Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: **********.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ********** нь Говь-Аптай аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэсвгэр ********** гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сold monster 1000 нэртэй металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь Говь-Аптай аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэсвгэр ********** гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “…Би 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрт очсон байж байхад хүмүүс хөөлөг ирж байна гэхээр нь би сандрахдаа хүний машин руу хайгчаа хийчихээд өөрөө явсан байгаа…” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Аптай аймгийн ********** сумын ********** ажилдаг юм. Энэ хэрэг тамгын газрын дарга ********** нь хохирогчоор оролцох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжийн амралтаа авч Улаанбаатар хот руу явсан болохоор би хохирогчоор оролцож байна. Говь-Алтай аймгийн ********** сумын ********** багийн ********** гэх газар нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар байгаа юм...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р тал/,

3. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18-р тал/,

4. “Ашид-Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ********** ТХҮ-725/912626 дугаартай “..Ажлын хүрз 1 ширхэг 4500, төмөр малтуур 4000 төгрөг, сold monster 1000 нэртэй хайгч 1,000,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 39-44-р тал/,

5. “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/314 дугаартай албан бичиг /хавтатс хэргийн 09-р тал/,

6. Яллагдагч ********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг бүрэн барагдуулна. Би ********** гэх хүнийг танихгүй найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Миний машинд байсан 1000 нэртэй металл хайгч нэг нь миний багаж, хүрз, илжгэн чих нь ********** юм. Нэг 1000 нэртэй хайгч нь ********** багаж цагдаа ирээд хөдөлсөн чинь миний машинд авчирч хийчхээд яваад өгсөн. ********** танихгүй ********** бид хоёртой хамт яваагүй. Тухайн газар байсан хүмүүсийн дунд ********** нь харагдаж байсан газар ухаж харагдаагүй...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49-р тал/,

7. Ялпагдагч ********** “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулна. Би ********** гэх хүнийг танихгүй найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. 1000 нэртэй металл хайгч нэг нь **********, хүрз, илжгэн чих нь миний өөрийнх юм. Нэг 1000 нэртэй хайгч нь ********** багаж цагдаа ирээд хөдөлсөн чинь машинд авч ирж хийчихээд яваад өгсөн. ********** танихгүй. ********** бид хоёртой хамт яваагүй. Тухайн газар байсан хүмүүсийн дунд ********** нь харагдаж байсан газар ухаж харагдаагүй..." гэх мэдүүлэг /хавтас хэргийн 51-52-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ” гэж, 2.8 дугаар зүйлийн 1. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэх санаархал төрөх, санаархалаа илэрхийлэхийн дараах шат бол гэмт хэрэгт бэлтгэх явдал юм. Гэмт хэрэгт бэлтгэх үйл ажиллагаа нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд урьдаас төлөвлөсөн гэмт хэргийг амжилттай хэрэгжүүлэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх зорилгод чиглэгддэг. Гэмт хэрэгт бэлтгэх гэдэг нь тодорхой гэмт хэрэг үйлдэгдэх урьдчилсан нөхцлийг урьдаас төлөвлөж санаатайгаар (зориуд) бүрдүүлэхэд чиглэгдсэн гэмт этгээдийн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт хэрэгт бэлтгэх ажиллагаа нь а) зөвхөн гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бий болгоно; б) эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд шууд заналхийлдэггүй; в) бэлтгэж буй этгээдийн хүсэл, зоригоос үл хамаарах нөхцөл байдлуудын улмаас үйл ажиллагаа нь таслан зогсоогддог зэрэг өвөрмөц онцлогтой.

Гэмт хэрэгт бэлтгэх нь обьектив болон субьектив шинжийг агуулах бөгөөд Объектив шинжийн хувьд гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зэвсэг, хэрэгслийг хайж олох, шинээр хийх, засч тохируулах; хамтран оролцогчдыг эрж олох, сонгож, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцох; гэмт хэргийг хэрхэн үйлдэхэд тохиромжтой бусад нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа хамаарна. Харин субьектив шинжийн хувьд гэмт хэрэгт бэлтгэх нь зөвхөн санаатай байна.

Зэвсэг гэсэн агуулгад гагцхүү галт болон хүйтэн зэвсгийг ойлгохгүй бөгөөд  гэмт хэрэг үйлдэх явдлыг хөнгөвчлөх, түргэтгэх, нуун далдлах зорилгоор ашиглаж байгаа машин, механизм, тусгай хувцас хэрэгсэл, хуурамч бичиг баримт, хөдөлмөрийн багаж, түлхүүр, цахилгааны гагнуурын аппарат, мотор, молдок, гар чийдэн, луужин, ухаан алдуулах, нойрсуулах эм бэлдмэл гэх мэт өргөн хүрээтэй эд зүйлсийг хамааруулан ойлгоно.

Гагцхүү тухайн техник хэрэгсэл, эд зүйлийг ямар гэмт хэрэг үйлдэхдээ хэрхэн ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааруулан ялган тодорхойлно.

Мөн гэмт хэрэгт бэлтгэх ажиллагааны өөр нэг обьектив шинж нь хамтран оролцогчийг сонгож авсан байх явдал бөгөөд сонгож авсан хамтран оролцогчтой үгсэж тохиролцох гэдэг нь гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориуд сонгон авсан хүмүүстэйгээ хоорондоо гэмт хэргийг хэрхэн, ямар аргаар, хэдийд үйлдэж, хүссэн нэгдмэл хор уршиг бий болгох, хэн ямар үүрэг гүйцэтгэх, гэмт хэргийн замаар олсон мөнгө, эд зүйлээ яаж хуваах, гэмт хэргийн газраас хэрхэн зайлах, ул мөрөө баллах зэрэг асуудлаар амаар, бичгээр урьдчилан тохиролцоо хийсэн байхыг хэлнэ.

Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн байх, гэмт хэргийн хор уршиг учраагүй байх, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогсоогдсон байх зэрэг шинжүүдээрээ гэмт хэрэгт завдах, үйлдэж дуусах үе шатуудаас ялгагдана.

Харин Гэмт хэрэгт завдахыг бэлтгэх үе шаттай харьцуулбал гэмт этгээд хэргийн объектив талыг (үйлдэл, эс үйлдэхүй) хэрэгжүүлээд нэгэнт эхэлсэн байдаг учир Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд гэм хор учруулдаг, эсхүл учруулахаар шууд заналхийлдэг учир нийгмийн хор аюул ихтэй, хөнгөн гэмт хэрэг үйлдэхээр завдсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Завдалт нь гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл буй болсон, гэмт хэргийн объектив талыг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг таслан зогсоосон, дохиолол ажилласан, баригдах аюул тулгарсан, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл нь ашиглах боломжгүй байсан, хөндлөнгийн хүмүүс саад болсон зэрэг объектив шалтгааны үйлчлэлтэй холбоотойгоор төгсөөгүй байхыг ойлгоно. 

Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь субъектив талаас гэмт хэрэгт бэлтгэх үе шатны нэгэн адил зөвхөн шууд санаагаар хэрэгждэг гэмт үйл ажиллагаа боловч гагцхүү гэмт хэрэгт үйлдэх үйлдэл, эс үйлдэхүйг хийж эхэлснээрээ өөрөөр тайлбарлагддаг.

Шүүгдэгч ********** нь сold monster 1000 нэртэй хайгч зэргийг ашиглан Говь-Алтай аймгийн **********г сумын ********** багийн нутаг дэсвгэр ********** гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн байна.

Тиймээс шүүгдэгч ********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт үйлдэхэд бэлтгэсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  1. Хохирол төлбөрийн тухайд:

Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт үйлдэхэд бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ********** танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу ашигт малтмал олборлох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэх саналыг, шүүгдэгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу ашигт малтмал хайх, ашиглах, олборлохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч шийдвэрлэлээ.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан сold monster 1000 нэртэй металл хайгчийг улсын орлогод оруулах, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт үйлдэхэд бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10/арав/ сарын хугацаанд тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** тэнссэн хугацаанд ашигт малтмал хайх, ашиглах, олборлохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч ********** оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сold monster 1000 нэртэй металл хайгч 1 ширхэгийг улсын орлогод оруулсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ОДБАЯР