Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/02171

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/02171

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: “И Х” ХХК,

 

Нэхэмжлэгч: З.А нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т Т И” ХХК,

 

Хариуцагч: Э.Н-д тус тус холбогдох

 

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч  “И Х” ХХК, түүний захирал З.Ань шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Т Т Э И” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэж амлан 4,000,000 төгрөгийн урьдчилгааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хаан банкны .............. дугаар дансаар тус компанийн харилцааны менежер гэх Э.Н-ийн  дансанд шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш иргэн Э.Ннь удаа дараа худлаа ярьж янз бүрийн шалтаг тоочин гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээгээ дуусгавар болгож мөнгөө буцааж авъя гэж шаардаж байгаа боловч танай зөвшөөрлийг гаргаж өгнө гэж хэлсээр өнөөг хүрсэн. Иймд гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаа төлбөр болох 4,000,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,556.56 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. 

2.  Хариуцагч “Т Т Э И” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “И Х” ХХК болон иргэн З.Агэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж мөнгө авсан тохиолдол байхгүй болно. Нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг Э.Нийн дансанд хийж түүнтэй гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна. Шүүхэд ирүүлсэн гэрээг нь үзэхэд нэхэмжлэгч болон Э.Ннарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба гүйцэтгэгчийн гарын үсэг дээр “Т Т Э И” ХХК-ийн тамгыг дарж ашигласан байх боловч энэ нь хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон буюу өөрөөр хэлбэл Э.Ннь энэ хэрэг маргааны жинхэнэ хариуцагчаар оролцох этгээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3.  Хариуцагч Э.Ннь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Т Т Э И” ХХК-ийн захирал Л.Т-ийн хариуцуулж өгсөн ажлыг хүлээн авч тухайн компанитай гэрээ байгуулж өгсөн үүрэг даалгаврын дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг компаниас авсан 4,000,000 төгрөгийг “Т Т Э И” ХХК-ийн дансаар хүлээн авна гэж хэлсэн ч захирал Л.Т намайг өөрийн хувийн дансаар хүлээн ав гэсний дагуу би өөрийн дансаар хүлээн авч ”И Х” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авах материалын бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж 2021 оны 10 дугаар сард Дүнжингарав нэгдсэн үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Захирагчийн албанд аваачиж өгсөн. Үүнээс хойш энэ асуудлыг Л.Т өөрөө хариуцах болсон. Миний бие тухайн компанийн захирал н.У, З.А нартай 2022 оны 2 дугаар сараас хойш холбогдоогүй, мөн захирал Л.Ттай одоог ч хүртэл холбоогүй байгаа. Намайг “И Х” ХХК-ийн захирал Ууганбаяр Алтанцэцэг нартай утсаар ярих үед чанга яригч дээр нь тавиулж захирал Л.Т миний хажууд байж утсаар ярихад хэлэх үгнүүдийг зааж өгч өөрийн үгийг надаар дамжуулан хэлүүлдэг байсан. Миний хувьд захирал Л.Т-ийн үүрэг даалгаврын дагуу өөрийн дансаар мөнгийг хүлээн авсан ч миний дансаар захирал Л.Т нь бичиг баримт болон бусад зардалд зарцуулалт хийсэн учир би төлөх үндэслэл байхгүй болно гэв. 

4.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна: 

Нэхэмжлэгчээс:

 

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-”И Х” ХХК-ийн №6218784 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ,

-З.А-ийн Хаан банкны ............... депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

-З.Аболон “Т Т Э И” ХХК нарын хооронд байгуулсан №08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ,

- “Т Т Э И” ХХК-ийн №6754074 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ,

- Гар утас, мессэнжер чат, фейсбүүк постны скрийншот зургууд,

-2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0172 дугаартай итгэмжлэл,

-2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/10 дугаартай итгэмжлэл,

 

Хариуцагчаас: 

 

-”Т Т Э И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

-2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0838 дугаартай итгэмжлэл, 

-”Т Т Э И” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хариу тайлбар,

-Э.Номингийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбар,

 

Шүүгчийн захирамжаар:

 

-Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29/3641 дугаартай баримтыг ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “И Х” ХХК нь “Т Т Э И” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “И Х” ХХК-ийг З.Аээр сольсон бөгөөд, хамтран хариуцагчаар Э.Нг татаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Т Т Э И” ХХК нь Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэсний дагуу холбогдон, Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл хариуцагч байгууллагын захирал Л.Т, гэрээг байгуулсан Э.Ннар худал ярьсаар тусгай зөвшөөрлийг гаргаж өгөөгүй, сүүлдээ зугатаагаад олдохгүй болсон тул гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор урьдчилгаа төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийг “Т Т Э И” ХХК-иас гаргуулна гэж шаардсан.

3.1. Хариуцагч “Т Т Э И” ХХК нь нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг аваагүй тул хариуцах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч нь иргэн Э.Нтой гэрээ байгуулсан, Э.Ннь ”Т Т Э И” ХХК-ийн тамгыг ашигласан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж татгалзан, 4,000,000 төгрөгийг Э.Нхариуцах ёстой, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг.

3.2. Хариуцагч Э.Ннь “Т Т Э И” ХХК-ийн захирал Л.Т-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан, 4,000,000 төгрөгийг компанийн дансаар авах гэхэд, захирал намайг өөрийнхөө дансаар хүлээн ав гэж шаардсан, захирал Л.Т нь миний банкны картыг ашиглан зарцуулалт хийсэн тул уг мөнгийг би бодитоор аваагүй, иймд 4,000,000 төгрөгийг хариуцахгүй гэж тус тус маргасан.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эдгээр нотлох баримтыг шинжлэн судалсан ба “И Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн З.Аийн Хаан банкны .............. дугаартай дансны хуулга, ”Т Т Э И” ХХК болон З.Анарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №08, “Т Т Э И” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Т Т Э И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №29/3641 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтууд, талуудын шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч З.Ань 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах зорилгоор тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө гэсэн зарын дагуу “Т Т Э И” ХХК-тай холбогдож, 8,000,000 төгрөгөөр тусгай зөвшөөрөл гаргуулахаар харилцан тохиролцсон, улмаар Ажил гүйцэтгэх гэрээ гэх нэршилтэй гэрээг байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг тухайн гэрээнд бичигдсэн Э.Нийн Хаан банкны ......... дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хариуцагч “Т Т Э И” ХХК, Э.Н, нэхэмжлэгч З.Анарын тайлбар, Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдсон.

6. Талуудын хооронд үүссэн маргаантай харилцаа, хэрэгт цугларсан нотлох баримт, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, шүүхээс 4,000,000 төгрөгийг Төгс Ти Интернэшнл ХХК хариуцах ёстой гэж үзэв. Тодруулбал:

7. “Т Т Э И” ХХК болон З.Анар нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ №8 байгуулсан ба энэхүү гэрээнд ажил гүйцэтгэгч байгууллагыг “Т Т Э И” ХХК, мөн түүнийг төлөөлөн харилцааны менежер Энхбаяр овогтой Номин /төлөөлсөн хүний нэр, албан тушаал/ гэрээ байгуулсан байх тул компанийг төлөөлөх эрх нь Э.Нд олгогдсон, гэрээг байгуулах эрхтэй этгээд гэж үзнэ. Түүнчлэн гэрээнд зөвхөн захиалагч тал, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа, мөнгөн төлбөрийн хэсгийг гараар нөхөж бичихээр хоосон үлдээсэн, харин захиалагч тал болон гэрээний 10-т заасан Нэмэлт нөхцөлд төлбөрийг хүлээн авах данс Хаан банк 5302002964 Э.Нгэж компьютерээр анхнаасаа гэрээний загвараар бичигдсэн, гэрээнд Э.Нтөлөөлж гарын үсэг зурж, “Т Т Э И” ХХК-ийн тамгыг дарсан зэргээс дүгнэхэд “Т Т Э И” ХХК болон З.Анарын хооронд маргаангүй эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

7.1. Түүнчлэн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд ”Т Т Э И” ХХК-ийн захирал Л.Т болон Э.Ннар нь үерхдэг, гэрээг байгуулах үед хамтран амьдардаг байсан хамаарал бүхий этгээдүүд байснаас гадна хариуцагчийн төлөөлөгч Л.Тшүүхэд гаргаж өгсөн хэрэгт авагдсан “Т Т Э И” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Э.Н, Л.Т нар тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, нэхэмжлэгч тухайн гэрээг байгуулахад болон гэрээний үүргийг шаардахдаа Э.Н, Л.Т нарын хэн алинтай нь холбогдож байсан, мөн үүргийг шаардахдаа Л.Т-ийн төрсөн эцэгтэй нь хүртэл холбогдож байсан талаар тайлбарласан байдаг.

7.2. Л.Т-ийн аав н.Лнь манай хүүхэд буруу зүйл хийсэн тул хохирлыг төлнө гэж нэхэмжлэгчид тайлбарласан талаар нэхэмжлэлд дурдсаныг хариуцагч талаас няцаагаагүй, мөн хариуцагч Э.Нийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Т Т Э И” ХХК, түүний захирал Л.Т нь тухайн гэрээг байгуулах, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авахад анхнаасаа оролцсон нь тодорхой байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг мэдээгүй байсан гэх “Т Т Э И” ХХК-ийн татгалзал үндэслэлгүй юм.

7.3. Үүнээс гадна Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж тус тус заасан ба тухайн гэрээнд Э.Нгарын үсэг зурсныг анхнаасаа мэдэж байсан Л.Т нь хэлцлийг Э.Ноор төлөөлөн хийлгүүлэхээс татгалзсан талаарх мэдэгдлийг гаргаагүй байдаг.

Мөн Э.Нг гэрээ байгуулсныг мэдсээр атлаа гэрээ, хэлцэл байгуулсан талаар, төлөөлөх эрхийн талаар тухайн үед нь маргаагүй, тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө гэж нэхэмжлэгчид тайлбарласан зэрэг нь Т Т Э И” ХХК-ийг төлөөлөн Э.Нгэрээ байгуулсан үйлдлийг зөвшөөрсөн үйлдэл болох тул хариуцагчийн маргасны дагуу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгч З.Ань 4,000,000 төгрөгийг “Т Т Э И” ХХК-иас шаардах эрхтэй, харин “Т Т Э И” ХХК дээрх төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын хэнд холбогдуулан гаргаж байгаа талаар тодруулахад хариуцагч “Т Т Э И” ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон болохыг дурдав.

8. Нэхэмжлэгч ”Т Т Э И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 8 нэрийн барааны тусгай зөвшөөрлийг захиалагчид гаргаж өгөөгүй тул урьдчилгаа болгож өгсөн 4,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

8.1. Тодруулбал, ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй./Иргэний хууль 26.7/

Гэтэл ”Т Т Э И” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд тухайн үйлчилгээг эрхлэх чиглэл заагдаагүй, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас гаргуулах үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарахгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарна.

8.2. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй болохыг хүсч буй иргэний шаардлага, хэрэгцээг ашиглан ”Т Т Э И” ХХК нь 8,000,000 төгрөгийн хөлс, төлбөртэйгээр тухайн зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас нь гаргуулах ажиллагааг ажил гүйцэтгэх гэрээ хэмээн нэрийдэж, гэрээ, хэлцэл байгуулах аргыг ашиглан бусдаас ашиг хонжоо, орлого олж байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилна гэж үзнэ. Ийм хэлцлийг хэдийгээр хэлбэрийн хувьд хийх боломжтой боловч хориглосон буюу зөвшөөрөгдөх ёсгүй гэж үзнэ.

 

8.3. ”Т Т Э И” ХХК болон З.Анарын хувьд талуудын хооронд хийгдсэн тохиролцоог хэлбэрийн хувьд хэлцэл гэж ойлгож болох боловч агуулгынхаа хувьд зан суртахууны хэм хэмжээнд илт харшилж байгаа тохиолдолд хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

 

8.4. Учир нь гэрээ байгуулсан талуудын субъектив ашиг сонирхол, зорилгоос дүгнэхэд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас амар, хялбар аргаар гаргуулж авах зорилгоор хариуцагч этгээдэд төлбөр төлөх, хариуцагч этгээд тусгай зөвшөөрлийг нь гаргуулж өгснөөр тухайн даалгавар биелэгдсэнд тооцогдох гэсэн ерөнхий агуулгын хүрээнд хэлцэл хийгдсэн, хуулиар тогтоосон журмын дагуу тусгай зөвшөөрлийг гаргуулж авч байгаа эсэх нь талуудын үндсэн тохиролцоонд хамааралгүй байхаас гадна уг тусгай зөвшөөрлийг үлэмж хэмжээний төлбөрөөр гүйцэтгэж байгаа нь энгийн хэлбэрээс ялгаатай байх тул зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэлд хамаарна гэж үзэв.

 

8.5. Угтаа бол тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу түүнийг гаргуулах нь хуульд нийцэх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж бас үзэх боломжтой.

8.6. Дээрх үндэслэлээр аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бусдад гаргаж өгөх үйлчилгээг ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэрийн дор шан харамжтайгаар гүйцэтгэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; - гэж үзсэн тул талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгад шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй юм.

9. Иймд хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул 4,000,000 төгрөгийг хариуцагч ”Т Т Э И” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч З.Ат олгож, Э.Н-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Талууд шүүхийн болон хэргийн харьяаллын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан хариуцагч ”Т Т Э И” ХХК болон З.Анарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг хариуцагч ”Т Т Э И” ХХК-иас гаргуулж, З.Ат олгож, хариуцагч Э.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Аийн “И Х” ХХК-ийн нэр болон регистрын дугаараар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Т Т Э И” ХХК-иас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ат олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД