшигчтэй холбоотой зохицуулалт байгаа учраас үүгээр өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. Мөн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг үндэслэсэн. Энэ заалтын агуулга нь газар эзэмшигч, ашиглагчтай холбоотой болохоос өмчлөгчтэй холбоотой заалтууд биш. Хэдийгээр нэхэмжлэгч нар газар эзэмшигч байлаа гэж бодоход ганц 61.1 дэх заалтыг барих боломжгүй. Энэ бол ерөнхий заалт учраас 40 дүгээр зүйлийн аль нэг заалтаар давхар хүчингүй болгох зохицуулалттай. Тэгэхээр уг захирамжид дурдагдсан бусад газар эзэмшигч нартай холбоотой зохицуулалтууд байна гэж харж байгаа. Захирамжийн агуулга нь Улиастай хотын ерөнхий төлөвлөгөө, Газрын тухай хууль, Газрын дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах журам, мөн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын төлбөрөө 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, Захиргааны ерөнхий хуулийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хариу тайлбар ирүүлээгүй гэсэн нөхцөл байдлаар агуулга нь гарсан. Үүн дээр манай талаас хариу тайлбар ирүүлээгүй асуудал байхгүй. Харин ч өргөдөл, гомдол гаргасан байгаа. Хариуцагч тал нэхэмжлэгч нарын газрын өмчлөх эрхийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч нарын газрын өмчлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны дагуу олгогдсон. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд иргэнд газрыг дараах зориулалтаар өмчлүүлнэ гээд, 4.1.1-д гэр бүлийн хэрэгцээний, 4.1.2-д аж ахуйн зориулалтаар гэсэн байгаа. Нэхэмжлэгч нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон. Зориулалтын бусаар олгогдсон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч нар нь үүнээс өмнө ямар нэг байдлаар газар өмчилж байгаагүй учраас холбогдох баримтад үндэслээд хууль журмын дагуу захирамж гарч гэрчилгээ олгогдсон байна. Ийм учраас нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгох боломжгүй.. гэв.

8. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Байгалмаа, Б.Батхуяг,Б. Дайриймаа нарт өмчлүүлсэн газар нь 1.Улиастай сумын хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй. 2.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй. 3.Тухайн иргэд хашаа барихаар шон хатгасан боловч Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас 2 удаа албадан буулгасан. 4.Улиастай сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Жаргалант баг, нефтийн хойд талд худгийн хажууд тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн байна. Иймд хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Захирамж дээр гарсан хуулийн заалтын алдаа нь хууль зүйн хэлтсээс захирамжийг боловсруулж, хэд хэдэн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргахдаа хавсралтад нь оруулсан юм байна лээ.  Захирамжид өмчлөгч иргэдийн гэрчилгээг хүчингүй болгосон эрх зүйн үндэслэл нь тусгагдалгүй орхигдсон байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь энэ талаар бид хэлсэн байгаа... Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлд хамааруулсан. Бусад үндэслэл нь нэхэмжлэгч нарт хамааралгүй юм... Гэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд заавал тусгах шаардлагатай гэснийг нэхэмжлэгч нарын тухайд зөрчигдсөн. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 2021 онд Завхан аймгийн хэмжээнд газар шинээр өмчлүүлэх тогтоол гараагүй байхад нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх захирамж гарсан тул хууль бус болж байгаа юм... гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд газар өмчлүүлэх асуудлаар аймгийн Засаг даргаас хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан ба 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга ...ын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан.

3. Энэ эрхийн хүрээнд Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн А/407 дугаартай захирамж /хавсралт дахь жагсаалтын 4, 5, 6/-аар анх нэхэмжлэгч Б.Дайриймаа, Б.Байгалмаа, Б.Батхуягт нарт Улиастай сумын Жаргалант багийн Таван хайрхан хэсгийн 1-108, 1-110, 1-112 тоот хаягт байршилтай тус бүр 650 м.кв хэмжээтэй газруудыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /Хэргийн 5-р хуудсанд/

4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарыг дээрх газрын өмчлөгчөөр улсын бүртгэлийн Г-0918003728, Г-0918003730, Г-0918003731 дугаарт  бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгожээ. /Хавтаст хэргийн 6, 11, 14, 67-82 дэх хуудсанд/

5. Гэвч Завхан аймгийн Засаг даргын  2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар дээрх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/407 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Байгалмаа, Б.Дайриймаа, Б.Батхуяг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. /Хавтаст хэргийн 4 дэх хуудсанд/

6. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нараас гадна хэд хэдэн иргэн, хуулийн этгээдтэй холбоотой газар эзэмших асуудлаар урьд гарсан захирамжуудыг хүчингүй болгох, тэдний газар эзэмших эрхийг дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцохоор тус тус шийдвэрлэсэн байх ба захирамжийн хавсралт дахь жагсаалтын 8 дугаарт 2020 оны  А/407 дугаар захирамжийн болон нэхэмжлэгч Б.Байгалмаа, Б.Дайриймаа, Б.Батхуяг нарт хамааралтай агуулга тусгагджээ.

7. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

8. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийн агуулга болон уг захирамжид үндэслэсэн хууль, журмын зохицуулалтаас харахад хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгаагүй, зөвхөн газар эзэмшигчид хамаарах зохицуулалт буюу Газрын тухай хуулийн заалтуудыг үндэслэж нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

9. Учир нь Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар хэд хэдэн иргэний газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд захирамжид дурдсан Газрын тухай хуулийн холбогдох заалтууд нь нэхэмжлэгч нарт хамааралгүй хэмээн маргаан бүхий уг захирамжийн үндэслэлийг хариуцагчийн төлөөлөгч тодруулан тайлбарласан тул уг заалтуудыг шүүх энэ маргаанд хамааруулан тайлбарлах шаардлагагүй байна.

10. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь … төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”-ээр, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний /гэр бүлийн хэрэгцээний/ зориулалтаар өмчилж авахыг хүссэн ...газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”-аар тус тус зааснаас үзэхэд Газрын тухай хуульд заасны дагуу “газар эзэмших эрх” үүссэн болон үүсээгүй тохиолдолд “иргэнд газар өмчлүүлэх”-тэй холбоотой харилцааг өөр өөрөөр зохицуулахаар тусгайлан заажээ.

11. Нэхэмжлэгч нарын тухайд Улиастай сумын Жаргалант багийн Таван хайрхан хэсгийн 1-108, 1-110, 1-112 тоот хаягт байршилтай газрын тухайд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгч нарт “газар эзэмших эрх” үүсээгүй буюу шинээр газар өмчлүүлэхтэй холбоотой асуудлаар маргаж байна.

12. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” явдал юм. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, харин аль нэг нөхцөл нь хангагдаагүй тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

13. Энэ маргааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах “захиргааны актыг бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2022 оны А/442 дугаар захирамжийг гаргахдаа хангаагүй хэдий ч уг захирамжаар нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг дараах үндэслэлээр зөрчөөгүй байна гэж үзлээ.

14. Газар өмчлүүлэх тухай асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх боловч уг хуулиар газар өмчлөх эрхийг эрх бүхий албан тушаалтнаас хүчингүй болгох үндэслэлийг нарийвчлан заагаагүй ба хариуцагчаас Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3-д заасныг үндэслэн урьд газар өмчлүүлэх асуудлаар гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгосныг буруутгах боломжгүй байна.

15. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, хариуцагч нь “Завхан аймгийн болон Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, мөн Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд шинээр өмчлүүлэхээр заагаагүй газрыг нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн, маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн тоглоомын талбай байгуулахаар 2019 онд төлөвлөгдсөн газартай давхацсан” үндэслэлүүдээр урьд гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй байна. 

16. Маргаан бүхий газарт буюу Жаргалант багийн Таван хайрхан хэсэгт иргэнд гэр бүлийн зориулалтаар шинээр газар өмчлүүлж болохоор Завхан аймгийн Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Улиастай сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн 2018-2038 оны ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барихаар тусгагдсан болох нь Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, тэдгээрт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 94, 97, 101,105, 117 дахь хуудсанд/

17. Түүнчлэн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан гаргаагүй, харин 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолоор зөвхөн 2020 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг баталсан байна. /Хэргийн 36-38 дахь тал/

18. Уг тогтоолын хавсралтаас харахад Улиастай сумын тухайд шинээр өмчлүүлэх газрын хэмжээг 0.75 га гэж тогтоохдоо газрын байршлыг тодорхой тусгаагүй байх ба маргаан бүхий Жаргалант багийн Таван хайрхан хэсэгт Нефть хангамжийн баазын арын хэсэгт 2020 онд иргэдэд газар өмчлүүлэхээр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, харин ногоон байгууламж бүхий  тоглоомын талбай барих талаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, төсөв санхүүгийн асуудлын улмаас 2021-2022 онд баригдаж дууссан” тухай гэрч Г.Нарангэрэл, Г.Соёл-Эрдэнэ, Ж.Будсүрэн, Г.Нандин-Эрдэнэ нар мэдүүлжээ. /Хэргийн 147, 151, 190, 193 дахь хуудсанд/

19. Улиастай сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнөөс харахад нэхэмжлэгч нарын маргаж буй газарт тоглоомын талбай барихаар тусгагдсан байх ба тус газарт тийнхүү тоглоомын талбай бүхий ногоон байгууламж баригдсан болох нь шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгээр тогтоогдсон тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно. /Хэргийн 55-62 дахь хуудсанд/

20. Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д “аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар тогтоолоор 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон байх ба тогтоолын хавсралтаар батлагдсан жагсаалтаас харахад Завхан аймгийн хэмжээнд 30.83 га хэмжээтэй эзэмшиж буй газрыг нь иргэдэд өмчлүүлэхээр тогтоож, харин шинээр өмчлүүлэх газрын хэмжээг тогтоогоогүй байгаа тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна. /Хэргийн 136 дахь хуудсанд/

21. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана: 20.1.1.гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар; 20.1.1.гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар; 20.1.2.оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал; 20.1.3.өмчилж авах газрын зориулалт, хэмжээ; 20.1.4.энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авах газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт, 20.2.Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна”, 20 дугаар зүйлийн 20.4.Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна, 20.5.Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаарх зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна, 12 дугаар зүйлийн 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж заасан.

22. Дээрх зохицуулалтаас дүгнэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаарх шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчлөх өргөдлийг хүлээн авахаар байх ба аймгийн төвийн сумын Засаг дарга уг өргөдлийг нь өргөн мэдүүлснээр аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн иргэнд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

23. Нэхэмжлэгч нарын тухайд газар өмчлөх хүсэлтээ Улиастай сумын Засаг дарга, газрын даамал нараар дамжуулан гаргаагүй, нэхэмжлэгч Б.Дайриймаа, Б.Батхуяг нарын газар өмчлөх тухай өргөдөл, хүсэлт, холбогдох баримт байхгүй, бүртгэгдээгүй болох нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 560, 12 дугаар сарын 12-ны өдрийн 590, Улиастай сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2/402 дугаар албан бичиг, гэрч Л.Нарангэрэл, Г.Соёл-Эрдэнэ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд газар өмчлөх хүсэлтээ хэзээ, хаана хандаж гаргаж байсан талаараа нэхэмжлэгч Б.Байгалмаагийн тухайд тодорхой тайлбарлаж чадахгүй байна. /Хэргийн 134, 151, 155, 187 дугаар хуудсанд/

24. Тодруулбал, нэхэмжлэгч нарт анх өмчлүүлсэн маргаан бүхий газар нь Завхан аймгийн болон Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх ажиллагаа дээрх хуульд заасан журмын дагуу явагдаагүй байгаа тул хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас дээрх үндэслэлээр тэдэнд газар өмчлөх эрх олгосон өмнөх захирамжаа Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ...хүчингүй болгоно” гэж заасан эрхийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн холбогдох хэсгээр хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

25. Маргаан бүхий захиргааны актыг гараагүй байхад нэхэмжлэгч нарын газар дээрээ хатгасан хашааны шонг газрын албаны зүгээс хураан авч өмчлөх эрхэд нь халдсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан ба хашааны шонг тийнхүү хурааж авсан нь хэрэгт авагдсан Завхан аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэл, гэрч Г.Нарангэрэлийн мэдүүлэг, шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нарын тухайд хуульд заасан журмын дагуу өмчлөх эрх үүсээгүй тул уг ажиллагааг буруутгах боломжгүй бөгөөд уг ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул  шонгийн модыг хураах ажиллагаатай холбогдуулан Улиастай сумын газрын даамлаас ирүүлсэн газрын зөрчил маргааныг шийдвэрлэх, бичиг баримтын зөрчил, дутагдлыг арилгах ажлын хүрээнд хийсэн ажлын тайлангийн хуулбар баримтыг шалгаж нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар хэрэгт авах шаардлагагүй гэж үзсэн болно. /Хэргийн 202-203 дахь хуудсанд/

26. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэн Б.Байгалмаа, Б.Дайриймаа, Б.Батхуяг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Л.ТУНГАЛАГ