Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2022/03246

 

 

 

                              2022       11        08      

                              182/ШШ2022/03246

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, БС овогт Д.Ж /РД:00000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу-3, 0 дүгээр байранд байрлах, ҮАГ холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 74,064,756.36 төгрөг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Г.Түвшинзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч ҮАГ холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 74,064,756.36 төгрөг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Д.Ж нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитораар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож төрийн албанаас чөлөөлөгдсөн...

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 169 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 18,972,616 төгрөгөөс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Д.Жд олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрт  хариуцагч “хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж, нэхэмжлэгч “ ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зөрүүтэй бодсон” гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд тус тус гомдлоо гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Жы 2020 оны 12 дугаар сарын 18-наас 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ҮАГ даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Жы давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн байдаг.

Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй Улсын дээд шүүхэд ажилгүй байсан хугацааны нэг цагт болон нэг өдөрт ногдох цалингийн дүнг тодорхой тогтоолгуулахаар гомдол гаргасан байдаг. Учир нь ажил олгогч хэзээ ч хуулийн дагуу үнэн зөв бодож өгөхгүй бөгөөд шүүхээр тодорхой үнийн дүнгээ тогтоолгоод бодуулах хүсэлтэй тул хяналтаар гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 тоот тогтоолоор гомдлыг хэлэлцэх шаардлагагүй хариуцагч ҮАГ нь шийдвэр, магадлалыг биелүүлэх үүрэгтэй гэсэн хариу өгсөн...

...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/68 тоот тушаал гарч өмнөх эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон боловч ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгоогүй, ажилд эгүүлэн томилсон тушаалд ч дурьдаагүй өнөөдрийг хүртэл бодож өгөөгүй...

1.1. Нийслэл дэх Төрийн аудитын газарт ахлах аудитораар ажиллаж байсан Д.Жы ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин тооцох журам”-ыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх өдрөөр ажилгүй байсан хугацаанд олгох цалингийн нийт дүн нь 53,481,482.96 төгрөг болж байна.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул энэ хугацаанаас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/68 тоот ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсийг Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг үндэслэн бодох ёстой гэж үзэж тооцоолол гаргахад 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх өдрөөр ажилгүй байсан хугацаанд олгох цалингийн нийт дүн нь 20,583,273.96 төгрөг болж байна. Дээрх 2 журмыг үндэслэн ажилгүй байсан хугацаанд тооцсон цалин нь ажилгүй байсан 334 хоногт олгох цалингийн хэмжээ нь 74,064,756.36 төгрөг байна...

Иймд хариуцагч ҮАГ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/68 тоот ажилд эгүүлэн томилох тушаал гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 74,064,756.36 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.          

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Г.Түвшинзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийг холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газарт аудитороор 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр томилсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу олгох 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 27,207,994.05 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон...

2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 26,403,023.81 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гомдол эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

 Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо тооцооллын алдаа гаргаж байгаа бөгөөд тус байгууллагын зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа, удирлагын газарт 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тодруулга авах тухай” 04/1092 тоот албан бичгээр дундаж цалин хөлсийг хэрхэн тооцох талаар тодруулга авахад 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 06/1350 тоот албан бичгээр “...12 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн буюу 12 дугаар сард бүтэн ажиллаагүй байх тул тухайн албан хаагчийн дундаж цалин хөлсийг 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин хөлснөөс нь тооцох боломжтой байна” гэсэн хариуг ирүүлсэн...

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.05-ны өдөр 528,274 төгрөг төлсөн баримт /хх-ийн 10 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 11 х/,

-Төрийн албаны зөвлөлийн 2021.02.01-ний өдөр Монгол улсын ерөнхий аудитор Д.Занданбатад хүргүүлсэн 01/326 тоот “Төрийн албан хаагчийн тухай” албан бичиг /хх-ийн 12-13 х/,

-Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022.04.22-ны өдрийн Б/68 тоот “Д.Жыг албан тушаалд эгүүлэн томилох тухай” тушаал /хх-ийн 14 х/,

-Цалингийн карт /хх-ийн 15 х/,

-ҮАГ, Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2020.03.16-ны өдрийн А/16 тоот “Д.Жаар ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал /хх-ийн 16 х/,

-ҮАГ, Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2020.12.21-ний өдрийн А/80 тоот “Мөнгөн урамшуулал олгох тухай”, 2020.12.21-ний өдрийн А/81 тоот “Урамшуулал олгох тухай” тушаалууд /хх-ийн 17, 18-19 х/,

-Нэхэмжлэгчийн бодсон цалингийн тооцолол /хх-ийн 20-21 х/,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 537 дугаартай шийдвэр /хх-ийн 22-29 х/,

-Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.10.29-ний өдрийн 584 дүгээр магадлал /хх-ийн 30-38 х/,

- Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.01.17-ны өдрийн 20 дугаар тогтоол /хх-ийн 39-40 х/,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.24-ний өдрийн 128/ШЗ2022/5492 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 41-45 х/,

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2022.06.29-ний өдрийн 1/873 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 46 х/,

-Нэхэмжлэгчээс 2020.07.07-ны өдөр М.Саранцацралд 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 53 х/,

- “Д.Жы ажилгүй байсан хугацааны цалингийн бодолт” /хх-ийн 75-76 х/ зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2022.07.26-ны өдрийн 1417 тоот албан бичгээр Б.Билгүүнд, 2022.08.12-ны өдрийн 1454 тоот албан бичгээр Б.Билгүүн, Г.Түвшинзаяа нарт олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 49, 54 х/

-2022.07.28-ны өдрийн №00000133 дугаартай “Төлбөрийн хүсэлт” буюу нэхэмжлэгчид 27,207,994.05 төгрөгийн цалин, хөлстэй тэнцэх олговор олгосон тухай баримт /хх-ийн 65 х/,

-2020.09-2020.11 дүгээр сар хүртэл хугацааны Д.Жы цалин хөлсний тооцоо /хх-ийн 66 х/,

-2022.05.17-ны өдрийн 06/1350 тоот Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 67 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч ҮАГ холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 74,064,756.36 төгрөг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шардлагын зарим хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 65,416,736.32 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин 47,007,746 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 18-наас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 45,616,984.33 төгрөг, нийт 92,624,730.37 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс хариуцагчийн өгсөн 27,207,994.05 төгрөгийг хасч тооцохоор 65,416,736,32 төгрөг болж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалингийн дундажаа буруу тооцсон байсан учраас нэхэмжлэгчийн дундаж цалин, хөлсийг тооцохдоо 2020 оны 10, 11, 12 сарын цалингийн дундажаар тооцсон учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

2.Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27,207,994.05 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон.

2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ҮАГ ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 27,418,895 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,997,841.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цалин хөлстэй тэнцэх олговрын зөрүүгээс Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд

4.1.Ажилтныг ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сар буюу 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлдэг.

 

4.1.1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,

154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”,

154.2.2-т “Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” тус тус шийдвэрлүүлэхээр зохицуулсан.

 

4.1.2.Нэхэмжлэгч Д.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсны дагуу Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандсан байна.

 

4.1.3.Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/873 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “...Одоогоор хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг томилоогүй байна. ...шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн байна. /хх-ийн 46 х/

 

4.1.4.Нэхэмжлэгч Д.Ж нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 74,064,756.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2022/5492 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-ийн 41-45 х/

 

4.1.5.Нэхэмжлэгчийг Монгол улсын ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/68 тоот тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Аудитын хоёрдугаар хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд томилсон байх тул энэ өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацааг тоолох нь зүйтэй.

 

4.1.6.Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч ҮАГ холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 74,064,756.36 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг гаргасан учраас дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

5.Нэхэмжлэгч Д.Жы хариуцагч ҮАГ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 65,416,736.32 төгрөг гаргуулах шаарлагын тухайд:

 

5.1.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

5.1.1.Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Жыг Нийслэл дэх аудитын газрын Санхүү аудитын хэлтсийн ахлах аудиторын үүрэгт ажлаас “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр чөлөөлжээ. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг хүчингүй болгох Нийслэл дэх аудитын газрын Санхүү аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

 

5.1.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Жыг урьд эрхэлж байсан ажил болох Нийслэл дэх аудитын газрын Санхүү аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,972,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнд олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 22-29 х/

 

5.1.3.Талууд хуульд заасан эрхийнхээ дагуу дээрх 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...Д.Жы 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгох...” гэсэн өөрчлөлтийг оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 30-38 х/

 

5.1.4.Дээрх магадлалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хх-ийн 39-40 х/

 

5.2.Хариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалыг үндэслэн Монгол улсын ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/68 тоот тушаалаар энэ өдрөөс нэхэмжлэгч Д.Жыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын Аудитын хоёрдугаар хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд томилсон байна. /хх-ийн 14 х/

 

5.2.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш буюу Монгол улсын ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/68 тоот “Д.Жыг албан тушаалд эгүүлэн томилох тухай” тушаал гарах хүртэл хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5.2.2.Хариуцагч ҮАГ нь нэхэмжлэгч Д.Жыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалаар тус тус тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэлтэй.

 

6.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасан.

 

6.1.Нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилд томилсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/68 тоот тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 65,416,736.32 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

 

6.1.1.Гэвч нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хэсгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалаар тус тус шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул шүүх энэхүү хугацааны цалин, хөлс гаргуулах хэсгийг шийдвэрлэх үндэслэлгүй.

 

6.1.2.Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 65 дугаар зүйлийн 65.1.6.-д “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасан.

 

6.1.3.Тодруулбал: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг иргэний шүүх дахин шийдвэрлэх шаардлагагүй.

 

6.1.4.Иймд дээрх хугацааны буюу 169 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай хэсгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он, шинэчилсэн найруулга 2021 он /-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасан үндэслэлээр олгохоор зохицуулсан.

 

7.1.Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он, шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаанд” хамаардаг учраас нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч ҮАГ хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш, Нийслэл дэх Төрийн аудитын газрын Аудитын хоёрдугаар хэлтсийн ажлах аудиторын албан тушаалд томилогдох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 

7.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь Д.Жыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын Аудитын хоёрдугаар хэлтсийн ажлах аудиторын албан тушаалд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр томилсон болох нь Монгол улсын ерөнхий аудиторын Б/68 тоот тушаалаар тогтоогдсон.

 

7.3.Нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар шийдвэрлэсэн учраас 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8.Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн дундажийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин тооцох журам”-ын 6 болон 7.а/, 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т тус тус заасны дагуу сүүлийн 3 сар буюу 2021 оны 10, 11, 12 дугаар сарын дундаж цалингаар тооцох ёстой. Энэ хугацаагаар тооцоход 1 сарын дундаж цалин нь 3,976,828.22 төгрөг, нэг хоногийн дундаж нь 205,698.01 төгрөг, 1 өдрийн цалин 25,712.25 төгрөг болж байгаа гэж тайлбарлаж байна.

 

8.1.Нэхэмжлэгч Д.Жд 2020 оны 12 дугаар сард амралтын цалин 4,202,351.3 төгрөг, үндсэн цалин болон бусад нэмэгдэл ороод нийт 9,491,785.92 төгрөгийн цалин бодогдож олгогдсон болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн “Цалингийн карт”-ын баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний цалин хөлсийн дундажийг 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн дундажаар тооцох ёстой гэсэн тайлбарыг шүүхээс хүлээн авах боломжгүй.

 

8.1.1.Учир нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.  /хх-ийн 15, 76 х/,

 

8.1.2.Мөн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он /-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд энэхүү хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа, нэхэмжлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн, 12 дугаар сарын цалинд ээлжийн амралтын цалин 4,202,351.25 төгрөгийг олгосон байх тул нэхэмжлэгчийн цалин хөлсийн дундажийг 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн дундажаар тооцох ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.

 

8.2.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар  зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасан.

 

8.2.1.Тодруулбал: Нэхэмжлэгч Д.Жыг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь үндэслэлгүй болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоож, түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлэхээр Монгол улсын ерөнхий аудиторын Б/68 тоот тушаал гарсан 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй байна. 

 

8.2.2.Д.Жы цалин хөлсийг холбогдох хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үеийн буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-аар,

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг  2021 оны Хөдөлмөрийн тухай хууль түүнийг дагалдан гарсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-аар тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.2.3.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт болох “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж, 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж тус тус заасан.

 

8.2.4.Дээрх журмуудад заасны дагуу шүүх дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн цалингийн картын бичилт /2020 оны 9 сард 3,537,075 төгрөг, 10 сард 3,537,075 төгрөг, 11 сард 3,515,775 төгрөг/-ийг үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалинг ажилтны ажилласан өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь хуульд нийцнэ.

 

8.2.5.Д.Жы ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 3,529,975 /10,589,925 төгрөг : 3 сар = 3,529,975/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 164,185 /3,529,975 төгрөг : 21.5 хоног = 164,185/  төгрөг болох нь талуудаас нотлох баримтаар гаргаж өгсөн цалингийн карт, болон хүснэгтээр тогтоогдож байна. /хх-ийн 15, 76 х/

 

Иймээс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт ажилгүй байсан хугацааны буюу ажлын 167 хоног (2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлын 92 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15,106,020 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 75 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,313,875 төгрөг)-ийн цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,418,895 /164,185 х 167 хоног/ төгрөгийг хариуцагч ҮАГ гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,997,841.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

9.Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй.”, 43.2.7.-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж тус тус заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Д.Жы цалин хөлстэй тэнцэх олговор 27,418,895 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч ҮАГ даалгаж байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний төлсөн 528,274 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ҮАГ 365,244 төгрөг /27,418,895 төгрөгийн цалинд ногдох тэмдэгтийн хураамжид  295,044 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах шаардлагад 70,200 төгрөг/-ийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ҮАГ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,418,895 /хорин долоон сая дөрвөн зуун арван найман мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,997,841.32 /гучин долоон сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун дөчин нэгэн төгрөг, гучин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 27,418,895 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Д.Жы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д тус тус зааснаар Д.Жы ҮАГ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 309,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч НЗД-с 308,872 /238,672+70,200/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Х.ДАШДЭЧМАА