| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2022/03379/и |
| Дугаар | 182/ШШ2022/03253 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2022/03253
2022 11 08 182/ШШ2022/03253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, М овогт О.О /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт Н.Н /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, Үйлдвэрийн гудамж, Koyo town төслийн 101 блок буюу 54/8 тоотын 1 дүгээр орц, 8 давхар, 802 тоот хаягт байрлах, 2 өрөө 52,37 м.кв талбайтай орон сууцны үнэ болох 161,299,600 төгрөг, мөн байр түрээслэн амьдарсан 26,810,000 төгрөг нийт 188,109,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.О,
Хариуцагч Н.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Н.Нд холбогдуулан байрны үнэ болох 161,299,600 төгрөг, мөн байр түрээслэн амьдарсан 26,810,000 төгрөг нийт 188,109,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Н.Нтэй 2006 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Н-ийн Г.О төрсөн. Н.Н нь хүүгээ ой хүрээгүй байхад аав хүнийхээ үүрэг хариуцлагаа умартаж өөр амьдрал зохион хүү бид хоёрыг орхин явсан. Тэр үеэс өдий хүртэл би хүүгээ өсгөж амьдралын бүхий л ачааг өөрөө үүрч явна...
Н.Н нь 2018 оны 9 сараас эхлэн хүүхдийн тэтгэмж төлдөг болсон. Гэвч сард ганц өгдөг 138,900 төгрөг нь амьдрал дээр сарын хугацаанд хүүгийн хэрэглээ буюу хоол унд, хувцас бусад хэрэглээнд нь хаанаа ч хүрдэггүй. Би хүүгээ өсгөхийн тулд жаахан байхаас нь авхуулан дагуулаад ажлаа хийсээр ирсэн. Гэвч ажилдаа хүүгээ байнга дагуулаад явах боломжгүй байдаг.
Мөн хүү маань жаахан хүүхэд л болсон хойно байнга намайг дагаад өдөржин миний ажил дээр хамт байхаар тухгүй их ядардаг. Тэгээд хааяа хүүгээ гэрт нь үлдээгээд явна. Тэгээд гэртээ хүүгээ үлдээгээд ажилдаа ирсэн үедээ би “Хүүгээ айж байгаа болов уу, Галтай дулаахан байгаа болов уу, Гал алдаж гал гарах вий дээ, Даараад өвчин тусах вий дээ” гэж ар талдаа байнга санаа зовж ажлаа хийдэг байсан болохоор арга барахдаа би хүүгээ бодоод эрүүл саруул, аюулгүй орчинд өсгөхийн тулд байр түрээслэн амьдардах болсон учраас 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт төлсөн 26,810,000 төгрөгийг Н-ээс гаргуулж өгнө үү.
Учир нь Н хүүгээ эрүүл аюулгүй орчинд өсөх нөхцөлийг бүрдүүлэхэд эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх ёстой...
1.2. Одоо хүү маань эрүүл саруул өсөн торниж 10 нас хүрч байна. Үүний сацуу миний хөдөлмөрийн нас багасаж байна. Тиймээс би ажил төрөлтэй байгаа дээрээ хүүгийнхээ ирээдүйг бодож мөн байнга нүүдэл суудалгүй тав тухтай, эрүүл саруул, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд өөрийн хашаа байшингаа зарж байрны урьдчилгаа мөнгөнд өгч байрны захиалга өгсөн.
Миний хувьд олон жил аль болох болгох гээд хэчнээн хичээж зүтгээд, зүтгээд болохгүй, нэг хүний цалин хаана ч хүрэхгүй байгаа учраас хүүгийн аав Н.Нгээс хүү Н.Г.О төлөө эрүүл саруул, аюулгүй, тав тухтай сайхан орчинд амьдруулах орон байрны асуудалд нь анхаарал тавьж эцэг хүний үүрэг хариуцлагынх нь дагуу “Роял хаус констракшн” ХХК-тай байгуулсан “Орон сууц захилгын гэрээ”-ний дагуу төлөх байрны үнэ болох 161,299,600 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
...Би ч гэсэн эх хүнийхээ үүргийг биелүүлж байгаа учраас нэхэмжилж байгаа 188,109,600 төгрөгийнхөө 50 хувь буюу түрээсийн төлбөрт 13,405,000 төгрөг, байрны үнэ 80,649,800 төгрөг, нийт 94,054,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна...” гэв.
2.Хариуцагч Н.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөр хүнтэй гэр бүл болж, дундаасаа хүүхэдтэй болсон бөгөөд гэр бүлдээ цалингаа зарцуулдаг. О.Од боломжоороо мөнгө, төгрөг өгдөг байсан...
Хүүгээ сургуульд ороход нь хичээлийн хэрэгсэл, хувцас шаардлагатай зүйлийг нь авч өгдөг байсан. Би сард 1,000,000 төгрөг хүрэхгүй цалин авдаг. Үүнээсээ хүүхдийн тэтгэлэг төлдөг. Мөн ипотекийн зээлтэй учраас О.О-ын нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй...” гэв.
3.Нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.08.05-ны өдөр 1,098,495 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,
-2022.05.13ны өдрийн 88/10162 дугаар “Орон сууц захиалгын гэрээ” /хх-ийн 4-6 х/,
-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 7 х/,
-Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-26 х/,
-2020.04.07-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” /хх-ийн 28 х/,
-Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29-32 х/,
-2020.09.26-ны өдрийн №ХТ20/04 тоот “Хажуу өрөө түрээсийн гэрээ” /хх-ийн 34-38 х/,
-2022.08.05-ны өдрийн 22/107 тоот “Батсарнай” ХХК-ийн “Тодорхойлолт” /хх-ийн 39 х/
-Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-45 х/,
-Хас банкны дансны хуулга /хх-ийн 46 х/,
-Орон сууц түрээслэх гэрээ /хх-ийн 48-51 х/,
-Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-55 х/,
-Хас банкны дансны хуулга /хх-ийн 56 х/,
-Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57 х/,
-Хас банкны дансны хуулга /хх-ийн 58-60 х/,
-Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-62 х/ зэрэг баримтуудыг,
5.Хариуцагч Н.Н нь татгалзалтайгаа холбогдуулан Н.Т-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 х/,
-Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 91 х/,
-2018.09.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/02020 дугаар шийдвэр /хх-ийн 92 х/,
-Хүүхдийн тэтгэлэг төлсөн баримт /хх-ийн 93-116 х/,
-2022.10.20-ны өдрийн 916 тоот Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын “Тодорхойлолт” /хх-ийн 117 х/,
-2022.10.03-ны өдрийн №1/10-22 тоот “Иррадианс” ХХК-ийн “Цалингийн тодорхойлолт” /хх-ийн 118 х/,
-2022.10.31-ний өдрийн 22/112 тоот “Капитрон банк” ХХК-ийн “Тодорхойлолт” /хх-ийн 119 х/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.О нь хариуцагчид холбогдуулан Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, Үйлдвэрийн гудамж, Koyo town төслийн 101 блок буюу 54/8 тоотын 1 дүгээр орц, 8 давхар, 802 тоот хаягт байрлах, 2 өрөө 52,37 м.кв талбайтай орон сууцны үнэ болох 161,299,600 төгрөг, мөн байр түрээслэн амьдарсан 26,810,000 төгрөг, нийт 188,109,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
1.1.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж орон сууцны үнийн 50 хувь 80,649,800 төгрөг, түрээсийн төлбөрийн 50 хувь 13,405,000 төгрөг, нийт 94,054,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч нь сард 1,000,000 төгрөг хүрэхгүй цалин авдаг. Үүнээсээ хүүхдийн тэтгэлэг төлдөг. Мөн өөр хүнтэй хамтын амьдралтай болж дундаасаа хүүхэдтэй болсон, ипотекийн зээлтэй учраас О.О-ын нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.
3. Шүүхээс Н.Нд холбогдуулан гаргасан орон сууцны үнийн 50 хувь 80,649,800 төгрөг, түрээсийн төлбөрийн 50 хувь 13,405,000 төгрөг нийт 94,054,800 төгрөгийг гаргуулах тухай О.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч О.О, хариуцагч Н.Н нар нь 2006 онд танилцаж, хамтран амьдарсан байх ба тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Н.Г.О төрсөн. Талууд 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэгч О.О нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүү Н.Г.Од хамт байр түрээслэн амьдарч, түрээсийн төлбөрт нийт 26,810,000 төгрөгийг төлсөн байгаа болох нь 5026980595 тоот Хаан банкны “Депозит дансны дэлгэрэгүй хуулга” /хх-ийн 9-26, 29-31, 40-45, 52-55, 57, 61-62 х/ Хас банкны 5001100216 тоот “Дансны хуулга” /хх-ийн 32, 46, 56, 58-60 х/ болон 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” /хх-ийн 28 х/, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ХТ20104 тоот “Хажуу өрөө түрээсийн гэрээ” /хх-ийн 34-38 х/, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц түрээслэх гэрээ /хх-ийн 48-51 х/ зэрэг баримтууд болон талуудын тогтоогдож байна.
4.1.2.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах ... эрхтэй...” гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Эцэг эх ...дараах үүрэг хүлээнэ”, 1.1-д “Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол, хүнс, орон байр, хувцас тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч О.О нь хүү Н.Г.О-ыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэн 2017 оноос хойш орон сууц түрээслэн амьдарч байгаа, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Роял хаус констракшн” ХХК-тай 88/10162 тоот “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан 161,299,600 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, Үйлдвэрийн гудамж, Koyo town төслийн 101 блок буюу 54/8 тоотын 1 дүгээр орц, 8 давхар, 802 тоот хаягт байрлах, 2 өрөө 52,37 м.кв талбайтай орон сууцны үнийн 50 хувь болох 80,649,800 төгрөгийг хариуцагч Н.Нгээс шаардсан.
Хариуцагч Н.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02020 дугаартай шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлдөг, өөр хүнтэй хамтын амьдралтай болж 2014 оны 7 дугаар сарын 18-нд охинтой болсон гэж тайлбарлан Н.Т-ийн “Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 х/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02020 дугаартай шийдэр /хх-ийн 92 х/, хүү Н.Г.О-д тэтгэлэг төлсөн төлбөрийн баримтууд /хх-ийн 93-116 х/-ыг тус тус хэрэгт өгсөн.
Гэвч эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах талаар Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д үндэслэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хамаарахгүй байна.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /...хүндээр өвчилсөн, ...эмчлүүлсэн, сургуульд орсон/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан.
Дээрх хуулийн онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь хүнд нөхцөлд байгаа, ...эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд ногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа, санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон, хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлэх, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй болсныг хэлдэг.
Энэхүү заалт нь тэтгэлэг авагчид хамааралтай боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн “Роял хаус констракшн” ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 88/10162 тоот “Орон сууц захиалгын гэрээ” болон түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн хариуцагчаас 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Н.Г.О-д нэмэлт зардал гаргуулах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч О.О нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Н.Г.О-д нэмэлт зардал шаардлагатай, өрхийн нэг хүнд ногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа, санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй, орон сууц захиалгын гэрээний дагуу байрны урьдчилгаа төлсөн зэргийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй учрас шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Мөн нэхэмжлэгч О.О нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 01-нд тус тус өмгөөлөгч авах боломжоор нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Хуульчдийн холбооноос томилогдсон өмгөөлөгч Ц.Энхболд нь орох боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу хариуцагч Н.Нгээс 94,054,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,098,495 төгрөгийн 628,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 470,271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж О.Од олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Н.Нд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, Үйлдвэрийн гудамж, Koyo town төслийн 101 блок буюу 54/8 тоотын 1 дүгээр орц, 8 давхар, 802 тоот хаягт байрлах, 2 өрөө 52,37 м.кв талбайтай орон сууцны үнийн 50 хувь болох 80,649,800 төгрөг, мөн байр түрээслэн амьдарсан зардлын 50 хувь болох 13,405,000 төгрөг нийт 94,054,800 төгрөг гаргуулах тухай О.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,098,495 төгрөгөөс 628,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 470,271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж О.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА