Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/51

 

 

 

 

А.П-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Нарийн бичгийн дарга Т.Болдбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн хянан шийдвэрлэсэн, 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой А.Пд холбогдох 2134000000059 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 2021 оны 02 сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Л.Дуламхандын зүүн хацарт нь тамхины галаар түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч А.Пг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.Пг "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг" үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан "Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулсан, эсхүл ... ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх" талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана " гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Пд холбогдох эрүүгийн 2134000000059 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 2021 оны 02 сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Л.Дуламхандын зүүн хацарт нь тамхины галаар түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Л.Дуламханд /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч Ш.Лхагвацэцэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 05-ны өдрийн №83 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч А.П хүлээн зөвшөөрсөн байна /хх-ийн 62 дугаар хуудас/.

Анхан шатны шүүх прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу ямар хугацаанд төлж барагдуулахыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Пд оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тодорхой тусгахаар өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 02 сарын 26-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэснийг “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.П нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ