Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 106

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0107/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга           Н.Энхзул

Улсын яллагч                             Д.Отгонтуяа

Хохирогч Б.Солонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс

Шүүгдэгч                                                        Б.Мөнхболд нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Авга овогт Батжаргалын Мөнхболдод холбогдох 201723000120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр  2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Авга овогт Батжаргалын Мөнхболд / РД: УГ86041011 /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Мөнхболд нь 2017  оны 05 дугаар сарын 13–ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Согоотын эх” гэх газар 14-14 БРА улсын дугаартай Тоёота ланд крузейр-100 маркийн автомашин дотор Browning X-bolt загварын винтов бууг цэнэглээд гал хамгаалагчийг түгжилгүй орхисноос автомашины арын багажинд сууж явсан Э.Амартайваны толгойн тус газар буудагдаж болгоомжгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Хохирогч Б.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед би аваар осолд ороод нүүр нь ийм болсон байна гэж бодож байсан. Тэгсэн сүүлд хүмүүсээс сонсоход буу алдсан гэж сонссон. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг / хх-ийн 50-51 тал /

 

          Иргэний нэхэмжлэгч Б.Нямхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 онд 10 дугаар сард Улаанбаатар хотын “Монгол айл” ХХК-ийн дэлгүүрээс Browning Х-bolt маркын галт зэвсгийг 4 сая төгрөгөөр авч байсан. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд өөрийн 21-21 БРА улсын дугаартай авто машиндаа хийгээд Б.Мөнхболдтой таараад манай гэрт оруулаад тавьчихаарай гээд Улаанбаатар хот явсан...Миний бууны гох сул явалт гэж байдаггүй, хуруу хүрэхэд л буудлага үйлдэгддэг гэсэн мэдүүлэг / хх-ийн 53-54 тал /

          Гэрч П.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “....Бид гурав гүйж яваад гүнзгий жалга гараад машинаас 300 гаран метрийн цаанаас буудсан гөрөөсөө олоод Мандахнар ахын хүүхэд арын хоёр хөлнөөс чирээд Эрдэнэсүх бид хоёр хажуу талд нь дагаад машин руу чиглээд явж байтал машины тэнд буу дуугарахаар нь би зог тусаад энэ хэд юу буудаж байгаа юм бол гэсэн юм бодоод алхаж байтал машин дээр байсан Бат-оргил, Мандахнар, Мөнхболд нар орилолдоод уйлалдаад эхэлсэн. Хартал Эрдэнэсүхийн хүүхдийн нүүрний зүүн хэсэг нил цус болчихсон ямар нэгэн дуу гарахгүй байсан. ... Мөнхболд авч явсан буугаа цэнэгтэй машинд орхисноос болж сум алдсан юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг / хх-ийн 55-56 тал /

 

            Гэрч Н.Мандахнарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Бид нар манайхаас гараад Согоотын эхэнд очоод гэрэлтүүлж байгаад нэг гөрөөсний нүд орж ирэхээр нь Галбадрах буугаа цэнэглээд нэг удаа буудсан. Тэгээд тэр буудаж унагаасан гөрөөсөө авах гээд Галбадрах,  миний хүү Бархас, Сүхээ гэх залуу машинаас буугаад явсан. Би машинаас буугаад явсан ба тэр үед Оргил, Болдоо хоёр мөн адил машинаас буугаад бие засаж байсан ба Сүхээгийн хүү машины ар талд буюу тээшний хэсэгт унтаж байсан. Гөрөөс буудахаас өмнө Сүхээ хүүгээ өвөр дээрээ авч байгаад хүү нь нойрмоглоод байхаар нь хойшоо оруулаад унтуулчихсан  юм. Тэгээд би бие засаад сууж байтал буу тас хийгээд явчихаар нь юу болов яав гэж бодоод машин руу гүйгээд очиход нөгөө хэд маань хүүхэд өөрийгөө буудчихлаа буу алдчихлаа гэж орилолдоод байсан. Сүхээгийн хүүгийн баруун талын шанаа нил цус болчихсон хүүхэд дуугарч чадахгүй мөртлөө амьсгаатай байсан... Болдоогийн авч явж байсан бууг алдаж буудагдсан байсан. Болдоо машинаас буухдаа буугаа цэнэгтэй нь хойд суудал дээр түшүүлээд орхичихсон байсан гэсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 57-58 тал /

 

               Гэрч Л.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Бид гурав жалганы тэнд очоод гөрөөсөө олоод чирээд машин руугаа явж байтал машины тэнд буун дуу тас хийх чимээ гарсан ба машины тэнд үлдсэн хүмүүс маань орилолдоод явчихаар нь гүйгээд очиход миний хүү машины тээшний хэсэгт жолоочийн эсрэг талд дээшээ харсан байрлалтай уначихсан нүүрнийх нь зүүн тал нил цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 59-60 тал /

 

             Гэрч П.Бат-оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “... Эрдэнэсүх, Бархас, Галбадрах 3 буудсан гөрөөснийхөө араас явсан. Би машин жолоодож явсан ба машин өгсүүр газар зогсож байхаар нь машинаа эргүүлээд урууд нь харуулан зогсоод машинаа унтраагаад 1-р араанд хийгээд зогсож карданаа татаад машинаасаа буух гээд гараад машины хаалганы түгжээ рүү явуулж байтал ард буун дуу тас гээд гарсан. Тэгэхээр нь эргээд хартал машинд битүү утаа болсон байсан болохоор юу болвоо гэтэл Мөнхболд арын суудал дээгүүр арагшаа тонгойгоод хөөе хөөе гээд Амартайваныг дуудаад байх шиг байсан. Тэгээд би буугаад арын багажийг гаднаас нь онгойлгоод үзтэл Амартайван гэх хүүхдийн нүүр задарсан байсан. Миний хувьд буугаа цэнэглээгүй байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн  61-62, 63-66 тал /

 

              Гэрч М.Бархасын мөрдөн байцаалтад өгсөн: “... гөрөөс машинаас нэг жалганы цаана үхсэн байсан. Тэгээд Галбадрах ах, Эрдэнэсүх ах бид гурав гөрөөсөө аваад би гөрөөсний хөлнөөс нь чирээд машин руу явж байсан чинь машин эргээд уулын уруу хараад зогсоод машин тоормослосон машины ойролцоо буун дуу гараад хүн хашгирахаар Галбадрах ах, Эрдэнэсүх ах бид гурав гөрөөсөө орхиод машин руу гүйгээд очсон чинь Оргил ах,  Мөнхболд ах хоёр машины багажийг онгойлгоод газар суугаад байж байсан. Аав машины цаанаас ирж байсан. Тэгээд бид хэд очоод машины багаж руу харсан чинь Эрдэнэсүх ахын хүүхэд машины багаж дотор хөндлөн байрлалтай нүүрнээс нь цус гарсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 69-70 тал /

 

            Шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/009 тоот дүгнэлт 1. Талийгаач Э.Амартайваны биед зүүн талын эрүү ооч хэсгээр орж зүүн хацар, тархины суурийн хонхорын зүүн хэсгээр тархи руу нэвтэрсэн сумны шарх, тархины зүүн тал бөмбөлөгийн дунд хэсэг дахь сумны хэсэг тархины эд, зүүн хацар ясны задрал,  няцрал, зүүн чихний омог, баруун гарын хуруу язарсан шарх, зүүн чихний ар чамархай хэсэг, зүүн гарын шуунд түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь галт зэвсгийн үйлчлэлээр тухайлбал буудагдах үед үүсэх боломжтой. 3. Тухайн гэмтэл учирсан үедээ амь биед аюултай. Нэг цаг хугацаанд биедээ учруулсан байх боломжтой. 4. Талийгаач нь буудагдсан шархны улмаас тархины суурийн сэлтэрсэн хугарал, тархины задрал няцралын улмаас нас баржээ. 5. Талийгаачид магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5176 тоот дүгнэлтэнд 1. Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 4125ZY354 дугаартай замагны 14250ZY354 Browning X-bolt маркын галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 41250ZY354 дугаартай, замагны 41250ZY354 Browning X-bolt маркын галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн, тухайн бууны гол төмрийг цэвэрлээгүй байна. 

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3019 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь сангийн анги 41250ZY354 Browning X-bolt маркын галт зэвсгээр буудлага үйлдэж загвар болгон авсан хонгиотой ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн санд БНД 50042 дугаараар бүртгэгдсэн Бат-очир овогтой Нямхүүгийн эзэмшлийн 41250ZY354 Browning X-bolt маркын галт зэвсгээр буудлага үйлдэж загвар болгон авсан хонгиотой ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь сангийн анги 41250ZY354 Browning X-bolt загварын галт зэвсгээр буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3017 тоот дүгнэлтэнд: 1. Шилжилгээнд ирүүлсэн буу нь гох дараагүй тохиолдолд доргилт цохилтын нөлөөгөөр буудахгүй.” зэрэг болно.

 

          Шүүгдэгч Б.Мөнхболд нь 2017 оны 05 дугаар сарын 13–ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Согоотын эх” гэх газар 14-14 БРА улсын дугаартай Тоёота ланд крузейр-100 маркийн автомашин дотор Browning X-bolt загварын винтов бууг цэнэглээд гал хамгаалагчийг түгжилгүй орхисноос автомашины арын багажинд сууж явсан Э.Амартайваны толгойн тус газар буудагдаж болгоомжгүйгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Солонгын мэдүүлэг, гэрч П.Галбадрах, Н.Мандахнар, Л.Эрдэнэсүх, П.Бат-Оргил, М.Бархас нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, прокурорын газраас зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

          Хохирогч Б.Солонго нь оршуулгын зардалд 12.816.591 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Мөнхболд нь 2.500.000 төгрөг бэлнээр өгч, 10.320.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

 

         Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Авга овогт Батжаргалын Мөнхболдыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхболдыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тус хугацаанд зөрчилд холбогдохгүй байх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шийтгэл оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хонгио 2 ширхэг, сумны хошуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 4125ZY354 Browning X-bolt маркийн галт зэвсгийг, 056208 дугаартай гэрчилгээний хамт өмчлөгч Б.Нямхүүд олгосугай.  

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр 3 хоног баривчлагдсан ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхболдод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

        

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА