Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт: **********.

Холбогдсон хэргийн талаар: ********** нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Говь- Алтай аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** караокед барменээр ажиллаж байх үедээ хохирогч ********** төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар таваг авч шидэн толгойн дагз хэсэгт нь онож дагзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед Говь- Алтай аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** караокед барменээр ажиллаж байх үедээ хохирогч ********** төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар таваг авч шидэн толгойн дагз хэсэгт нь онож дагзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө "**********" караокед орсон. Тэгээд тооцооноос болж маргалдаж бармен ********** гэх хүүхэн миний толгойн арын хэсэгт тавгаар 1 удаа цохисон. Би өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй үл ойлголцол болсон юм. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүнэлт гаргуулахгүй. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р тал/

3. Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Тухайн хэрэгт байгууллагын төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр томилогдсон бөгөөд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол болон иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл алга байна. ********** гэж хүнийг танихгүй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. ********** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 154,408 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. ********** эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардалд 154,408 төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Төрийн сангийн ********** тоот дансанд хохирогчийн регистрийн дугаар, Овог, нэрийг утга дээр бичиж төлбөрийг хийдэг байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37-38-р тал/,

4. Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 30-ны шөнийн 02 цаг 22 минутын үед ********** нь 2 эмэгтэй хүнтэй хүнтэй гурвуулаа Нийтийн караокед сууж байгаад гарах үед ********** эгч намайг наад хүмүүсээ тооцоогоо хий гэж хэл гэхээр нь тэр ********** гэх эгчийг тооцоогоо хийгээрэй гэхэд юун тооцоо гэж уурласан. Тэгэхээр нь текин дээр тооцоог чинь тэмдэглэсэн байгаа гэж хэлчхээд би цаашаа явсан юм. Тэгээд эргээд ирэхэд ********** нь ********** эгчтэй маргалдаж байгаад тооцоо хийсэн. ********** тэгээд хажууд байгаа хоёр эгчийг болон намайг алгадсан текны улаан резин бүрээсээр ********** эгчийг болон намайг цохисон. Тэгснээ ********** янханууд та нарыг мэднэ ш дээ дэвсгэрүүд, бие үнэлэгчид гээд орилоод байсан. Тэгэхээр нь ********** эгч араас нь хуванцар таваг шидэхэд толгойн дагз хэсэгт онож таваг нь хагарсан. Тэгтэл ********** нь тэнд хогтой байсан хогийн савыг аваад миний араас шидчихээд гараад явсан. Тэгснээ миний толгой хагарсан байна гээд цагдаа дуудсан. Миний биед гэмтэл шарх үүсээгүй. ********** эгч араас нь хуванцар таваг шидэхэд толгойн дагз хэсэгт онож таваг нь хагарсан. Өөр ********** биед халдсан хүн байхгүй. ********** нь нэлээн согтуу байсан. Эхний тооцоогоо хийчхээд дараагийн тооцооноос болж маргалдсан юм. ********** эгч бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй ажлаа хийж байсан. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47-р тал/

5. Хохирогч ********** гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, гомдол санал байхгүй тул хүсэлтийг харгалзан үзнэ үү гэх хүсэлт, эрүүл мэндийн даатгалын санд 154,408 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 65, 68-р тал/,

6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ********** 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ********** дугаартай “********** биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р тал/,

7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ********** 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ********** дугаартай “********** биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-р тал/,

8. Яллагдагч ********** эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Хохирлын “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр хохирлын зэргийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-10 хувиар алдагдуулсан байдаг.                                   

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ********** дугаартай “********** биед дагзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч ********** үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.                                     

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:      

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд 154,408 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ********** танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүл мэндийн даатгалын санд 154,408 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч ********** оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР