| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,
Улсын яллагч Л.Галбадрах,
Шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ийн ********т холбогдох 2526000000079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар ********, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багийн “********” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******** овгийн ********ийн ********.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.С нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “********” гэх газар хохирогч Ж.********тэй маргалдаж, түүний баруун гарын шуу хэсэгт модоор цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун гарын шуу ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ж.******** өөрөө орж ирж хэрүүл өдсөн. Тэгээд би ********ийнхээс гараад явсан. ******** гэдэг нь манай нөхрийн дүү. Нөхрийн дүүгийнхээсээ гараад машиныхаа дугуйг хийлэх гэж гарч ирсэн чинь Ж.******** дагаад гараад ирсэн. Тэгэхээр нь “...Чи яах гэж байгаа юм бэ?...” гэсэн чинь “..Танайд оръё...” гэсэн. Тэгэхээр нь “...Чи ямар нүүрээрээ манайд орох гээд байгаа юм бэ?...” гэсэн чинь намайг холд гэсэн. Тухайн үед ******** байсан. Тэгээд холд гэхээр нь санаандгүй барьж байсан дугуй хийлэгчээрээ далайсан чинь ******** барьж аваад шидчихсэн. Би шонгийн модыг яаж барьж аваад Ж.********ийг яаж цохьсоноо сайн санахгүй байгаа. Би ойр зуурын өвчин намдаах эм, тариа авч өгсөн. Тэгээд сумандаа уулзаад би өргөдлөө татаад авчих гэж хэлсэн чинь “...чи надад 2 шил архи, 2 пиво аваад өгчих...” гэсэн. Тэгэхээр нь тэрийг авч өгсөн. Дараа нь Ж.******** өргөдлөө буцаагаад авчихсан байсан. Тэгээд хэд хоногийн дараа нь дахиад өргөдөл өгчихсөн байсан. Би хохирлоо нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр айлд найз нөхөдтэйгөө архи уугаад өөрийн найз болох ********ын гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө харих гээд ********ын эхнэр ********гаар өөрийн машинаа бариулаад явсан. Тэгээд замдаа саахалтын айл болох ******** гэх айлд орох гээд очсон. Намайг ********ийн гэрт ороход ******** тэднийд сууж байсан. Тэгээд би ********тай хэрэлдээд “Янхан” гээд хараагаад гарсан чинь ******** миний араас над руу дугуйн насосс бариад цохих гээд дайрахад нь ******** барьж аваад насоссыг нь авсан чинь ойрхон газар байсан шонгийн модны хугархайгаар миний толгой хэсэг рүү цохих гэхээр нь гараараа хаасан юм. Тэгээд хүмүүс салгаад би ********той тэр айлаас явсан. Тэгээд гар өвдөөд болохгүй болохоор нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймагт гарынхаа зургийг авахуулсан чинь хугарсан байсан. Бид хоёрын дунд сүйдтэй маргаан болоогүй Тэр үед жаахан хов жив яриад байна гэж сонссон байсан. Тэгээд л би тэр хүнтэй муудалцсан. Бид хоёр өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний баруун гарын шуу хэсэгт нэг удаа хугархай модон шонгоор цохиж гэмтээсэн. Би гомдолтой байна. Тухайн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Миний бие махбодид гэмтэл учирсан тул эмчилгээний зардлаа гаргуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 хуудас),
Гэрч Ш.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн эхнэртэйгээ Гучин-Ус сум руу яваад ирэх замдаа машин эвдрээд ********ыг дуудсан. Тэгээд ********, манай эхнэр, бид 3 манайд хоол хийж идээд байж байтал ********ын эхнэр ********, ******** нар ирсэн. Ж.******** манайд ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд бид нар манайд сууж байхад манай бэр эгч ******** орж ирсэн. ******** орж ирээд удалгүй ******** түүн рүү “чи хүмүүст худлаа юм ярьдаг, янхан” гэх мэтээр хэл амаар дайрч эхэлсэн. ******** тэгээд болохгүй болохоор нь гэрээс гараад явсан чинь араас нь Ж.******** гарсан. Тэгээд удалгүй ******** эхнэртэйгээ харих гээд гарсан. Яг тухайн үед гадаа юу болсныг мэдээгүй. Эхнэр бид хоёр гэрээс гараагүй. Харин 2, 3 хоногийн дараа бэр эгч ******** надад ярихдаа “Баларсан юм болсон. Ж.********ийн гарыг нь хугалчихсан байна.” гэж ярьсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “тэр өдөр хэрүүл өдөөд араас дагаад болохгүй болохоор нь хугархай шонгоор цохичихсон юм” гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Гэрч П.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө над руу ******** ах залгаад хээр машин асахаа байчихлаа, ирээд аваадхаач гээд ярьсан. Тэгээд би машинтайгаа ганцаараа яваад очиход цаанаас нь Гучин-Ус сум орчихоод ирлээ гээд Ж.******** ах ирсэн. Тэгээд ******** ахыг эхнэртэй нь аваад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Ж.******** ах түрүүлээд хөдлөөд явсан. Би ******** ахынд тэд нарыг хүргэж өгөөд хоол унд идэх гэж байхад араас манай эхнэр ********тэй хамт Ж.******** ах ирсэн. Ж.******** ирэхэд ********ийн гэрт би, ******** ах, эхнэр ********, ******** нар байсан. Тэгээд Ж.******** орж ирээд нэг цай ууж байгаад ******** рүү “чи 2 хүний хооронд хов ярьж явдаг янхан” гээд тэр хоёр хэрэлдээд эхлэхээр нь салгаад ******** гараад явсан. Удалгүй Ж.******** гараад явсан. Бид нар хоол идчихээд харих гээд эхнэр бид хоёр гарч ирэхэд Ж.********, Ч.С хоёр хашааны хажууд барьцалдаад авсан байсан. Тэгээд би салгах гээд очиход Ч.С гартаа төмөр хуучин мотоциклын насосс барьчихсан цохих гэхээр нь би булаагаад авсан чинь газар байсан хугархай шонгоор далайхад нь Ж.******** ах гараараа хаагаад баруун гарын шуу хэсэгтээ цохиулсан. Тэгээд бид хоёр салгаад Ж.********ийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),
Гэрч П.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө манай нөхөр П.******** руу ******** ах залгаад хээр машин асахаа байчихлаа ирээд аваадхаач гээд ярьж байна, очихоос гээд манай нөхөр явсан. Өглөө 8 цагийн орчимд Ж.******** ах ганцаараа ирсэн. Тэгээд удалгүй явах гэхээр нь та одоо хаашаа явах юм гэж асуухад ********ийнд очно гэхээр нь би хамт явъя гээд суусан. Бид хоёрыг очиход ******** ахын гэрт манай нөхөр П.********, ******** ах, эхнэр ********, ******** эгч нар байсан. Тэгээд Ж.******** ороод нэг цай ууж байгаад ******** рүү “чи 2 хүний хооронд хов ярьж явдаг янхан” гээд тэр хоёр хэрэлдээд эхлэхээр нь манай нөхөр салгаад ******** гараад явсан. Удалгүй Ж.******** гараад явсан. Бид нар хоол идчихээд харих гээд нөхөр П.******** бид хоёр гарч ирэхэд Ж.******** Ч.С хоёр хашааны хажууд барьцалдаад авсан байсан. Тэгээд манай нөхөр П.******** салгах гээд очиход Ч.С гартаа төмөр хуучин мотоциклын насосс барьчихсан цохих гэхээр нь манай нөхөр П.******** булаагаад авсан чинь газар байсан хугархай шонгоор далайхад нь Ж.******** гараараа хаагаад баруун гарын шуу хэсэгтээ цохиулсан. Тэгээд бид хоёр салгаад Ж.********ийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №164 дугаартай “...1. Үзүүлэгч Ж.********ийн биед баруун гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19 хуудас) зэрэг болно.
2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ч.Сийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40-46, 49 хуудас) зэрэг авагдсан байна.
3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ц.******** нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “********” гэх газарт хохирогч Ж.********ийн биед халдаж шонгийн модны хугархайгаар цохиж эрүүл мэндэд нь баруун гарын шуу хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.********, гэрч Ш.********, гэрч П.********, гэрч П.******** нарын өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Ч.С нь мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ч.Сийн үйлдлийн улмаас Ж.********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч баруун гарын шуу хэсэгт хугарал гэмтэл тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Ст холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.С нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******** сумын 2 дугаар багийн “********” гэх газар Ш.********ийн гэрт хохирогч Ж.********ийн зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж, хашаан дотор байсан хугархай модоор түүний баруун гарын шуу хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун гарын шуу ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.С нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ж.********ийн “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө харих гээд ********ын эхнэр ********гаар өөрийн машинаа бариулаад, замдаа саахалтын айл болох ******** гэх айлд орох гээд очсон. Намайг ********ийн гэрт ороход ******** тэднийд сууж байсан. Тэгээд би ********тай хэрэлдээд “Янхан” гээд хараагаад гарсан чинь ******** миний араас над руу дугуйн насосс бариад цохих гээд дайрахад нь ******** барьж аваад насоссыг нь авсан чинь ойрхон газар байсан шонгийн модны хугархайгаар миний толгой хэсэг рүү цохих гэхээр нь гараараа хаасан юм. Тэгээд гар өвдөөд болохгүй болохоор нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймагт гарынхаа зургийг авахуулсан чинь хугарсан байсан. Бид хоёрын дунд сүүдтэй маргаан болоогүй. Тэр үед жаахан хов жив яриад байна гэж сонссон байсан. Тэгээд л би тэр хүнтэй муудалцсан. Би гомдолтой байна. Миний бие махбодид гэмтэл учирсан тул эмчилгээний задлаа гаргуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 хуудас),
Гэрч Ш.********ийн “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн эхнэртэйгээ Гучин-Ус сум руу яваад ирэх замдаа машин эвдрээд ********ыг дуудсан. Тэгээд ******** манай эхнэр бид 3 манайд хоол хийж идээд байж байтал ********ын эхнэр ********, ******** нар ирсэн. Ж.******** манайд ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд бид нар манайд сууж байхад манай бэр эгч ******** орж ирсэн. ******** орж ирээд удалгүй ******** түүн рүү “чи хүмүүст худлаа юм ярьдаг, янхан” гэх мэтээр хэл амаар дайрч эхэлсэн. ******** тэгээд болохгүй болохоор нь гэрээс гараад явсан чинь араас нь Ж.******** гарсан. ...Харин 2, 3 хоногийн дараа бэр эгч ******** надад ярихдаа “Баларсан юм болсон. Ж.********ийн гарыг нь хугалчихсан байна.” гэж ярьсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “тэр өдөр хэрүүл өдөөд араас дагаад болохгүй болохоор нь хугархай шонгоор цохичихсон юм” гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Гэрч П.********ын “...2025 оны 01 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө над руу ******** ах залгаад хээр машин асахаа байчихлаа, ирээд аваадхаач гээд ярьсан. ...Би ******** ахынд тэд нарыг хүргэж өгөөд хоол унд идэх гэж байхад араас манай эхнэр ********тэй хамт Ж.******** ах ирсэн. Ж.******** ирэхэд ********ийн гэрт би, ******** ах, эхнэр ********, ******** нар байсан. Тэгээд Ж.******** орж ирээд нэг цай ууж байгаад ******** рүү “чи 2 хүний хооронд хов ярьж явдаг янхан” гээд тэр хоёр хэрэлдээд эхлэхээр нь салгаад ******** гараад явсан. Удалгүй Ж.******** гараад явсан. Бид нар хоол идчихээд харих гээд эхнэр бид хоёр гарч ирэхэд Ж.********, Ч.С хоёр хашааны хажууд барьцалдаад авсан байсан. Тэгээд би салгах гээд очиход Ч.С гартаа төмөр хуучин мотоциклын насосс барьчихсан цохих гэхээр нь би булаагаад авсан чинь газар хугархай шонгоор далайхад нь Ж.******** ах гараараа хаагаад баруун гарын шуу хэсэгтээ цохиулсан. Тэгээд бид хоёр салгаад Ж.********ийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),
Гэрч П.********ийн “...2025 оны 01 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө манай нөхөр П.******** руу ******** ах залгаад хээр машин асахаа байчихлаа ирээд аваадхаач гээд ярьж байна, очихоос гээд манай нөхөр явсан. Өглөө 8 цагийн орчимд Ж.******** ах ганцаараа ирсэн. Тэгээд удалгүй явах гэхээр нь та одоо хаашаа явах юм гэж асуухад ********ийнд очно гэхээр нь би хамт явъя гээд суусан. Бид хоёрыг очиход ******** ахын гэрт манай нөхөр П.********, ******** ах, эхнэр ********, ******** эгч нар байсан. Тэгээд Ж.******** ороод нэг цай ууж байгаад ******** рүү “чи 2 хүний хооронд хов ярьж явдаг янхан” гээд тэр хоёр хэрэлдээд эхлэхээр нь манай нөхөр салгаад ******** гараад явсан. Удалгүй Ж.******** гараад явсан. Бид нар хоол идчихээд харих гээд нөхөр П.******** бид хоёр гарч ирэхэд Ж.******** Ч.С хоёр хашааны хажууд барьцалдаад авсан байсан. Тэгээд манай нөхөр П.******** салгах гээд очиход Ч.С гартаа төмөр хуучин мотоциклын насосс барьчихсан цохих гэхээр нь манай нөхөр П.******** булаагаад авсан чинь газар хугархай шонгоор далайхад нь Ж.******** гараараа хаагаад баруун гарын шуу хэсэгтээ цохиулсан. Тэгээд бид хоёр салгаад Ж.********ийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Л.Амгалангийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №164 дугаартай “...1. Үзүүлэгч Ж.********ийн биед баруун гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ч.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Сийн хохирогч Ж.********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.Ст холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагч Л.Галбадрах хохирол, хор уршгийн талаар “...Хохирогч шүүхэд гаргасан хүсэлтдээ 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа дурдсан. Тийм учраас тус хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх саналтай байна. Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй талаарх хүсэлт гаргасан байгаа. Хэргийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн 230, 510 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нь цаашид гарах сэтгэцэд учрах хохирлыг гаргуулах талаар нээлттэй үлдээхийг шүүхийн шийтгэвэрт тусгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол, хор уршгийн талаар “...Хохирол төлбөрийн хувьд сая шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс 70,000 гаран төгрөгийн эм, тариа, архи, пиво авч өгсөн гэдгийг илэрхийлсэн. Шүүгдэгчийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ хохирогчийн зүгээс 2,000,000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлтэй үлдээх нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ч.С нь хохирогчид 70,000 төгрөгийн эм болон бусад эд зүйл авч өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч Ж.******** нь эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр гэж 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Улсын яллагчаас хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Иймд шүүгдэгч Ч.Сийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг мянга хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ч.Ст хөнгөрүүлэх нөхцөл байдал олон байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн ёс бус үг хэллэг болон айлд танхайрсан зөрчлийн шинжтэй үйлдлээс болсон, шүүгдэгч нь нөхөр, хүүхдийн хамт амьдардаг ба нөхөр нь бие муутай, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг гэх мэт хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Хохирогчийн ёс бус үг хэллэг хэлсэн, айлд танхайрсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд нь одоог хүртэл арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгч Ч.Сийн ар гэр, амьдрал, өвчинтэй зовлонтой байгаа байдлыг далимдуулж Ж.******** элдвээр хэлж, доромжилж, ёс бус үг хэллэг хэлсэн. Үүнийг Ч.С тэвчиж чадалгүй Ж.********ийн биед хүндэвтэр хохирол учруулсан. Улсын яллагчаар шүүгдэгчид 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байна. Ч.Сийн хувийн байдал, ар гэрийн байдал, нөхөр нь байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай, асаргаанд байдаг, өмнө нь хохирогчид 70,000 гаран төгрөгийн хохирол төлсөн, одоо нэхэмжилж байгаа хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ч.Ст 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжавын гаргасан “...Хохирогчийн ёс бус үг хэллэг хэлсэн, айлд танхайрсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд нь одоог хүртэл арга хэмжээ авагдаагүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ийн ********ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.******** гомдолтой, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.********ийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ