| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/00433/И |
| Дугаар | 181/ШШ2022/02109 |
| Огноо | 2022-09-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2022/02109
| 2022 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2022/02109 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч, Баянгол дүүрэгт оршин суух, Б.Б -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт байрлах Х т ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн******* ХХК-д автозамын ахлах инженерээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын цалинг 2,000,000 төгрөг байхаар тохиролцож ажиллаж эхэлсэн. Гэтэл надад тус компанийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн.
Уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн *******ын ажиллаж байсан төсөл хөтөлбөр зогссон гэх үндэслэлийг заажээ.******* ХХК нь автозамын барилга чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус компанид автозамын ахлах инженерээр ажилд орж гэрээ байгуулан ажиллаж байсан. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хан-Уул дүүрэг дэх замын ажил дуусгавар болоогүй, гүйцэтгэл 89,5 хувьтай байгаа гэсэн баримт авагдсан. Төсөл хөтөлбөр дуусаагүй байхад дууссан гэж тушаал гарсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, эсхүл цөөрсөн алин болох тодорхойгүй. Мөн хуульд зааснаар урьдчилан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд ******* намайг ажлаас халсан нь үндэслэлгүй байх тул ******* намайг******* ХХК-ийн автозамын ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 9 сараар тооцож 18.000.000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:******* ХХК 2006 онд гадаад дотоод худалдаа, барилгын өнгөт хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулахаар үүсгэн байгуулагдсан. Улмаар 2014 оноос Авто зам, замын байгууламжийг барих, засварлах үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагааны хамт эрхэлж ирсэн. 2020 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгаар 4,722,068,277 төгрөгний хөрөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийт 3100 метр хатуу хучилттай авто замын ажлыг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажилласан. Дээрх авто замын ажлыг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх шахуу төлөвлөгөөтэй ажиллах болсон. Үүнтэй холбогдуулан инженер, техникийн ажилчдынхаа тоог тодорхой тоогоор нэмэгдүүлж шинэ ажилчидтай төслийн хугацаанд ажиллуулахаар тохирч хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. *******тай дээрх төслийн хугацаагаар тохирч гэрээ байгуулан ахлах инженер-ээр ажиллаж байсан. Тухайн үед компанид 13 ажилтан ажиллаж байсан. Улмаар төсөл дууссан тул нэмж шинээр авсан инженер, техникийн ажилтнуудыг бүгдийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн. Мөн ажилтан бүртэй 2021 оны 8 дугаар сард уулзалт хийж ажлаас чөлөөлөх тухай урьдчилан мэдэгдсэн. Тухайн үед цар тахлын улмаас ажилтнуудыг бөөнөөр цуглуулж мэдэгдэх боломжгүй байсан тул хүн бүрийг дуудаж уулзсан. Энэ нь гэрч Б.Мөнхгэрэлийн мэдүүлгээр нотлогдоно. Ажлыг 8 дугаар сард хүлээлгэн өгөх байсан ч цар тахлын улмаас хойшлуулж 12 дугаар сард хүлээлгэн өгсөн. Хэрэгт Хан-Уул дүүргийн замын ажил 89,5 хувийн гүйцэтгэлтэй гэсэн лавлагаа ирсэн. Гэхдээ үлдэх 10,5 хувийн ажилд авто замын гэрэлтүүлэг, явган хүний замын хашлага гэх зэрэг инженер техникийн ажилчид шаардагдахгүй, бусдаар гүйцэтгүүлэх ажил хамаарч байгаа. Үлдэх 10,5 хувийн ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэрээг шүүхэд баримтаар өгсөн. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан авто замын инженер гэсэн ажлын байрны хувьд гүйцэтгэх ажил 2021 онд дууссан. Тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлөх 92 дугаар тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, өөрийн 5495362652 дугаартай Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 2-10, 152-166/
Хариуцагчаас нотлох баримтаар: Тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01, 02, 3 дугаар сарын тайлангууд, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 87 дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06/20/21 тоот авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн баруун салааны автобусны эцсийн буудлаас бумбатын рашаан чиглэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/-ын ажлыг байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, ХО/26 дугаартай Хан-Уул дүүргийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хатуу хучилттай авто зам тавих ажлын хугацаа сунгаж, нэмэлт өөрчлөлт хийсэн гэрээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, нөхцөл, шаардлага хуулбараар, Авто замын хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/2090 тоот албан бичиг, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл, батлагдсан ажлын үе шатны хуваарь, ХО/25 дугаартай Хан-Уул дүүргийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хатуу хучилттай авто зам тавих ажлын хугацаа сунгаж, нэмэлт өөрчлөлт хийсэн гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ХТ/ХУ-07 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ХТ14/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЗАМ-22/03 тоот Хан-Уул дүүргийн 16-р хороо баруун сонсоглонгийн гудамжнаас- Тайнь 7-р гудамж, наадамчдын гудамж хүртэлх 1.39 км Авто замын явган зам гэрэлтүүлэг, Хан-Уул дүүргийн 21-р хороо шүрхэн хотхон хүртэлх 0.9 км Авто замын гэрэлтүүлэг ажил гүйцэтгэх гэрээ, Замын хөгжлийн газрын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/1259 тоот хариу хуулбараар,
*******ын ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ХУД, Яармаг худалдааны төвийн зүүн уулзвараас хойш шинээр баригдах 0.95 км авто замын барилгын ажилд хамтран ажиллах гэрээ, тус компанийн 2021 оны Б/35 тоот Б.Мөнхгэрэлийг үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 98, 97, 96, 95, 94, 93, 91, 90, 89, Б/88 тоот нэр бүхий ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 12 дугаар сарын тайлан, 2022 оны 6 дугаар сарын цахим тайлангийн хуулбар, ХО/72 тоот ажил гүйцэтгэх гэрээ, Монголын татварын албаны тодорхойлолт, компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 6, 7, 8 дугаар сарын тайлан, шимтгэл ногдуулалт зэргийг баримтаар ирүүлжээ.
/хх 15, 24, 47-75, 100-129, 165-173, 185-205, 214-223/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/04948 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас баримтаар гаргуулсан компанийн хөдөлмөрийн дотоод журам, *******ын цалингийн цэснээс түүвэрлэж гаргасан жагсаалт, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн В/32-1 дугаартай *******ыг ажилд томилох тушаал, тус шүүхийн 181/ШЗ2022/06335 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11/829 тоот хариу зэргийг бүрдүүлсэн. /хх 32-46, 76, 97/
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. Нэхэмжлэгч ******* нь******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.000.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад цуцласан, Хан-Уул дүүрэг дэх ажил дуусаагүй болох нь тогтоогдсон, хуульд заасан урьдчилж бичгээр мэдэгдэх үүргээ захиргаа биелүүлээгүй, энэ тухай баримтгүй гэж тайлбарласан.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: хугацаатай хөдөлмөрийн гэрээг анхнаасаа тохирч байгуулсан, гэрээнд заасан нөхцөл бүрдснээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарна, ажлаас чөлөөлөх талаар урьдчилж амаар 2021 оны 8 дугаар сард ажилтанд мэдэгдснийг гэрч нотлоно гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас *******, нөгөө талаас******* ХХК нар 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр авто замын ахлах инженер-аар ажиллуулахаар тохиролцож Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тус байгууллагын захирлын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн В/32-01 тоот тушаалаар ажилд томилсноор талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргээр тогтоогдож байна. /хх 4-7, 76/
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад гэрээнд хугацаа заагаагүй гэж тайлбарласан.
Дээрх хөдөлмөрийн гэрээнд хугацааны талаар тусгагдаагүй хэдий ч тушаалд *******ыг түлхүүр гардуулах нөхцөлтэй Хан-Уул дүүргийн хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх төслийг дуусах хүртэлх хугацаагаар ажиллуулах гэж тухайлан заасан байх тул шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан ... тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, энэ үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.
4.2.Тус байгууллагын захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 92 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан мөн өдрөөс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. Хэрэгт тус байгууллагын захирлын мөн өдрийн 87 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал баримтаар авагдсан. /хх 8, 55/
Дээрх 87 тоот тушаалд нэхэмжлэгч *******ыг оролцуулаад нийт 11 хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан ажлаас чөлөөлжээ. Хариуцагчийн зүгээс тухайн өдрийн 87 тоот тушаалаар 11 ажилтныг ажлаас чөлөөлсөн, уг тушаалын дараа ажилтан нэг бүрээр тушаалыг салгаж гаргаснаас нэхэмжлэгчийн хувьд дээрх 92 тоот тушаал гарсан, хууль зүйн хувьд адилхан, орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч энэ үйл баримтад маргаагүй.
4.3.Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар,******* ХХК нар харилцан тохиролцож, Гүйцэтгэгч болох******* ХХК нь Хан-Уул дүүрэгт байрлах авто замын тодорхой хэсгүүд буюу нийт 3,1 км урттай хатуу хучилттай авто замыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж гүйцэтгэхээр тохирсон 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ХО/72 тоот гэрээ, ажил гүйцэтгэх хугацааг сунгасан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ХО/26 тоот нэмэлт гэрээ, дахин гэрээний хугацааг сунгасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХО/25 тоот нэмэлт гэрээг тус тус байгуулжээ. /хх 68-69, 103-104, 214/
5.Зохигчид орон тоо цөөрсөн үндэслэл бүрдсэн эсэхэд маргасан.
Ажил олгогч өөрийн санаачилгаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр гэрээг цуцлахад хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцээс адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо бодитоор хасагдсан байх, мөн энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн байхыг мөн зүйлийн 40.5-д зааснаар шаардана.
5.1.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: хугацаатай гэрээний хугацаа дууссан, Хан-Уул дүүрэг дэх замын ажлын төсөл дуусгавар болсон гэж тайлбарласан хэдий ч захиргааны санаачилгаар гэрээг цуцласан дээрх 2021 оны 87, 92 тоот тушаалын аль алинд энэ тохиолдолд баримтлах хуул зүйн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлаагүй байна. Үүнээс гадна гэрээний хугацаа дуусгавар болоогүй буюу Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол бүрдээгүй байхад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээг дуусгавар болгож тушаал гаргасан болох нь замын ажлын гүйцэтгэл 89,5 хувьтай байгаа тухай дурдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.
5.2. Хариуцагчийн зүгээс инженер техникийн ажилчидын хувьд гүйцэтгэх ажил үүрэг дуусгавар болсон, үлдэх ажил гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлэх замын хашлага, гэрэлтүүлгийн гэх мэт ажлууд хамаарна гэж тайлбарласан. Нэгэнт анхнаасаа нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалд Хан-уул дүүргийн түлхүүр гардуулах нөхцөлтэй замын ажил дуусах хүртэлх хугацаа гэж заасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлсан зохицуулалт байхгүй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа төслийн ажил дуусах хүртэл гэж тохирсон харин зөвхөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан тухайн ажлын байрны хувьд дуусгавар болсон байхаар тушаал, гэрээнд тусгаагүй байгааг дурдав.
5.3.Захиргаа ажилтны ажиллаж байсан ахлах инженер ажлын байрны хувьд орон тоо цөөрсөн болохыг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэдгээ мөн нотлож чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдаанд гэрч Б.Мөнхгэрэлээс ажилтнуудыг ажлаас чөлөөлөх талаар 2021 оны 8 дугаар сард хүмүүстэй нэг бүрчлэн уулзсан гэж мэдүүлсэн хэдий ч гэрчийн дээрх мэдүүлгийг дэмжих баримт /хурлын тэмдэглэл гэх мэтээр/ авагдаагүйгээс гадна амаар мэдэгдсэн явдал хуулийн дээрх зохицуулалтын дагуу бичгээр урьдчилж мэдэгдэх захиргааны үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрхийг нэгтгээд тус байгууллагын 2021 оны 87 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг, 92 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ахлах инженер-ийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
6.Нөхөх Олговрын тухайд нэхэмжлэгч нэг сард 2.000.000 төгрөгөөр тооцон 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацаагаар тооцон 18.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нэг сарын цалинг 2.000.000 төгрөг байхаар тохирсон үйл баримтад маргаагүй ч нэхэмжлэгчийн ажилласан цаг, хийсэн ажлаар тооцож өөрөөр цалин хөлс олгосон, хэрэгт баримтаар авагдсан нийгмийн даатгалд тайлагнасан дүнгээр цалин хөлсийг тооцон олгосон гэж тайлбарласан. Захиргаа ажилтны цалин хөлсийг тухай бүрт олгоогүй, сүүлд нөхөн олгосон гэдэгт хэн алин нь маргаагүй.
Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаалд нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсийг 2.000.000 төгрөг байхаар тохирсон, харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар олгосон цалин хөлс 2021 оны 8, 9, 10, 11, 12 сарын хувьд 8 сард 600.000 төгрөг, 9 сард 636.364 төгрөг, 10 сард 666.667 төгрөг, 11 сард 700.000 төгрөг, 12 дугаар сард 636.364 төгрөгөөр гэх мэтээр эрс зөрүүтэй тусгагдсан байх тул шүүх нэхэмжлэгчийн Хаан банк дах дансны хуулгаар шилжин орсон бодитоор олгосон дүнгээс тооцох нь зүйтэй гэж үзэв. Хэргийн баримтаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2021 оны 10 дугаар сарын цалин утгаар 1.283.333 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-нд 1.881.850 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.881.850 төгрөг тус тус шилжүүлсэн байх тул энэ дүнгээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 78.248 төгрөг байна.
/1.283.333+1.881.850+1.881.850 = 5.047.033 : 3 = 1.682.344 : 21,5/
Иймд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх ажлын 162 хоногийн /нийтээр амрах өдөр, бүх нийтийн амралтын өдрийг хасав/ олговорт 12.676.176 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
8.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******ыг Хомын тал ХХК-д авто замын ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.676.176 /арван хоёр сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.323.824 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч******* ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 217.678 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ