| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/01509/И |
| Дугаар | 181/ШШ2022/02258 |
| Огноо | 2022-10-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2022/02258
| 2022 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2022/02258 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Г.Э -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Э ГХОХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.388.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гэрч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь******* ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.388.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Бүгд Найрамдах Солгонгос улсын хөрөнгө оруулалттай Эбердигм монгол ХХК-д 2013 оноос засвар үйлчилгээний хэлтэст засварчинаар ажиллаж буй бөгөөд эрхэлсэн ажил үүрэгтээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай компанийн захирал болох Жон Вон Жи намайг өрөөндөө дуудаж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буйгаа мэдэгдэж гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 007/2022 дугаар тушаалыг надад гардуулсан. Миний бие гайхаж ямар шалтгаанаар ажлаас халах болсныг тодруулахад хөдөлмөрийн гэрээний 5.6.2 дах заалтыг зөрчиж ажлын байранд архидан согтуурсан гэж тайлбарласан. Миний бие гэрээний тус заалтыг зөрчиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тул энэ тухайгаа тайлбарлахад тайлбарыг хүлээж аваагүй. Миний бие тус тушаалыг зөвшөөрөх боломжгүй, хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж байна гэж үзэж байна.
Хариуцагч архи уусан гэж тайлбарладаг ч нэхэмжлэгч архи уугаагүй болно. Хариуцагч архи уусан гэдгийг баримтаар тогтоож нотлосон зүйл байхгүй, зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр тэгж үзсэн. Мөн үнэхээр архи уусан бол гурван хүн байтал яагаад ганцхан нэхэмжлэгчийг ялгасан гэдэг өөрөө тодорхойгүй. Тус байгууллага ажилчдаа ялгаварлан гадуурхсан. 2019 онд архи уусан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн, сахилгын шийтгэлгүйд тооцогдоно. Гэтэл өмнөх энэ үйл баримтыг тооцож дахин архи уусан гэдэг үндэслэлээр тайлбарлаж байна. адилхан зөрчил гаргасан хүмүүст ялгамжтай хандсан. Хамт уусан гэх Н.Санжаа, н.Золбоо нарыг хамт архи уусан гэдгийг зөвшөөрөхгүй бол ажлаас хална хэмээн захиргааны зүгээс дарамталсан гэж ярьсан байдаг.
Нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин 1.266.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 240.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 12.000 төгрөг төлдөг. Ажлаас халсан 2022 оны 3 дугаар сараас 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 6 сарын цалин 7.596.000 төгрөг, нийгмийн даатгал 720,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 72.000 төгрөг, нийт 8.388.000 төгрөг /7.596.000+720.000+72.000/ гаргуулж өгнө үү. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийж өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ******* 2013 оноос 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд******* ГХОХХК-д механикаар ажилласан. 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн ажлын байрандаа механик Э.Золбоо, Ч.Санжаа нарын хамт архи хэрэглэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 5.6.2-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан. Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мөн ажлын байрандаа архи хэрэглэж сахилгын зөрчил гаргаж байсан ба нэхэмжлэлд дурдсан компанид ажиллах хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлын байран дээр архи уугаагүй гэсэн нь худал юм. Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эхнэрийн хамт ирж хариуцагч компанийн засвар үйлчилгээ хариуцсан захирал Жи Ги Жүүнтэй уулзах үед түүний эхнэр гурван ажилтан архи уусан байхад зөвхөн манай нөхрийг ажлаас халсанд гомдолтой байна гэх тайлбарыг хэлж байсан. Нэхэмжлэгчтэй хамт архи хэрэглэсэн Э.Золбоо, Ч.Санжаа нарт хоёр сарын хугацаанд цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан ба механик Э.Золбоо, Ч.Санжаа нар нь сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч ******* том оврын машин барьдаг машинист хүн юм. 2022 оны 3 дугаар сарын өдөр гурван ажилтан хамт архи уусан байдаг. Өмнө бас хоёр удаа архи уусан байдаг. Олон жил ажилласныг харгалзаж өмнө түүнээс амлалт аваад ажлаас халаагүй, харин сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ингэж харж үзээд өршөөсөн байхад 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр архи уусан. Тэдгээр хүмүүс анх удаа архи уусан тул сахилгын шийтгэл ногдуулсан. Тэдгээрээс гомдол гаргаагүй, зөрчлийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ялгаварласан гэдэг зүйлийг огт дурдаагүй хэрнээ өнөөдрийн шүүх хуралдаанд ярьж байна. Хамт архи хэрэглэсэн ажилтнуудын тухайд анх удаагаа архи уусан тул цалин хөлсийг бууруулах арга хэмжээг авсан. Энэ талаар гэрч мэдүүлсэн. Харин нэхэмжлэгчийн тухайд урьд хоёр удаа архи уусан байдаг. Сүүлд 2019 оны 5 дугаар сард архи уусан нь тогтоогдсон. Захиргааны зүгээс ажлаас чөлөөлөх гэсэн боловч түүний ар гэрийн байдлыг харгалзаж үзээд халаагүй. Гэтэл дахин архи уусан. Иймд энэ удаад түүнийг дахин боломж олгох боломжгүй гэж захиргаанаас үзсэн. Тушаалд давтан үндэслэл хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, цалингийн нууц хадгалах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №028/2015 тоот хөдөлмөрийн гэрээ, цалингийн нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт, ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, цалингийн нууц хадгалах гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 007/2022 тоот гүйцэтгэх захирлын тушаал, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /хх 2-21/
Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 008/2022, 007/2022, 009/2022 тоот тушаал, Ж.Золбоо, Д.Санжаа нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны тойрох хуудас, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл,******* ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 002/2022 тоот тушаал, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, мэйл хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /ХХ 26-28, 31-39, 63-71, 72, 81-82/
Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр гэрч Б.Солонготуяагийн мэдүүлэг, БНСУ-ын иргэн Жү Ки Жооны мэдүүлэг, орчуулагч Л.Цэрэнхандын бичиг баримт, гэрч Д.Байгалмаагийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /ХХ 41,42, 47-52, 73-76, 96-99/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь Эбердигммонгол ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.388.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: ноцтой зөрчил гаргаагүй, архи угаагүй байтал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, мөн ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: ажилтан гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гаргасан, ажлын байранд архи уусан нь тогтоогдсон, ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан зүйлгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэг талаас *******, нөгөө талаас******* ГХОХХК нар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан, *******ыг тус байгууллагад механикаар ажиллуулж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагаа, Хөдөлмөрийн гэрээ, нэмэл өөрчлөлтийн гэрээнүүд зэргээр тус тус тогтоогдож байна. /хх 2-7,10,11/
4.2.Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 007/2022 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.5, Хөдөлмөрийн гэрээний 5.6.2-т заасныг баримтлан түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх 19/
Хариуцагч тушаалын үндэслэлийг гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан.
4.3.Хэрэгт баримтаар авагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.6-д гэрээг шууд цуцлах 15 ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааснаас 5.6.2-т ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэх болон ажил хэвийн явагдахад саад учруулахаар согтуурсан бол ноцтой зөрчилд тооцохоор тохирчээ. /хх 5/
4.4.Тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 008/2022 тоот, 009/2022 тоот тушаалаар тус тус Ж.Золбоо, Д.Санжаа нарт ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр хоёр сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 31,33/
5.Зохигчид 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч ажлын байранд архи уусан эсэх, уг зөрчлийг захиргаа баримтаар тогтоосон эсэхэд маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар захиргааөөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг ноцтой зөрчил үндэслэлээр дуусгавар болгох тохиолдолд гэрээгээр тухайлан тохиролцсон байх, ажилтан нэрлэн заасан зөрчил гаргасныг захиргаа баримтаар нотлож тогтоосон байх үүргийг хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтаар: тус компанийн хөрөнгө оруулагч БНСУ-ын иргэн Жу Ки Жоон, Б.Солонготуяа нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийг архи уусан гэдгийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажилд ирснээр мэдсэн, Д.Санжаа, Ж.Золбоо, ******* нар хамт ажлын байранд архи уусан байсан, энэ талаар хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Д.Байгалмаагаас мэйл ирсэн гэж, харин Хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан гэрч Д.Байгалмаагаас тухайн өдөр нэхэмжлэгч ******* бусадтай хамт архи уусан гэдгийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа ирээд үйлчлэгчээс сонсон, ажлын байрны үзлэгээр архины шил олсон, өөрөөс нь асуухад уусан гэж хэлсэн гэж тус тус шүүхэд мэдүүлсэн.
Харин гэрч А.Мөнх-Эрдэнэ тухайн өдөр *******тай бараг таараагүй, түүний архи уусан эсэхийг мэдээгүй, ажил тарах үед Ж.Золбоотой муудалцахад тэрээр архи уусан байсан, үнэртсэн гэж, гэрч Б.Оюунчимэг тухайн өдөр нөхөр ******* ажлаа тараад ирэхэд эрүүл байсан гэж тус тус мэдүүлсэн зэргээс дүгнэвэл захиргаа ажилтны гаргасан дээрх зөрчлийг шалгаж тогтоох, баримтаар нотлох үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Мөн гэрчүүдийн шүүхэд өгсөн дээрх мэдүүлгийг дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүй болно.
Хариуцагч татгалзлаа нотлохоор хэргийн 81-82 дах талд авагдсан ажилтан Д.Байгалмаагаас захиргаанд явуулсан гэх 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн мэйлийн хуулбарыг баримтаар ирүүлсэн хэдий ч тухайн мэйлд шүүхийн журмаар үзлэг хийх, бэхжүүлэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Захиргаа 2022 оны 3 дугаар сарын 14-нд буюу үйл явдал болсны дараах өдөр ажлын байрнаас архины шил олсон, тухайн өдөр ажилтан Ж.Золбоо, Г.Мөнх-Эрдэнэ нар муудалцсан үйл баримтууд тогтоогдсон хэдий ч тухайн үйл явдал болсон өдөр нэхэмжлэгч ******* бусадтай хамт уусан үйл баримтыг гэрч Д.Байгалмаа өөрөө уусан гэж хэлсэн гэснээс бусдаар нотлосон баримт хэрэгт авагдаагүй болно.
Иймд захиргаа ажилтантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар цуцалсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан буюу ажилтан ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг бүрн дүүрэн тогтоож чадаагүй байх тул маргааны энэ тохиолдолд шүүх ажилтанд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхийг нэгтгээд тус байгууллагын 2022 оны 007/2022 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан механикийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан ажилтныг ялгаварласан, өмнө архи ууж бйасан, 2019 онд дахин архи уухгүй талаар баталгаа гаргасан тухай тайлбарууд тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй байх тул энэ талаар шүүх тухайлсан дүгнэлт өгөх шаардлагагүй.
6.Нөхөх олговрын тухайд: нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 6 сарын хугацаагаар тооцон 8.388.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дундажаас үзвэл нэг өдрийн дундаж цалин 115.170 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардсан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанаас бүх нийтийн болон амралтын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 121 хоног, нийтдээ олговор 13.935.570 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч олговорт 8.388.000 төгрөг гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
8.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан *******ыг******* ГХОХХК-д засвар үйлчилгээний албанд механикаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.388.000 /найман сая гурван зуун наян найман мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 149.158 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ