Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00519

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30 090 413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Б” ХХК нь нэхэмжлэгчтэй 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр S2018/011  дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 50 000 литр дизель түлшийг 1 литрийг нь 2 050 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч худалдан авсан түлшнээс 20 060 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Талууд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн бөгөөд төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй. Гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас удаа дараа амаар болон бичгээр шаардсан ч төлбөрийг төлөхгүй байна. Гэрээнд зааснаар ачилт хийгдсэнээс хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлөх, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор тохиролцсон.  Ачилтыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийсэн бөгөөд энэ өдрөөс хойш гэрээнд заасан хугацаагаар алданги тооцоход нийт 27 362 215 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч төлбөрөө төлөөгүй тул шаардлагаа ихэсгэж үндсэн төлбөр 20 060 275 төгрөг, алданги үндсэн үүргийн тавин хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн алдангид 10 030 137 төгрөг нийт 30 090 413 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 24 301 017 /хорин дөрвөн сая гурван зуун нэг мянга арван долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Паламино ойл энд энержи” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 789 395 /таван сая долоон зуун наян есөн мянга гурван зуун ерэн тав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Х.Ч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс алданги тооцсон хугацаа тодорхой бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн үүргийн 50 хувьд нийцүүлэн алданги шаардсан 10 030 137 төгрөгийн шаардлагаас 5 789 395 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын тооцоо нийлсэн 2018.05.31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018.09.14-ний өдөр хүртэл алдангид 4 240 742 төгрөгийг хангаж шийдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 728 198 төгрөгөөр ихэсгэсэн. Шүүх алданги тооцсон хугацааг тодорхой бус гэж дүгнэн алдангийн хэмжээг багасгаж байгаа нь үндэслэлгүй, хэрэв тодорхой бус, ойлгомжгүй байгаа бол энэ талаар нэхэмжлэгчээс тодруулах боломжтой. Алданги тооцсон хугацаа, түүнийг хуульд нийцүүлсэн байдал зэрэг нь тодорхой, энэхүү байдал нь хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30 090 413 төгрөг гаргуулахаар шаарджээ. / хх-ийн 1-2, 34/

 

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. /хх-ийн 17/

 

Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдөр 50 000 литр түлшийг 1 литрийг 2 050 төгрөгөөр худалдах-худалдан авах S2018/011 тоот гэрээ байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах -худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Худалдан авсан түлшний үнэд 20 060 275 төгрөгийг хариуцагч төлөөгүй үлдэгдэлтэй байгаад талууд маргаагүй. Мөн анхан шатны шүүхээс хариуцагчаар 24 301 017 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бараа бүтээгдэхүүнийг өмчлөлдөө шилжүүлэн авсан тул хэлэлцэн тохирсон үнэ буюу 20 060 275 төгрөгийг төлөх үүрэгтэй юм. Талууд гэрээнийхээ 3.3-д захиалагч төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги тооцохоор заасан. /хх-ийн 10/

 

Мөн гэрээний хавсралтын 5-д ачилт хийгдсэнээс хойш 14 хоногийн дотор тухайн ачилтын төлбөрийг төлнө гэж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7 301 940 төгрөгийн анз шаардаж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй тул 2 728 198 төгрөгний анз нэмж гаргуулна” гэж шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-ийн 53/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анзын агуулга нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр юм. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдан авсан барааныхаа үнийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн гэж буруутгаж байна.

Талууд гэрээндээ төлбөр төлөх хугацааг хэд хэдэн агуулгаар тодорхойлсон. Гэрээний 3.3-д төлбөр төлөх хугацааг нэхэмжлэхэд заасан эсхүл гэрээнд зааснаар төлнө гэсэн бол 3.2-т нэмэлт гэрээнд зааснаар төлөхөөр зохицуулсан. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний утга, талуудын тохиролцооноос үзвэл ачилт хийсэн өдрөөр хугацааг тооцож болохоор эсхүл нэхэмжлэх өгөөд нэхэмжлэхэд заасан хугацаагаар тооцож болох хоёр янзын агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотойгоор эцсийн байдлаар ямар хэмжээний барааны үнийг хэдий хугацаанд төлөх тухай асуудлыг талууд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж тогтоосон бөгөөд 20 060 275 төгрөгийн төлбөр гарчээ. /хх-ийн 12/

 

Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг нэхэмжлэх гэж үзэх боломжтой. Иймд тодорхой байгаа хугацаа буюу 05 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алданги тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Талуудын хооронд маргаантай харилцаа үүсэж, уг маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан хугацаанаас хойшхи хугацаанд алданги тооцох, шаардлага нэмэгдүүлэх нь үндэслэлгүй юм. Учир нь талууд ямар хэмжээний төлбөр төлөх, гэрээний үүргээ ямар хэмжээнд биелүүлээгүй, уг гэрээний үүргийн биелэлт, алдангийн хэмжээ хэд болох тухай маргаантай харилцаа, шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан болно. Хариуцагчийн тайлбар, татгалзал гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр гарах хүртэл хуулиар олгогдсон хугацааг хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа гэж шууд буруутгаж авч үзэх, алдангийн хэмжээг нэмж тооцох боломжгүй юм.

 

Анхан шатны шүүхээс үүргийн зөрчил гарсан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны алданги 4 240 742 төгрөг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ анз тооцсон хугацаа тодорхой бус тул багасгах нь зүйтэй” гэх найруулгын алдааг гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэлээ.

 

Иймд шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр анзын хэмжээг багасгаагүй байх бөгөөд энэ нь ч үндэслэл бүхий болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан тодорхой бус, эргэлзээтэй дүгнэлтийг магадлалаар залруулан дүгнэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Паламино ойл энд энержи” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД