Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Г.Эрхэмбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганхуягийн Эрхэмбаярт холбогдох эрүүгийн 17380007100023 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон Ганхуягийн Эрхэмбаяр, 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хатгал тосгоны “Монгол гэр” ресторанд ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо 18-577в тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ТЗ89021696 дугаартай.

Шүүгдэгч Г.Эрхэмбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд байрлах “Монгол гэр” рестораны гадаа иргэн Ц.Пүрэвжавтай “амрагч нартай хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний биед “тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд шарх, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Эрхэмбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд байрлах “Монгол гэр” рестораны гадаа иргэн Ц.Пүрэвжавтай “амрагч нартай хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний биед “тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд шарх, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Эрхэмбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Бусдын биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Маргах зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрхэмбаяр нэлээд согтуу орж ирээд та нар миний зөвшөөрөлгүй орж ирдэг хэн бэ гээд зуухны хажуунаас галын хайч аваад ...би чамайг ална чиний эгч чинь намайг их гомдоосон гээд галын хайчаа барьж дайраад зүүн хөлийн бүдүүн гуя руу нэг удаа цохиод толгой руу цохисон. Тэр үед ухаан алдаад юу болсныг мэдээгүй. ..би сэрээд гэрээс гараад гүйж явсан чинь Эрхэмбаяр араас гүйж ирээд намайг барьж аваад элэг рүү нэг удаа гараараа цохиод үснээс зулгаагаад гэрийн ард аваачиж байснаа нүүр нүдгүй өшиглөж зодсон. ...Тэмүүжин ирж салгасан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч З.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрхэмбаяр ах гаднаас орж ирээд галын хайч аваад Пүрэвжавыг унагаагаад толгой тархигүй цохиод байхаар нь салгах гэтэл ална шүү гээд байсан. Тэгсэн нэг согтуу ах орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэр ах миний найзыг нийлж зодсон гэж хашгирахаар нь бид нар гарч зугатаасан. Гадаа гартал Эрхэмбаяр Пүрэвжавыг унагаагаад зодоод байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Ц.Гүнболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрхэмбаяр гаднаас согтуу орж ирээд галын хайч аваад Пүрэвжавтай маргалдаж унагаагаад цохиод байхаар нь салгах гэтэл дөхвөл ална шүү гээд байхаар нь дөхөөгүй. ...Манлайбаатар ах орж ирээд салгасан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  Р.Ням-Осорын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 446 тоот

1. Цэрэндэмбэрэлийн Пүрэвжавын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Цэрэндэмбэрэлийн Пүрэвжавын биед тархи доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд шарх, зүүн шуунд шарх, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Пүрэвжав нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 57 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Эрхэмбаяр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 42 дугаар хуудас/-аар тогтоогдож байна

Шүүгдэгч Г.Эрхэмбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Эрхэмбаярт нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ц.Пүрэвжав нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 17380007100023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон Ганхуягийн Эрхэмбаярыг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Эрхэмбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Эрхэмбаярт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 17380007100023 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрхэмбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ