| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******гийн ******эд холбогдох 2526000000053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ****** суманд ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, эрэгтэй, **** настай, регистрийн дугаар ******, бүрэн дунд боловсролтой, Өмнөговь аймгийн ***** суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-д засварчин ажилтай, ам бүл ****, аав, ээж, ах, эгч, дүү нарынхаа хамт Өвөрхангай аймгийн ****** сумын ****** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ******гийн ******.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ******тэй маргалдаж, түүний баруун гарын шуу хэсэгт үзүүртэй төмрөөр зүсэж, хөл хэсэгт нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 8 дугаар багийн волейболын тэмцээн болсон. Тэмцээнд оролцоод 21 цаг өнгөрч байхад хамт тэмцээндээ орсон хүнийг гэрт нь хүргэж өгчихөөд хадам аав ******ийн хашааны үүдэнд зогссон чинь араас машин ирээд зогссон. Тухайн машинаас нэг залуу гарч ирээд “Сайн байна уу та” гэж надтай мэндэлж гар барьсан чинь тухайн залуу “намайг таньж байна уу” гэж асуухаар нь “би танихгүй байна” гэж хэлсэн чинь шууд үзүүртэй төмөр зүйл гаргаж ирээд гар зүссэн. Д.Б гэх залуу намайг ална гээд дайраад байсан. Мөн миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Над руу дайраад байхаар нь би биеэ хамгаалах гэж тухайн залууг 2 удаа зузаан гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд манай эхнэр ******, хадам аав ****** гарч ирсэн чинь Д.Б зугтсан. Тухайн үед ******ийн унаж ирсэн машин дээр очиход М.******, Г.****** нар машинд сууж байхаар нь танай найз чинь намайг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн чинь тухайн хоёр залуу машинаа унаад явсан. Тухайн үед М.******, Г.******, Д.Б нар хамт явж байсан. Манай эхнэр ******, хадам аав ****** нар гэрээс гарч ирсэн. Би ****** гэх залууг сайн танихгүй. Харин М.****** гэх залууг сайн танина. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Тухайн өдөр гараас цус гараад байсан болохоор Өвөрхангай аймгийн ****** сумын эрүүл мэндийн төвд үзүүлж нэг оёо тавиулсан. 2023 оны 10 дугаар сард Д.Б, М.****** нарыг зодсон асуудал байхгүй. Гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 хуудас),
Гэрч Г.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 8 дугаар багийн волейболын тэмцээн болсон. Тухайн тэмцээн дуусаад найз ******, ****** нарын хамтаар заалнаас гарсан. Манай найз ****** ******ын машиныг унаад ирсэн. Тэгээд Д.Б нь М.****** бид хоёрыг хүргэж өгөх гээд явж байтал Д.Б нэг Prius-20 маркийн машины араас нь яваад байсан. Тухайн машин нь айлын үүдэнд зогссон чинь араас нь Д.Б очоод зогссон. Д.Б машинаас буугаад нөгөө машины жолооч буюу ****** ахтай гар бариад зогсож байтал ******, ****** нар хоорондоо өшиглөлцөөд байсан. ****** ах цонхон дээр танай найз чинь миний гар руу хутгалчихлаа гэж хэлэхээр нь айгаад М.****** машиныг унаад зугтсан. Найз Д.Б, М.****** бид 3 хамт явж байсан. Тухайн үед М.****** бид хоёр машин дотор сууж байсан. М.****** урд суудал дээр, би харин арын суудал дээр сууж байсан. Д.Б хэлэхдээ хүнтэй уулзана гэж хэлсэн. Машины гэрэлд Д.Б, ****** хоёр хорондоо нэг нэгнийгээ өшиглөөд байсан. Дараа нь ****** ах наад нөхөр чинь миний гарыг хутгалчихлаа гэж гэсэн. ****** бид хоёр зугтсан. Юугаар цохисон талаар мэдэхгүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Д.Б, ****** нар хоорондоо өшиглөлцөөд байсан. ******ийн биед нь халдсан талаар мэдэхгүй байна, мэдэхгүй.” Гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Гэрч Б. ******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 21 цагийн үед Өвөрхангай аймгийн ****** сумын 8 дугаар багийн 2 дугаар сургуулийн хажууд жижиг байшин дотор шагай харваж байсан юм. Гаднаас манай найз Д.Б орж ирээд найздаа машиныхаа түлхүүрийг өгөөч, би айлд очоод ирье гэхээр нь машины түлхүүрийг өгсөн. Удалгүй манай хоёр найз болох М.******, Г. ****** нар орж ирээд намайг гараад ир гэхээр нь гарсан чинь манай хоёр найз Д.Б, ****** ахтай зодон хийсэн гэж хэлээд машины түлхүүр өгөөд явсан. Тэгээд би гэр рүүгээ явж байгаад цагдаа нартай таарсан. Тухайн үед би Шагайн харваан дээр байсан. ****** ахыг 1-2 удаа харж байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2023 онд манай найз М.******, Д.Б нарыг явж байхад, ****** гэх хун согтуу гудамжинд таараад зодож байсан гэж манай найз нар надад хэлж байсан. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, Д.Б харин 2023 онд ****** гэх залууд зодуулсны дараа хариугаа авах гэж ****** гэх хүн дээр очсон байх гэж бодож байна. Д.Бийн барьж явсан төмрийг харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 хуудас),
Гэрч Н.******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 8 дугаар багийн Волейболын тэмцээн болж дуусаад Нөхөр ******гийн хамт хүн гэрт нь хүргэж өгчихөөд манай төрсөн аав ******ийн гэрийн үүдэнд зогсоод би машинаасаа буугаад аавын гэрт ороод сууж байтал манай нөхөр болох ****** орж ирэхгүй байхаар нь гарсан чинь манай нөхөр машин тойроод гүйгээд байсан араас нь Д.Б цагаан өнгийн үзүүрлэсэн төмөр барьчихсан би чамайг алнаа гээд манай нөхөр ******гийн араас хөөгөөд байсан. Тэгээд би гэр руу аавыг дуудах гээд ороод аавыг дуудчихаад аав бид хоёр гарсан чинь Д.Б машинаа унаад зугтсан. М.******, Г.******, нар машинд сууж байсан. Харин Д.Б манай нөхрийг хөөгөөд байсан. ******ийг танихгүй. Манай нөхөр ****** архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр ******гийн баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн. Өөр гэмтэл байхгүй. Өөрийгөө хамгаалах гэж хөлөөрөө өшиглөсөн. ******ийн биеийн аль хэсэгт өшиглөсөн талаар мэдэхгүй. Урьд ******, ****** нар зодолдож байсныг санахгүй байна. ******, ****** нар ямар нэгэн харилцаа холбоо байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №100 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15,5 см урттай, 1.5 см өргөнтэй цагийн өнгийн төмөр 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-7 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч Д.Бийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ****** сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06/19 дугаартай тодорхойлолт, “******” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-62) зэрэг авагдсан байна.
2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ******ийн хашааны урд хохирогч ******н биед халдсаны улмаас баруун шуунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ******, гэрч ******, ******, ******, ****** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон байна гэж дүгнэж байна. Улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нийлж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирлын тухайд хохирогчоос өөрт учирсан хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй учраас хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Д.Бэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ******ийн хашааны урд хохирогч ******тэй маргалдаж, түүний баруун шуу хэсэгт үзүүртэй төмрөөр зүсэж, хөл рүү 2-3 удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),
Хохирогч ******н “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 8 дугаар багийн волейболын тэмцээнд оролцоод 21 цаг өнгөрч байхад хамт тэмцээндээ орсон хүнийг гэрт нь хүргэж өгчихөөд хадам аав ******ийн хашааны үүдэнд зогссон чинь араас машин ирээд зогссон. Тухайн машинаас нэг залуу гарч ирээд “Сайн байна уу та” гэж надтай мэндэлж гар барьсан чинь тухайн залуу “намайг таньж байна уу” гэж асуухаар нь “би танихгүй байна” гэж хэлсэн чинь шууд үзүүртэй төмөр зүйл гаргаж ирээд гар зүссэн. Д.Б гэх залуу намайг ална гээд дайраад байсан. Мөн миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. ...Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Тухайн өдөр гараас цус гараад байсан болохоор Өвөрхангай аймгийн ****** сумын эрүүл мэндийн төвд үзүүлж нэг оёо тавиулсан. ...Гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 хуудас),
Гэрч Г.******ийн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 8 дугаар багийн волейболын тэмцээн дуусаад найз ******, ****** нарын хамтаар заалнаас гарсан. Манай найз ****** ******ын машиныг унаад ирсэн. Тэгээд М.****** бид хоёрыг хүргэж өгөх гээд явж байтал Д.Б нэг Prius-20 маркийн машины араас нь яваад байсан. Тухайн машин нь айлын үүдэнд зогссон чинь араас нь Д.Б очоод зогссон. Д.Б машинаас буугаад нөгөө машины жолооч буюу ****** ахтай гар бариад зогсож байтал ******, ****** нар хоорондоо өшиглөлцөөд байсан. ****** ах цонхон дээр танай найз чинь миний гар руу хутгалчихлаа гэж хэлэхээр нь айгаад М.****** машиныг унаад зугтсан. ...Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Гэрч М.******ын “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ... тэмцээн дуусаад ****** ******ын машиныг унаад ****** бид хоёрыг хүргүүлэх гээд машинд нь суугаад явж байтал ****** гэнэт саарал өнгийн машины араас яваад байсан. Тухайн тээврийн хэрэгсэл айлын гадна зогссон чинь ****** араас нь очиж зогсоод ****** буугаад ****** ахтай мэндлээд байсан. ...Гэтэл хоорондоо зодолдоод байсан. ****** ах машины цонхон дээр ирээд “энэ нөхөр чинь миний гар руу хутгалчихлаа” гэж хэлэхээр нь айгаад машиныг унаад зугтсан. ...****** надад “****** явж байна, араас нь дагаад явъя” гэж хэлсэн. Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),
Гэрч Б. ******ын “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 21 цагийн үед ... манай найз Д.Б орж ирээд найздаа машиныхаа түлхүүрийг өгөөч, би айлд очоод ирье гэхээр нь машины түлхүүрийг өгсөн. Удалгүй манай хоёр найз болох М.******, Г. ****** нар орж ирээд намайг гараад ир гэхээр нь гарсан чинь манай хоёр найз Д.Б “****** ахтай зодоон хийсэн” гэж хэлээд машины түлхүүр өгөөд явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 хуудас),
Гэрч Н.******гийн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** сумын 8 дугаар багийн Волейболын тэмцээн болж дуусаад нөхөр ******н хамт хүн гэрт нь хүргэж өгчихөөд манай төрсөн аав ******ийн гэрийн үүдэнд зогсоод би машинаасаа буугаад аавын гэрт ороод сууж байтал манай нөхөр ****** орж ирэхгүй байхаар нь гарсан чинь манай нөхөр машин тойроод гүйгээд байсан. Д.Б цагаан өнгийн үзүүрлэсэн төмөр барьчихсан би чамайг алнаа гээд манай нөхөр ******н араас хөөгөөд байсан. ...Манай нөхөр ****** архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр ******н баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн. Өөр гэмтэл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №100 дугаартай “...1.******н биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.
5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15,5 см урттай, 1.5 см өргөнтэй цагийн өнгийн төмөр 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-7 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Бийн үйлдсэн хохирогч ******н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ****** шүүхэд “Миний бие ******ийн эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон. 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү. Гомдолтой байгаа тул 3,000,000 төгрөгийг нэхэмжилж өгнө үү. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Хохирогч ****** нь шүүгдэгч Д.Бээс эмчилгээний зардал 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Д.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдад учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн төмөр 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах саналтай байна. Мөн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450,000-1,350,000 төгрөгөөр торгох, 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан. Улсын яллагчийн гаргасан торгох саналыг дэмжиж байна. Д.Б нь уурхайд ажилладаг учраас зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь ажил хийхэд саад учруулна. Торгох ялын хэмжээний тухайд Д.Б нь сарын 14 хоногт нь амраад 14 хоногт нь ажилладаг. Өдрийн 100,000 төгрөгийн цалинтай учраас 1,400,000 төгрөгийн цалин авдаг. Үүнээсээ Өвөрхангай аймаг руу ирэх, Өмнөговь аймаг руу явах замын зардалд нь нэг талдаа 100,000 төгрөг хасагдаад 1,200,000 төгрөгийн цалин үлддэг. Уг гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хамгийн доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Д.Бийн хувийн байдлын тухайд ам бүл нь 9 гишүүнтэй. Тухайн гэр бүлээс Д.Б нь аавтайгаа цуг буюу 2 хүн л ажил хийдэг. Тэгэхээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь “******” ХХК-д засварчнаар ажилладаг болох нь тус компанийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “****** овогтой ****** нь /РД:ЙС05022813/ манай компанид 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн засварчнаар ажиллаж байгаа нь үнэн болно.” гэсэн тодорхойлолтоор нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд “..Хэдэн үг солилцоод, та намайг ингэж зодсон шүү, муухай байсан шүү гээд хэлээд ганц, хоёр шанаа зөрүүлээд, ганц хоёр цохиод салъя гэж бодож очсон” гэж тайлбарлаж байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “15,5 см урттай, 1.5 см өргөнтэй цагийн өнгийн төмөр” 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн ******гийн ******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******гийн ******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ****** нь гомдолтой, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******н нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 15,5 см урттай, 1.5 см өргөнтэй цагийн өнгийн төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ