Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт: **********

Холбогдсон хэргийн талаар: ********** нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны шөнийн 01 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сумын төвд өөрийн гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох ********** хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний хацар, баруун талын мөрнөөс хазаж, хоолойг нь боож, толгой, нуруу, гуя хөл хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хавдар, баруун хацарт зулгаралт, баруун мөр, баруун бугалга, зүүн ташаан толгой, баруун гуяны, баруун дал, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэвсгэр Солонго хорооллын ********** тоотод хохирогч ********** хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож толгой, нуруу, гуя хөл хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж чихний хэнгэргийн цооролт, 2 нүдний алимын салстад цус харвалт, баруун чихний ар тал, баруун дээд доод зовхи, духны зүүн хэсэг, зүүн хацрыг хамарсан цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт, дотор салстад шарх, хүзүүний зүүн тал, баруун тохой, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн гуя, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...2025 оны 07 дугаар сарын 14-ний шөнө гэртээ ганцаараа байж байтал гэрийн хаалга хүн оролдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл гаднаас үерхэж байгаад салсан найз залуу болох ********** орж ирээд миний толгой хэсэг рүү гараараа цохин, хана мөргүүлж, тэгээд миний үснээс зулгааж чирэн орон дээр хоолой боож унагааж тэгснээ толгой руу гараараа хэсэг хүчтэй цохиж, утасныхаа кодыг гаргаж өг гэж шахсан. Хэсэг толгойн тус газраа цохиулж тэвчээр алдан утасныхаа кодыг гаргаж өгөх үед миний ам хамраас цус гарсан байсан тул нүүрээ угаа гэж дагуулж угаалгын өрөө рүү орох үед нь би зугтах үйлдэл гаргахад дахин намайг барьж аваад хана руу толгой хэсгээр саван, гараараа цохиж буцааж нойл руу оруулж нойлын толь 2-3 удаа мөргүүлсэн тэгээд нойлын өрөөнөөс гаргаж голын өрөө рүү оруулаад гал тогоо руу явах хооронд би зугтан 3 давхрын шат руу бууж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. 2023 оны 12 дугаар сард танилцаад 2024 оны 01 дүгээр сард хамт амьдарч эхэлсэн. 2025 оны 04 сарын сүүлээр би Улаанбаатар хот руу ахлагчийн сургуульд сурахаар явсан юм. Тэгээд 2025 оны 06 дугаар сард намайг хардсанаас болж албан ёсоор харилцаагаа дуусгасан байсан. Түүнээс хойш надтай уулзъя гээд байхаар нь би уулзаагүй, надтай холбогдох бүх зүйлийг нь блок хийсэн байсан. Тухайн үед би хуучин барьж байсан дугаараа сэргээж барьсан байсан юм. Тэгтэл миний хуучин дугаар руу залгаж намайг авахгүй байхаар нь мессеж янз бүрийн чат бичээд байсан. Миний гар утсыг хүчээр булан авчихаад надад өгөхгүй байсан. Тэгээд 2 цагдаа ирэхэд миний утсыг аваад өг гэхэд авч өгөөгүй. Хардалтаас болж намайг зодсон гэж бодож байна. Архи уугаагүй байсан. Архи бараг уудаггүй. Албан ёсоор гэр бүл болоогүй, 1 жил гаруй хамт амьдарч байсан. Бид хоёрын дундаас хүүхэд байхгүй. Миний биед халдаж гэмтэл шарх учруулж баигаагүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бие махбод болон сэтгэл санааны хохирлоо барагдуулна. Нэр хүндээ сэргээлгэнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р тал/

3. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч ********** 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ********** дугаартай “**********н биед чихний хэнгэргийн цооролт, 2 нүдний алимын салстад цус харвалт, баруун чихний ар тал, баруун дээд доод зовхи, духны зүүн хэсэг, зүүн хацрыг хамарсан цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт, дотор салстад шарх, хүзүүний зүүн тал, баруун тохой, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн гуя, зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрап болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р тал/,

4. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад ********** аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хавтаст хэргийн 24-40, 41-43-р тал/

5. Хохирогч ********** гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хүсэлтийг харгапзан үзнэ үү гэх хүсэлт, эрүүл мэндийн даатгалын санд 376,642 төгрөг төлсөн шилжүүлгиин баримт, хохирогч ********** 1,500,000 төгрөгийн хохиролд төлсөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 55-57, 60-61-р тал/,

6. Иргэний нэхэмжлэгч ********** “...энэ хэрэгт холбогдуулан ********** эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 376,642 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12-13-р тал/

7. Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 46-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Хохирлын “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр хохирлын зэргийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-10  хувиар алдагдуулсан байдаг.                  

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ********** дугаартай дүгнэлтээр “********** биед чихний хэнгэргийн цооролт, 2 нүдний алимын салстад цус харвалт, баруун чихний ар тал, баруун дээд доод зовхи, духны зүүн хэсэг, зүүн хацрыг хамарсан цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт, дотор салстад шарх, хүзүүний зүүн тал, баруун тохой, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөг, зүүн гуя, зүүн өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч ********** үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.                                     

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:      

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч ********** хохиролд 1,500,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд 376,642 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ********** танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүл мэндийн даатгалын санд 376,642 төгрөг, хохирогчид 1,500,000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдарч байсан байх бөгөөд тэдний хоорондын хувийн харилцаа, маргаанаас үүдэж нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай байдаг.

Харин гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран хор хохирлын шинжээр нь ялган зүйлчилдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх ба энэхүү сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдаг онцлогтой бөгөөд огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байж ч болох юм.

Тиймээс цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг шалгахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа, түүний давтамж, хэн нэгний давуу байдал зэргийг нарийвчлан шалгаж байх нь шударга ёсны зарчимд нийцэх болохыг анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч ********** оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР